Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01910

 

 

 

 

 

 

  2023          11           01                                        210/МА2023/01910

 

 

“М ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02580 дугаар шийдвэртэй,

“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК, “С” ХХК-д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,125,009,117.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Тус компани “Чингис хаан банк” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,050,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийг “С” ХХК-ийн захирал Ц.Б-гийн төрсөн дүү “Х” ХХК-ийн захирал Ц.А-гийн хүсэлтээр зээлсэн. Тухайн үед Ц.А нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор банкнаас зээл авах шаардлагатай байсан.

1.2. Банкнаас олгосон зээлээс “Х” ХХК-д 650,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлж, уг дүнгээс банкинд зээл, зээлийн хүү төлөх, үлдэх 400,000,000 төгрөгийг манай компани авч ногдох хэсэгт зээл, хүүг банкинд төлж байхаар тохиролцсон тул “Х” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 650,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн.

1.3. Зээлдэгч нь хүүд сар бүр 16,250,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг хүүд төлсөн боловч үүнээс хойш хүү төлөөгүй. Зээлдэгч “Х” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А/03 дугаартай албан бичгээр зээл эргэн төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул зээлийн төлөлт хийх хугацааг 3 сараар сунгуулах хүсэлт гаргасан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А/35 дугаартай албан бичгээр зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээл эргэн төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан.

1.4. Манай компанийн зүгээс гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийг эргэн төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч төлөхгүй байна. Харин хамтран хариуцагч “С” ХХК-аас татгалзаж байна. Иймд хариуцагч “Х” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,125,009,117.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

          2.1. “М ББСБ” ХХК-нийн захирал, хувьцаа эзэмшигч н.Мөнхтуул болон “Х” ХХК-ийн захирал Ц.А нар хамтарсан компани байгуулж ажиллаж байсан тул 650,000,000 төгрөгийн харилцаа үүссэн хэдий ч уг зээлийг “Х” ХХК аваагүй. Кассын зарлагын баримтанд “М ББСБ” ХХК-ийн санхүүгийн тамга дарагдсан атлаа “Х” ХХК-ийн тамга дарагдаагүй, захирал Ц.А-гийн гарын үсэг биш. Мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийн төлөлтийг “Х” ХХК-ийн захирал Ц.А төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч уг мөнгө тушаасан хүний гарын үсэг Ц.А-гийн гарын үсэг биш, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна.

          2.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2022/01792 дугаар магадлалаар “М ББСБ” ХХК-ийн зээлийн үүргийг “С” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гарсан. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр 650,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. “Х” ХХК нь уг зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 125 009 117 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,782,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201/МА2022/01732 дугаар магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ГХ2023/00104 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32023/01577 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23280174 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэрэг нотлох баримт авагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “М ББСБ” ХХК нь Чингис хаан банкнаас 1,050,000,000 төгрөгийн зээлийг авахдаа “Сүхбаатар тохижил” ХХК-ийн захирал Ц.Б-гийн төрсөн дүү “Х” ХХК-ийн захирал Ц.А-гийн хүсэлтээр авсан. Ц.А нь “...галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах ажиллуулах нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохоор болсон гэж зээл авахуулах хүсэлт тавьж тус зээлээс “Хорсмэнклаб” ХХК 650,000,000 төгрөгийг авсан ба уг дүнгээс бодож банкинд зээл, зээлийн хүү төлөхөөр тохиролцсон боловч Ц.А өөрт оногдох зээлээс зээл, хүүг банкинд төлөөгүй учраас зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн талаар шүүхэд тайлбарласаныг шүүгч ойлгоогүй байхаас гадна дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг судалж эрх зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

            “Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М ББСБ” ХХК, “С” ХХК, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд “М ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан үеэс эхлэн тус хэрэгт зээлээс 650,000,000 төгрөгийг “Х” ХХК авсан учраас зээл, зээлийн хүүг “Х” ХХК банкны өмнө хариуцах ёстой гэсэн тайлбарыг гаргаж гуравдагч этгээдээр тус компанийг оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Энэ байдал Иргэний хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх үндэслэлд хамаарна. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсноор 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх тогтоол нь үйлдэгдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж хуульд заасныг анхаараагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр 650,000,000 төгрөгийг төлөх шийдвэр буюу "С” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь 650,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн байхад дахин энэ талаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг нотолж байхад энэ талаар шүүх дүгнэлт хийж чадаагүй.

4.2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй. Нэхэмжлэгч талаас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчид хүргүүлсэн шаардлага, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэл, зээл бүтээсэн тухай бичиг, уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар зээл төлөх хугацааг хойшлуулж байсан нөхцөл байдал, банкинд үүссэн хугацаа хэтрэлтийн хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцож байсан зэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэлийг бий болгож байгааг анхаараагүй. Уг нотлох баримтуудаар хариуцагч “Х” ХХК-аас авсан зээлээ хугацаандаа төлөх боломжгүй байгаа шалтгаанаа тайлбарлан хугацаа хойшлуулах, тооцоо нийлэх хүсэлт гаргаж байсныг нэхэмжлэгч тал хүлээн авч зээлээ төлөх боломжийг олгож байсан болох нь нотлогддог. Энэ байдал нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 2.7-д “...уг зүйлийн 42.9-д заасан “...саналд хариу өгөхгүй байх...” гэснийг зөвхөн хуульд заасан эсхүл талууд харилцан тохиролцсон тохиолдолд “...дуугүй байх нь хүлээн зөвшөөрсний илэрхийлэл” гэх зарчимд хамрааруулан үзнэ...”, мөн тогтоолын 1.1-д заасан “...хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлговол зохино...” гэсэнтэй нийцэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах хуульд заасан үндэслэл бий болсон.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар иргэний хэргийн болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэж тооцогддог. Энэ үйл баримт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд л нэгэнт нотлогдсон гэсэн ойлголтонд хамаарах учиртай. Өөрөөр хэлбэл, “М ББСБ” ХХК нь “Х” ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардахад тус шийдвэр нэгэнт нотлогдсон гэх үйл баримтанд хамаарахаас гадна тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ гэж ойлгохоор байна. Энэ агуулгаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлсноор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэж байгаа шүүх хөөн хэлэлцэх хугацаа зогсох эсхүл тасалдах үндэслэл байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байсан боловч энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч бусдаас их хэмжээний зээлийг авахуулах замаар тус зээлийн дийлэнх хэсгийг авч үйл ажиллагаандаа ашигласан боловч тодорхой цаг хугацааны дараа эрх бүхий этгээдээс хариуцагч уг зээлийг төлөхөөс чөлөөлөгдсөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих агуулга бүхий шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд нийцээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 01384 дугаар шийдвэр гарсан. Тус шийдвэрээр “Чингис хаан банк” ХХК нь 2018 оноос эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үйл баримтыг тогтоосон. 2018 онд “Чингис хаан банк” ХХК-тай маргаан үүсгэж байхдаа 650,000,000 төгрөгийн асуудлаа ярьж байсан гэж тайлбарлаж байна. Тус хугацаанаас эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзэхэд мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Шүүхийн шийдвэрээр “М ББСБ” ХХК-ийн дүрмийн сан 400,000,000 төгрөг гэж тогтоосон. Гэтэл Монгол банкнаас гаргасан зээлийн үйл ажиллагааны журмын зээлдэгчийн дүрмийн сангийн хэмжээ 400,000,000 төгрөгөөс хэтэрч болохгүй, үүний 50 хувиас хэтэрвэл зээл олгох боломжгүй гэснийг зөрчсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу 650,000,000 төгрөг хүлээж авсан гэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Хэргийн 15-18 дугаар талд “М ББСБ” ХХК-ийн зарлагын 7 ширхэг баримт авагдсан. Тус баримт дээр хэн гэдэг нь тодорхойгүй хүн гарын үсэг зурсан бөгөөд түүнийг хариуцагчаар татан оролцуулах ёстой. “Х” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд юм. Нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч н.Мөнхтуяа, “Х” ХХК-ийн захирал н.Ариунаа нар хамтран ажиллах гэрээгээр “Х” ХХК-ийг ажиллуулж байсан нь үнэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй боловч үүнийгээ нотлоогүй. Анхан шатны шүүх 650,000,000 төгрөг авсан, талыг нь төлөх үүрэг хүлээсэн гэх дүгнэлт хийсэн. “Чингис хаан банк” ХХК-ийн 650,000,000 төгрөгийн зээлийг төлье гэх хүсэлт, албан бичиг байхгүй. Хэрэгт авагдсан иргэн Ц.А-гийн зээл төлье гэсэн албан бичгүүд нь хэдэн төгрөгийн зээл төлөх, хэдийг авсан гэдэг нь тодорхойгүй байдаг. 2018 онд төлсөн гэх 6,000,000 төгрөгийн “Х” ХХК-аас төлсөн гэх тамга тэмдэг байдаггүй. Хэрэгт авагдсан 8 баримт дээр хариуцагч байгууллагын санхүүгийн болон компанийн тамга тэмдэг байхгүй, захирлын гарын үсэггүй, зээлийн гэрээн дээрх гарын үсэг зөрүүтэй байдаг учир хариуцах үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч “Х” ХХК, “С” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 650,000,000 төгрөг, хүү 1,246,608,021.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 228,401,095.89 төгрөг, нийт 2,125,009,117.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3. “М ББСБ” ХХК нь “Х” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 650,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 2.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 42-47/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүх дүгнэлт зөв болжээ. Гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3.1. Зээлийн гэрээний дагуу “М ББСБ” ХХК нь гэрээний зүйл болох 650,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 160,000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18,816,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 67,720,045 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 138,014,896 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 155,449,059 төгрөгөөр  тус тус “Х” ХХК-д бэлнээр өгсөн болох нь “М ББСБ” ХХК-ийн кассын зарлагын ордер гэх баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Харин  кассын зарлагын ордер баримтад мөнгөн хөрөнгө хүлээн авсан этгээдийн гарын үсэг нь Ц.А-гийнх биш гэж хариуцагч тайлбар гаргаж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, дээрх бичгийн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хариуцагч нь гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээч томилуулах эрхээ  хэрэгжүүлсэн гэх байдал тогтоодохгүй байна. /хх-ийн 15-17/

 

4. Анхан шатны шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

4.1. Учир нь хариуцагч “Х” ХХК-аас нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д хандсан 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтдээ “... 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 002/7/сс-2016 тоот зээл гэрээ байгуулсан.... Бид хүлээсэн үүргийн дагуу зээлээ хугацаанд нь төлөхийн тул хурдан борлогдох ... бүтээгдэхүүний борлуулалтаа дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа боловч зээлийн гэрээний төлөлтийг хийх бололцоо бүрдэхгүй байна. ... танай байгууллагаас авсан зээлийг төлж барагдуулах төлөвлөгөөтэй байна. Иймд бидний нөхцөл байдлыг ойлгож зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү” гэх агуулгыг тусгасан байна.

 

Уг баримтаар “М ББСБ” ХХК-д зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг  “Х” ХХК зөвшөөрсөн гэж үзнэ. /хх-ийн 52/

 

4.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх агуулгаар гаргасан хэсэг үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-иас хариуцагч “Х” ХХК-нд олгосон зээл нь “Чингис хаан банк” ХХК-иас авсан зээлтэй холбоотой байгаа байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар “Чингис хаан банк” ХХК-иас авсан 1,050,000,000 төгрөгийг зээлээс хариуцагч “Х” ХХК-д 650,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх байдал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэрээр “Чингис хаан банк”-наас авсан 1,050,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2,259,187,967 төгрөгийг “М ББСБ” ХХК төлөхөөр болсон байдалтай харьцуулан дүгнэж хариуцагч “Х” ХХК-аас 650,000,000 төгрөгийн зээлийг гэрээнд заасан 8 сарын хугацаагаар зээлийн хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар гаргуулж шийдвэрлэнэ.

 

5.1. Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 650,000,000 төгрөг, зээлийн хүү 130,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,000,000 төгрөг, нийт 806,000,000 төгрөгийг  төлөх үүрэгтэй байна.

 

5.2. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК  6,000,000 төгрөгийг хариуцагчаас зээлийн хүүд хүлээн авсан гэсэн тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

 

5.3. Иймд хариуцагч “Х” ХХК-аас 800,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 , дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 800,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,325,009,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 

3 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 4,157,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 10,782,996 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД

 

 ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ