Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

Э.*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Чинзориг

Прокурор                                                        Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             *******

Өмгөөлөгч                                                       М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Хатиган овогт Энхбатын *******.

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх хороололд байх иргэн Б.Марс-Эрдэнийн гэрийн гадна иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлий орчимд нь өшиглөж “хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч ******* нь эмнэлгийн тусламж авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хагалгаанд орсон боловч гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Хатиган овогт Энхбатын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Энхбатын *******т 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т эдлүүлэхээр тогтоосон 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 23,580,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖН93011311 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Үнэндээ ******* гэдэг хүн миний дүүг олон удаа хагалгаанд орсон гэдэс дотор муу гэдгийг сайн мэднэ. Тэгсээр байтал бөх хүн байж хүнлэг бус харин ч бяр чадал, хүчээ гаргаж гэдэс хэвлий рүү нь өшиглөж, дээр нь өвдөглөж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсанд гомдолтой байна.

Хэргийн зүйл ангийг прокурорын шатанд хөнгөрүүлж өөрчилсөн. Энэ талаар хохирогч талд мэдэгдээгүй, ядаж өмгөөлөгчид нь мэдэгдэх боломж байсан. Хохирогчийн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.

Учирсан гэмтэл хүнд гэмтэл боловч идээт үрэвслээр хүндэрч нас барсан гэж эмч шинжээч нар дүгнэсэн. Ийм богино хугацаанд идээт үрэвсэл үүсч хүндрэл өгдөг юм бол яагаад БОЭТ-ийн хүлээн авахад ирсэн даруйд яаралтай хагалгаанд оруулаагүй юм бол БОЭТ-д 2020.10.06-ны 16 цагт ирсэн 2020.10.07-ны 9 цагт хагалгаанд орсон гэдэг. Энэ хооронд бүтэн 17 цаг өнгөрсөн. Ирсэн даруйд нь оруулсан бол амь насыг нь аврах боломжтой байсан юм биш үү. Хэрэв идээт үрэвсэл нэг л үүссэн бол аврах боломжгүй болдог бол ийм гэмтэл учруулсан хүнээс болж л дүү маань амиа алдсан хэрэг биз дээ. ******* бүр аймаг руу ачаад явж байхад амдаж уулзаад би өшиглөөгүй гэж амь насыг нь хохироох хэрэг хийснээ булзааруулж байсан. Эцэст нь буруугаа хүлээсэн байсан. Шүүх нь хохирогч өөрөө *******ыг балалчихлаа гэдэг үгийг хэлж байсныг онцолж байсан. Хөөрхий дүү минь үхчихнэ гэж эцсээ хүртэл бодолгүй л хүн хамгаалах гэж оролдсон. Гэхдээ талийгаачийн ард үлдэж буй төрөл төрөгсөд хань ижил л бүхнээс илүү гомдол харуусал сэтгэл санааны хохирол амсдаг. Өмгөөлөгч Батболд намайг хүн чанаргүй гэж хурлын дараа доромжилсон. Өөрөө ингэж хэлж байгаа нь хүн чанараа харуулж байгаа хэрэг үү. Бид ******* хүнийг санаатай алсантай адил ял эдлэх ёстой гэж үзэж, ялыг хүндрүүлэх бидний гомдлыг барагдуулахыг хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Э.******* би өөрийгөө хохирогчийн амь нас эндэх асуудал надтай ямар ч холбоогүй гэж маргах зүйл бол байхгүй. Гэхдээ би түүний гэдэс рүү өшиглөж цохиж гэмтээсэн зүйл байхгүй юм. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэгт болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн гэж үзэж байна.

Талийгаач Э.Алтантулга ахыг машинаас хутга аваад Г.Бадарууганыг хутгалчихья гээд гүйхээр нь би түүнийг барьж авах гээд араас нь тэвэрч авахад гар мултрахад талийгаач палк модны тайрдас барилгын материалын үлдэгдэл хураасан байсан зүйлс дээр давхралдаж унасан асуудал байгаа юм. Би түүний амь насыг санаатай хохироогоогүй гэж үзэж байна. Миний болгоомжгүй үйлдлээс ийм харамсалтай зүйл болсон юм. Би ийм асуудалд маш их гэмшиж оршуулганд гарсан гэх 23 580 000 төгрөгийн бүх зардлыг төлж барагдуулсан юм.

Би өөрийгөө магтаж сайшаагаад байх зүйл байхгүй. Эцэг, эхийнхээ нэрийг хугалчихгүйхэн, ах дүү, хамаатан садан, анд нөхөд, нутгийн ах дүү нартаа тус дэмтэй, хүн зонтой маргаж муудалцахгүй явахыг хичээдэг хүн юм. Надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөн ял оногдуулж өгнө үү.

Өмгөөлөгч Ө.Батболд миний хувьд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэр нь болсон үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй ял халдаасан байна.

Гэрч Болорсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл №3 зураг талийгаачийг анх унасан газрыг заасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-р хуудас/, Э.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, барилгын үлдэгдэл модны хураасан газрыг заасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-р хуудас/, талийгаачийн хөлийн өвдөг шалбарсан байдлыг харуулсан зураг /хх 21-р хуудас/, хохирогч Д.Алтантулгын “нэг мэдэхэд Марс-Эрдэнийн үүдэнд доошоо хараад хэвтэж байсан. Миний дээрээс нэг хүн татаад байсан. Хэн татаж байсныг санахгүй байна. Миний гэдэс өвдөөд байхаар нь эмнэлэгт хүргүүлсэн. Ганбаатар надад хэлэхдээ ******* чамайг дараад байж байсан. Миний очих үед тэгж харагдсан, босгож байсан байж магадгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 23-р хуудас/, гэрч Болорсайханы “******* ах хаалгаар орж ирээд яагаад маргаад байгаа бацаанууд вэ хутга шаачихья гээд баруун гараа нурууныхаа ар хэсэгт аваад байсан. ******* би таныг машинд чинь суулгаад өгье гэж хэлээд аваад гарсан. Алтантулга ах доошоо хараад хэвтэж байсан. Хажуу талд нь толгойгоо нийлүүлээд ******* юм яриад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх 28-р хуудас/, гэрч Марс-Эрдэнийн “манай хоёр эхнэрийг очиход ******* ах хураалттай хэдэн ширхэг палкан дээр унасан байдалтай байхаар нь юу болсон бэ гэхэд ******* Алтантулга ах энэ модон дээр унаад гэдэс нь өвдөөд байна гэх мэдүүлэг /хх 32-р хуудас/, нотлох баримтууд нь болсон хэргийн үйл баримтыг шууд тогтоосон нотлох баримт байсаар байтал дамжмал гэрчүүд болох эмч Болортуяа, Б.Ганзаяа, ******* нарын мэдүүлгээр ял халдаасан байна.

Эмнэлэгт очоод анхны асуумжийг хэлсэн хүн бол талийгаач ******* юм. Гэтэл өөрийн амьд сэрүүндээ хэлсэн мэдүүлгээр дээрх гэрчүүдийн мэдүүлэг бүрэн няцаагддаг төдийгүй гэрч Ганбаатар ч мөн адил Б.Ганзаяа, ******* нарт өшиглөсөн гэж хэлээгүй талаараа тодорхой мэдүүлдэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хуульд зааснаар түүний хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон ял хариуцлагыг оногдуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гаргасан хариу тайлбартаа: “******* түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдолтой танилцлаа. Энэ хүн хэргээ хүлээдэггүй. Байнга булзааруулдаг нь өргөдөл, шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтэй зөрөлдөж байгаагаас харагдаж байна. Бид ******* хэргээ хүлээж байна гэж ойлгосон. Гэтэл хэргээ хүлээхгүй байна. Талийгаачийг өвдөлт зовиур, шаналгаандаа тарчилж байхад араар нь ******* яавал хэргээ үгүйсгэх вэ гэдэг талаас үгсэж хуйвалдаж гэрчүүдийн мэдүүлгийг зохицуулсан. Тэр бодит байдлыг өөрчилж зарим нь өгсөн мэдүүлгээ хүртэл өөрчилсөн байгаа.

Талийгаач өөрөө анх эмчдээ *******т өшиглүүлчихлээ гэдгээ хэлсэн байдаг. Дараа нь хүнд гай болчихлоо гэдэг үг хэлсэн. Тэр нь ч санаатай гэмтэл учруулсныг нэг талаасаа хэлж байгаа. Шүүхийн өмнө хэргээ хүлээж байна, гэм буруугаа ойлгож байна чин сэтгэлээсээ гэмшиж байна гэж хэлж ялыг хөнгөрүүлж өгсөн байхад одоо болохоор би өшиглөөгүй өөрөө унаж гэмтэл авсан мэтээр өргөдөл бичсэн нь шүүхийг хуурч хөнгөн ял аваад өшөө өршөөлөөр 2 жил хасуулаад мал хууль бусаар хулгай хийж нядалсан хэргээс бараг бага ял авчихаад дахиад зүйл ангиа өөрчлүүлэхээр гомдол гаргажээ.

Харин ч миний дүүгийн амь дэндүү хайран, хэнд ч тоогдохгүй дуртайгаараа алсан хүн нь доромжилж байгаа юм шиг яриад бичээд байгаад гомдолтой байна. болгоомжгүйгээр гэдэс рүү нь өшиглөж, болгоомжгүйгээр өвдөглөсөн болж болно гэж байх уу. Харин ч шүүхээс ял халдаасан хэргийн зүйл ангийг бид хөнгөдсөн гэж үзэж хуулинд заасан хүнд ялыг оногдуулсан гэж гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч ялыг хүндрүүлэх, зүйл ангийг үндэсгүй хөнгөрүүлж ял завшуулсан гэж үзэж бид гомдлоо гаргасан байгаа.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Хийсэн хэргийн нөхцөл байдал тодорхой байгаа. Хохирогчийн хувьд гомдолтой байгаа хэсгээ тайлбарлаж хэллээ. Хэргийн зүйлчлэлийг сольж байгаа гэдгээ хохирогчид мэдэгдээгүй байсан. Дөнгөж хэргийг шүүх рүү шилжүүлэхийн урд талд зүйлчлэлийг өөрчилсөн байсан. Үүнээс болж прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах боломжоор хангаагүй. Хясан боосон гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд зүйл анги нь хөнгөрч, “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдаж хорих ялыг багасгаж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн атлаа өнөөдөр давж заалдах гомдол дээр “Санаандгүйгээр хүний амь насыг хохироосон” мэт зүйл бичсэн байх юм. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх, гомдлыг хүлээн авах үндэс байхгүй. Хохирогч талын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Бид зүйл ангийг өөрчилснийг мэдсэн бол гомдол гаргах байсан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбартаа: ... *******ын хувьд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Түүний хувийн байдлын талаарх баримтыг хавтаст хэрэгт хангалттай хавсаргасан. Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй.  ...******* нь болгоомжгүйгээр хүний амь насанд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ бол санаатай үйлдэл бус байхыг шаарддаг. Хайхрамжгүй хандаж, амь нас хохирсон байхыг шаарддаг байгаа. Амь хохирогч болон шүүгдэгч нарын хувьд хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн зүйл байхгүй байна. Зөвхөн хутга бариад хүн рүү дайрахад нь замаас нь таслан зогсоох гэж хичээсэн. Үүнээс болж гэмтэл авсан байна. Тиймээс гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Хосбаяр гаргасан дүгнэлтдээ: ...Прокуророос яллах дүгнэлт үйлдэх үедээ яллагдагчаар татах тогтоод өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах бол яллагдагчаар татах тогтоол нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэсний дагуу ажиллагаа явуулсан. Иймээс яллагдагч *******т танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүнийг санаатай алах гэмт хэрэг болон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хувьд ялгаатай байдаг ба хоорондын ялгааг зааж өгсөн байдаг. Хохирогч шууд нас барах эсвэл хохирогчид учирсан хүнд гэмтлээс шалтгаалж хохирогч нас барсан асуудалд дүгнэлт өгч хэргийг ялган зүйлчилдэг. Энэ хэргийн хувьд хохирогч Алтантулгын биед хүнд гэмтэл учирсан. Үүнээс болж хагалгаанд орсон боловч идээт үрэвслийн улмаас хүндэрч нас барсан болох нь хангалттай нотлогдож байгаа тул уг хэсэгт дүгнэлт өгсөн. Иймээс уг хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдлоор Э.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх хороололд байх иргэн Б.Марс-Эрдэнийн гэрийн гадна иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлий орчимд нь өшиглөж “хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч ******* нь эмнэлгийн тусламж авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хагалгаанд орсон боловч гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ганзаяа, Г.Болорсайхан, Б.Марс-Эрдэнэ, П.Ганбаатар, Ц.Болортуяа, Д.Ганцэцэг, Д.Энх-Оюун, Б.Өнөболд нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 134 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан мэдүүлсэн шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Алтантулгын нас барсны гэрчилгээ, өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Э.Таванбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ялын хүрээ хэмжээний дотор, шүүгчид олгогдсон эрхийн хүрээнд шүүгдэгчид долоон жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үздэг.

Хэрэгт авагдсан гэрч  Ц.Болортуяа, Д.Ганцэцэг, Д.Энх-Оюун нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Э.******* нь хохирогч *******д хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал буюу хүнд хохирол учруулснаас хойш удалгүй Чулуунхороот сумын эмнэлэгт үзүүлэн хэвтэж улмаар Дорнод аймгийн Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хагалгаа хийлгэсэн бөгөөд хэвлийн хөндийн идээт үрэвсэл хүндрэл өгч даамжирснаар амь насыг нь аврах боломжгүй болсон тухай шинжээч эмч Н.Уянгын “...Талийгаач Д.Алтантулгын биед нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал гэмтэл авч уг гэмтлээс хамаарч хэвлийн хөндийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан. Талийгаачийн амь насыг аврахаар эмнэлгийн тусламж үзүүлж хагалгаа хийсэн байсан. ... Энэ гэмтэл нь өөрөө зогсож байгаад буюу явганаас тэгш гадаргуутай газар унах үед үүсэх боломжгүй. Харин хэвлий хэсэг рүү өшиглөх, өвдөглөх үед үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх тул түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандлагаар илэрдэг.

Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн гэдэс рүү өшиглөж гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэх зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “...Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, тохирсон ял оногдуулж  өгнө үү” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “...Бид ******* хүнийг санаатай алсантай адил ял эдлэх ёстой гэж үзэж, ялыг хүндрүүлэх бидний гомдлыг барагдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04ий өдрийн 2021/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Таванбаатарын 2021 оны 08 дугаар сарын 04ий өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                              О.БААТАРСҮХ