Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/02983

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр  Дугаар 183/ШШ2023/02983  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ч банк ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э,

 

Хариуцагч: Ү нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 198,352,449 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч банк ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 198,352,449 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Э, Д.Ү нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Ч банк ХХК нь зээлдэгч А.Э, Д.Ү нартай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн  тоот барьцааны гэрээ байгуулж, А.Э өмчлөлийн 107,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч А.Э, Д.Ү нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний төлбөрийн хуваарийг зөрчиж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан уг хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар Ч банк ХХК нь зээлийн гэрээний дагуу 150,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул Ч банк ХХК нь үүргийн биелэлтийг шаардах нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч А.Э, Д.Ү нартай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 148,410,159 төгрөг, үндсэн зээлийн хүү 49,913,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,487 төгрөг, нийт 198,352,449 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч А.Э, Д.Ү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Э, Д.Ү нарт холбогдох иргэний хэрэгг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А.Э, Д.Ү нар нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ч банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150,500,000 төгрөгийг авсан. А.Э, Д.Ү нар нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч банк ХХК-д нийт 41,028,207 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлийн хүү 49,913,802 төгрөгийг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал зээл, зээлийн хүү төлөх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 өвчин гарч бизнесийн үйл ажиллагаа, олон улсын аялал бүр мөсөн зогсонг байсан үе таарсан. Гэсэн хэдий ч хариуцагч нарын зүгээс зээлийн төлөлтийг төлж барагдуулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримт болсон. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д ... Хугацаа хэтрэхэд хүргэсэн нохцол байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэггэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй ... гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуваарийн дагуу төлөх зээлийн үндсэн хүү болох 21,312,512.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч нар нь "зээлийн төлбөрт нийт 41,028,207 төгрөгийг төлсөн Зээлийн гэрээний 7-д Зээлдэгчийн дансанд төлбөр орж ирсэн өдрөөр зээлийн төлбөр төлөгдсөнд тооцох ба тэргүүн ээлжинд зээлийн хүүг төлүүлж, үлдэх төлбөрийг зээлд суутгах зарчмыг баримтлана гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай гэж заасан байдаг. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар Иргэний хуулийн 44, 45, 46-р бүлгийн зарим заалтыг тайлбарлах тухай Тогтоолд төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байдаг. Иймд хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн 41,028,207 төгрөгийг үндсэн зээл болох 148,410,519.54 төгрөгөөс хасаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх бол эрх ашиг нь хохирсон этгээдийн эрхийг сэргээх, эсхүл эрх ашиг нь хохирч болзошгүй этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Иймд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын галаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч банк ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 198,352,449 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Э, Д.Ү нарт холбогдуулан гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ч банк ХХК нь А.Э, Д.Ү нартай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150,500,000 төгрөгийг, 180 сарын хугацаатай, 19.2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ./ х.х-ийн 7-8 тал/

 

Дээрх  дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 107.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 12-13 тал /

 

Хариуцагч А.Э, Д.Ү нар нэхэмжлэгч Ч банк ХХК нар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  дугаартай орон сууцны зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч А.Э, Д.Ү нарт 150,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч А.Э, Д.Ү нар нь 150,500,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байх тул шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ. Хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь Ковид-19 цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй байх тул нийт хүүгийн хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд үндсэн үүрэгт 148,410,159 төгрөг, хүү 25,045,249 /50,090,499 50 хувь/, төгрөг нийт 173,307,200 төгрөгийг хариуцагч А.Э, Д.Ү нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 25,045,249 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А.Э өмчлөлийн  107.5 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй байна. /х.х-ийн 68 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,219,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э, Д.Ү нараас 1,094,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч банк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг тус тус баримтлан хариуцагч А.Э, Д.Ү нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 173,307,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,045,249 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Э өмчлөлийн 107.5 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,219,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э, Д.Ү нараас 1,094,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ