Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00213

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1709 дүгээр магадлалтай,

 *******гийн нэхэмжлэлтэй,

Грандмед эмнэлэг ХХК-д холбогдох

 Гэм хорын хохиролд 166,439,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хишигжаргал нь 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гадаа тоглож байгаад зүүн хөлөө гэмтээсэн. ******* нь 2015 оны 02 дугаар сард БНХАУ-д хүү Б.Хишигжаргалын хөлний дунд чөмгийг хадуулж, 3 дугаар сарын эхээр Монгол улсад буцан ирж Грандмед эмнэлгийн хяналтад орсон. Тус эмнэлгийн эмч нарын заавар зөвлөгөөний дагуу хийж байсан ба 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гипс болон хадаасыг авсан. Энэ үед Б.Хишигжаргалын хөл нь өвдөгөөрөө 20-30 градус нугарч байсан. Эмч нар хүүг одоо физик эмчилгээнд явах шаардлагатай гэсний дагуу Физик эмчилгээ хийлгэж 4 дэх хоног дээрээ үзүүлэхэд хөл нь 80 градус нугарч байсан. Гэтэл тус эмнэлгийн эмч нар одоо дөнгөж ийм байгаа бол яаралтай CPM төхөөрөмжөөр нугалах хэрэгтэй, бүтэн унтуулж орно, ерөөсөө өвдөх юм байхгүй гэсний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өглөөний 9 цагийн үед эмчилгээнд орсон. Хүүхэд нь эмчилгээнээс гарч ирэхдээ маш их уйлсан, хөл нь их хавдсан байсанд ******* нь энэ талаар тодруулж асуухад тус эмнэлгийн эмч нар нь угаасаа ингэх ёстой юмаа гэдгээс өөр зүйл хэлээгүй. Энэ маягаар тус физик эмчилгээг 6 хоногийн турш хийсэн ч Б.Хишигжаргал нь сайжрах биш улам дордож, эмчилгээ хийлгэхээс айдаг болсон тул 6 дахь хоног дээр эмнэлгээс гарахаар шийдэж хүүхдийнхээ хөлний зургийг авахуулахад хүүхдийн өсөлтийн зон/өвдөг хэсэгт байдаг/ нь цөмөрч гэмтсэн байсан. Тэгээд тус эмнэлгийн Хөгжлийн бодлого, гадаад харилцаа хариуцсан захирал Д.Гончигсүрэн, Поликлиник эрхэлсэн орлогч дарга Г.Цогтхуяг, Үе мэс заслын их эмч А.Батхүү нартай уулзахад буруугаа хүлээж зөвшөөрч дахиж хагалгаанд оруулаад, эмчлээд өгье гэсэн. Гэхдээ ******* нь эрүүл хүүхдийг нь тийм болгосон эмнэлэгт, эмч нарт дахиж итгэж чадахгүй байсан тул гадагшаа илүү сайн эмнэлэгт үзүүлэхийг шаардсан. Үүний дагуу Грандмед эмнэлэг нь Солонгос улсын Сөүл сог эмнэлэгт үзүүлж өгөхөөр болсон. Гэтэл тус эмнэлэгт очиж үзүүлэхэд хүүхдийн өсөлтийн зоныг хугалаад удсан байна, 7 хоногийн дотор бол эмчилж болдог гээд илүү гэмтэхээс сэргийлж тэр хэвээр нь хоёр хадаас тавихаас өөр эмчилгээ хийгээгүй. Монголд ирээд Монгол хюндэй эмнэлгийн эмч Бүдээгийн хяналтад орж, эмчийн зөвлөгөөний дагуу сувилалд эмчлүүлж, улмаар Мөнгөн гүүр эмнэлэгт MRI шинжилгээ хийлгэхэд өсөлтийн зоны гэмтлээс болж нуруунд бас өөрчлөлт орсон байсан ба Монголд ийм хүнд гэмтлийн хагалгаанд орох боломжгүй, нэг мөсөн гадагшаа ханд, одоо зөвхөн тэгшлэх асуудал биш гэсэн. Тиймээс бид хүүхдийн биеийн байдлын талаар холбогдох баримт бичгүүдийг АНУ болон Герман улсууд руу явуулсан. Тус газруудаас хариу ирэхэд эмчилгээний зардал арай багатайг нь бодож Холбооны Бүгд найрамдах Герман улсын Charite эмнэлэгт үзүүлэхээр болсон. Грандмед эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлийн улмаас хүүхдийн өсөлтийн зон гэмтсэнтэй холбоотой шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэхээр 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Герман руу нисэж, тэндээ 4 удаа хагалгаанд орж зохих эмчилгээнүүдийг хийлгэсэн ба тус эмнэлгийн эмчийн зааврын дагуу 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин хяналт, шинжилгээнд орсон. Мөн одоо 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин явах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 181 152 461 төгрөгийг зардал гараад байгаа ба хүүхдийн эрүүл мэндэд учруулсан засаршгүй хохирлын улмаас хүүхэд байнга нэг хүний хяналтад байх шаардлагатай болсон ба цаашид ч дахин эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа. Иймд Б.Хишигжаргалын эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбогдон гарсан бодит зардал болох 166,439,554 төгрөгийг хариуцагч Грандмед эмнэлгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн хүү Б.Хишигжаргал нь 2015 оны 01 дүгээр сарын 07-нд гулгаж байгаад гэмтэж зүүн дунд чөмөгний яс дунд хэсгээр хугарч зөрсөн байсан. Тухайн үед ГССҮТөвд үзүүлсэн гэх бөгөөд мэс засал хийх шаардлагатай гэхэд ар гэрийнхэн нь татгалзаж гипс тавиулаад БНХАУлс руу эмчилгээнд авч явсан байсан. /дунд чөмөгний хугарлын үед өвдөгний үеэр хөдөлгөөнгүй болгож гипс тавьдаг/. Өвчтөн Б.Хишигжаргал БНХАУлсад очоод шууд мэс засалд оролгүй нэг сар гаруйн дараа буюу цаг хугацаа алдаж 2015 оны 2 дугаар сард дунд чөмөг хадах мэс засал хийлгэсэн байсан. Өвчтөн манай эмнэлэгт анх 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу гэмтэл авснаас хойш 3 сар гаруйн дараа өвдөгний үеэр хөдөлгөөнгүй бэхэлсэн гипстэй ирж тухайн үед манай эмнэлэгт уригдан ажиллаж байсан Анагаах ухааны доктор Үений мэс заслын эмч БНСУ-ын иргэн Жон Бун Сон эмчид үзүүлээд долоо хоногийн дараагаар гипсийг авсан. Тухайн үед өвдөгний үе бүрэн хөшиссөн хөдөлгөөний далайц 0 градусаас 30 градус болж хязгаарлагдаж /хэвийн өвдөгний үений далайц 0 градусаас 140 градус байдаг/ үений уутанд соривжилт болон наалдац үүссэн байсан. Үүний шалтгаан нь 3 сар хагас өвдөгний үеэр нугалахгүй гипстэй байснаас болсон. Нөхөн сэргээх эмчилгээ хийсэн боловч үр дүнгүй гарахгүй байсан. Гэмтсэнээс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн маш их хугацаа алдсан байсан ба хүүхдийг энэ чигээр нь орхивол насан туршдаа өвдөгний үеэ нугалж чадахгүй болж хөгжлийн бэрхшээлтэй болох байсан тул үений хөдөлгөөн сэргээх ажилбар хийх зайлшгүй шаардлагатай байсан. Уг ажилбарыг хийхэд гарах эрсдэлийг ар гэрийнхэнд танилцуулж хийсэн. Энэ ажилбарын үед дийлэнхдээ хугарал тохиолддог болно. Гарсан хүндрэлийг засах эмчилгээ хийх гэсэн боловч ар гэрийнхэн мөн татгалзаж Солонгос явах гэж хугацаа алдсан. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдаж Солонгос улсад эмчлүүлж бүх зардлыг Жон Бун Сон эмч гаргасан. Эвлэрлийн гэрээний дагуу жил бүр үзүүлэх байсан ч Солонгос явснаас хойш нэг ч удаа үзүүлж хянуулаагүй байна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний 2.1 дэх хэсгийн а, б хэсэгт заасан зардлыг эмч Жон Бун Соноос гаргуулан төлөхөөр тохиролцсон ба тус гэрээний 2.3-т иргэн нь цаашид бусад нэхэмжлэлийн шаардах эрхээсээ бүрэн татгалзаж байгаагаа үүгээр баталж байна гэж зааснаар нэхэмжлэгч аливаа өөр шаардлага гаргах эрхгүй байх бөгөөд эмнэлгийн үүрэг дуусгавар болсон байна. Түүнчлэн түр хугацаанд эмнэлэгт ажиллаж байсан БНСУ-ын иргэн Жон Бун Соны хариуцлагыг Грандмед эмнэлэг хариуцах үүрэггүй юм. Эмч Жон Бун Сон нь өөрийнхөө хувьд хариуцлагаа хүлээж эмчилгээний зардлыг төлсөн гэж өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гранд мед эмнэлэг ХХК-иас 166 439 554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 990 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гранд мед эмнэлэг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 990 148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 1709 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******гийн нэхэмжлэлтэй*******-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1709 дугаартай магадлалыг хариуцагч Грандмед эмнэлэг ХХК-ийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн бид бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гарсан байна.

1. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 01 дүгээр сарын 07-нд гадаа тоглож байгаад зүүн хөлөө гэмтээж, сарын дараа буюу 2015 оны 2 сард БНХАУ-д зүүн хөлний дунд чөмгийг хадуулж 3 дугаар сарын эхээр МУ-д буцан ирж Грандмед эмнэлэгт хяналтанд орсон гэж үндэслэлээ тайлбарлан бичсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан зардал нь тухайн гэм хор буюу эмчийн мэргэжлийн алдаатай үйлдэл гарах үеийн шалтгаант холбоотой ямар хэмжээ хүрээний хувьд хамааралтай гэж үзэх талаар зөв тодорхойлон дүгнэлт хийлгүй өмнө нь хугарсан байсан буюу эмчийн мэргэжлийн алдаатай хамааралгүй хөлний хөшсөн байдлыг буцаан сэргээхтэй холбоотой гарсан зардлыг ялгаж зааглан үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр эдгээр хоёр тусдаа үйлдлийн аль хэсэгт нь ямар зардал нь хамаарч байгааг тодорхойлолгүйгээр ерөнхийд нь өөрөөр хэлбэл бүхэлд нь хамаатуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар хийж шийдвэрлэсэн. Үүнийг нь давж заалдах шатны шүүх дээр тайлбарлаад байхад давж заалдах шатны шүүх хүүхэд хохирсон эмнэлэг яахав гэсэн хандлагаар гомдолд дурдсан үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн зүгээс хэргийг гагцхүү хуульд нийцсэн байдлаар, үндэслэл бүхий байдлаар шийдвэрлүүлэхийг л хүсч байгаа. Хэрэгт авагдсан баримтууд, шүүхээс дүгнэлт хийж байгаа байдал зэрэг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж дахин шинжээч томилуулах тогтоол гаргасан. /ХХ-ийн 179-р хуудас/. Эхний дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Болдбаатар дахин шинжээчийн бүрэлдэхүүнд орж Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 /дахин шинжилгээ хийхэд дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно/-т заасныг илт зөрчсөн. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батхүүд шинжээчийн дүгнэлтийг танилцуулалгүй, ингээд зогсохгүй хурлын товыг мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг хийж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн оролцогч шүүх хуралд биечлэн оролцох, шүүх хурал дээр тайлбар хийх, нотлох баримт шинжлэн судлуулах хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх эрхүүдийг бүхэлд нь зөрчсөн.

3. Тус иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батхүү нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс оролцох болсон бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хэргийг түдгэлзүүлсэн. Харин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь хэзээ шүүхэд ирсэн нь тодорхойгүй буюу он сар өдөргүй байх бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс иргэний хэргийг сэргээсэн. 30-ны өдөр буюу бүтэн сайн (амралтын өдөр) өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан, хэргийг түдгэлзүүлснээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батхүүд шинжээчийн дүгнэлт гарсан талаар болон иргэний хэргийг сэргээсэн талаар, мөн шүүх хурлын товыг тогтоосон талаар нэг ч удаа мэдэгдэлгүйгээр 08 дугаар сарын 02-нд шүүх хурлыг хийсэн байна. Шүүх ийм байдлаар хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Бодит байдал ийм байна. Энэ асуудлыг хянах ёстой тогтолцоо болох давж заалдах шатны шүүх нь нүдээ аниад өнгөрч байгааг үнэхээр ойлгохгүй байна.

4. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нь татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэх боловч дээр дурдсанчлан итгэмжлэгдсэн төлөөлөгч Батхүүд шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, хэргийг сэргээж хурлын товыг товолсон талаар мэдэгдээгүй, мэтгэлцэх, шүүх хуралд биечлэн оролцох боломжоор хангаагүй байж татгалзаж байгаагаа нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцоно гэж буруутгаж байгаа нь байж боломгүй тайлбар болсон. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүхэлд нь хянасан байж ийм тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5. Давж заалдах шатны шүүх хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан бол ... шүүхийн дуудсанаар хурэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, ...хэргийн материалтай танилцаж эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй гэх бодит үнэнд огт нийцэхгүй тайлбарыг хийхгүй байх байсан. Шүүх нь хэргийг сэргээсэн хурлыг товлосон талаар мэдэгдээгүй байж ...шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй... гэх хэлбэрийн тайлбар хийж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1709 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан гэм хорын хохиролд 166,439,554 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй нэхэмжлэлээс татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

**************-иас 166,439,554 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах шаардлагын үндэслэлийг хүү Б.Хишигжаргал хөлний дунд чөмгийг хадуулах эмчилгээ хийлгэсэн байсан, Грандмед эмнэлгээр хүүгийн хөлөнд физик эмчилгээ хийлгэх явцад тус эмнэлгийн эмчийн буруутай ажиллагаанаас хүүхдийн өсөлтийн зон /өвдөг хэсэгт байдаг/ цөмөрч гэмтсэнээс үүдэн Герман улсад 4 удаа хагалгаанд орж зохих эмчилгээ хийлгэсний бодит зардал гэж тайлбарлан 1-р хавтаст хэргийн 6-9 дугаар талд авагдсан зардлын жагсаалтыг гаргажээ.

Нэхэмжлэгч эдгээр зардлыг эмчилгээ, хагалгааны, сувиллын, орчуулагч, визний, гадаадад байх үеийн хоол, байр, буудлын, очих, ирэх онгоцны тийз гэж багцлан тооцож холбогдох зарлагын тооцоог гаргасан нь хэрэгт баримтаар нэг бүрчлэн авагджээ. (хх 10-11, 16, 18-22, 35, 37, 39, 41, 43, 49-51, 53, 55, 57, 63, 75, 76-78, 80, 82, 84, 86, 91, 101, 103, 104, 105, 107, 109, 111, 119, 121, 123)

Цаг хугацааны хувьд дээрх зардал нь өвчтөн Б.Хишигжаргал хариуцагч Грандмед эмнэлгийн хяналтад орж физик эмчилгээг хийлгэснээс хойших хугацаанд хамаарч байгаа бөгөөд эмчилгээний явцад хүүхдийн өсөлтийн зоныг цөмлөж гэмтээсэн гэм буруугаа Грандмед эмнэлэгт гэрээгээр ажиллаж байсан эмчлэгч эмч Жон Бун Сон зөвшөөрч, улмаар цаашдын эмчилгээний зардлын талаар *******тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ.(хх-140)

Эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хүү Б.Хишигжаргалын хөлийг эмчлүүлэхээр Солонгос улсын Сөүл Сог эмнэлэгт очиж үзүүлсэн боловч үр дүнтэй эмчилгээ хийгдээгүй болохыг нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчөөгүй ба ажилтны гэм буруутай эс үйлдэхүйгээс учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллага хариуцах талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хүү Б.Хишигжаргалын эрүүл мэндэд учирсан болон эд хөрөнгийн хохирлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 Б.Хишигжаргал Герман улсад эмчилгээ хийлгэсэн нь түүний хөлний өсөлтийн зон гэмтсэнээс үүдэлтэй ба эмчилгээний зардал төлж хохирол учирсан нь эмчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Иймд хариуцагчийн ...тухайн гэм хор өмнө нь үүссэн байсан буюу эмчийн мэргэжлийн алдаатай хамааралгүй зардлыг ялгаж зааглан үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр ерөнхийд нь хамаатуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэх гомдол хангагдахгүй юм.

 2. Хариуцагчийн мэтгэлцэх эрх зөрчигдсөн эсэх талаар

**************-нд холбогдуулан шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 18-нд нэхэмжлэл гаргаж, шүүх 2018 ны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшинд 2018.02.05-ны өдөр гардуулан өгч эрх, үүргийг тайлбарлан улмаар хэргийн материалыг танилцуулжээ. (хх-134, 137) Б.Энхтүвшинд олгосон итгэмжлэлийн хугацаа дуусан байх бөгөөд******* 2019.03.01-ний өдөр 19/80 тоот албан бичгээр Д.Цолмонд, мөн 2019.03.12-ны өдрийн 19/85 тоот албан бичгээр А.Батхүү нарыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон байна. /хх 170-171/

Байгууллагаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх эрх үүргийг дахин тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан, томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг болох Д.Цолмонд шүүхээс хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдэлбэл зохих эрхийг хангасан гэж үзнэ. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, хариуцагч эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутах боломжгүй байна.

3.Шинжээчийн дүгнэлтийн талаар

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчийн хүсэлтээр хүүхдийн өсөлтийн зон гэмтсэнд эмчилгээний алдаа гаргасан эсэх талаар 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан ба уг шинжээчийн дүгнэлтүүдээр тус эмнэлгийн эмчийн буруутай ажиллагааг үгүйсгээгүй байна.

Эхний буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтийг Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбарын зөвлөлийн гишүүн эмч М.Болдбаатар гаргасан, харин 2 дахь дүгнэлтийг тухайн эмчээс гадна 2 шинжээч эмч оролцож дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргажээ. Эдгээр дүгнэлтийг гаргахад эмч М.Болдбаатарын хувьд шинжээчээр оролцохоос татгалзах үндэслэл байсан нь тогтоогдоогүй, хувийн сонирхолтой байдлаар хандсан нөхцөл байдал байхгүй байна.

Иймд шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй,

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01684 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1709 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Золбоогийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 990,148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Х.СОНИНБАЯР

                             Г.ЦАГААНЦООЖ

                              Д.ЦОЛМОН