Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/05338

 

 

 

 

 

 

 

2023 12 01

101/ШШ2023/05338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  байрлах А ХХК /регистрийн дугаар:2099705/-нд холбогдох,

Гэрээний үлдэгдэл төлбөр, гэрээнээс учирсан хохирол, алдангид нийт 28,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчаас гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр болон хохирол, алдангид нийт 15,557,745 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х /цахимаар/, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А ХХК-тай 2021 оны 6 сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 7000 мкв хуучин дээвэр засварлуулах ажил гүйцэтгэх гэрээ хийсний дагуу Амгаланд байрлалтай А компанийн агуулах, конторын дээврийг 2021 оны 6 сарын 09-ний өдрөөс 2021 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тус компанийн байранд байрлан ажиллаж чанарын өндөр түвшинд бүрэн дуусгасан.

Төмрийн цехийн дээврийг нэмэлтээр хийсэн. А ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 4,700,000 төгрөг дутуу төлсөн. Мөн энэ мөнгөө хугацаандаа өгөөгүй тул алданги 5 хувь болох 5,000,000 төгрөг, материалын хэмнэлт 180,000,000 төгрөг гаргаснаас урамшуулал болох 7,000,000 төгрөгийг надад өгөх ёстой гэж бодож байна. Мөн дээвэр янзлах материалыг хариуцагч тал өөрсдөө авч өгч байсан бөгөөд материалыг цаг тухайд нь нийлүүлээгүйгээс манай компанийн олох байсан орлого буюу өдөрт 200,000 орчим төгрөгийн ажил хийх байсан гэж тооцож, 30 хоногоор тооцож сул зогсолтын төлбөр 7,200,000 төгрөг, ажил гүйцэтгэх болон ажил гүйцэтгэсний дараа мөнгөний ханшын уналттай холбоотой алдагдал 4,100,000 төгрөг, материал авахдаа өөрийн унаагаар заримдаа явж байсан тул бензин шатахууны зардал 500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Материалын хэмнэлт гаргасаны урамшуулал 7.000.000 нэхсэний учир нь анх гэрээ хийж ажил эхлэхэд Э захирал хуучин дээврээ хуулж битондоод шинээр хар цаас наахад 900,000,000 төгрөг гарах гээд байна хэд хэдэн хүнээс үнийн санал авлаа 180-250 сая гээд байна хямд хийх боломж байна уу, би чамайг хэлмэгдсэн гэж сонссон чамайг тагнуулын байгууллагын ивээлд оруулж өгье гэх мэт санаанд оромжгүй зүйл ярьж байсан.

Би тэгэхэд нь танайхыг дээр үед орсууд хийсэн юм байна лээ. Хуучин дээврээ хуулахгүйгээр хайлуулж нөхөөд засаад дээрээс нь шинээр цаас наах юм бол миний тооцоогоор 800,000,000 төгрөгийн хэмнэлт гарна. Үүнээс гадна 20 -30 жил ашиглах бслно. Би ганцаараа хайлуулах нөхөх цаас наах ажлыг өөрийн гарааг хийнэ гэж хэлсэн . Харин боломжоороо чанартай хар цаас аваад ажилдаа орсон Би хэлсэн амандаа 100% хүрсэн 800 сая хэмнэлт гаргасан нь маргашгүй үнэн билээ.

Иймд хэмнэлт 7 сая төгрөгийг авах нь зөв гэж бодож байна.

Сул зогсолтын мөнгөний хувьд Э материалаа авч өгөхгүй бүтэн сар сул зогсоосон. Бид хийсэн ажил сул зогоссон өдрүүд бороо орсон зэрэг бүх өдрүүдийг тооцож, хамгийн бага хөлсөөр тооцсон тул албан ёсоор хууль дүрмийн дагуу сул зогсолтынхоо мөнгийг нэхэмжилж байгаа.

А хашаанаас гарахын тулд М.Э захиралд хэлж харуулдаа хэлж бөөн юм болж гаргадаг байсан. Биднийг эргэн тойрон өргөст тортой өндөр битонон хашаатай үүдэндээ харуултай байдаг. Иймд чөлөөтэй гарч орж ажил хийх ямар ч боломжгүй байсан тул бид сул зогсолтын төлбөрт 7,200,000 төгрөг нэхэмжилж байгаа. М.Э мөнгөө цаг тухайд нь өгөөгүй бага багаар цувуулан өгч байсан. Бас үлдэгдэл төлбөрөө өгөөгүй байгаа бөгөөд энэ хугацаанд мөнгөний ханш унасан. Бид энэ мөнгийг тооцож үзээд ханшийн уналттай холбоотой 4,100,000 төгрөг нэхэмжилж байна. Яаж тооцож гаргаснаа санахгүй байна.

Ер би өөрт учирсан бодит хохирлоо тогтоолгомоор байна. Дахиад шинжээч томилж энэ бүх бодит хохирлоо тогтоолгож, хийсэн бүх ажлаа үнэлүүлмээр байна. ямар их хүч хөдөлмөр орсноо бас тогтоолгож мэдмээр байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гүйцэтгэгч гэрээний 1.1-т зааснаар 7,000 м.кв талбай бүхий дээврийн ажил хийх байсан боловч гүйцэтгэлээр 6,081.25 м.кв болсон. Харин сая нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 6,054 мкв болж талбайн хэмжээ бүр багассан байна.

Бидний зүгээс гүйцэтгэлийн дагуу 43,437,517, төгрөг төлөх байснаас бэлэн мөнгөөр 47,020,000 төгрөг буюу 3,582,483 төгрөг илүү төлсөн байна. Иймд нэхэмжлэгч талд нэмж төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Гэрээнд 3.7-д Барилгын ажлын явц болон ил далд ажлыг фото зургаар баталгаажуулж захиалагч талд өгнө, 3.8-д Барилгын зургийг үнэн зөв гаргаж, хэрвээ зураг буруу байвал захиалагчид мэдэгдэж зургийг засуулах талаар арга далдлагдсан ажил, инженерийн шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмжийг туршиж тохируулсан актыг захиалагчид бүрэн гүйцэд хүлээлгэн өгнө гэж заасан.

Бидний зүгээс дээрх баримтуудыг шаардаж, дээврийн мэргэжлийн хүмүүс байлцуулан ажлаа хүлээлцэж, гэрээний 4.4-т заагдсан баталгаат хугацааг актаар албажуулах хүсэлт тавихад "бидэнд итгэсэнгүй, биднээс илүү дээвэр мэддэг хүн байдаггүй юм, юу ч мэддэггүй юмнууд гэж хэлээд явцгаасан акт баримтаар ажлаа хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 4.4-т "Баталгаат хугацаа 30 (гучин) жил гэсэн хэдий ч энэ талаар акт баримтгүй 3 жилийн насгүй ажил хийсэн.

Алдангид 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. учир нь нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээнд заасан баримт актуудыг хүлээлгэж өгөөгүй байж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс материалын хэмнэлт 7 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Манай үгээс бүх материалыг гаргаж нийлүүлсэн. Харин ч нэхэмжлэгчийн буруугаас болж буруу материалыг нааснаас болж манай байгууллагад 350 мкв талбайд наах хар цаасыг дахин захиалж хохирол учирсан. Үүнийгээ материалын хэмнэлт гэж 7 сая төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрээний 2.2-т гүйцэтгэгч тал "Хүчтэй салхитай буюу бороотой болон материал тасарсан өдрүүдийг гэрээнд заасан хоногоос хасч тооцно" гэж оруулсан нь цаг агаарын байдал болоод КОВИД-19 цар тахлын улмаас импортын барааны хомсдол болон олдоцыг дуусгаж амжихгүй гэдгээ мэдэж оруулсан заалт гэж ойлгогдсон болно. Гүйцэтгэгч тал маань ч 30 хоногт материалын буюу дээврийн материалыг наах газыг бараг өдөр болгон захиалан авч байсан тул (газ авсан жагсаалтыг хавсаргав) сул зогссон гэх үндэслэл байхгүй болно. Харин Д.Х нь Сонгинохайрхан дүүргийн шүүх, цагдаа орно, өмгөөлөгчтэй уулзана гэх мэтээр хэд хэдэн өдөр алга болж байсан. Энэ мэт гүйцэтгэгчээс шалтгаалж хоног сунжирсан ба бидэнд 30 хоногоос илүү гарсан хугацааны алданги тооцох ч бодол байгаагүй.

Ханшийн алдагдал 4.1 сая төгрөг нэхэмжилсэн талаар, Монгол Улсын Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль (2009 ны 7 дугаар сарын 9)-ийн 4.1-т "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж хуульчлагдсан тул гэрээг үндэсний мөнгөн тэмдэгтээр байгуулж, гэрээний заагдсаны дагуу төлбөр тооцоог төгрөгөөр хийсэн. ямар үндэслэлээр ийм зүйл нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгчээс материал авахад өөрийн зүгээс зардал гаргасан гэж байна. ажлын үндсэн материал болох хар цаасыг Росторг компани өөрийн унаагаар хүргэдэг, овор ихтэй тул жижиг машинаар зөөвөрлөх боломжгүй, газыг Дашваанжил ХХК нь хүргэлтээр авчирдаг. Жижиг материалыг компаний эсрэг талд 100 метр орчимд байрлах Баянзүрх барилгын материалын захаас авдаг байсан. Хааяа нэхэмжлэгчийн ирэх замд нь жижиг сажиг зүйл зам дагуу газраас авуулдаг байхад унааны зардал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч А ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

А ХХК нь Э ХХК-тай 7000 мкв дээврийн засварын ажил хийлгүүлэхээр 2021 оны 6 сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Э ХХК нь дээврийн хэмжээг өөрсдөө хэмжээд 7,000 мкв гэж тооцож энэ хэмжээгээр ажлын хөлсөө авсан. Гэтэл шүүхээс томилсон шинжээч 6054 мкв гэж талбайн бодит хэмжээг тогтоосон байна.

Бидний зүгээс 47,020,000 төгрөгийг дансаар, 4,060,000 төгрөгийг бараа материалаар төлсөн бөгөөд илүү 7,548,555 төгрөгийг төлсөн байх тул энэ мөнгөө нэхэмжлэгчээс буцаан нэхэмжилж байна.

Мөн ажлыг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгээгүйтул алдангид 2,500,000 төгрөг, материалын гологдлоор буюу буруу материал ирсэн байхад даруй бидэнд хэлэлгүй дээврийн ажил хийж, бидний зүгээс дахин хар цаас захиалж, 2,859,190 төгрөгийн хохирол учирсан. Түүнчлэн компанийн байранд ирж гэр бүлээрээ байрлаж ажилласан бөгөөд хэрэв бид компанийн байраа бусдад хөлслүүлсэн бол 2,010,000 төгрөгийн орлого олох байсан. Энэ тооцоог манай санхүүгийн ажилтан гаргаж өгсөн байгаа. Дээврийн хэмжээг тогтоох зорилгоор манай зүгээс мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан бөгөөд ажлын хөлсөнд 640,000 төгрөгийг төлсөн.

Иймд манай байгууллагад нийт 15,557,745 төгрөгийн хохирол учирсан тул дээрх хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

М.Э ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед мөнгө байхгүй гэсэн асуудлаас болж тусгай зөвшөөрлийн талаар огт ярилцаагүй. Гэрээнд ч тийм зүйл байхгүй. М.Э дээврээ засуулчихаад одоо тусгай зөвшөөрөл шаарддаг нь заль мэх гэж үзэж байна.

Энд яригдаж байгаа асуудлуудаас хамгийн ноцтой залилан мэхлэх үйл ажиллагааны асуудал бол тус дээврийн өргөн уртыг хэмжсэн асуудал. Энэ хүн ямар ч хүнд илүү төлөлт хийдэггүй бөгөөд дутуу төлөх, өгөхгүй байх зарчим баримталдаг. Гүйцэтгэлээс илүү төлсөн 7,548,555 төгрөг гэдэг нь үндэслэлгүй. Гэрээгээр тохиролцсон хэмжээ нь дээврийн хэмжээг хавтгай хар цаасан дээвэр бүхэнд байдаг усны хаялага өгсүүлж уруудуулсан тоог оруулсан хэмжээ юм.

Бид 7000 мкв хар цаас наасан, яг ийм хэмжээний хуучин дээврийг хайлуулж нөхсөн 14000 мк дээвэр хийсэн. Захирлын хэлсэн 7000 төгрөгөөр үржүүлбэл 98,380,000 төгрөг болж байна. Бид хамгийн багаар бодоход 105 сая төгрөгийн ажил хийсэн байна. Ажлын хөлсний үлдэгдэл 4.700.000 үлдсэн бөгөөд үүнийгээ гэрээнд заагдсаны дагуу авах ёстой байхад илүү төлсөн гэж үзэж буцааж мөнгө нэхэмжилж байгаа нь хүн чанаргүй байдлыг харуулж байна. Өөрийх нь барилгын материалыг нийлүүлэхгүй байдлаас болж бид нэг сар ажилгүй байсан. Тийм байхад биднийг хугацаандаа ажлаа хийгээгүй гэж алданги нэхэмжилж байгааг юу гэж ойлгох вэ. Бусдын төлсөн ажлын хөлс 640,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 6 сарын 07-ны өдрийн гэрээ, Д.Хын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, гэрэл зургууд, бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр,

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, зарлагын баримтууд, төлбөрийн баримтууд, төлбөрийн даалгавар, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 сарын 25-ны 1/919 тоот албан бичиг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дээврийн хэмжилт хийсэн баримт, Р ХХК болон А ХХК нарын зарлагын баримт,

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хийгдсэн Хөрөнгийн үнэлгэний төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг тус тус хэрэгт хавсаргасан байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээгээр дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс буюу зардал 4,700,000 төгрөг, алдангид 5,000,000 төгрөг, материалын хэмнэлт хийсний урамшуулалд 7,000,000 төгрөг, сул зогсолтын төлбөр 7,200,000 төгрөг, мөнгөний ханшны уналтаас учирсан хохиролд 4,100,000 төгрөг, унааны зардалд 500,000 төгрөг нийт 28,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагчаас эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Үндсэн нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагчтай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг, болон гэрээнээс учирсан хохиролд 28,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Зохигчдын хооронд 2021 оны 6 сарын 07-ны өдөр бичгийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч тал буюу Э ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах агуулахын 7,000 мкв талбай бүхий дээврийн ажлыг 30 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагчаас ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-8 дугаар тал/

Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан бичгийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх хэдий ч талууд хэн аль нь энэ гэрээг байгуулагдсан болон гэрээний нөхцлүүдийн талаар маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан бичгийн гэрээ нь талуудын хооронд бичгээр хэлцэл хийснийг нотлох нотолгооны хэрэгсэл болно гэж үзэв.

3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

4.Нэхэмжлэгчээс гэрээгээр тохиролцсон ажлын хөлс болох 50,000,000 төгрөгөөс 4,700,000 төгрөгийг захиалагч тал дутуу төлсөн тул энэ мөнгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагчаас ажлын хөлсөнд бэлэн мөнгөөр 47,020,000 төгрөг, бараа материалаар 480,000 төгрөг нийг 47,500,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд дээврийн нийт хэмжээ 6,054 мкв байх тул ажлын хөлс 42,237,668 /6054 мкв х7,142төгрөг/ төгрөг болсон тул төлбөрийн бүрэн төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын хэн алиных нь тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээгээр 1 мкв талбайн ажлын хөлсийг 7,142 төгрөгөөр тооцож, нийт ажлын хөлсийг 50,000,000 төгрөг гэж тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 47,120,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн байх бөгөөд харин бараа материалаар 480,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч А ХХК-иас үлдэгдэл ажлын хөлс 2,880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс алдангид 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагын үндэслэлийг хариуцагч тал гэрээнд заасан хугацаандаа хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд гэрээний 2.4-өөр ажил дууссаны дараа ажлыг шалгаж 1-2 хоногийн дотор төлбөр тооцоог хийнэ. Төлбөр тооцоог хийгээгүй бол нийт үнийн дүнгийн 5 хувийн алданги тооцож авна гэж, 4.1-ээр захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,5 хувиараа буруутай талд алданги ногдуулна гэж тус тус тохиролцсон байна.

Гэрээний 2.4-т заасан 5 хувийн алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуульд заасан хэмжээг хэтрүүлсэн байх тул ...нийт үнийн дүнгийн 5 хувийн алданги тооцож авна гэж хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Харин гэрээний 4.1-ээр ...0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь хуульд нийцэж байх хэдий ч нэхэмжлэгчээс хэрхэн яаж тооцож алдангид 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тооцоолол болон алданги төлөх үндэслэл болсон төлбөр төлөх хугацааг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна.

Иймд алдангид 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

6.Нэхэмжлэгчээс хариуцагчид 180 сая төгрөгийн материалын хэмнэлт гаргасан гэх үндэслэлээр урамшуулалд 7,000,000 төгрөг, хариуцагчийг бараа материал нийлүүлээгүйгээс 1 сар орчим хугацаанд ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд ажил хийж байсан бол олох байсан орлого гэх үндэслэлээр 7,200,000 төгрөг, ажлын хөлсийг цаг тухайд нь өгөөгүйгээс мөнгөний ханш унасан гэх үндэслэлээр 4,100,000 төгрөг, материал авахад өөрийн унаагаар үйлчилсний хөлс 500,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг гэрээгээр ийм тохиролцоо хийгдээгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж тодорхойлж байна.

Талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээгээр урамшуулал өгөх болон хохирлыг хэрхэн яаж тооцох талаар тусгаагүй байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт, Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээ нь хэлбэрийн хувьд заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардахгүй бөгөөд талууд тохиролцон амаар байгуулсан байж болно. Иймд талуудын үйлдэл, бусад нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн хооронд урамшуулал олгох болон хохирол төлөх тохиролцоо байсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 180 сая төгрөгийн материалын хэмнэлт гаргасан болон урамшуулалд 7,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэр /бор өнгийн цаасан хавтастай/-т ...7.6, 7.8, 7.9, 7.10, 7.11 материал дутуу зогсолт, 7.14-7.18 хүртэл хугацаанд сул зогсов, 7.28-8.12 зогсолт гэх бичвэрүүдээс нэхэмжлэгчийг сул зогссоны улмаас 7,200,000 төгрөгийн хохирол учирсан буюу ийм хэмжээний орлого олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Мөн мөнгөний ханшийн уналт гэх 4,100,000 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн ажлын хөлс төлөх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчид 4,100,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн барилгын материал авахад 500,000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр ...өөрийн хийсэн бүх ажил, зардлаа шинжээчээр тодорхойлуулж, нотолмоор байна гэх тайлбар, хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтад нийцэхгүй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу төлбөр төлөх /урамшуулал/, алданги болон гэрээнээс учирсан хохирол шаардах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж, 25,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

7.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хариуцагчаас гэрээний үүрэгт илүү төлсөн 7,548,555 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, дээврийн цаас дахин худалдаж авсан зардал 2,859,190 төгрөг, компанийн байраа бусдад хөлслүүлсэн бол олох байсан орлого 2,010,000 шинжээчийн ажлын хөлс 640,000 төгрөг, нийт 15,557,745 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

8.Гэрээний үүрэгт илүү төлсөн 7,548,555 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дээврийн нийт талбайн хэмжээ 7,000 мкв биш 6,094 мкв байсан тул бараа материал болон мөнгөөр илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтээр дээврийн хэмжээг 6054 мкв болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг 357,100 төгрөгөөр багасгаж, илүү төлсөн төлбөрийн хэмжээг 7,191,455 төгрөг гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгчээс дээврийн хэмжээ, хэд хэдэн удаа хар цаас наах ажлыг тооцож 7,000 мкв-аар гэрээ байгуулсан тул 6,094 мкв болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 6,054 мкв-аар тооцож байгаа аль аль нь үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр дээврийн талбайн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон.

Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2023 оны 9 сарын 29-ний дүгнэлтээр А ХХК-ийн агуулахын барилга, конторын барилгын дээврийн хэмжээ 6054 мкв гэж тодорхойлсон байна. /хх-ийн 233 дугаар тал/

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр 6,054 мкв гэж тодорхойлж байх хэдий ч талууд гэрээгээр 7,000 мкв талбайд дээрвийн засварын ажил хийхээр тохиролцсон байх тул гэрээ байгуулах үед хэн аль нь зөвшөөрсөн хэмжээ болох 7000 мкв талбайд ажил хийсэн гэж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн талбайн зөрүү буюу илүү төлсөн гэх 7,191,455 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

9.Хариуцагчаас алдангид 2,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хэдийгээр талууд алданги төлөхөөр гэрээндээ тусгасан байх хэдий ч гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон хугацаа болох 30 хоногийн хугацаанд ажлаа дуусгаж хүлээлгэж өгөөгүйд захиалагчийн бараа материалыг хугацаандаа нийлүүлээгүй гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэж үзэх үйл баримт талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн өдрийн тэмдэглэлийн дэвтэр дээрх бичвэрээс тодорхойлогдож байх тул хариуцагчаас алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

10.Хариуцагчаас гэрээнээс учирсан хохирол буюу дээврийн хар цаас худалдаж авсны төлбөр 2,859,190 төгрөг, талбайн хэмжээг хэмжүүлсэн ажлын хөлс 640,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Зохигчдын хэн алиных нь тайлбараар захиалгагч тал өөрийн материалаар ажил гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд бараа материалыг сонгон авах нийлүүлэх үүрэг нь захиалагч талд байна.

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч тал дахин хар цаас худалдан авах зайлшгүй шаардлага үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

11.Хариуцагчаас нэхэмжлэгч талыг өөрийн өмчлөлийн орон байранд үнэ төлбөргүй амьдарч байсан. Хэрэв тухайн объектийг бусдад түрээслэж байсан бол олох байсан орлого гэх үндэслэлээр 2,010,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Зохигчдын тайлбараар хэн аль нь тохиролцсоны үндсэн дээр хариуцагчийн өмчлөлийн орон байранд ажиллаж байх хугацаандаа амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх тул тухайн объектийг бусдад түрээслэж байсан бол орлого олох байсан гэх шаардлага үндэслэлгүй байна. Мөн 2,010,000 төгрөгийг хэрхэн яаж тооцооллож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн хариуцагчаас хариу тайлбар, татгалзалын үндэслэлээ нотлох зорилгоор өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр үнэлгээний байгууллагад төлсөн ажлын хөлс болох 640,000 төгрөгийг нэхэмжлэгчийн үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирол гэж үзэхээргүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 2,880,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,620,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс 15,200,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 2,880,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,620,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс 15,200,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,739 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч А ХХК-иас 60,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА