Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03045

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03045

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У ХХК

 

Хариуцагч: Ч.Б нарт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Хариуцагч Ч.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У ХХК, Ч.Б нарт холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Ч.Б нь манай компанийн уул уурхайн хүнд даацын техникийг түрээслэн ажиллах саналыг тавьсан. Энэ саналыг манай компани хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээ хийх болоход Ч.Б нь миний эзэмшлийн компаниар хийчихье гэж хэлсний дагуу Б ХХК болон У ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тоот Түрээсийн гэрээ-нүүдийг байгуулан хамтран ажилласан билээ. Ийнхүү түрээсийн гэрээг байгуулан ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан тоот түрээсийн гэрээний дагуу хариуцагчид Өмнөговь аймгийн нутагт орших Т ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд зориулж улсын дугаартай 2 ширхэг авто ашигч, 1 ширхэг загрушка түрээслүүлсэн. Энэ гэрээний дагуу үндсэн төлбөр 28,894,343.38 төгрог, алданги 14,447,171.69 төгрөг, нийт 43,341,515.07 гөгрөгийн үлдэгдэлтэй, тоот түрээсийн гэрээний дагуу хариуцагчид  багийн нутагт орших Т ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд зориулж улсын дугаартай 10 ширхэг маркийн дампыг түрээслүүлсэн. Уг гэрээний дагуу үндсэн төлбөр 19,802,803 төгрөг, алданги 9,901,401.5 төгрөг, нийт 29,704,204.5 төгрөгийн үлдэгдэлтэй, тоот түрээсийн гэрээний дагуу хариуцагчид  орших Т ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд зориулж Хьюндай маркийн эксковаторыг түрээслэн ажиллуулсан. Энэхүү гэрээний дагуу үндсэн төлбөр 83,888.266.14 төгрөг, алданги 41,944,133.07 төгрөг, нийт 125,832,399.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэвч түрээслэгч нь төлбөрөө гэрээгээр тохирсон цаг хугацаанд нь бүрэн дүүрэн төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Түрээсийн гэрээний дагуу төлбөроө шаардсан боловч түрээслэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлж, хэрэв төлж чадахгүй бол өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр барагдуулна гэсэн боловч төлбөр тооцоо барагдаагүй байна. Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төлбөрийн үлдэгдэл тулган акт үйлдсэн. Тус актад түрээслэгч компаниас Б ХХК-д 155,585,950 төгрөг төлөхөөр тусгагдсан бөгөөд У ХХК-аас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 18,000,000 төгрөгийг "Б ХХК-ийн дансанд тус тус шилжүүлж нийт 132,585,412.52 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд түрээслэгчээс дээрх 3 түрээсийн гэрээний төлбөрт 132,585,412.52 төгрөг, алданги 66,292,706.26 төгрөг нийт 198,878,118.78 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болно, гэжээ.

 

Хариуцагч У ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Манай компани 2019 оны 10 дугаар сард Б ХХК-тай техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн үеэс түрээслүүлэгч талын түрээслүүлж байгаа техникүүдэд байнга эвдрэл гарч түүнээс үүдэн сул зогсолт үүсч, эвдэрсэн техникийг засаж сэлбэхэд хугацаа алдаж, ажил удааширан гэрээнд заасан тоо ёсоор техникүүд нь бүрэн ажиллахгүй байсан учир ажил хэвийн явдаггүй байсан. Түрээслүүлэгч тал гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахад болон зорилгоо биелүүлэхэд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлыг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл боломжийг бий болгож чадаагүй байж гэрээний төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь шударга бус, үндэслэлгүй байна. Техникүүд маш их эвдэрч ажил хэвийн явагдаж чадахгүй сул зогсолт их байсан, хэвийн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй ажлыг тасралтгүй явуулж чадах техник байгаагүй. Энэ талаар түрээслүүлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж, уулын албаны дарга Н нар сайн мэдэж байгаа. Мөн гэрээнд мот/цагаар тооцохоор заасан эксковатор, ковш зэрэг техникийн төлбөрийг бүрэн ажилласнаар үзэж сул зогсолтыг тооцоогүй байна. Техникүүдэд эвдрэл гарах, сул зогсох тоолонд түрээслүүлэгчид утсаар мэдэгддэг байсан, техникүүдийнхээ чанарт анхаарахыг ч сануулж байсан. Гэсэн ч техникүүдийн эвдрэл гэмтэл гарсаар, сул зогсолт нэмэгдсээр байгаад 2020 оны 01 дүгээр сарын эхээр ажил зогссон. Түүнээс хойш талуудын хооронд албан ёсоор ажлын төлбөр тооцоо нийлсэн, нягтлан бодох бүртгэлийн акт үйлдсэн зүйл байхгүй. Манайхаас түрээсийн гэрээний төлбөрт төлсөн дүнг нэхэмжлэгч дутуу тооцсон бодит үнэнд нийцээгүй, үндэслэлгүй дүн нэхэмжилсэн байна. Түрээслүүлэгч тал техник тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүтэн хэвийн ажиллуулах үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У ХХК, Ч.Б нарт холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ч.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч У ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч У ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тоот дугаартай түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулжээ.

 

№ дугаартай гэрээгээр Өмнөговь аймаг,  нутагт орших Т ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд  улсын дугаартай 10 ширхэг Хово маркийн дампыг 2019.10.23-ны өдрөөс 2020.10.23-ны өдрийг дуусах хүртэл хугацаагаар 1 рейсийн үнэ 90,000 төгрөг, 1 литр түлшний үнийг тухайн үеийн шатахууны анхан шатны баримтыг үндэслэн тооцохоор,

 

№ дугаартай гэрээгээр Өмнөговь аймаг, нутагт орших Т ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд Hyundai маркийн экскаваторыг нэг сарын 560 мот/цаг ажилласан ажлын хөлс 45,000,000 төгрөг /НӨАТ орсон/, түлшний зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцахаар,

 

№ дугаартай гэрээгээр Өмнөговь аймаг, нутагт орших Т ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд  улсын дугаар бүхий 2 ширхэг авто ачигч техник болон 1 ширхэг запрушкийг 1 сарын 5,000,000 төгрөг /НӨАТ орсон/, ковш 1 сарын 560 мот/цаг ажилласан ажлын хөлс 11,000,000 төгрөг /НӨАТ орсон/ төгрөг, түлшний зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцахаар тус тус харилцан тохиролцсон ба энэ үйл баримттай зохигчид маргаангүй байна. /х.х-ийн 7-9, 13-21 тал/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдээр Өмнөговь аймаг,  нутагт орших Тавантолгой ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд нь зориулж  улсын дугаартай 10 ширхэг Хово/НОWО/ маркийн дамп, Hyundai маркийн экскаватор, улсын дугаар бүхий 2 ширхэг авто ачигч техник болон 1 ширхэг запрушкийг түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээг Б ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Ж нөгөө талаас У ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Б нар харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь түрээсийн гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгүүдэд зааснаар түрээсийн зүйл болох  улсын дугаартай 10 ширхэг Хово /НОWО/ маркийн дамп, Hyundai маркийн экскаватор, улсын дугаар бүхий 2 ширхэг авто ачигч техник болон 1 ширхэг запрушкийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь мөн хуулийн заалтад заасны дагуу түрээсийн гэрээний төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 18,000,000 төгрөг нийт 23,000,000 төгрөгийг төлж, түрээсийн зүйлийг хүлээн авч, зохих журмын дагуу ашигласан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу түрээсийн зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласны төлбөрт нийт 132,585,412 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөр дээр алданги 66,292,706 төгрөг нийт 198,878,118 төгрөг шаардсан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба гэрээг цуцалсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны алданги 66,292,706 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-д тус тус зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн байх тул хариуцагчаас анз шаардах эрхтэй байна.

 

Мөн нэгдүгээр хавтас хэргийн 102 дугаар талаас хоёрдугаар хавтас хэргийн 96 дугаар тал хүртэл авагдсан түрээсийн техникийн ажилласан цагийн бүртгэлийг хариуцагч У ХХК-ийн рейс тооллогч Г.С гаргасныг мөн компанийн уулын инженер Ч.Б хянасан ажлын гүйцэтгэлийн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгч Б ХХК нь гэрээний ажлын гүйцэтгэлийн дагуу төлөх төлбөрийн тооцооллыг 132,585,412 төгрөг гэж гаргасан байна.

 

Хариуцагч нь түрээсэлсэн техник сул зогсолт их, эвдрэл их байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч өөрсдийн татгалзалаа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзал тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагч У ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 132,585,412 төгрөг, алданги 66,292,706 төгрөг, нийт 198,878,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч У ХХК-иас 1,152,341 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Мөн хариуцагч У ХХК-иас хэрэг шилжүүлэх хүсэлт шүүхэд гаргаж, тус шүүхэд хэргийг шилжүүлж ирүүлсэн боловч хойш шүүхийн холбогдох баримтад гарын үсэг зурдаггүй, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байнга саад учруулж байсан гэдгийг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б ХХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,152,341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ