Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 0241

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Ш.Сүхбаатар

Шүүгдэгч Д.Мөнхтөр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Дамбасүрэнгийнм Мөнхтөрд холбогдох 201714000301 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Бэсүд овгийн Дамбасүрэнгийн Мөнхтөр, Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-9-21 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Орхон аймаг сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 69дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:ФА83052613.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.Мөнхтөр нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ш.Сүхбаатарын ... “Тэр өдөр найз Энхтөр хуурай дүү Цэнгэл, Дамдин нарын хамт гадуур явж байгаад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хажууд байдаг “Sugar” бааранд орой 22 цаг өнгөрч байхад орсон. Бааранд орохоос өмнө бид дөрөв хүний нэг нэг пиво уусан байсан. Ингээд бааранд ороод сууж байхад танил дүү болох Мөнхтөр гаднаас орж ирж байсан. Бид нар бааранд ороод 0.5 литрийн нэг шил архи аваад сууж байсан. Бид нар Мөнхтөрийг гаднаас орж ирэхэд нь дуудан ширээн дээрээ суулгасан юм. Тэгээд түүнд архи хийж өгсөн чинь архи уухгүй пиво ууна гэж байсан. Тэгээд баарны гадна Мөнхтөртэй маргалдаж байснаа муухан санаж байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан. Манай найз Энхтөр намайг хүнд зодуулчихсан байхад эмнэлэг дээр авчирсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

 

 2. Хохирогч Ш.Сүхбаатарын ... “Тухайн өдөр Цэнгэл гэдэг хүн байхгүй байсан. Би андуурч хэлсэн байна. Мелодей пабад найз Энхтөр Мөнхбаяр нартай орж Энхтөр бид хоёр пиво уусан. Мөнхбаяр дараа нь ирээд 100 грамм ууна гэж байсан. Ингээд байж байхад хуурай дүү нар болох Мөнхтөр Дамдин нар орж ирсэн юм. Би өмнөх мэдүүлэгтээ Мөнхтөрийг эмнэлэгийн хажуугийн бааранд орж ирсэн гэж андуурч хэлсэн байна лээ. Тэгээд дараа нь эмнэлэгийн хажуугийн бааранд орсон. Би бааранд ороод 2-3 хүнийг нь хальт таньдаг нэр усыг нь мэдэхгүй 10 гаран хүмүүсийн ширээн дээр очиж сайн уу гээд мэнд усыг нь мэдээд салсан юм. Мөнхтөр намайг харь гэж хэлж байсан. Тэр эрүүлдээ бол тэгж хэлэхгүй согтуу байсан байх. Тэрнээс болж маргасан байх. Өөр маргалдах шалтгаан байхгүй. Мөнхтөр намайг та яв харь гэж хэлээд байсан би түүнийг цохиж зодоогүй. Энхтөрийг гадаа гарч ирэхэд хурхирсан дээшээ хараад хэвтэж байсан гэсэн. Би цохиулсанаа сайн санахгүй байгаа. Би ухаан алдсан хагалгаанд орсон болохоор сайн санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

 

3. Гэрч Э.Энхтөрийн ...  “намайг гараад ирэхэд Сүхбаатар баарны үүдэн хэсэгт дээшээ хараад хэвтчихсэн байсан. Би түүнтэй маргалдаагүй. Миний мэдэхийн Сүхбаатар бусадтай маргалдаж хэрэлдээгүй. Тэрээр ухаангүй болсон байсан. Би Дамдинг хаана байсныг мэдэхгүй Мөнхтөр лав сандал дээр сууж байсан. Надад мэдэх зүйл байхгүй Уг нь бид нар хоорондоо маргалдах шаардлага байгаагүй. Гадаа гараад ирэхэд Мөнхтөр сандал дээр сууж байсан. Хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохиж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58 р хуудас/

 

4. Гэрч Д.Мөнхбаярын “Би архиндаа нилээд согтсон байсан. Тэгээд хэн дуудсаныг мэдэхгүй гаднаас хуурай дүү нар болох Мөнхтөр Дамдин нар орж ирсэн. Тэгээд хэсэг сууж байгаад тэндээсээ хөдлөөд Зэст багт байрлах “Sugar” баар руу явсан юм. Би ганцаараа 400 грамм архи уусан учир архиндаа согтоод тасарсан байна лээ. Нэг мэдсэн бааранд ороод нэг ширээн дээр сууж байсан. Тэндээ нэг хундага архи ууснаа муухан санаж байна. Тэгээд гадаа гарч тамхи татах гээд гарахад хажуугаас нэг такси явах гэж байсан. Тэгээд тэр таксинд суугаад гэртээ харьсан байсан. Өөрөөр тэр бааранд болсон зүйлийн талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-р хуудас/

 

5. Гэрч Б.Дамдингийн “намайг гараад ирэхэд Сүхбаатар ах баарны үүдэн хэсэгт сандал дээр доошоо хараад газарт өвдөглөөд бөгсөөрөө суучихсан байсан. Нэг гараараа сандал түшчихсэн байсан. Би түүнтэй маргалдаагүй. Энхтөр ах надтай цуг баарнаас гарч ирээд хаачсаныг мэдэхгүй байна. Би хажууд нь зогсож байгаад таньдаг хүмүүс маргалдаад байхаар нь салгах гээд яваад очсон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60-61-р хуудас/

 

6. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ... “Ш.Сүхбаатарын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны баруун дух зулай хэсгийг дайрсан хугарал, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, зүүн дух чамархай хэсгийн хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүдний зовхины зөөлөн эдэд цус хуралт, хуйханд дагз хэсгийн зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын ясны хугарал нь толгойн баруун талаас чиглэсэн хүчээр мохоо зүйлээр цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гарын хүчээр үүсэх боломжгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны баруун дух зулай хэсгийг дайрсан хугарал, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, зүүн дух чамархай хэсгийн хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хуйхны дагз хэсгийн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хуйхны дагз хэсгийн зулгаралт нь гавал тархины битүү гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтэл болно. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Шинэ гэмтэл байна”  гэсэн дүгнэлт. /хх-22-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтөр мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Сүхбаатар ахыг цохьсон нь үнэн. Миний буруу” гэв.

 

Хохирогч Ш.Сүхбаатар мэдүүлэхдээ “Мөнхтөр миний эмчилгээний зардалд 8 сая төгрөгийг төлж эмчлүүлсэн. Одоо биеийн байдал гайгүй болж байна. Мөнхтөрд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.   

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг дүгнэлтдээ “ шүүгдэгч мөнхтөр нь бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Мөнхтөр нь 2017 оны 05 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадаа Ш.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны дүгнэлт зэргээрнотлогодож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхтөрд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Мөнхтөрд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг сиди-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ш.Сүхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бэсүд овгийн Дамбасүрэнгийн Мөнхтөрийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөрийг 10000 нэгжтэй тэнцэх буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөр нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ш.Сүхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхтүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АЛТАНГАДАС