Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01820

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01820

 

 

 Э.... ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02421 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.О...т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигч талуудаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

Хариуцагчтай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөг,

хуримтлагдсан хүү 5,025,000 төгрөг,

нэмэгдүүлсэн хүү 900,000 төгрөг, нийт 10,925,000 төгрөг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ч.О...ийн өмчлөлийн, Ү-00013.... тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, Б..., ....байрны .... тоотод байрлах, 44 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

1.1. Ч.О... нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.

Мөн өөрийн өмчлөлийн Ү-00013.... улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Био комбинат, .....-р байр, .... тоотод байрлах, 44 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

 

1.2. Зээлдэгч Ч.О... нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн хүү төлөлтийг хугацаандаа төлж байсан боловч зээлийн төлбөрөөс төлөөөгүй.

 

1.3. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Ч.О... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх талаар зээлдэгч Ч.О...т удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Тус банк бус санхүүгийн байгууллагатай Ч.О... нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 00201.... дугаар зээлийн гэрээ, БГ002018.... дугаар барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн.

 

2.2. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүү 525,000 төгрөг, нийт 5,525,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус банк бус санхүүгийн байгууллагад тохиролцсон 5,525,000 төгрөгөөс 4,950,000 төгрөгийг төлсөн. Одоо 575,000 төгрөг төлөх дутуу байгаа.

 

2.3. Хугацаандаа зээлээ төлж чадаагүй шалтгаан нь М.Н... мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь өөрт байсан мөнгөн дээр нэмж тус банк бус санхүүгийн байгууллагаас 5,000,000 төгрөг зээлж, нийт 7,000,000 төгрөг өгсөн бөгөөд М.Н... буцааж төлөөгүй.

 

 

2.4. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад зээл сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч сунгах хүсэлтийг зөвшөөрөөгүй, надтай зээлийн гэрээ сунгах талаар гэрээ огт хийгээгүй. Хариуцагчийн зүгээс давхар хохирч байгаа байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.О...ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,065,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,934,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.О...ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206.... дугаартай Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Био комбинат .... дугаар байрны .... тоот хаягт байршилтай, .... м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О....ээс 150,194 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э... ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх шийдвэрт Ч.О...тэй байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дууссан гэж үзэн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг зөвхөн хүүд тооцож авсан хуульд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт "Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй" гэж заасан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч Ч.О.... нь гэрээний дээрх заалтын дагуу хүүг зохих ёсоор төлж байсан.

 

4.2. Улсын Дээд шүүхээс "... Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт зааснаас өөр дараалал тогтоовол, түүнийг нь үүрэг гүйцэтгэгч үг дуугуй хүлээн авсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн сонголт гэрээ ёсоор хүчин төгөлдөр байна. Хэд хэдэн үүргийн үед Иргэний хуулийн 216.1-216.3 дахь хэсгээр зохицуулна. Хэрэв үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол Иргэний хуулийн 216.4 дэх хэсгээр тогтоосон дарааллыг баримтална" хэмээн тайлбарласан байдаг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч Ч.О....ээс төлүүлсэн хүүг хууль зөрчсөн, үүргийн дараалал буруу тогтоосон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,934,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа байдаггүй юм шиг гомдол гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 д заасныг баримтлан хугацаа нь болсон гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн үүрэг, эцэст нь хүү төлүүлж шийдвэрлэсэн нь зөв.

 

5.2. Зээлийн гэрээнд талууд хуульд зааснаас өөр дараалал тогтоосон гэх боловч гэрээнд хугацаа дууссанаас хойш өөр дараалал тогтоосон зүйл огт байхгүй.

Харин гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг хийлгэх үед тогтоосон дараалал байна. Зээл төлөх боломжгүй болсноо зээлдэгч мэдэгдсээр байхад гэрээнд зааснаар зээлийн гэрээг сунгаагүй, эсхүл цуцлах шийдвэр гаргаагүй бөгөөд анхан шүүх хурал дээр гэрээг яагаад цуцлаагүй вэ гэж мэтгэлцэхэд хангалттай хүү авч байж, шүүхэд хандсан гэж тайлбарласан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ буюу шударга ёсонд нийцэхгүй байгаа болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч 5,000,000 төгрөгийн зээл авч 5 гаруй сая төгрөг төлчихөөд байхад дахин 10 сая төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

6.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02421 дугаар шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх хэсэгт 4,065,250 төгрөг гэж тооцооны алдаа гарснаас 404,680 төгрөгийг эс зөвшөөрч байх тул 3,660,570 төгрөг болгож зөвтгүүлэхээр гомдлыг гаргаж байна.

 

6.2. Ч.О... 3 сарын хугацаатай 5 сая төгрөг зээлж, нийт 5,075,000 төгрөг төлсөнд маргаагүй. 25 удаагийн төлөлтийг 175.000 төгрөгөөр үржүүлэхэд 4,375,000 төгрөг гарсан.

 

Гэтэл 5,075,000 төгрөгөөс гэрээний 3 сарын хугацааны хүү болох 525,000 төгрөгийг хасахад 4,550,000 төгрөг болж байхад 175,000 төгрөгийн үндсэн зээл, түүнд тохирох хүүг хасалгүйгээр тооцооны алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлхи хугацаанд 24 удаа 175,000 төгрөгөөр төлөлт хийгээд 2020 оны 10 дугаар 01-ний өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийт 350,000 төгрөгийн төлөлт хийсэн байхад 1 удаагийн төлөлт болох 175,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй тооцсон байна.

 

6.3. Иймд шүүхийн шийдвэрт үндсэн үүрэг 450,000 төгрөг, хүү 2,675,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 535,095 төгрөг, нийт 3,660,570 төгрөгийг хариуцагч Ч.О...ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,339,430 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож..." гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав

2. Нэхэмжлэгч Э... ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 5,025,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 900,000 төгрөг, нийт 10,925,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний хугацаа дууссан, одоо төлөх ёстой үүргийн хэмжээ 575,000 төгрөг байх ёстой гэж маргажээ. /1-р хх 1-2, 37/

2.а. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ 925,000 төгрөгөөр багасгасан байна. /хх/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Нэхэмжлэгч Э... ХХК нь хариуцагч Ч.Одончимэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №0020180... дугаартай зээлийн гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол хүүг үргэлжлүүлэн төлөх, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх 6-9/

3.б. Мөн талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Ч.Одончимэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206016875 дугаартай, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Б. дугаар байрны ... тоот хаягт байрлах, 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч барьцаалжээ. /1-р хх 20-23/

3.в. Зээлдүүлэгч Э... ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.О...ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэнд зохигч маргаагүй. 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Талуудын зээл, барьцааны гэрээ гэрээ хүчин төгөлдөр байна.

4.а. Хариуцагч Ч.О... нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасан хэдий ч талууд зээлийн гэрээг сунгаагүй байна. 

4.б. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зээл төлөх дарааллын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн мөнгөн хөрөнгийг үндсэн үүрэг, хүү гэсэн дарааллаар суутган тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэнтэй нийцнэ. Энэхүү дарааллын дагуу хийсэн анхан шатны шүүхийн бодолтыг нэхэмжлэгч тал тооцооллын хувьд няцаагаагүй байна.

5. Харин анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 175,000 төгрөгийг тооцоололд оруулахгүй орхигдуулсан талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас төлсөн 175,000 төгрөг, түүнд тооцогдох 30 сарын хугацааны хүү 157,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,500 төгрөг, нийт 364,000 төгрөгийг хариуцагчийн төлөх үүргээс хасч тооцсон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн " Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт зааснаас өөр дараалал тогтоосон гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйл нь үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон байх бөгөөд мөн хуулийн 216.4 дэх заалт нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдлыг нарийвчлан зохицуулсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд уг үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр өөрчилж болох талаар зохицуулаагүй. Хэд хэдэн үүргийн үед Иргэний хуулийн 216.1-216.3 дахь хэсгээр зохицуулна. Хэрэв үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол Иргэний хуулийн 216.4 дэх хэсгээр тогтоосон дарааллыг баримтална

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02421 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4,065,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,934,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг 3,701,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эб... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,223,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг гэснийг хасаж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.О...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, . дугаар байр..ны ...тоот хаягт байршилтай, 44 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

3 дахь заалтын ...Ч.О...ээс 150,194 төгрөг гэснийг ...Ч.О...ээс 144,370 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,791 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД