Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02056

 

 

 

 

 

 

 

 

    2023           11           24                                         210/МА2023/02056

 

 

 

“Чингис хаан банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/02983 дугаар шийдвэртэй,

“Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Э, Д.Ү нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 198,352,449 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч А.Э, Д.Ү нартай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, А.Э-ы өмчлөлийн Ү-22060375** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 100/5 байр, 31 тоот хаягт байршилтай 107.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.3. Зээлдэгч А.Э, Д.Ү нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний төлбөрийн хуваарийг зөрчсөн.

1.4. “Чингис хаан банк” ХХК-аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу 150,500,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн бөгөөд зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч нар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч А.Э, Д.Ү нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 148,410,159 төгрөг, зээлийн хүү 49,913,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,487 төгрөг, нийт 198,352,449 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Э, Д.Ү нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. А.Э, Д.Ү нар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Чингис хаан банк” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150,500,000 төгрөгийг авсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Чингис хаан банк” ХХК-д нийт 41,028,207 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгчээс үндсэн зээлийн хүү 49,913,802 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээл, зээлийн хүү төлөх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 өвчин гарч бизнесийн үйл ажиллагаа, олон улсын аялал бүр мөсөн зогсонги байсан боловч хариуцагч нарын зүгээс зээлийн төлөлтийг төлж барагдуулсаар ирсэн.

2.2. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримт болсон. Тиймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэггэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуваарийн дагуу төлөх зээлийн үндсэн хүү 21,312,512.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Зээлийн гэрээний 7-д зээлдэгчийн дансанд төлбөр орж ирсэн өдрөөр зээлийн төлбөр төлөгдсөнд тооцох ба тэргүүн ээлжинд зээлийн хүүг төлүүлж, үлдэх төлбөрийг зээлд суутгах зарчмыг баримтлана гэж заасан нь хуульд нийцээгүй. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй боловч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар Иргэний хуулийн 44, 45, 46-р бүлгийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан тул хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн 41,028,207 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна.

Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Э, Д.Ү нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 173,307,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,045,249 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Эы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060375** дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/5 байр, 31 тоот хаягт байршилтай, 107.5 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,219,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э, Д.Ү нараас 1,094,686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч “Чингис хаан” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Талууд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний хугацаа болон хүүг тохиролцож гэрээг бичгээр байгуулсан. Нөгөө талаас зээлдэгч нар зээлийн гэрээнд болон хуульд заасны дагуу зээлийг ашигласан хугацаанд зээлийг буцаан төлөх хүртэлх банкинд хүү төлөх үүрэгтэй. Иймд шүүх үндсэн хүүнээс 25,045,249 төгрөг хассан нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тухайн үед цаг үеийн нөхцөл байдал болон бизнес, ажил хэрэг зогсонги байдалд орчихсон байсан учраас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон. Шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А.Э, Д.Ү нарас зээлийн гэрээний үүрэгт 198,352,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний үүссэн. Улмаар хариуцагч нар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан орлогын баримтаар тогтоогдож байх боловч шүүх тэдний төлсөн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлээгүй. Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэх талаар ярилцаад, улмаар хариуцагч нараас 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Уг баримт хэрэгт авагдсан байсан тул шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт 10,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэх нь үндэслэлтэй. Шүүх хуралдаанд талуудын хэн аль нь 10,000,000 төгрөг төлсөн талаар дурдаагүй учраас орхигдсон гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК нь хариуцагч А.Э, Д.Ү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 198,352,449 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Чингис хаан банк” ХХК нь 150,500,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч А.Э, Д.Ү нар зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 7-11/

 

3.1. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, А.Э-ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060375** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар, зайсан гудамж, 100/5 байр, 31 тоот, 107.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх12-15/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.2. Зээлдүүлэгч “Чингис хаан банк” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч А.Э-ы эзэмшлийн Чингис хаан банк дахь ********** тоот данс руу 150,500,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн нь зээлийн мемориалын баримт, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй. /хх 16, 62-63/

 

3.3. Хариуцагч нараас зээлийн төлбөрт 2,089,840.46 төгрөг, зээлийн хүүнд 38,684,183.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 254,184.10 төгрөг, нийт 41,028,207.85 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. /хх67-68/

 

3.4. Хэргийн 23 дугаар талд авагдсан хүү тооцооллын хүснэгтээс үзвэл хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байх ба нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БХ/39 тоот, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн БХ/7716 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТА/18 тоот өр төлбөрийн зөрчил арилгах талаар хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлж байжээ. /хх 17-19/

 

3.5. Харин хариуцагч нар “зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь “Ковид-19” цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэж маргажээ.

 

3.6. Анх шатны шүүх зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь “Ковид-19” цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж дүгнэн, зээлийн хүүгийн 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

3.7. Учир нь хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нар “ковид-19” цар тахлаас шалтгаалан зээлийн хүү зогсоох болон зээл төлөлтийн хугацаа сунгах талаарх хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нарыг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү шаардах эрхтэй тул хариуцагч нараас зээлд 148,410,159 төгрөг, хүүнд 49,913,802 төгрөг, нийт 198,323,961 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

4. Харин хариуцагч нарыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 тоот тогтоолын 8-д зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн  нэмэгдүүлсэн хүү 28,487 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

 

4.2.  Түүнчлэн, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлснээс тооцооллын алдаа гаргасан тул  давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

4.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч А.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д төлсөн болох нь хэргийн 74 дүгээр талд авагдсан орлогын баримтаар тогтоогдож боловч шүүх хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг зээлээс хасч шийдвэрлээгүй нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээг үндэслэн хариуцагч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/02983 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Э, Д.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт 188,323,962 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 10,028,487 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “...1,094,686” гэснийг “...1,169,770” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 283,176 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

 

                                      ШҮҮГЧИД                                  Э.ЭНЭБИШ

 

                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ