Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02580

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2023/02580 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: тоотод байрлах, М ХХК/рд: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, Х ХХК /рд: /,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах С ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 650 000 000 төгрөг, хүү 1 246 608 021.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 228 401 095.89 төгрөг, нийт 2 125 009 117.56 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай компани Чингис хаан банк ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 07-нд 3996/01/СС-2016 дугаар Зээлийн гэрээ байгуулж 1 050 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийг авах болсон гол шалтгаан нь С ХХК-ийн захирал Ц.Баттүвшингийн төрсөн дүү Х ХХК-ийн захирал Ц.Агийн хүсэлтээр авах болсон юм. Тухайн үед Ц.А нь Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажлуулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор болсон гэж бидэнд хэлж банкнаас зээл авхуулах хүсэлтийг тавьж дээрх зээлийг авсан болно. 650 000 000 төгрөгийг бэлнээр авч уг дүнгээс бодож банканд зээл, зээлийн хүү төлөх, М ХХКүлдэх 400 000 000 төгрөгт ногдох хэсгээр зээл, зээлийн хүүг банканд төлж байхаар тохиролцсон. 2016 оны 07 дугаар сарын 08-нд 002/7/сс-2016 дугаар зээлийн гэрээ байгуулж 650 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлж Х ХХК манай компанитай гэрээг бичгээр байгуулсан. Зээлдэгч нь зээлийн хүүд сар болгон 16 250 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөгийг л зээлийн хүүд төлсөн, үүнээс өөр ямар нэгэн хүү огт төлөөгүй. Манай компанийн зүгээс гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийг эргэн төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч нь янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж төлөхгүй байна. С ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн хамтран хариуцагчаар тодорхойлсон байсан бөгөөд хариуцагч С ХХК-иас татгалзаж байна. Иймд хариуцагч Х ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 125 009 117 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Нэхэмжлэлийн шаардлагыг Х ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 650 000 000 төгрөг бол М ХХК-нийн захирал, хувьцаа эзэмшигч М гэж хүн байгаа энэ хүнтэй А нь хамтарсан компани байгуулж, хамтран ажиллаж байсан учраас мөнгө төгрөгийн харилцаа холбоо үүссэн. Гэхдээ ийм өндөр дүнтэй зээлийг Х ХХК зээлж аваагүй. Кассын зарлагын баримтан дээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн найман зарлагын баримт байдаг. Энэ баримт нь дээр М ХХК-нийн санхүүгийн тамга дарагдсан мөртлөө Х ХХК-нийн тамга дарагдаагүй, захирал Агийн гарын үсэг биш. А бол энэ мөнгийг хүлээж аваагүй. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөгийн төлөлтийг Х ХХК буюу А төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг. Гэтэл энэ мөнгийг төлсөн гарын үсэг биш мөн байгууллагын тамга тэмдэг байхгүй учраас энэ бол 2 байгууллагын асуудал хоорондоо явагдаж байна. 650 000 000 төгрөгийн асуудал дээр С ХХК-иар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны 181/ШШ2022/01384 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаар магадлалаар М ХХК-ийн зээлийн үүргийг С ХХК-ийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 650 000 000 төгрөгийн асуудал шийдэгдсэн. Х ХХК бол энэ зээлийн гэрээний харилцаанд огт хамааралгүй, холбогдох санхүүгийн баримтууд дээр маргасан болно. Орлого зарлагын баримт дээрх гарын үсгийг харьцуулан үзэхэд зөрүүтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээл, хүүгийн тооцоолол, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх кассын зарлагын баримт, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүү эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн М ХХКруу явуулсан албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хд хүргүүлсэн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хд хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, уулзалтын тэмдэглэл, Зээл бүтээсэн тухай бичиг Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шүүхэд баримтаар өгсөн. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/001577 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/01322 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23280174 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04-150/2622 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04-150/5140 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны 01-08/1149 дугаартай Газар зохион байгуулалтын алба хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04-150/2624 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний хуулбар, Б.Баярмаагийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Х ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 002/7/сс-2016 тоот зээлийн гэрээ байгуулж 650 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргээс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөг төлснөөр өөрөөр төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 650 000 000 төгрөг, хүүд 1 246 608 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 228 401 095 төгрөг, нийт 2 125 009 117 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ...Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримтад зурагдсан гарын үсэг эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн Чингис хаан банкнаас авсан 1 050 000 000 төгрөгийн зээлээс Хорсмен клаб ХХК нь 650 000 000 төгрөг, түүнд ногдох хүүг хариуцан төлөхөөр тохиролцсон байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг зээлийн гэрээний үүргийг С ХХК-ийн эд хөрөнгө буюу барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Өөрөөр хэлбэл 650 000 000 төгрөгийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Маргаж байгаа гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 002/7/сс-2016 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр М ХХКнь 650 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдэгч Х ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Хариуцагч нь маргааны эрх зүйн баримт бичиг болох дээрх зээлийн гэрээг байгуулаагүй, гарын үсэг эргэлзээтэй гэж маргасан боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4.3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаанд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байсан болох нь ТЗ101/452 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний төрөлд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

4.4. Хэрэгт авагдсан кассын зарлагын ордер гэх баримтаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 160 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 60 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 816 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 67 720 045 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 138 014 896 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 155 449 059 төгрөг, нийт 650 000 000 төгрөгийг Х зээл олгов гэх утгаар бэлнээр өгсөн. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.5. Хариуцагч дээрх кассын зарлагын ордер гэх баримт эргэлзээтэй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч МХХК-ийн Чингис хаан банк ХХК-тай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1 050 000 000 төгрөгийн зээлээс 650 000 000 төгрөг болон түүнд ногдох хүүг хариуцан төлөхөөр тохирч, С ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд бариулсан талаараа тайлбарлаж байгаагаас дүгнэхэд хариуцагчийн зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

4.6. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хариуцагч Х ХХК нь зээлийн гэрээний дагуу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

 

4.7. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д зааснаар гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дуусахаар тохирсноос дүгнэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна.

 

4.8. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.9. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч МХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 125 009 117 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагч Х ХХК-д олгосон зээлийн эх үүсвэр болох Чингис хаан банк ХХК-тай М ХХК нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч С ХХК-иас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 125 009 117 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХКнь хариуцагч С ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 782 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ