Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/02568

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2023/02568 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Ж.М /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, дугаартай, М /РД: /-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34 470 159 төгрөг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Ж.М хариуцагч Мд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34 470 159 төгрөг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ж.М нь Мд 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тооцооны нягтлан албан тушаалд ажилд орж, гүйцэтгэх захирлын 2013 оны 07 сарын 15-ны өдрийн 49 дугаартай тушаалаар Ерөнхий санхүүчийн албан тушаалд томилогдон ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай Жирэмсний амралт эдлүүлэх тухай, ажилд томилох тухай тушаалаар жирэмсний амралт авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс түр хүлээж байхыг хүссэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 91 дугаартай тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргэн томилогдсон. Гэтэл Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Б.Бейсен нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр надтай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас халсан. Миний бие үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 199 892 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 840 дугаартай тогтоолоор тус тус хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон тооцоход 34 470 159 төгрөг болж байгаа энэ хугацаан дахь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.М нь ажилдаа эргүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаагүй атлаа өөр ажилд томилогдон ажилласан нь өмнөх ажлаасаа сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Ж.М нь нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны буюу цалин 34 470 159 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэж тодорхойлсон байх боловч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 сар хүртэл Улаанбаатар хотын музейд ажиллаж байсан мэдээлэл байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс өөрөөс нь болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан билээ. Дээрх байгууллагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллага байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д төрийн албан хаагч нь үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх; үүрэгтэй байдаг. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой албан журмын даатгалыг давхардуулан төлөх үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагчаас давхардуулан нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

2.   Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Ж.Мгийн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 498 дугар магадлал, Дээд шүүхийн 2020.12.22-ны өдрийн 001/ХТ2020/00840 дугаар тогтоол зэргийн ирүүлсэн.

 

3.   Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

4. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2023.05.18-ны өдрийн 09355 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар, иргэн Ж.М нараас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, нотлох баримтуудыг бүрдүүлж хэрэгт хавсаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагч одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 34 470 159 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Ж.М нь ажилдаа эргүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаагүй атлаа өөр ажилд томилогдон ажилласан нь өмнөх ажлаасаа сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Ж.Мг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Мгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 199 892 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

4.2. Ажил олгогч буюу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00840 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй. Дахин шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

4.4. Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ж.Мг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сар хүртэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газарт, 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 01 сар хүртэл Улаанбаатар хотын музейд ажилласан нь өмнөх ажлаасаа сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ж.Мгийн ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд энэ нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

4.5. Тухайн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 1999 оны хууль болон 2021 оны 07 сарын 02-ны өдрийн шинэчилсэн найруулгыг тус тус хэрэглэх бөгөөд шинэчилсэн найруулга нь өмнө үйлчилж байсан хуулийг дордуулаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хянан шийдвэрлэх хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөөгүй тул шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох зохицуулалтыг баримтлах нь зүйтэй.

 

4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

4.7. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч ажилд нь эгүүлэн томилоогүй болох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

4.8. Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00052 дугаар шийдвэрт ажлын нэг өдрийн цалинг 45 651 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, ажилгүй байсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт ажлын 556 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 25 381 956 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 088 203 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Мгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 381 956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 088 203 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Мгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг Мд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мгээс 284 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ