Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 000097

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       Д.М.д холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0243/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Т.Ганзориг

               Шүүгдэгч                                           Д.М

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолтой Д. М.д холбогдох, 201714000301 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Орхон аймаг сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Д-ийн М.

 

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.С-ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Д. М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 10 000 нэгжтэй тэнцэх буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ш.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Д.М.д холбогдох хэргийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” –ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагагыг хангаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Д.М.д холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М тайлбартаа:

 

Торгуулийн мөнгө төлөх хугацааны хувьд анхаарч үзнэ үү. Учир нь миний хувьд улирлын чанартай ажил хийдэг гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар 3 жилийн хугацаанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Б” овгийн Д. М нь 2017 оны 05 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Sugar” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.С-ын нүүрэн тус газарт цохиж биед нь хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

хохирогч Ш.С-ын ... “Тухайн өдөр Цэнгэл гэдэг хүн байхгүй байсан. Би андуурч хэлсэн байна. Мелодей пабад найз Энхтөр Мөнхбаяр нартай орж Энхтөр бид хоёр пиво уусан. Мөнхбаяр дараа нь ирээд 100 грамм ууна гэж байсан. Ингээд байж байхад хуурай дүү нар болох М, Д нар орж ирсэн юм. Би өмнөх мэдүүлэгтээ М-ийг эмнэлэгийн хажуугийн бааранд орж ирсэн гэж андуурч хэлсэн байна лээ. Тэгээд дараа нь эмнэлэгийн хажуугийн бааранд орсон. Би бааранд ороод 2-3 хүнийг нь хальт таньдаг нэр усыг нь мэдэхгүй 10 гаран хүмүүсийн ширээн дээр очиж сайн уу гээд мэнд усыг нь мэдээд салсан юм. М намайг харь гэж хэлж байсан. Тэр эрүүлдээ бол тэгж хэлэхгүй согтуу байсан байх. Тэрнээс болж маргасан байх. Өөр маргалдах шалтгаан байхгүй. М намайг та яв харь гэж хэлээд байсан би түүнийг цохиж зодоогүй. Энхтөрийг гадаа гарч ирэхэд хурхирсан дээшээ хараад хэвтэж байсан гэсэн. Би цохиулсанаа сайн санахгүй байгаа. Би ухаан алдсан хагалгаанд орсон болохоор сайн санахгүй байгаа”... гэсэн,

 

шүүгдэгч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ...”Тухай өдөр “Sugar” бааранд Б.Д, Д.М, Ш.С, Э нарын  хамт орсон. Бааранд хүн их байсан. Бид нэг ширээ олж суугаад 0.75 литрийн 2 шил архи аваад сууцгаасан..., ... нэг мэдсэн чинь С ах бид хоёр үлдсэн байсан. С ах ширээ дэрлээд унтаж байхаар нь би бос гэртээ харь их согтсон байна гэж хэлсэн. С ах босоод тайзны хажуу талын өөр ширээн дээр байсан 3 хүүхэнтэй очиж юм яриад байсан нөгөө хүүхнүүд нь хөөгөөд байх шиг байсан. Тэгээд үүдрүү гарч ирэхээр нь би одоо та харь гэтэл намайг хөөлөө гэж надад уурлаад байсан..., ... хэсэг сандал дээр сууж байтал С ах надруу уурлаад агсараад, дайраад байхаар нь нэг удаа гараараа түлхсэн чинь сандалны хажуу руу нэг удаа унаад босч ирээд миний нүүр рүү гараараа нэг цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг цохисон тэгэхэд тэрээр газарт эхлээд бөгсөөрөө дараа нь толгойгоороо унасан. Тэгээд С бид хоёр түүнийг өргөж босгоод сандал дээр суулгасан..., Э ахын машинаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвд С ахыг хүргэж өгсөн... гэсэн,

 

шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй. С ахыг цохьсон нь үнэн. Миний буруу” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйл хэсэг зөв, шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ял, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

Харин шүүх Д.М.д торгуулийн ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.д заасан ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзаж торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх мөн торгуулийн ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар тусгаж өгөөгүй байна.

 

Иймд улсын яллагчийн “ анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2., 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар Д.М.д оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд жил бүр 5 000 000 төгрөгөөр хэсэгчлэн тооцож төлөхөөр тогтоосугай... гэсэн заалтыг нэмж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА 

                                                                                      

                   ШҮҮГЧ                                                                Ц.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР