Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1709

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, бүрэлдэхүүнд шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГМЭ” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 166 439 554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х нь 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гадаа тоглож байгаад зүүн хөлөө гэмтээсэн. С.А нь 2015 оны 02 дугаар сард БНХАУ-д хүү Б.Х-ын хөлний дунд чөмгийг хадуулж, 3 дугаар сарын эхээр Монгол улсад буцан ирж ГМЭ-ийн хяналтад орсон. Тус эмнэлгийн эмч нарын заавар зөвлөгөөний дагуу хийж байсан ба 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гипс болон хадаасыг авсан. Энэ үед Б.Х-ын хөл нь өвдөгөөрөө 20-30 градус нугарч байсан. Эмч нар хүүг одоо физик эмчилгээнд явах шаардлагатай гэсний дагуу Физик эмчилгээ хийлгэж 4 дэх хоног дээрээ үзүүлэхэд хөл нь 80 градус нугарч байсан. Гэтэл тус эмнэлгийн эмч нар одоо дөнгөж ийм байгаа бол яаралтай CPM төхөөрөмжөөр нугалах хэрэгтэй, бүтэн унтуулж орно, ерөөсөө өвдөх юм байхгүй гэсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өглөөний 9 цагийн үед эмчилгээнд орсон. Хүүхэд нь эмчилгээнээс гарч ирэхдээ маш их уйлсан, хөл нь их хавдсан байсанд С.А нь энэ талаар тодруулж асуухад тус эмнэлгийн эмч нар нь угаасаа ингэх ёстой юмаа гэдгээс өөр зүйл хэлээгүй байна. Энэ маягаар тус физик эмчилгээг 6 хоногийн турш хийсэн ч Б.Х нь сайжрах биш улам дордож, эмчилгээ хийлгэхээс айдаг болсон тул 6 дахь хоног дээр эмнэлгээс гарахаар шийдэж хүүхдийнхээ хөлний зургийг авахуулахад хүүхдийн өсөлтийн зон/өвдөг хэсэгт байдаг/ нь цөмөрч гэмтсэн байсан. Тэгээд тус эмнэлгийн Хөгжлийн бодлого, гадаад харилцаа хариуцсан захирал Д.Г, Поликлиник эрхэлсэн орлогч дарга Г.Ц, Үе мэс заслын их эмч А.Б нартай уулзахад буруугаа хүлээж зөвшөөрч дахиж хагалгаанд оруулаад, эмчлээд өгье гэсэн. Гэхдээ С.А нь эрүүл хүүхдийг нь тийм болгосон эмнэлэгт, эмч нарт дахиж итгэж чадахгүй байсан тул гадагшаа илүү сайн эмнэлэгт үзүүлэхийг шаардсан байна. Үүний дагуу ГМЭ нь Солонгос улсын Сөүл сог эмнэлэгт үзүүлж өгөхөөр болсон. Гэтэл тус эмнэлэгт очиж үзүүлэхэд хүүхдийн өсөлтийн зоныг хугалаад удсан байна, 7 хоногийн дотор бол эмчилж болдог гээд илүү гэмтэхээс сэргийлж тэр хэвээр нь хоёр хадаас тавихаас өөр эмчилгээ хийгээгүй. Монголд ирээд Монгол хюндэй эмнэлгийн эмч Бүдээгийн хяналтад орж, эмчийн зөвөлгөөний дагуу сувилалд эмчлүүлж, улмаар Мөнгөн гүүр эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэхэд өсөлтийн зоны гэмтлээс болж нуруунд бас өөрчлөлт орсон байсан ба Монголд ийм хүнд гэмтлийн хагалгаанд орох боломжгүй, нэг мөсөн гадагшаа ханд, одоо зөвхөн тэгшлэх асуудал биш гэсэн. Тиймээс бид хүүхдийн биеийн байдлын талаар холбогдох баримт бичгүүдийг АНУ болон Герман улсууд руу явуулсан. Тус газруудаас хариу ирэхэд эмчилгээний зардал арай багатайг нь бодож Холбооны Бүгд найрамдах Герман улсын Charite эмнэлэгт үзүүлэхээр болсон. ГМЭ-гийн эмч нарын буруутай үйлдлийн улмаас хүүхдийн өсөлтийн зон гэмтсэнтэй холбоотой шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэхээр 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Герман руу нисэж, тэндээ 4 удаа хагалгаанд орж зохих эмчилгээнүүдийг хийлгэсэн ба тус эмнэлгийн эмчийн зааврын дагуу 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин хяналт, шинжилгээнд орсон. Мөн одоо 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дахин явах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 181 152 461 төгрөгийг зардал гараад байгаа ба хүүхдийн эрүүл мэндэд учруулсан засаршгүй хохирлын улмаас хүүхэд байнга нэг хүний хяналтад байх шаардлагатай болсон ба цаашид ч дахин эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа. Иймд Б.Х-ын эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбогдон гарсан бодит зардал болох 166 439 554 төгрөгийг хариуцагч ГМЭ-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГМЭ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.А-гийн хүү Б.Х нь 2015 оны 1 дүгээр сарын 07-нд гулгаж байгаад гэмтэж зүүнд дунд чөмөгний яс дунд хэсгээр хугарч зөрсөн байсан. Тухайн үед ГССҮТөвд үзүүлсэн гэх бөгөөд мэс засал хийх шаардлагатай гэхэд ар гэрийнхэн нь татгалзаж гипс тавиулаад БНХАУлс руу эмчилгээнд авч явсан байсан. /дунд чөмөгний хугарлын үед өвдөгний үеэр хөдөлгөөнгүй болгож гипс тавьдаг/. Өвчтөн Б.Х БНХАУлсад очоод шууд мэс засалд оролгүй нэг сар гаруйн дараа буюу цаг хугацаа алдаж 2015 оны 2 дугаар сард дунд чөмөг хадах мэс засал хийлгэсэн байсан. Өвчтөн манай эмнэлэгт анх 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буюу гэмтэл авснаас хойш 3 сар гаруйн дараа өвдөгний үеэр хөдөлгөөнгүй бэхэлсэн гипстэй ирж тухайн үед манай эмнэлэгт уригдан ажиллаж байсан Анагаах ухааны доктор Үений мэс заслын эмч БНСУ-ын иргэн ЖБС эмчид үзүүлээд долоо хоногийн дараагаар гипсийг авсан. Тухайн үед өвдөгний үе бүрэн хөшиссөн хөдөлгөөний далайц 0 градусаас 30 градус болж хязгаарлагдаж /хэвийн өвдөгний үений далайц 0 градусаас 140 градус байдаг/ үений уутанд соривжилт болон наалдац үүссэн байсан. Үүний шалтгаан нь 3 сар хагас өвдөгний үеэр нугалахгүй гипстэй байснаас болсон. Нөхөн сэргээх эмчилгээ хийсэн боловч үр дүнгүй гарахгүй байсан. Гэмтсэнээс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн маш их хугацаа алдсан байсан ба хүүхдийг энэ чигээр нь орхивол насан туршдаа өвдөгний үеэ нугалж чадахгүй болж хөгжлийн бэрхшээлтэй болох байсан тул үений хөдөлгөөн сэргээх ажилбар хийх зайлшгүй шаардлагатай байсан. Уг ажилбарыг хийхэд гарах эрсдэлийг ар гэрийнхэнд танилцуулж хийсэн. Энэ ажилбарын үед дийлэнхдээ хугарал тохиолддог болно. Гарсан хүндрэлийг засах эмчилгээ хийх гэсэн боловч өр гэрийнхэн мөн татгалзаж Солонгос явах гэж хугацаа алдсан. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдаж Солонгос улсад эмчлүүлж бүх зардлыг ЖБС эмч гаргасан. Эвлэрлийн гэрээний дагуу жил бүр үзүүлэх байсан ч Солонгос явснаас хойш нэг ч удаа үзүүлж хянуулаагүй байна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний 2.1 дэх хэсгийн а, б хэсэгт заасан зардлыг эмч ЖБС-оос гаргуулан төлөхөөр тохиролцсон ба тус гэрээний 2.3-т иргэн нь цаашид бусад нэхэмжлэлийн шаардах эрхээсээ бүрэн татгалзаж байгаагаа үүгээр баталж байна гэж зааснаар нэхэмжлэгч аливаа өөр шаардлага гаргах эрхгүй байх бөгөөд эмнэлгийн үүрэг дуусгавар болсон байна. Түүнчлэн түр хугацаанд эмнэлэгт ажиллаж байсан БНСУ-ын иргэн ЖБС хариуцлагыг ГМЭ хариуцах үүрэггүй юм. Эмч ЖБС нь өөрийнхөө хувьд хариуцлагаа хүлээж эмчилгээний зардлыг төлсөн гэж өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГМЭ” ХХК-иас 166 439 554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 990 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГМЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 990 148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасаныг шүүхээс хангаж дахин шинжээч томилуулах тогтоол гаргасан. Эхний дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Б дахин шинжээчийн бүрэлдэхүүнд орж Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-д шүүх хуралдаан, хэзээ хаана болохыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд биечлэн оролцож тайлбар хийх, мэтгэлцэх боломжоор хангагдаагүй. Мөн анхан шатны шүүх нь хариуцагч нарт хавтаст хэргийн материал, шинжээчийн дүгнэлтийг танилцуулагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “ГМЭ” ХХК-д холбогдуулан 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Х-гын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардалд 166 439 554 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 “ГМЭ” ХХК-ийн мэс заслын эмч БНСУ-ын иргэн эмч ЖБС нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С.А-гийн  хүү Б.Х-гын  /7 настай/  үений хөдөлгөөнийг сэргээх мэс ажилбарыг хийж байх үедээ мэргэжлийн алдаа гаргаж хүүхдийн зүүн хөлний өсөлтийн зоныг хугалж гэмтээсэн болох нь Гэмтэл согог судлалын салбар зөвлөлийн дүгнэлт, ГМЭ-ийг иргэн С.А нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээ, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 140, 195/

Эмчийн буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр -ГМЭ”гийг төлөөлж захирал Г.Ц, нэхэмжлэгч С.А нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр эмнэлэг нь өвчтөний эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг эмчлэгч эмч ЖБС-оос гаргуулан нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож, хүүхэд бүрэн эмчлэгдэх нөхцөлөөр буюу хариуцагч эмчилгээний эрсдэлийг бүрэн хариуцахаар тохиролцжээ. /хх-ийн 140/

Дээрх эвлэрлийн гэрээний дагуу Солонгос улсын Сөүл Сог эмнэлэгт хандсан боловч хүүхдийн биеийн байдал бүрэн эмчлэгдээгүй учраас нэхэмжлэгч хүү Б.Х-ыг Холбооны бүгд найрамдах Герман улсын Шарите эмнэлэгт хандаж 2 удаа эмчилгээ хийлгэсэн нь тухайн гэмтэлтэй хамааралтай шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхээс эмчийн буруутай үйл ажиллагаа мөн эсэхийг тогтоолгохоор Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж, шинжээч  “эмч ЖБС өвчтөн Б.Х-д хийсэн мэс ажилбар нь хөшөнгийг багасгах, арилгах зорилгоор хийгддэг бөгөөд ясыг хугартал нь хэт их хүчээр дарсан учраас эмчийн буруутай үйл ажиллагаа болно. Гарсан хүндрэл мэргэжлийн алдаа гэж үзэж болно. Энэ ажилбарын үед эмчийн хайнга буруутай үйл ажиллагааны үед гардаг...”  гэж үзжээ. /хх-ийн 195/

 

Түүнчлэн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний 1.1b-д “эмчлэгч эмч ЖБС тухайн хүндрэл нь статистикийн дагуу 10/1-д гардаг хүндрэл болохыг хүлээн зөвшөөрсөн...” гэснээс үзэхэд нэхэмжлэгч С.А-гийн  хүү Б.Х-ын  /7 настай/  биед учруулсан гэм хорын хариуцлагыг эмчлэгч эмч БНСУлсын иргэн ЖБС  урилгаар ажиллуулж байсан “ГМЭ” ХХК хариуцах хүлээх болохыг анхан шатны шүүх зөв  дүгнэсэн  байна.

Иймд  нэхэмжлэгч С.А нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт  тус тус  зааснаар БНСУлсын иргэн ЖБС мэс заслын эмчлэгч эмчийн учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч “ГМЭ” ХХК-аас шаардах эрхтэй, хариуцагч байгууллага нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн хүү Б.Х-ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал 131 298 522 төгрөг, виз болон тийзний төлбөрт  22 615 525 төгрөг, сувилалд сувилуулсан, мөн тэргэнцрийн үнэ болон бусад  зайлшгүй зардалд 12 525 507 төгрөг, нийт 166 439 554 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтыг шүүх зөв үнэлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлыг өөрөө нотлох үүрэгтэй ба хариуцагч тал тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэлд дурдсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нотлох баримтын талаар эсэргүүцсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцох тул  шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгддөг бол хариуцагч “ГМЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, учирсан хохирол түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нар “...шинжээчийн дүгнэлт огноо дугааргүй, дүгнэлтийг танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч шинжээчийн дүгнэлтэд огноо дугаар тавигдаагүй байгаа нь хэргийг хүчингүй болгох үндсэлэлд хамаарахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т  зааснаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, улмаар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцаж хэргийн оролцогчийн эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн байх бөгөөд нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах, хурлын тов мэдэгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар хариуцагч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй тул анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг,  мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчөөгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                Н.БАТЗОРИГ