Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00109

 

 

 

 

 

 

 

 

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК, Ж т нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б нь Э ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20-14 дугаартай Амины орон сууцны захиалгын гэрээ байгуулж 3 өрөө 81 м.кв талбайтай, 12 м.кв террас, 24 м.кв гараашны хамт нийт 82,111,000 төгрөгөөр 45 хоногт барьж ашиглалтад оруулж өгөхөөр гэрээ байгуулсан. Мөн 06 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээгээр орон сууцны хэмжээ өөрчлөгдөж, хашаа суурь цутгалтын ажлыг нэмэгдэж, би 24,040,000 төгрөг нэмж төлөн, нийт 103,500,000 төгрөгийг Э ХХК-ийн захирал Ж ын дансанд шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь барилгын ажлыг хугацаанд нь доголдолгүй гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрч хаяж явсан. Хариуцагчаас барилгыг барьж дуусгахыг шаардахад та нар өөрсдөө бариад дуусгачих гэсэн тул бид барилгаа барьж дуусгасан. Талууд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлж дуусаагүй барилгын ажил хүлээлцэх акт үйлдэж, үлдэгдэл ажлыг 50,000,000 төгрөг гэж үнэлэн хариуцагч тал төлөх, мөн цемент, цагаан замаск, хар замаск зэрэг материалыг надад өгөхөөр тооцоо нийлсэн. Гэвч 10,000,000 төгрөг өгч 40,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд цагаан замаск 2 тонн, гипс 180-аас 200 ширхэг, 17 метр куб 0,5-ийн хайрга, цемент 2 тонн зэрэг материалыг 5,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагч нараас 45,000,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б гийн барилгад газар шорооны ажил, хөрс хуулах, зөөх, буулгах, шинээр хайрга дайрга зөөх, булах, барилгын суурь цутгалт, суурийн ул бетон, суурийн дам нуруу, цутгалт, суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгнээс хамгаалах түрхлэг түрхэх, барилгын арматурчлал, шалны бетон цутгалт, сетик төмөр тор, шалны дулаалгын хөөс, дотор өрөө, тасалгааны 10 см-ийн блок өрлөг, үндсэн хана дүүргэлтийн блок 30 см-ийн, Гараашны ажилд: Газар шорооны ажил хөрс хуулах, зөөх, буулгах, шинээр хайрга дайрга зөөх, булах гараашны суурь цутгалт, суурийн ул бетон, суурийн дам нуруу, цутгалт, суурийн буцааж булагдах хэсэгт ус, чийгээс хамгаалах түрхлэг түрхэх, арматурчлал, шалны бетон цутгалт, шалны арматур төмөр, мөн гэрээнд ороогүй зам татах газар шорооны ажил, хашааны өрлөг, суурь зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Энх карказ констракшн ХХК-иас 20,000,000 төгрөг, Ж аас 20,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Энх карказ констракшн ХХК, Ж нараас 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.а. Хариуцагч нарт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг зөрчсөн. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт дээр утсаар мэдэгдэв гээд за, ойлголоо гэж тэмдэглэсэн байх боловч надруу утсаар яриагүй. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бол хариуцагч тал шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох байсан. Би 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй байхад шүүх хуралдааныг явуулж, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.

4.б. Б г 45,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэж шүүх дүгнэсэн ч дансыг шалгахад н.Баярмаа, н.Эрдэнэбаяр гэх хүмүүсийн данснаас 23,000,000 төгрөгийг шилжүүлснийг анхаараагүй. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзаж шинжээч томилуулах шаардлагатай гэсэн ч энэ ажиллагаа хийгдээгүй. Шүүх 40,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр хангасан, мөн Э ХХК-тай гэрээ байгуулсан байхад компаниас 20,000,000 төгрөг, захирал Ж аас 20,000,000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

5. Хариуцагч Э ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: ...Э ХХК нь хаягтаа байдаггүй тул шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж хариуцагчийн хаягийг тодруулж нэхэмжлэлийг гардуулсан. Хэрэг үүссэнээс хойшхи 6 сарын хугацаа дуусчихсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, энэ хугацаанд хэргийн материалтай танилцах боломжтой байсан. Шүүх хуралдааныг товыг өөрсдөө лавлах үүрэгтэй. Тооцоо нийлж, акт үйлдсэн баримтын талаар гомдол гаргаагүй. Шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Дээрхээс дүгнэхэд хариуцагч тал хэргийг удаашруулж байна. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар бидний дэргэд утсаар ярьж тов мэдэгдэхэд за ойлголоо гэж хариу өгсөн. Хариуцагч тал ковид-19 өвчнөөр өвдсөн гэдэг баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөн нь хүндэтгэх шалтгаан болохгүй юм. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ихэд зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

2.   Нэхэмжлэгч Б нь хариуцагч Э ХХК, Ж т нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

3.а. Анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Ц.Цогтсайханы хүсэлтээр хойшлуулж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16:00 цагт товлосон байна.

 

3.б. Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй гэх агуулгатай, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар бидний дэргэд утсаар ярьж тов мэдэгдэхэд за ойлголоо гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.

 

3.в. Хэргийн 77 дахь талд авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Утсаар ярьсан тэмдэглэл-ээс үзвэл мөн өдрийн 16:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг тухайн өдрийн 15:58 цагт хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгчид мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

 

Мөн хэргийн 69 дэх талд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-аар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Ж болон хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Ц.Цогтсайхан нарт утсаар мэдэгдсэн талаархи тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч хариуцагч тал уг баримтыг үгүйсгэсэн тайлбар, давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Дээрх тохиолдолд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн байвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас...-аар дамжуулан мэдэгдэж болох-оор зохицуулжээ.

 

Иймд ...шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, зохих журмын дагуу мэдэгдээгүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

4.   ... Шүүх хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын гаргасан давж заалах гомдол үндэслэлгүй.

 

4.а. Хариуцагч Ж , Э ХХК нарт 2022 оны 04 дүгээр сарын 08, 11-ний өдрүүдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж мөн өдөр эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг танилцуулжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан хүртэлх 165 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйд шүүхийг буруутгахгүй, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нар өөрт олгогдсон боломжит хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт нэгэн адил хамаарах бөгөөд шинээр томилогдсон төлөөлөгч, сонгогдсон өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй, шуурхай оролцох үүрэгтэй. Хариуцагч нар хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй нь шинээр оролцож буй хэргийн бусад оролцогч нарт тусгайлсан хугацааг шинээр олгох үндэслэл болохгүйг анхаарах нь зүйтэй.

 

5.   Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э ХХК-ийн төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ