Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/03147

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр  Дугаар 183/ШШ2023/03147 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

21,833,115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч М ХХК-д холбогдох, Д.Цн гаргасан 21,833,115 төгрөгийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч М ХХК-ийн захирал Т.Тд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний хаягаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Хариуцагчаас миний бие М ХХК-ийг ямар ч нөхцөлд төлөөлөх эрхгүй учир тус шүүхэд хянагдаж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч М ХХК-г төлөөлөн оролцох эрхгүй, боломжгүй гэж тайлбарласан байх ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн М ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл хэсэгт 2016.08.26-ны өдрөөс хойш тус компанийг гүйцэтгэх захирал Т.Т итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна. Хариуцагчийн тайлбараар тус компани нь өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотой бүртгэлийг хуульд зааснаар хийгээгүй, улсын бүртгэлийг үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуустал сүүлийн 8 сарын олгогдоогүй цалингийн үлдэгдэл 14,555,410 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-д зааснаар тооцсон алданги 7,277,705 төгрөг, нийт 21,833,115 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж шаардаж байна.

 

Хэрэгт авагдсан М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020.03.31-ний өдрийн  дугаартай тушаалаар тус компани болон Д.Ц нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан шүүхэд шаардлага гаргаагүй.

 

Харин М ХХК нь 2019 оны 08, 09, 10, 11-р саруудын цалинд тооцон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 08, 09, 10, 11, 12-р саруудын цалинд тооцон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 08, 09, 10, 11, 12-р сарууд, 2020 оны 01, 02 сарын цалинд тооцон 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг нэхэмжлэгч Д.Цд тооцон гар дээр өгсөн, үлдэгдэл цалинг актаар баталгаажуулахдаа хасч тооцсон гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөпөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон, ажлаас чөлөөлсөн тушаалтай холбогдуулан маргаагүй. Харин дутуу олгосон болон ажилласан хугацааны олгоогүй цалин гаргуулахаар шаардсан.

 

Ажил олгогч дутуу олгосон цалингаа бүрэн ажилтанд олгоогүй бөгөөд 2020.02.22-ны өдөр цалинд 1,000,000 төгрөгийг Д.Цд олгосон боловч зөрчил бүрэн арилаагүй, ажилтан цалингаа бүрэн гүйцэт аваагүй гэдгээ 2020.02.22-ны өдрөөс мэдсэн, мэдэх ёстой уг өдрөөс хойш 3 сарын дотор буюу 2020.05.22-ны дотор нэхэмжлэгч Д.Ц гомдлоо гаргах, шаардах эрхээ хэрэгжүүлнэ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул хөөн хэлэлцэх хугацааг шүүх тасалдсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстойг мэдэхгүй байгаа явдал нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу шаардах эрхийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан 21,833,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 267,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ