Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1708

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй     

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01669 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ө-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 138 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд хариуцагч М.Ө-т 100 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зээлүүлж хүүнд нь сар бүр 5 200 000 төгрөгийг авахаар аман тохиролцоо хийснээр 40 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Вива сити хотхоны Хүннү Моллоос АТМ-ээс бэлнээр авч өгсөн ба үлдсэн 60 000 000 төгрөгийг Ч. овогтой М-ийн Хаан банкны 452576618 данснаас М.Ө-гийн данс руу тус тус шилжүүлсэн. Гэтэл М.Ө нь 100 000 000 төгрөгийн зээлийн хүү 5 200 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл 36 сарын хугацаанд тооцоход   187 000 000 төгрөг төлөх ёстой ба нийт 287 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүг нэхэмжлэгч надад төлөх ёстой байна. Үүнээс тэрээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5 200 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5 250 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 8 200 000 төгрөг буюу нийт 20 600 000 төгрөгийг 100 000 000 төгрөгийн зээлийн хүүнд төлж           266 400 000 төгрөгийг төлөхөөс би 100 000 000 төгрөгийн үндсэн зээл, 33 200 000 төгрөгийн зээлийн хүүг нэхэмжилж байна. Хариуцагч М.Ө, Г нар нь цагдаагийн байгууллага дээр мэдүүлэхдээ 100 000 000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын дотор үндсэн зээл 100 000 000 төгрөг, түүний хүү        50 000 000 төгрөгийг төлнө хэмээн бичиг хийж өгсөн тул 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1150 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан тул иргэний журмаар нэхэмжлэхэд хүрсэн. Иймд хариуцагч М.Ө-ээс үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 33 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг буюу нийт 138 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө нь Г.Б-аас 100 000 000 төгрөгийг зээлж авсанд маргахгүй бөгөөд уг зээлийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авсан. Ингэхдээ бичгээр гэрээ хийлгээгүй бөгөөд уг зээлийн эргэн төлөлтөд 66 700 000 орчим төгрөгийг буцааж төлсөн. Зээлийн гэрээ нь хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй тул нэмэгдүүлсэн хүү шаардлах эрхгүй, төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой. Уг зээлийн хамгийн сүүлийн төлөлтийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлөлт   8 200 000 төгрөгийг хийсэн байх тул үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт  заасныг баримтлан М.Ө-ээс 41 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 848 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид     365 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талууд зээл хүүтэй авах, буцааж хүүг үндсэн зээлийн хамт төлөх тухай харилцан тохиролцсон нэг талын хүсэл зоригийн илэрхийллийн нөгөө тал хүлээн авснаа өөрийн 2018 оны 9 дүгээр сарын 28-нд гараар үндсэн зээл төлөгдөөгүй байгаа гэсэн бичгээр буюу тодорхой үйлдлээр илэрхийлсэн байхад шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа бий болсноо баталгаажуулсан гэж тооцон зээлийн хүүг шаардах эрх үүссэн байна гэж үзэх боломжтой байсан. Учир нь  хариуцагч нь 2015 онд нэхэмжлэгчээс 100 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн, хариуцагч нь 100 000 000 төгрөгийн үндсэн зээлийг хүүтэй зээлсэн талаар маргадаггүй ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансанд хариуцагчаас зээлийн хүү гэж мөнгө төлж байсан баримтаар нотлогддог. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байх хугацаанд хариуцагч М.Ө-гийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн түүний бичсэн хүсэлтээр нотлогддог. Энэ бичгээр талуудын хооронд зээлийн харилцаа бичгээр байгуулагдсан байна гэж үзэх боломжтой. Нэхэмжлэгч хариуцагчид үнэхээр их итгэн Зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр 100 000 000 төгрөгийг шууд өгсөн байхад хариуцагч зээлийг урт хугацааны дараа өөртөө ашигтайгаар шүүхийн шийдвэр гаргуулан үндсэн зээлээс хүүг хасч олгуулах шийдвэр гаргуулж байгаад маш их гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчаас 1389200000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад бичсэн дүнг хэт өсгөн хэдэн төгрөг нэхэж байгааг ойлгомжгүй тусгасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлс гаргуулахаас татгалзаж байгаа. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж хэрэгт цугларсан нотлох баримтанд бодитой дүгнэлт хийн хариуцагчаас үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 33 200 000 төгрөг, нийт 133 200 000 төгрөгийг гаргуулж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 33 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг, нийт 138 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч М.Ө нь нэхэмжлэгч Г.Б-аас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 40 000 000 төгрөгийг бэлнээр, мөн өдөр 60 000 000 төгрөгийг Ч.М-ийн Худалдаа хөгжлийн банкны 452576618 дугаар дансаар тус тус хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

Мөн хариуцагч М.Ө-ээс Г.Ч-гийн эзэмшлийн Хаан банкин дахь 5037538064 дугаар дансанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 7 100 000 төгрөг, М.У-гын эзэмшлийн Хаан банкин дахь 5020836818 тоот дансанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 15 600 000 төгрөг, Э.Э-гийн эзэмшлийн Хаан банкин дахь 5125043877 тоот дансанд 1 удаагийн шилжүүлгээр 5 200 000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Б-ын эзэмшлийн Хаан банкин дахь 5014111347 тоот дансанд 5 удаагийн шилжүүлгээр нийт 30 600 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул  нийт 58 500 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг  шүүх зөв тогтоосон байна.

Хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн 58 500 000 төгрөгийг зээлийн үндсэн үүргээс хасч тооцож,  41 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

Учир нь талууд  хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрийг зээлийн хүүд тооцож нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн  282.3 дах хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч М.Ө-гийн гарын үсэг бүхий “одоо үндсэн зээл болох 100 000 000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сард төлж барагдуулахаар тохиролцсон ба 2018 оны 10 сард 10 000 000 төгрөгийг төлнө” гэсэн бичгийн баримтад зээлийн хүүгийн хувь, хэмжээг хэрхэн тооцож тохиролцсон талаар тусгагдаагүй тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Талууд  хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ алдсан байна.

Хариуцагч М.Ө-гийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 09 сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтэд зээлийг 2019 оны 01 сард төлж барагдуулах талаар баталгаа гаргаж байсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн  хэлэлцэх хугацаа тасалдаж, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй болно. Энэ талаар болон  өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 96 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Ө-ээс 41 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт тус тус нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн нэхэмжлэгчийн тайлбарын агуулгад “... 1389 200 000 төгрөг...”   гэж алдаатай тусгасан байгааг дурдах нь зүйтэй.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

     

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                Н.БАТЗОРИГ