Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00186

 

 

 

 

     

 

 

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03147 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, цалин хөлсний үлдэгдэл 14,555,410 төгрөг, алданги 7,277,705 төгрөг, нийт 21,833,115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.Ц- миний бие М ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу 2013 оны 04 сараас 2020 оны 03 сарыг дуустал Ахлах нягтлан бодогч-ийн албан тушаалд ажиллаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Хариуцагч М ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 09 тоот тушаалаар цуцалсан. 2019 оны 08 сараас 2020 оны 03 сарыг дуустал 8 сарын цалингийн үлдэгдэл 14,555,410 төгрөг болохыг М ХХК-тай актаар баталгаажуулсан. М ХХК нь 2019 оны 08, 09, 10, 11 сарын цалинд тооцон 2019 оны 11 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 08, 09, 10, 11, 12 сарын цалинд тооцон 2019 оны 12 сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 08, 09, 10, 11, 12 сар, 2020 оны 01, 02 сарын цалинд тооцон 2020 оны 02 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус олгож, үлдэгдэл цалинг актаар баталгаажуулахдаа хасч тооцсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/02082 дугаар шийдвэрээр хариуцагчийн хаягийг эрэн сурвалжлуулснаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн албан бичгээр М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т-ын хаягийг Хан-Уул дүүргийн 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6е байрны 21 тоот гэж тогтоосон. Иймд хариуцагч М ХХК-аас нэхэмжлэгч Д.Ц-д олгогдоогүй цалингийн үлдэгдэл 14,555,410 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д зааснаар тооцсон алданги 7,277,705 төгрөг, нийт 21,833,115 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Т.Т миний бие хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар 2016 оны 08 сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан. Одоог хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар миний нэр бүртгэлтэй боловч би 2020 оны 07 сарын 03-ны өдөр М ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдөж, үйл ажиллагаанд нь оролцохоо больсон. Учир нь, ажил олгогч М ХХК, түүний хувьцаа эзэмшигч нар 2020 оны 01 сараас эхлэн миний цалин, хөлсийг олгоогүй тул гүйцэтгэх удирдлагын албан тушаалаас чөлөөлөгдөж компанийн тамга, тэмдэг болон холбогдох баримт, бичгийг хүлээлгэн өгсөн болно. Гэтэл хариуцагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нар дараагийн гүйцэтгэх удирдлагыг томилж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүйгээс болж шүүхийн ажиллагаанд намайг тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд мэтээр буруу ойлголтыг төрүүлж байна. Иймд миний бие М ХХК-ийг ямар ч нөхцөлд төлөөлөх эрхгүй учир тус шүүхэд хянагдаж буй М ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч М ХХК-ийг төлөөлөн оролцох эрхгүй, боломжгүй болно гэжээ.

 3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан 21,833,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 02 сарын 25-ны өдөр төлсөн 267,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.     Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа бүхэлдээ хийгдээгүй. Хариуцагчийн эрх, үүрэг танилцуулаагүй, хариу тайлбар авагдаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбоглолтой ажиллагаа хийгдээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.2.     Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 2.   Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан цалин хөлсний үлдэгдэл 14,555,410 төгрөг, алданги 7,277,705 төгрөг, нийт 21,833,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

 3.   Анхан шатны шүүх хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч гэх Т.Тыг шүүхэд дуудан ирүүлж, холбогдох ажиллагааг хийсэн боловч ...2020 оны 07 сараас М ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хувийг гардан авахаас татгалзаж, эрх, үүрэг тайлбарласан тухай, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан тухай, хэрэг танилцуулсан тухай баримтуудад гарын үсэг зураагүй нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх 28, 31, 32-33/

 4.   Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгэлтэй этгээд болох Т.Т нь тус компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн болохоо нотлох зорилгоор ...Т.Тыг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс чөлөөлж, Ш.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон... агуулгатай М ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 00/02 тоот тогтоол, ...төлбөр төлөгч М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн... агуулгатай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 19280947/150 тоот тогтоол зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 72, 74/

 5.   Хэдийгээр дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх боловч шүүх мөн зүйлийн 44.2-т ...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ... гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан хувийг шаардан авах боломжтой байсан гэж үзнэ. /хх 72, 74/

 6.   Өмнө дурдагдсан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 19280947/150 тоот тогтоолоор М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлсэн бол М ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, улмаар хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-г үндэслэн ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй болох юм. /хх 74, 51-52/

 7.   Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан ...анхан шатны шүүх эрх, үүрэг танилцуулах, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулах, хариу тайлбар авах зэрэг ажиллагааг хийгээгүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 267,160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Д.НЯМБАЗАР