Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00166

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/00166

 

 

ЭК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 15,557,745 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани А ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, А ХХК-ийн агуулахын 7000 м.кв талбайтай хуучин дээврийг засварлах ажил гүйцэтгэхээр тохиролцсон.

Уг ажлыг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тус компанийн байранд байрлан ажиллаж, чанарын өндөр түвшинд гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн дуусгаж, төмрийн цехийн дээврийг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн.

1.2. А ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 4,700,000 төгрөг дутуу төлсөн ба энэ мөнгөө хугацаандаа өгөөгүй тул алданги 5 хувь болох 5,000,000 төгрөг, материалын хэмнэлт 180,000,000 төгрөг гаргаснаас урамшуулал болох 7,000,000 төгрөг, мөн барилгын материалыг цаг тухайд нь нийлүүлээгүйгээс манай компанийн олох байсан орлогыг нэг өдрийн 200,000 төгрөгөөр тооцож, 30 хоногийн сул зогсолтын хохиролд 7,200,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг удааснаас мөнгөний ханшийн уналттай холбоотой алдагдал 4,100,000 төгрөг, материал авахдаа өөрийн унаагаар явж байсан тул шатахууны зардал 500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гүйцэтгэгч гэрээний 1.1-т зааснаар 7,000 м.кв талбай бүхий дээврийн ажил гүйцэтгэх байсан боловч ажлын гүйцэтгэлээр 6,081.25 м.кв болсон. Харин, шинжээчийн дүгнэлтээр 6,054 мкв болж талбайн хэмжээ багассан байна.

Бидний зүгээс гүйцэтгэлийн дагуу 43,437,517 төгрөг төлөх байснаас бэлэн мөнгөөр 47,020,000 төгрөг төлж, 3,582,483 төгрөг илүү төлсөн. Иймд нэхэмжлэгч талд нэмж төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2.2. Гэрээний 3.7-д Барилгын ажлын явц болон ил далд ажлыг фото зургаар баталгаажуулж захиалагч талд өгнө, 3.8-д Барилгын зургийг үнэн зөв гаргаж, хэрвээ зураг буруу байвал захиалагчид мэдэгдэж зургийг засуулах талаар арга далдлагдсан ажил, инженерийн шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмжийг туршиж тохируулсан актыг захиалагчид бүрэн гүйцэд хүлээлгэн өгнө гэж заасан боловч дээврийн мэргэжлийн хүмүүс байлцуулан ажлаа хүлээлцэж, гэрээний 4.4-т заагдсан баталгаат хугацааг актаар албажуулах хүсэлт тавихад акт, баримтаар ажлаа хүлээлгэж өгөөгүй.

Мөн, гэрээний 4.4-т Баталгаат хугацаа 30 (гучин) жил гэсэн хэдий ч энэ талаар акт баримтгүй 3 жилийн насгүй ажил гүйцэтгэсэн.

2.3. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээнд заасан баримт актуудыг хүлээлгэж өгөөгүй байж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс материалын хэмнэлт 7,000,000 төгрөг нэхэмжилсэн. Манай зүгээс бүх материалыг гаргаж нийлүүлсэн. Харин ч нэхэмжлэгчийн буруугаас болж хар цаас буруу нааснаас болж манай байгууллагад 350 мкв талбайд наах хар цаасыг дахин захиалж хохирол учруулсан.

2.4. Гүйцэтгэгч тал 30 хоногт материалын буюу дээврийн материалыг наах гаазыг бараг өдөр болгон захиалан авч байсан тул сул зогссон гэх үндэслэлгүй болно. Харин Д.Хүрэлбаатар нь Сонгинохайрхан дүүргийн шүүх, цагдаа орно, өмгөөлөгчтэй уулзана гэх мэтээр хэд, хэдэн өдөр алга болж байсан. Энэ мэт гүйцэтгэгчээс шалтгаалж хоног сунжирсан.

2.5. Монгол Улсын Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль (2009 ны 7 дугаар сарын 9)-ийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж хуульчлагдсан тул гэрээг үндэсний мөнгөн тэмдэгтээр байгуулж, гэрээний заагдсаны дагуу төлбөр тооцоог төгрөгөөр хийсэн, ямар үндэслэлээр ханшийн алдагдал 4,100,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн, Ажлын үндсэн материал хар цаасыг Росторг компанийн хүргэлтээр ирдэг, мөн, газыг Дашваанжил ХХК нь хүргэлтээр ирдэг байсан тул барилгын материал авахад нэхэмжлэгчээс зардал гараагүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-аас 2,880,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,620,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс 15,200,645 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,739 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч А ХХК-аас 60,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05338 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ЭК ХХК-ийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар би дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. 2021 оны 06 сард М.Э дээврийн ажил хямд үнээр хийгээд өгөөч гэсний дагуу ажлын хөлсөө 50,000,000 төгрөгөөр тохирч хариуцагч Агротехнимпекс ХХК-ийн захирал М.Этай бичгээр гэрээ байгуулсан. Мөн хуучин дээврийг нь бүгдийг хайлуулаад хуучин цаасаар нөхөөд дээрээс нь шинэ хар нааж өгөх ажлыг хийхэд 800,000,000 төгрөгийн материалын хэмнэлт гаргах юм байна.

Иймд надад 10 хувийн урамшуулал өгөөрэй гэхэд болно гэсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байрлаж ажиллахаар болсон.

4.2. Манай компани зун, намрын улиралд өдөрт 1,000,000 төгрөгийн орлого олдог. Гэтэл байрлаж ажиллах хугацаанд гарах боломжгүй, бүтэн cap сул зогсолт хийсэн. Учир нь хариуцагч тал материалаа авч өгөхгүй ажил явагдахгүй байсан тул манай компани олох байсан орлого болох 30,000,000 төгрөгийн алдагдалтай байсан.

Хариуцагч тал чанаргүй, цоорхойтой хар цаас авсанаас болж түүнийг нь засч наах гэж маш их хөдөлмөр орсон. Ажлаа дуусгаад ажил хүлээлцэхэд хариуцагч талаас М.Э ирж хүлээн авсан бөгөөд ямар нэгэн доголдол гараагүй.

Иймд хариуцагч А ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 4,700,000 төгрөг, анх бичсэн гэрээний загвараар алданги 5 хувь буюу 5,000,000 төгрөг, материалын 800,000,000 төгрөгийн ашиг буюу хэмнэлт гарсны 10 хувь буюу 7,000,000 төгрөг, сул зогсолтын 30 хоногийн 7,200,000 төгрөг, мөнгөний ханшны уналттай холбоотой алдагдал болох 4,100,000 төгрөг, хар цаас ачуулж авчирсан ажлын хөлс 500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

4.3. Анхан шатны шүүхэд олон хүсэлт гарахад хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож хүлээн аваагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй бодит үнэнийг тогтоож чадаагүй тул дахин хянуулах хууль зүйн үндэслэл үүсч байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ЭК ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 28,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах агуулахын 7000 м.кв талбайтай дээврийг 30 хоногийн хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан хөлс 50,000,000 төгрөгийг олгохоор харилцан тохиролцжээ./1хх 5-8-р тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэхгүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 47,020,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, ажлын хөлснөөс 2,980,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байхад 2,880,000 төгрөгий төлбөртэй гэж тооцооллын алдаа гаргасныг залруулна.

 

Хариуцагч А ХХК-аас ажлын хөлс 2,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭК ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүх Гэрээний 2.4-т заасан 5 хувийн алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуульд заасан хэмжээг хэтрүүлсэн байх тул ... нийт үнийн дүнгийн 5 хувийн алданги тооцож авна гэж хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус тохиролцоо байх тул гэрээний 2.4-д заасныг үндэслэн алданги шаардах эрхгүй талаар зөв дүгнэжээ.

 

Харин, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байхад алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,980,000 төгрөгийг 50 хувиар буюу 1,490,000 төгрөгийн алдангийг гаргуулж, нэхэмжлэгч ЭК ХХК-д олгосон өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 180,000,000 төгрөгийн материалын хэмнэлт гаргасан, мөн захиалагч бараа материал нийлүүлээгүйгээс 1 сар орчим хугацаанд сул зогссон хохирол 7,200,000 төгрөг, ажлын хөлсийг цаг тухайд нь өгөөгүйгээс мөнгөний ханш унасан 4,100,000 төгрөг, материал авахад өөрийн унаагаар үйлчилсний хөлс 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хангаагүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7.2. Зохигчдын шүүхэд гаргасан аливаа хүсэлт нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг сэргээн тогтооход чиглэсэн үндэслэл бүхий байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ЭК ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гэрчийн мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Харин, үзлэг хийлгэх, фото зураг гаргуулах, ажлын үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан олон хүсэлтийг хангаагүй талаар гомдлыг хангахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/05338 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 2,880,000 ... гэснийг ... 4,470,000 ... гэж, ... 25,620,000 ... гэснийг ... 24,030,000 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 60,030 ... гэснийг ... 86,470 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР