Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1636

 

 

“КБ” ХХК дахь  Б-ны эрх хүлээн авагчийн                                                                                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01234 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Б-ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭЛБТ” ХХК болон Э.Б, Е.Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 190 091 253.05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ЭЛБТ” ХХК, Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, хариуцагч “ЭЛБТ” ХХК, Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь хариуцагч “ЭЛБТ” ХХК болон хамтран зээлдэгч Е.Т нарт 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/281 тоот зээлийн гэрээ, БГ/281 тоот барьцааны гэрээ байгуулан 130.000.000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлүүлсэн байдаг. Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, компанийн гүйцэтгэх захирал Э.Б өмчлөлд байдаг орон сууц, хувийн сууц, газар зэрэг 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бид шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлд 102.561.532 төгрөг, хүүд 65.449.103 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13.089.820 төгрөг нэхэмжилсэн бол нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмэгдүүлэн мөн өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлийн хүүд 72.941.434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14.588.287 бүхэлд нь хариуцагч “ЭЛБТ” ХХК-иас гаргуулахаар шаардсан. Мөн хариуцагч Е.Т-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан. Хариуцагч Е.Т нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг зээлээс хэрэглээгүй гэдэг тул бүхэлд нь татгалзсан. Энэ тухай хүсэлтээ бичгээр хэрэгт гаргаж өгсөн, уг тайлбарыг дэмжиж байгаа. Мөн гуравдагч этдээдээр оролцож байсан Э.Б-г хариуцагчаар татаж, түүний өмчлөлийн 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “ЭЛБТ” ХХК болон Э.Б, Е.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд Э.Б-ыг хариуцагчаар оролцуулсан боловч гуравдагч этгээдээс чөлөөлсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Е.Т-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байдаг, энэ талаар шийдвэрлэсэн зүйл байхгүй, одоог хүртэл Е.Т хариуцагчаар явж байгаа. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад “ЭЛБТ” ХХК-ийн захирал Э.Б, Е.Т нараас ...гаргуулах гэж бичсэн ба энэ нь “ЭЛБТ” ХХК-иас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, иргэн Э.Б-оос нэхэмжилсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 190 091 253 төгрөгийг шаардахдаа Е.Т-ийг хариуцагчаас чөлөөлсөн гэдэг, гэтэл хариуцагчаас чөлөөлөх гэсэн ойлголт байхгүй. Е.Т-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан бол ЭЛБТ ХХК-иас юуг шаардаж байгаа нь тодорхойгүй. Э.Б-ыг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаар татан оролцуулсан. Энэ хүсэлтийнхээ хамт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн. Э.Б барьцааны хөрөнгийн эзэн мөн бөгөөд эрх ашиг нь хөндөгдөж байгаагийн хувьд гуравдагч этгээд мөн. Гуравдагч этгээдийн хувьд мэтгэлцэх боломжгүй байна. Түүнтэй зээлийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээний мөнгийг “ЭЛБТ” ХХК хүлээн авсан, гэрээ байгуулагдсан зэрэгт маргаан байхгүй. Хамгийн гол нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учир мэтгэлцэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “ЭЛБТ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 182 355 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 7 735 761 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Е.Т-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭЛБТ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох хариуцагч Э.Б-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011027 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, 19 дүгээр байрны 6 тоот, 75 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002163 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 длугаар хороолол, 18 дугаар байрны 29 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202004804 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 51-44 тоот, нэгж талбарын 18642312268730 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулттай, 398 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202015607 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 44А тоотод байрлах, 69,7 м .кв талбай бүхий хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийгхудалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 292 455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 069 727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ЭЛБТ” ХХК, Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч "КБ" ХХК-аас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ..."ЭЛБТ" ХХК-ийн захирал Э.Б-оос, Е.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 181.100.456,26 төгрөг гаргуулах" тухай байсан. Энэхүү тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас дүгнэхэд "ЭЛБТ" ХХК-аас нэхэмжлээд байгаа эсэх, захирал Э.Б гэх хувь субъектээс нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй байсан. Хариуцагч "ЭЛБТ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэ талаар хариу тайлбартаа дурдсан байдаг бөгөөд тодорхойгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн ойлголтоор тааж мэтгэлцэх боломж байхгүй билээ. Гүйцэтгэх захирал компанийн өр төлбөрийг хариуцдаггүй бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч л өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Гэтэл захирлаар компанийн өрийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байсан. Тухайлбал нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрын мэдээлэл тусгагдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлогдоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тухайгаа дурдсан байгаа болохоос биш, яагаад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болсон талаараа буюу нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн Е.Т-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалздаг бөгөөд шүүх татгалзлыг баталж шийдвэрлэдэг. Ийнхүү татгалзаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, үнийн дүн тодорхойгүй, захирал Э.Б /эсхүл "ЭЛБТ" ХХК гэж ойлгох уу/-т үлдэх үнийн дүн хэд байх талаар эцсийн байдаар тооцоо, тодорхойлолт гаргаагүй. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 181.100.456,26 төгрөгийг хоёр хариуцагчаас хамтад нь гаргуулъя гэж дурдсан хэрнээ дараа нь аль нэг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тохиодолд үлдэх хариуцагчаас шаардагдах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буурах ёстой. Хариуцагч Э.Б-ыг нэхэмжлэгч талын хамтран хариуцагч татуулах тухай
хүсэлтийг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
нэхэмжлэгчээс иргэн Э.Б-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага огт байхгүй. Яг энэхүү агуулгын хүрээнд хариуцагч хариу тайлбараа бичгээр гаргасан байдаг боловч шүүх хуралдаан хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Хариуцагч Э.Б-т холбогдуулж бичгээр гаргаагүй, танилцуулж, гардуулж, хариу тайлбар гаргах бололцоо олгоогүй шүүх хуралдаан дээр будилан байж амаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд барьцаа хөрөнгийн асуудлыг Э.Б холбогдуулан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ. Барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч Э.Б нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүсэлтэй байгаа илэрхийлсний үндсэн дээр шүүх 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/Ш32019/04048 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Л.С нарын    2019    оны    6   дугаар    сарын    05-ны    өдрийн    бичгээр    гаргасан    хүсэлтэд тодорхойлсноор "...Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан"-тай нь холбогдуулж түүнийг хамтран хариуцагчаар татсан. Түүнээс биш өмчлөгч болохынх нь тухайд шүүх хариуцагчаар татаагүй. Энэ тухай шүүх хуралдаанд миний бие удаа дараа хэлсэн бөгөөд шүүх анхаарч үзэлгүй, "гуравдагч этгээд энэ хэрэгт байхгүй" гэх дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэжээ. Дээрх байдлаар хэнээс юу нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гурван хариуцагч болон гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцооны эрхийг хязгаарласан, хариу тайлбар гаргах, үндэслэлтэй мэтгэлцэх боломж олгоогүй, ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, процессыг зөвтгөн, хариуцагч нарын эрхийг хангах үүднээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Б-ны эрх хүлээн авагч нь хариуцагч “ЭЛБТ” ХХК болон Э.Б, Е.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу зээлд 102 561 532 төгрөг, зээлийн хүүд 72 941 434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14 588 287 төгрөг, нийт 190 091 253 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/281 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч хариуцагч “ЭЛБТ” ХХК, хамтран зээлдэгч Е.Т нар нь “КБ” ХХК-аас  130 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувь, сарын 2.2 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. / хх-6-8 /

Зээлдүүлэгч “КБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд  шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр БГ/281 дүгээр барьцааны гэрээгээр хариуцагч Э.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 2202011027 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, 19 дүгээр байрны 6 тоот, 75 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, Ү-2202002163 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 29 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц, Г-2202004804 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 51-44 тоот, нэгж талбарын 18642312268730 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулттай, 398 м.кв талбайтай газар, Ү-2202015607 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 51 дүгээр гудамжны 44А тоотод байрлах, 69.7 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн байна. / хх-9-23 /

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний хугацаанд хариуцагч “ЭЛБТ” ХХК, болон Е.Т, Э.Б нар нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/281 дүгээр зээлийн гэрээний дагуу нь үндсэн зээлд 27 924 559,38 төгрөг, хүүд 37 508 038,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 134 494,08 төгрөг, нийт      66 567 091,52 төгрөг төлсөн боловч 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гэрээгээр тохирсон хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн, улмаар  зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан байх тул  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг зөв тооцож, үндсэн зээл 101 347 343 төгрөг, зээлийн хүү 49 174 189 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 21 999 122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 834 838 төгрөг, нийт 182 355 492 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 735 761 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан зүйл болох дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин “КБ” ХХК дахь Б-ны эрх хүлээн авагч хариуцагч Е.Т-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдэг.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.6-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаас гадна үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алддаггүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “....аль нэг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тохиодолд үлдэх хариуцагчаас шаардагдах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буурах ёстой...” гэсэн   давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “ЭЛБТ” ХХК-ийг тодорхойлсон /хх-ийн 1/ шүүх “ЭЛБТ” ХХК, болон Е.Т нарт холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчаар “ЭЛБТ” ХХК-ийг оролцуулж, зохих ажиллагааг хийх хүсэлтээ гаргаж байсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр барьцааны зүйлийн өмчлөгчийн хувьд иргэн Э.Б-ыг хамтран хариуцагчаар нэмж оролцуулахаар шийдвэрлэсэн зэргээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул “...."ЭЛБТ" ХХК-аас нэхэмжлээд байгаа эсэх, захирал Э.Б гэх хувь субъектээс нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй....” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн “КБ” ХХК нь нэхэмжлэлдээ  “зээлдэгч нар нь 2016 оны 09 сараас эхлэн үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй тул холбогдох хуульд заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртэлх хугацаанд үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон тул “....нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байсан...” гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн “КБ” ХХК нь нэхэмжлэлдээ  “...зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө ...” гэж барьцааны зүйлийн талаар шаардлага гаргасан байх тул “... нэхэмжлэгчээс иргэн Э.Б-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага огт байхгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, ийнхүү тооцоо гаргахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. Харин хамтран хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хасах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01234 дүгээр шийдвэрийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтыг 2, 4 дүгээр заалтыг 3, 5 дугаар заалтыг 4, 6 дугаар заалтыг 5 болгож өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 069 727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ