Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01929

 


 

2023 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2023/01929 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, М ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах Эхолбогдох,

 

Даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25 906 031 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, Д.Золзаяашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Этай байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний дагуу "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ" бүхий жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25,906,031 /хорин таван сая есөн зуун зургаан мянга гучин нэгэн/ төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч 3076377 регистрийн дугаартай М ХХК нь суманд байрших эмийн санг ажиллуулдаг. Дээрх эмийн сан нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Этай байгуулсан "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ" бүхий жагсаалтад багтсан эмийг аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн Даатгуулагчдад олгож үйлчилгээ үзүүлж ирсэн. Өмнөх онуудад тухайн сарын хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 5-ны дотор Б хэлтэст цаасан хэлбэрээр, мөн цахим хаягаар хүргүүлж эмийн үнийг авдаг байсан. 2022 оны "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний загвар өөрчлөгдөж батлагдсан тул бидэнд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээний маягтыг ирүүлсэн. Бид тухайн үед ирүүлсэн гэрээний маягтын өөрсдөд холбогдох хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан аймгийн Эт хүргүүлсэн ба тэндээс Эхүргүүлж тус газрын дарга, худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан буцааж ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажиж хүчин төгөлдөр болсон. Манай эмийн сан нь 2022 оны 02 дугаар сарын хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг 3 дугаар сарын 5-ны дотор Б хэлтэст цаасан хэлбэрээр хүргүүлж, мөн цахим хаяг руу цахимаар илгээсэн боловч эмийн үнийг одоо хүртэл авч чадаагүй хохирч явна. Бид энэ асуудлаар Эхандахад тус газраас 2022 оны 02 дугаар сараас нэхэмжлэхээ цахим системд илгээх ёстой байсан боловч танайх тухайн цахим системд илгээгээгүй учир санхүүжилт олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс болж бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж эмийн эргэлтийн хөрөнгөгүй болж, цаашид эмийн сангийн ажилтнуудын цалинг тавьж чадахгүй байдалд хүрч байна. Мөн Ковид-19 өвчинтэй холбоотойгоор сүүлийн 2 жилд үйл ажиллагаа бүрэн явуулж чадаагүй учир цаашид дампуурч хаалга барих хэмжээнд Манай эмийн сан нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ" бүхий жагсаалтад багтсан эмийг аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид олгож үйлчилгээ үзүүлсэн. Тухайн даатгуулагчид олгосон эм нь нэхэмжлэгч нарын хувийн өмч бөгөөд нэгэнт эм олгож үйлчилгээ үзүүлсэн учир олгосон эмийн үнийг гэрээний дагуу эргүүлж авах ёстой. Нэхэмжлэхийг цахим системд илгээгээгүй үндэслэлээр хүрч мэдэхээр байна. бидний хууль ёсны эрх ашгийг зөрчих ёсгүй. Тухайн үед Э, Б хэлтэс нэхэмжлэхийг цахим системд илгээх талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, энэ талаар шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа өгөөгүй. Хэрэв 2022 оны 03 дугаар сарын 05-ны хүртэл өгсөн цаасан хэлбэрийн нэхэмжлэхийг Б хэлтэс хүлээж авахгүйгээр заавал цахим системд илгээх талаар бидэнд тухайн үед мэдэгдэж холбогдох зааварчилгааг өгсөн байсан. Гэтэл энэ талаар бидэнд бол илгээх бүрэн боломжтой огт мэдэгдээгүй, ямар нэгэн тайлбаргүйгээр цаасан хэлбэрийн нэхэмжлэхийг хүлээж авсан байсан. Нэгэнт аймагт байгаа салбар байгууллага нь цаасан хэлбэрийн нэхэмжлэхийг хүлээж авсан учир бид бүх асуудал болсон, нэхэмжилсэн мөнгө орж ирнэ гэсэн ойлголттой болсон байсан. Мөн дээр дурдсанчлан тухайн үед 2022 оны гэрээ баталгаажиж хүчин төгөлдөр болоогүй байсан. Талуудын хооронд байгуулсан "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-ний 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д талуудын хооронд үүссэн нэхэмжлэл, чанар, төлбөрийн хяналттай холбогдох маргааныг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тул Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын хүрээнд эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.1-д зааснаар "Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл" нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог. Талуудын хооронд байгуулсан "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд мөн зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх ёстой. Манай эмийн сан нь "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-гээр хүлээсэн үүргийн дагуу "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ" бүхий жагсаалтад багтсан өөрсдийн хувийн өмч болох эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад захиалагч Э нь даатгуулагчид олгосон эмийн үнийг бидэнд төлөхгүй байгаа нь компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар "эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл" нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох тул нэр бүхий бидний гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймд манай компанийн нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж Этай байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"- ний дагуу "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ" бүхий жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн Даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25,906,031 төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд аймгийн сумын "М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, манай газарт холбогдох иргэний хэрэг үүссэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.3.-т "Эрүүл мэндийн байгууллага" гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, Даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлэх ба тус байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д "төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд", 52.2.3.-т "дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд" гэж зааснаар нийгмийн суурь үйлчилгээ буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, иргэн даатгуулагчийн эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой сан бүрдүүлж ажилладаг. Тус байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ" гэж зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагатай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан нэхэмжлэлийн хяналтын шалгуур үзүүлэлтээр хянаж санхүүжилтийг олгодог. Уг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэг "захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаар гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ" гэж заасан байна. Түүнчлэн манай газар болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг удаа дараа Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа болно. Иймд "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох иргэний хэргийг харьяаллын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай 13 дугаар тогтоол 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 тоот албан бичгээр Этогтоолын хэрэгжилтийг хангуулахаар ирүүлсэн байдаг. Уг тогтоолын гуравдугаар хавсралтаар Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг баталсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.3, 14 дүгээр зүйлийн 14.9.10 дахь заалт ...заалтуудад заасны дагуу Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн эрх хэмжээний асуудал тул уг тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, гэрээний үлгэрчилсэн загварт өөрчлөлт орсон тул Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар-ын дагуу гэрээ байгуулах шаардлагатай болсон бөгөөд 2022 онд нийт 1531 эмийн сантай гэрээг үргэлжлүүлэн байгуулсан байна. Гэрээ байгуулах явц хөдөө орон нутагт очиж гэрээ хийх боломжгүй тул шуудангаар гэрээний хувийг явуулан баталгаажуулах ажлыг Э орон даяар зохион байгуулан ажилласан. Гэрээг баталгаажуулан хүргүүлэх хүртэл хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн нэхэмжлэлийг өмнөх онуудтай ижилхэн аргаар хүлээн авч нэхэмжлэлийн хяналтын ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар ... Өмнөх онуудад тухайн сарын хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 5-ны дотор Б хэлтэст цахим хаягаар хүргүүлж эмийн үнийг авдаг байсан гэснээс үзэхэд Нэхэмжлэгч тал Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим хаягаар тайлант хугацааны нэхэмжлэлээ хэрхэн илгээхийг мэдэхгүй байсан, буюу тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэдээлэлтэй байсан нь манай байгууллагатай байнгын харилцаа холбоотой, мэдээлэл солилцож ажилладаг байсан гэж ойлгогдож байна. Э нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хяналтын журам батлах тухай 05 дугаар тогтоол Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар, төлбөрийн хяналтын журам болон Эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээнд заасны дагуу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч сар бүр үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг илгээснээр Э нь Эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авснаар нэхэмжлэлийн хяналт эхэлдэг. ...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/02 тоот удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 сарын 10-ны өдрүүдийн хооронд Нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтэн Д.Золзаяа Б дахь гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд дэмжлэгт хяналтыг хийж ажилсан байна. Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн [email protected] цахим хаягаар тайлант хугацааны нэхэмжлэл, албан бичгийг ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудын нэхэмжлэлийг гэрээний 2.1.7 цахим хаягаар тайлант хугацааны нэхэмжлэл, албан бичгийг ирүүлээгүй, хугацаа дахь заалтын дагуу хянах болон санхүүжүүлэхгүй талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/743 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг хяналтын ажилд Б аймагт үйл ажиллаагаа явуулдаг нийт 46 эмийн сангаас 23 эмийн сан тайлант хугацааны нэхэмжлэл ирүүлээгүй бөгөөд үүний дотор М ХХК багтсан байна. Иймд гэрээнд заасны дагуу М ХХК нь Б хэлтэст 2022 оны 2 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаандаа ирүүлээгүй нь Э нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн М ХХК-ийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт,БӨ-04/017 дугаартай Талуудын харилцах суваг, Сангийн сайдын 2017 оны 347 дугаартай тушаалын хавсралт, 2022 оны 03-р сарын 01-ны ЭМД-н хөнгөлөлтийн тайлан, түүний хавсралт, 2022 оны 07 сарын 08 өдрийн 183/Ш32022/12324 дугаартай Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүний хавсралт, 2022 оны 12 сарын 19 өдрийн 183/Ш32022/20594 дугаартай Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Хариуцагчаас 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн Эын Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 2022/02 тоот бүхий Бт дэмжлэгт хяналт хийх ажлын удирдамж, түүний хавсралт, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б дахь гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд дэмжлэгт хяналт хийсэн тухай баримт, түүний хавсралтууд нотлох баримтаар өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Э нь даатгуулагчид олгосон эмийн үнийг худалдагч нарт хугацаа хожимдуулж тайлангаа явуулсан үндэслэлээр төлөхгүй байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. 2022 оны Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-ний загвар өөрчлөгдөж батлагдсан тул бидэнд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээний маягтыг ирүүлсэн. Бид тухайн үед ирүүлсэн гэрээний маягтын өөрсдөд холбогдох хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн ба тэндээс Эхүргүүлж тус газрын дарга, худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан буцааж ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...М ХХК нь Б хэлтэст 2022 оны 2 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаандаа ирүүлээгүй нь Э нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй байна. Мөн гэрээний 6.1.1-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэхээр тусгасан байна. Нэхэмжлэгч нь шүүхийн харьяалал зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч М ХХК нь Б аймгийн Ө суманд М эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийг даатгуулагчдад олгох үйлчилгээг үзүүлдэг, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани болох нь тогтоогдож байна. /хх-ийн 7/

 

4.2 Талуудын хооронд 2022 оны 01 сарын 03-ны өдөр БӨ-04/017 дугаартай Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч гэрээний загвар өөрчлөгдөж, батлагдсан шалтгаанаар бидэнд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээний маягтыг ирүүлж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулж, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэн няцаагаагүй болно.

 

4.3. Дээрх эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Эрүүд мэндийн даатгалын ерөнхий газартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-г байгуулж, хамтран ажиллаж ирсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ асуудлаар маргаангүй

 

4.4. Уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.5. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар-ыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан байх ба тус зөвлөл нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот албан бичгээр Этогтоолын хэрэгжилтийг хангуулахаар хүргүүлсэн баримтыг хэрэгт хариуцагч ирүүлсэн байх бөгөөд уг тогтоолын гуравдугаар хавсралтаар Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг баталжээ.

 

4.6. Хариуцагч ... Гэрээ байгуулах явц хөдөө орон нутагт очиж гэрээ хийх боломжгүй тул шуудангаар гэрээний хувийг явуулан баталгаажуулах ажлыг Э орон даяар зохион байгуулан ажилласан. Гэрээг баталгаажуулан хүргүүлэх хүртэл хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн нэхэмжлэлийг өмнөх онуудтай ижилхэн аргаар хүлээн авч нэхэмжлэлийн хяналтын ажлыг гүйцэтгэж байсан. гэж тайлбарлаж байна.

 

4.7. Хариуцагч Э нь 2022 онд байгуулах Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-г хугацаа хожимдуулж, нэхэмжлэгчид хүргүүлсэн, түүнчлэн уг гэрээ хугацаа алдаж байгуулагдсан асуудалд нэхэмжлэгч М ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм.

 

4.8. Тодруулбал, хариуцагч гэрээг хугацаа хоцроож байгуулж байгаа тохиолдолд энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдэх, түүнчлэн тайлант хугацааны нэхэмжлэхээ health.gov.mn цахим системд илгээх заавар зөвлөгөөг хариуцагч Э өгч ажилласан талаараа нотлоогүй зэргээс хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

4.9. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэснээр нэхэмжлэгч М ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний дагуу төлбөрөө шаардах эрхтэй.

 

4.10. Мөн хариуцагч нь ...гэрээний 6.1.1 нэхэмжлэл, чанар, төлбөрийн хяналттай холбогдох маргааныг холбогдох журмын дагуу; 6.1.2. хэрэв аль нэг тал маргааныг хэлэлцээр хийж шийдвэрлэхээр бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1 -т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэхээр тусгасан. тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

 

4.11. Тодруулбал, талуудын хооронд гарсан маргаан нь талуудын гэрээний 6.1.1-д заасан нэхэмжлэл, чанар, төлбөрийн хяналттай холбогдох маргааны үндэслэлд хамаарахгүй бөгөөд гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй болно.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э аас 25 906 031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 287 481 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ