Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1664

 

П.Г-ын нэхэмжлэлтэй 

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо                            даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 00-ний өдрийн 184/ШШ2019/01961 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-, " МБ” ББСБ" ХХК-д тус тус холбогдох

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчинтөгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 оноос эхлэн П.Г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчилдөг байсан. Нэхэмжлэгч П.Г-ын гэр бүлийн гишүүдийн нэг П.Г нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газраас П.Г-ыг орон сууцны цорын ганц өмчлөгчөөр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000292187 тоот гэрчилгээг гаргуулан авсан байсан. П.Г нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "МБ ББСБ" ХХК-иас зээл авч улмаар 13/151 тоот 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хэсэг болсон барьцааны гэрээнд орон сууцыг барьцааны зүйл болгосон байсан. "МБ”ББСБ" ХХК-ийн нэхэмжлэл дээр үндэслэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс П.Г-ыг гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ гүйцэтгэх, эс бөгөөс барьцааны зүйл болсон орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах тухай 522 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолоор орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаагаар оруулж борлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай мэдээллийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны веб сайтад болон өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй байна. Харин "МБ” ББСБ" ХХК-ийн төлөөлөгч "ялагч"-аар тодорсон тэмдэглэл үйлдэгдсэн байна. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба болон "МБ” ББСБ" ХХК-ийн хооронд Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах 07/01 тоот гэрээ үйлдэгдсэн ба уг гэрээгээр орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэл хийгджээ. Дээр дурдсан гэрээг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Нийслэлийн бүртгэлийн газраас "МБ” ББСБ" ХХК-ийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ олгожээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дах хэсэгт тус тус заасан. Цаашлаад Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр үнэ хаялцуулах ажиллагааны журмыг зохицуулсан бөгөөд хуулиар тогтоосон журам зөрчижявуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна. Хуульд ийнхүү 14 хоногийн хугацаа зааж өгсөн нь дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх, дунчингээ бэлдэх, дуудлага худалдаанд оролцох бэлтгэлээ хангах боломжийг олгох зориулалттай болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д заасанчлан үнэ хаялцуулах дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учраас нэхэмжлэгч тухайн дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих, дуудлага худалдаанд оролцох, орон сууцыг худалдан авах боломжоо алдсанаар түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болно. Иймд хуульд заасан журмыг зөрчсөн зөрчлийг арилгах, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөнийг сэргээх эдлүүлэх үүднээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Албадан дуудлага худалдааны комиссоос2017 оны 7 дугаарсарын 18-ны өдрийн 10:00-10:35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Монгол улсын Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 25 дугаар байр, 00 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр П.Г-аас 43.306.633 төгрөгийг гаргуулж, "МБ" ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбөр төлөгч П.Г үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 120.000.000 төгрөгөөр үнийн санал гаргаж төлбөр авагч "МБ" ББСБайгуулагатай харилцан тохиролцсон байна. Төлбөр төлөгч, өмчлөгч Д.Г-д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/16815 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 84.000.000 төгрөгөөр тооцон 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр оруулах болохыг мэдэгдсэн бөгөөд, дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5239 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00033 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч П.Б-ыг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймд хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг дахин тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж төлбар төлөгч П.Г хамтран өмчлөгч П.Б нарт үнийн санал ирүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3/520, 3/519, тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул дахин төлбөр төлөгч П.Г-д 2017 оны 3 дугаар сарын 15-ний 3/8370 тоот албан бичгээр АНУ КМ, ЛА хотын Өмнөд Ардмор гудамжны 401 дүгээр байрны 210 тоот 90020 зип кодтой хаягаар, хамтран өмчлөгч П.Б- д 2017 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 3/8371 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улс Иллонойс муж, Чикаго хотын хойд сполдинг гудамжны 3048 дугаар байрны 02 тоот хаягаар олон улсын баталгааг шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 00 дүгээр зүйл мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж "ХЭ" ХХКомпаниар тогтоолгоход 77.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч П.Г, хамтран өмчлөгч П.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 53.900.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоох болохыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/15489, 3/15490 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох тухай мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 3/16382, 3/16383 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 38.500.000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний 3/18710,  3/18711  тоот мэдэгдэл, тогтоол нарыг хүргүүлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үүргиин гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах 30 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 77.000.000 сая төгрөгийн 50 хувиар тооцон 38.500.000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан төлбөр авагч "МБ" ББСБайгууллага ялагчаар тодорч 41.000.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна. Албадан дуудлага худалдааны ялагч "МБ" ББСБайгууллага нь 2017 оны 7 дугаар сарын  29-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гуравдагч этгээд П.Б нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган хянагдан тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны 2125 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний 356 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч П.Г-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлд дурдагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөлд бүртгэлгүи тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч "МБ ББСБ" ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "МБ" ХХК нь (тухайн үед "МБ ББСБ" ХХК байсан) иргэн П.Г-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30.000.000  төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлсэн байдаг ба П.Г нь зээлийн гэрээний барьцаанд дээрх маргаан бүхий орон сууцыг барьцаалсан байдаг. Тухайн үед П.Г-ыг уг орон сууцны цорын ганц өмчлөгч байсан бөгөөд нэхэмжлэгч П.Г энэ байрны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаагүй. Зээлдэгч П.Г нь зээлээ төлөөгүй тул тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20 ны өдрийн 522 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж байхад П.Г-ын ах П.Б П.Г-ыг хариуцагчаар "уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхээс захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. П.Б ба П.Г нарын хоорон дахь маргаан шийдвэрлэгдэж дуусч, П.Б-ыг байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгосны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байдаг ба "МБ" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцож 41.000.000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл хамтран өмчлөгч П.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл П.Г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, энэхүү орон сууцны талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд биш тул тэрээр энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх албадан гүйцэтгэх ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд П.Г-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-, “МБ ББСБ” ХХК нарт холбогдох "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 30 т.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг 2017 оны 7 дугаэр сарын 18-ны өдрийн 10 цагт явагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууцыг оруулж борлуулахаасаа өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд буруутгаж байгаа. Харамсалтай нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээр дурдсан дуудлага худалдааг аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олж хараагүй гэдгээ нотлоогүй гэж буруутгаж байгаа нь огт ойлгомжгүй зүйл юм. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөгч П.Г-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэгдсэн бүх бичмэл баримтуудыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж хэрэгт хавсаргахыг даалгах тухай шүүгчийн захирамж, түүнчлэн Улсын Бүртгэлийн газраас орон сууцны бүх өмчлөлийн гэрчилгээг гаргуулж хэрэгт хавсаргахыг даалгах тухай шүүгчийн захирамж тус тус гаргуулах хүсэлтийг анхан
шатны шүүхэд өгсөн. Харин нэхэмжлэгчийн уг хүсэлтийг шүүгч хянан шийдвэрлэхээс
өмнө хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч П.Г-д
холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэгдсэн бүх бичмэл баримтуудыг
анхан шатны шүүхэд ирүүлсэн ба ингэснээр хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй
шаардлагатай нотлох баримтыг хариуцагчаас гаргуулж хэрэгт хавсаргахыг даалгах
тухай шүүгчийн захирамж гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт хангагдсан
нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч талаас уг хүсэлтээсээ татгалзсаныг анхан шатны
шүүх хүлээж авсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заалтыг мөрдөлгүйгээр хэргийг хариуцагчид ашигтай байдлаар хууль бусаар шийдсэн. Нотлох баримтаар биш харин нэхэмжпэгч уг эрхээ сэргээлгэхийг шаардсан нэхэмжлэлээ хэзээ шүүхэд гаргаснаар нь үнэлэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалж 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт явагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны талаархи мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж олж мэдэх, уг дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих, оролцох, дуудлага худалдааны зүйлийг худалдан авах зэрэг хуульд заасан эрхээ зөрчигдсөнийг нэхэмжлэгч П.Г нь орон сууцны өөр нэгэн өмчлөгч П.Б-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэх үед буюу 2017 оны 8 дугаар сарын сүүлчээр мэдсэн. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дахь хэсэг, 76-р зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар 2017 оны 8 дугаар сарын сүүлчээс эхлэн нэхэмжлэгч П.Г-ын хуульд заасан эрхээ зөрчигдсөнийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 10 жил байхаар тоологдож эхэлсэн. П.Б-ын нэмжлэлийн шаардлага хангагдсан бол орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулах ажиллагаа дахин явагдах байсан тул нэхэмжлэгч П.Г хуульд заасан зөрчигдсөн эрхүүдээ буюу дуудлага худалдааны талаархи мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж олж мэдэх, уг дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих, оролцох, дуудлага худалдааны зүйлийг худалдан авах эрхүүдээ дахин эдлэх боломжтой болох байсан. Харин П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр 2019 оны 4 дүгээр сард хүчин төгөлдөр болсоны дараа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч П.Г хуульд заасан хуульд заасан эрхээ зөрчигдсөнийг сэргээн тогтоолгох агуулгатай нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргасан билээ. Нэхэмжлэгч П.Г нь төлбөр төлөгч П.Г-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэдэг нь үнэн. Нэхэмжлэгч П.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.3, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.11, 197.17, 197.7 дах хэсэгт тус тус заасанчлан дуудлага худалдааны талаархи мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж олж мэдэх, уг дуудлага худалдаанд бүртгүүлэх, дэнчин тавих, оролцох, дуудлага худалдааны зүйлийг худалдан авах эрхүүдээ эдэлж чадаагүй тул уг дуудлага худалдааг хүчингүй төгөлдөр бус гэдгийг шүүхээр тогтоолгож, хуульд заасан эрхээ сэргээн эдлэхийг л хүсч байгаа юм. П.Б нь төлбөр төлөгч П.Г-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үйлдэгдсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйлдсэн тодорхой баримт бичгүүдийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тодорхой үндэслэл, тодорхой нотолгооны зүйлийн хамт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж үнэлж, улмаар 184/ШШ2018/01986 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон ба энэ шийдвэр нь давах болон хяналтын шатны шүүхээр баталгаажсан. Харин нэхэмжлэгч П.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл болон нотолгооны зүйлийн хувьд иргэн П.Б-ын нэхэмжлэлээс ялгаатай. П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч П.Г-ын нэхэмжлэлдээ дурдсан үйл баримтыг буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт явагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх дээр шүүхийн үнэлэлт огт шаардаагүй бөгөөд П.Б-ын нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн шүүх ч уг асуудлаар ямар ч үнэлэлт гаргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа билээ. Нэхэмжлэгч тал орон сууцыг захиран зарцуулахыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтээсээ татгалзаагүй бөгөөд уг хүсэлтийг анхан шатны шүүх огт хянан хэлэлцээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч НШШГГ-, " МБ” ББСБ" ХХК-д тус тус холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/58 тоот тогтоолын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны комиссоос 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-10.35 минутын хооронд явуулсан үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч П.Г-аас 43.306.633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "МБ" ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 00 тоотод байрлах 30 м.кв талбайтай Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч НШШГГ-нь тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11 -ний өдрийн 102/Ш32015/06610 дугаар шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж /хх-ийн 83/, уг захирамжийн дагуу бичигдсэн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 798 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх-ийн 82/, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор /хх-ийн 88/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-ийн 85/

Төлбөр төлөгч П.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 00-ний өдрийн 15/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 134/01 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг хураасан /хх-ийн 94, 97/.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 102/Ш32015/13711 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх 82- 99/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 дүгээр шийдвэрээр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн П.Б-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 00 тоотод байрлах 30м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр П.Б-ыг тогтоон, нэхэмжлэгч П.Б-ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1467 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 102/ШШ2015/05239 дугаар шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 001/ХТ2015/0033 дугаар тогтоолоор 1467 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, Улсын Дээд Шүүхийн тогтоолууд хэрэгт авагджээ./хх 101-100/

 

Хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч нар болох П.Б, П.Г нарт 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 3/519, мөн өдрийн 3/520, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3/8370, мөн өдрийн 3/8371 дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдлийг хүргүүлж /хх-ийн 132-139/, үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна.

Иймд талуудыг эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 00 тоотод байрлах орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасанд нийцсэн байна. Мөн шинжээч орон сууцны зах зээлийн үнийг   77 000 000 төгрөгөөр тодорхойлохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 142-151/

 

Төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлгээчний тогтоосон 77 000 000 төгрөгийн 70 хувь болох 53 900 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон тухай төлбөр төлөгч П.Б, П.Г нарт 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/5489, 3/5490 дүгээр албан тоотоор /хх-ийн 152-155/ мэдэгджээ.

 

Мөн 2 өрөө орон сууцыг худалдах албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 3/7 дугаартай тогтоол 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гарсан талаар төлбөр төлөгчид 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан тоотоор /хх-ийн 157-160/, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт болохыг 6/6 дугаар албан тоотоор тус тус мэдэгдсэн,/хх-ийн 156/ энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

 

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд Г.М нь 41 000 000 төгрөгийн, Б.Б 40 500 000 төгрөгийн үнийн саналыг /хх-ийн 173, 174/ тус тус гаргажээ. Энэ тухай П.Г, П.Б, Х.Ц нарт 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан /хх-ийн 175-179/, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар хоёр оролцогч оролцсон талаарх болон дуудлага худалдаагаар түүний орон сууц худалдан борлогдсон. Энэ талаар П.Г, П.Б, Х.Ц нарт 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3/19509 тоот мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн байна. / хх-ийн 175-179/

Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр авагч "МБ" ББСБ ХХК ялагчаар тодорч 41 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эрхтэй болж, улмаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж өмчлөгч болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 180, 181/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэрээр: хариуцагч НШШГГ-т холбогдох 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6/6 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 6/58 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17/997 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгуулж, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 25 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019  оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 001/ХТ2019/00356 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2018/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсэн ба уг тогтоолд “...дуудлага худалдаа явагдсан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй...” гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж  заасантай нийцсэн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа зохион байгуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, 197 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэл, давж заалдах гомдол үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  оролцогч биш, тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явагдаж байгааг  2 өрөө орон сууцыг бусдын өмч болох нь гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт " Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй"  гэж заасан тул нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 00-ний өдрийн 184/ШШ2019/01961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.           

     

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                

                                ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Н.БАТЗОРИГ