Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/03744

 

 

 

 

 

2023 11 24

181/ШШ2023/03744

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК ,

Хариуцагч: Ж.Э-т тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш тэмдэглэл хөтлөв.

 

/Хариуцагч болоод хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э ХХК, Ж.Э нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Б.Б нь Э ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 20-14 дүгээр Амины орон сууц захиалгын гэрээ байгуулж 3 өрөө, 81 м.кв талбайтай амины орон сууцыг, 12 м.кв талбайтай террас, 24 м.кв талбайтай гараашны хамт нийт 82,110,000 төгрөгөөр хуанлийн 45 хоногт барьж байнгын ашиглалтад оруулан өмчлөлд шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан амины орон сууцны хэмжээг өөрчилж, хашааны суурь цутгалтын ажлыг нэмж захиалагчаас гүйцэтгэгчид нийт 24,040,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцсон. Ингээд нийт 103,500,000 төгрөгийг гэрээнд заасан Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э ын дансанд төлсөн боловч гүйцэтгэгч тал барилгын ажлыг хугацаанд иь доголдолгүй, чанартай хийж гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрч байна. Гүйцэтгэгч нь ажлыг хугацаанд нь хийлгүй голоос нь хаяж явсан ба хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан тул тухайн үед цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй болсон. Доголдлыг илрүүлэх үед засч өг гэхэд та нар өөрсдөө засчих гэсэн хариуг өгсөн тул өөрсдөө зассан болно. Үүний дараа 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлэн дуусгаагүй ажил хүлээлцэх баримт үйлдэж, үлдэгдэл ажлыг 50,000,000 төгрөгөөр үнэлэн цемент, цагаан замаск, хар замаск гэх мэтчилэн материалыг нэмж өгөхөөр болсон. Тооцоо нийлсний дараа 10,000,000 төгрөгийг л бэлнээр өгсөн. Одоо үлдэгдэл 40,000,000 төгрөгийг, барилгын материалын үнэ 5,000,000 төгрөгийн хамт нийт 45,000,000 төгрөгийг Э ХХК, Ж.Э нараас хуваан гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Б.Б гийн барилгад газар шорооны ажил, хөрс хуулах, зөөх, буулгах, шинээр хайрга дайрга зөөх, булах, барилгын суурь цутгалт, суурийн ул бетон, суурийн дам нуруу, цутгалт, суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгнээс хамгаалах түрхлэг түрхэх, барилгын арматурчлал, шалны бетон цутгалт, сетик төмөр тор, шалны дулаалгын хөөс, дотор өрөө, тасалгааны 10 см-ийн блок өрлөг, үндсэн хана дүүргэлтийн блок 30 см-ийн, гараашны ажилд: газар шорооны ажил хөрс хуулах, зөөх, буулгах, шинээр хайрга дайрга зөөх, булах гараашны суурь цутгалт, суурийн ул бетон, суурийн дам нуруу, цутгалт, суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгээс хамгаалах түрхлэг түрхэх, арматурчлал, шалны бетон цутгалт, шалны арматур төмөр, мөн гэрээнд ороогүй зам татах газар шорооны ажил, хашааны өрлөг, суурь зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд

3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20-14 дүгээр Амины орон сууцны захиалгын гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00395 дугаар Э ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Э ыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Ж.Э ын оршин суух хаягийг олж тогтоосон тухай тодорхойлолт, Э ХХК-иас ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 44, 45 дугаар мэдэгдэл, өөрийн Хаан банк дахь 5022141316 дугаар дансны хуулга /2020.5.27, 2020.7.9, 2020.7.10, 2020.10.10, 2020.10.23, 2021.5.22/, Худалдаа, хөгжлийн банк дахь 432012487 дугаар дансны хуулга /2020.5.27, 2020.6.8, 2020.6.22/, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан хувь/, Эмон ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар Ажлын байр, түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хувилсан хувь/, өмгөөлөгч Ж.Г-той байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38/22 дугаар Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Дуусаагүй ажил хүлээлцэх тухай баримт, Ц.М д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 3-26, 29-39, 67-68, 75/-ыг,

 

3.2. Хариуцагчаас: Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Г.Баасандорж, Ц.Цогтсайхан, Д.Төмөрбаатар, Д.Баясгалан нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 46-51, 65, 128, 136, 139/-ийг тус тус гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 20-14 дүгээр Амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч тал барилгын ажлыг хугацаанд нь доголдолгүй хийж гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Э тай 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлсний дагуу ажлын хөлсөнд төлөгдсөн дүнгээс үлдэх 45,000,000 төгрөгийг тэднээс хуваан гаргуулна гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Б гийн барилгад: газар шорооны ажил, хөрс хуулах, зөөх, буулгах, шинээр хайрга дайрга зөөх, булах, барилгын суурь цутгалт, суурийн ул бетон, суурийн дам нуруу, цутгалт, суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгнээс хамгаалах түрхлэг түрхэх, барилгын арматурчлал, шалны бетон цутгалт, сетик төмөр тор, шалны дулаалгын хөөс, дотор өрөө, тасалгааны 10 см-ийн блок өрлөг, үндсэн хана дүүргэлтийн блок 30 см-ийн, гараашны ажилд: газар шорооны ажил хөрс хуулах, зөөх, буулгах, шинээр хайрга дайрга зөөх, булах гараашны суурь цутгалт, суурийн ул бетон, суурийн дам нуруу, цутгалт, суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгээс хамгаалах түрхлэг түрхэх, арматурчлал, шалны бетон цутгалт, шалны арматур төмөр, мөн гэрээнд ороогүй зам татах газар шорооны ажил, хашааны өрлөг, суурь зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэжээ.

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл:

талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 20-14 дүгээр Амины орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Э ХХК нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Ар гүнтэд байрлах 81 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг 12 м.кв талбайтай тагт, 24 м.кв талбайтай гараашны хамт нийт 82,110,000 төгрөгөөр хуанлийн 45 хоногт барьж, захиалагч Б.Б д хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, захиалагч нь ажлын хөлсөнд урьдчилгаа 50 хувь болох 41,055,000 төгрөгийг, явцын гүйцэтгэлд 30 хувь болох 24,630,000 төгрөгийг, байр хүлээлцэх үед үлдэх 20 хувь болох 16,420,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 4-10/

Улмаар захиалагчийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх хугацааг хуанлийн 5 хоногоор сунгаж, амины орон сууцны хэмжээг өөрчлөх, хашааны суурь цутгалтын ажлыг нэмж гүйцэтгүүлэхээр болсонтой холбогдуулан 24,040,000 төгрөгийг төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх 68/

5. Талууд гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон гэж дүгнэв.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

6. Захиалагч нь гэрээний 4.2.1, 5.1-д заасны дагуу ажлын хөлсийг гүйцэтгэгч компанийн захирал Ж.Э ын Хаан банк дахь 5070287041 болон түүний нэрлэн заасан этгээдийн тус банк дахь 5029466213 дугаартай дансанд 2020 оны 5 дугаар сарын 27-ноос 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн гүйлгээгээр нийт 103,500,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5022141316, Худалдаа, хөгжлийн банк дахь 432002064 дугаартай данснаас төлбөр гэсэн утгаар шилжүүлжээ. /хх 17-25/

Харин гүйцэтгэгч барилгын ажлыг хугацаанд нь доголдолгүй хийж гүйцэтгээгүй, 2020 оны 10 дугаар сарын сүүлээр орхиж явсан зэргээр гэрээний 2.2, 3.1.1, 3.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэх бөгөөд улмаар захиалагч гэрээнээс татгалзаж, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэгч компанийн захирал Ж.Э тай дуусгаагүй ажлыг хүлээлцэж, тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн байна. /хх 68/

Уг баримтад гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсний сацуу захиалагчид 2021 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд 50,000,000 төгрөгийг 2 хуваан буцааж төлөхөөс гадна, тодорхой барилгын материалыг нэмж өгөхөө илэрхийлээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсныг нь няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Үүнээс захиалагч буюу нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх бөгөөд үлдэх 40,000,000 төгрөгийг, дээрх баримтад дурдсан цемент, хар, цагаан замаск, гипс, 0,5-ын хайрга зэрэг материалын үнэ болох 5,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардах боловч уг шаардлагаа нотлох үүргийн хүрээнд эдгээр барилгын материалын үнийг тодорхойлох баримт нотолгоог гаргаж өгөөгүй байна.

Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэв.

Ингэхдээ мөнгөн төлбөрийн шаардлагыг хариуцагч нарт хувааж хариуцуулах үндэслэлгүй байна. Учир нь, гэрээний гүйцэтгэгч тал болох хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн харилцах дансаар хүлээн авсан явдал түүнийг гүйцэтгэгчээр тодорхойлох нөхцөл биш болно. /хх 47-51/

Иймд хариуцагч Э ХХК-иас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөг болон хариуцагч Ж.Э т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасанд нийцүүлэн хуваарилав.

8. Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагч болоод хариуцагчийн төлөөлөгч Ж.Э т мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт /баримт/ ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдъя. /хх 166/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөг болон хариуцагч Ж.Э т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН