Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч В.Балжмаа /онлайн/                                                          Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Т-т холбогдох эрүүгийн 2021005700158 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын .............. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, .......... овогт Т /РД: ............../.

Шүүгдэгч Т нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “.........” гэх хороололд байх иргэн Б.Марс-Эрдэнийн гэрийн гадна иргэн А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлий орчимд нь өшиглөж “хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал” бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч А нь эмнэлгийн тусламж авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хагалгаанд орсон боловч гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахаас татгалзаж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Миний дүү өмнө нь хүнд хагалгаанд орсон байсан ба гэдэс муутай гэдгийг манай сумынхан бүгд мэддэг байсан. Ийм байхад миний дүүгийн гэдэс рүү нь өшиглөсөнд үнэхээр их гомдолтой байна. Тухайн өдрийн шөнө болж байхад охин маань утсаар яриад “ахын бие муу байна. Хүнд  өшиглүүлсэн байна” гэж хэлсэн. Ингээд би эмнэлэг дээр очиход дүү маань ухаангүй байсан ба өглөөний 8 цагт аймаг руу явахаар болсон. Тэр үед Т надад хэлэхдээ “Би дүүг чинь зодоогүй шүү” гэж хэлэхээр нь би “Хоёулаа уулзах ёстой газраа уулзсан нь дээр байх” гэж хэлсэн. Т өмнө өгсөн мэдүүлэгтээ “Талийгаач Бадар-Ууганыг хутгалах гэж байхад нь би талийгаачийг түлхчихсэн юм аа. Намайг уучлаарай” гэсэн байсан. Т яагаад өөр өөр мэдүүлэг өгсөн гэдгийг ойлгохгүй байна. Энэ чинь хүний амь хохироосон асуудал. Дүү маань эхнэрээсээ салсан боловч хүүхдүүдээ тэжээн тэтгээд л явж байсан. Бас миний амьдралд дэм болоод л явдаг байсан. Миний дүү олон хүний амьдралыг авч явж байсан хүн байсан шүү дээ. Би гомдолтой байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч В.Балжмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т-ыг гэм буруутай гэж үзэж байна” гэв.

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...караокеноос 23 цагийн орчимд гараад Марс-Эрдэнэ Т нарын хамт Марс-Эрдэнийн гэрт ирж байснаа санаж байна. Нэг мэдэхэд Марс-Эрдэнийн гэрийн үүдэнд доошоо хараад хэвтэж байсан. Харин миний дээрээс нэг хүн татаад байсан. Хэн татаж байсныг санахгүй байна. Босоод байж байхад Ганбаатар машинтайгаа хүрээд ирсэн. Ганбаатарын машинд суугаад явж байхад миний гэдэс өвдөөд байхаар нь эмнэлэгт хүргүүлсэн. ...Ганбаатар надад хэлэхдээ “Т чамайг дараад байж байсан. Намайг яг очих үед тэгж харагдсан. Босгож байсан байж магадгүй” гэж надад хэлсэн. Т надад хэлэхдээ “таныг гэрийн үүдэнд цаашаа бол гээд түлхэх үед модонд тээглээд газарт унасан” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 23-24/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим манай охин Ганзаяа залгаад “А ах эмнэлэг дээр байна гэнээ” гэхээр нь яасан юм бол гэж охиноосоо асуухад “ах хүнд зодуулсан юм шиг байна, хамт явъя” гээд бид хоёр эмнэлэг рүү хамт очсон. Эмнэлэг дээр ирэхэд А өвчин намдаах тариа хийлгэсэн байдалтай унтаж байсан бөгөөд тэр үед хажуу өрөөнд найз Ганбаатар нь сандал дээр унтаж байсан. Би ойлгохдоо А-г Ганбаатар нь хүргэж ирээд унтаж байгаа гэж ойлгосон. Тэгээд юу болсон талаар эмчээс асуухад Болортуяа эмч “Т-т өшиглүүлсэн” гэж хэлээд орж ирсэн. Одоо тариа хийгээд түр унтаж байна гэж хэлэхээр нь байж байгаад Ганбаатар сэрэх үед охин Ганзаяа бид хоёр хүргүүлсэн. Гэртээ хүргүүлж байхдаа охин Ганзаяа юу болсон талаар Ганбаатараас асуухад Ганбаатар нь бид хоёрт “Би Марс-Эрдэнийн гэрийн гадаа Бадар-Уугантай заамдалцаж байгаад болиход Т нь талийгаачийн дээр гараад өвдөглөөд байж байсан” гэж бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь гайгүй байлгүй дээ гэж бодоод гэртээ орж ирээд унтаж байхад 05 цагийн орчим Ганзаяа залгаад “Эмнэлгээс залгаад байна, эмч аймгийн төв рүү аваад явъя гэж байна” гэхээр нь Ганзаяагийн хамт эмнэлэг дээр ирээд аймаг руу явах ажлаа хөөцөлдөөд эмнэлгийн машинаар явахаар болоод явсан. ...Тэгээд аймгийн төв дээр 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим эмнэлэг дээр эмч нар үзэж мэс заслын тасагт оруулж тусламж үзүүлсэн. Тэгээд тэр өдөртөө эмчилгээ хийлгээд 10 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчим хагалгаанд ороод тэр өдрийн 16 цагийн орчим нас барсан...” гэжээ. /хх-ийн 26/

Гэрч Г.Болорсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганбаатар ах Мөнхбаяр ахыг “явъя пизда минь” гээд уурлаад байхаар нь Бадар-Ууган тэр үед “та ямар муухай хэлдэг юм бэ, айлд байж болиоч” гэж хэлээд Бадар-Ууган Ганбаатар ах хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд яг тэр үед А ах хаалгаар орж ирээд “Яагаад маргалдаад байгаа бацаанууд вэ, хутга шаачихъя” гэж хэлээд баруун гараа нурууны ар хэсэгт аваад байхаар нь Т А ахыг “би таныг машинд чинь суулгаад өгье” гэж хэлээд аваад гарсан. Тэр үед таамбарт маргалдаж байгаа Бадар-Ууган, Ганбаатар ах хоёрыг зууралдсан чигээрээ нь манай нөхөр бид хоёр арай гэж гадаа гаргасан ба гадаа гараад зууралдаад байхаар нь салгаад манай нөхөр Ууганыг аваад зүүн тийш явсан бөгөөд би Ганбаатар ахыг аваад машинд суулгах гэж байхад модны хажууд А ах доошоо хараад хэвтэж байхаар нь Т-аас юу болсон талаар асуухад “А ах машинаас хутга аваад хутгална гээд байхаар нь түлхсэн чинь мод руу унагаачихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь А ахад эмнэлэг яаралтай явъя гэж хэлэхэд А ах бид нарт “бид нар тэгж гонжирдог гарууд биш ээ” гэхэд Ганбаатар ах “тийм ээ явъя” гэж хэлээд А ах хөл дээрээ босоод явсан...” гэжээ. /хх-ийн 27-29/

Гэрч Б.Марс-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А ах үүдний хэсгээс “хутгалчихъя” гэж хэлээд баруун гараа нурууны хэсэгтээ аваад араасаа нэг юм гаргах гэж байгаа юм шиг байхаар нь Т А ахыг “би таныг машинд чинь суулгаад өгье” гэж хэлээд аваад гарсан...” гэжээ. /хх-ийн 30-32/

Гэрч П.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Машинд ирээд суухад талийгаач байхгүй байсан бөгөөд Болорсайхан бид хоёр машинаа тойроод харахад байхгүй байсан. Талийгаач машины хойд хэсэгт дуугарахаар нь очоод харахад өвдөглөсөн байдалтай сууж байсан. Тэгэхээр нь талийгаачид “Явъя” гэж хэлэхэд “Миний дотор эвгүй болчихлоо, нөгөө нарийн гэдэс нь тасарчихав уу яав” гэж хэлээд өөрөө өндийгөөд босоод ирэхээр нь машиндаа суулгасан. Тэр үед Т нь машинд сууж байх шиг байсан бөгөөд бид нар хөдлөөд би А-д “Гэр лүү чинь хүргэж өгөх үү” гэж хэлэхэд А “Эмнэлэг явъя” гэж хэлэхээр нь эмнэлэг явж байхад “Түр байж бай, зогсож бай” гэж хэлээд гэдсээ бариад байсан. Тэгэхэд гэнэт машин дотор Мөнхбаяр орж ирэхээр нь би Мөнхбаярт “Чи мал руугаа яаралтай яв, энд битгий архи уугаад бай” гэж хэлээд явуулсан. Тэр үед цуг явж байсан Т явсан юм шиг байсан. Тэгээд талийгаач ёолоод зүгээр болохгүй байхаар нь “Ямар ч байсан эмнэлэг явъя” гэж хэлээд сумын эмнэлэг явсан. Би замдаа А-ас яг яасан, юу болсон бэ гэж асуухад “Би ойлгохгүй байна, би тэр бацааныг факталчихлаа, намайг Т нь өшиглөсөн үү, түлхсэн үү, өвдөглөсөн үү, сайн мэдэхгүй байна” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 38-43/

Гэрч Ц.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Шөнийн 01 цаг 55 минутанд ажил дээрээ байж байхад талийгаач ганцаараа гэдсээ барьсан байдалтай “Ах нь гэдэс рүүгээ Т-т өшиглүүлчихлээ, миний гэдэс урагдсан байхаа” гэж хэлээд орж ирэхээр нь өрөө рүү оруулаад хувцсыг нь тайлж харахад П.Ганбаатар орж ирсэн бөгөөд хажуу талаас нь “Чамайг өвдөглөсөн шүү дээ” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь хувцсыг нь тайлаад  гэдсийг нь харахад хэвлийн зүүн доод хэсэгт байх хуучин сорви руу заагаад “Энэ рүү өшиглөсөн” гэж заагаад байхаар нь сайтар харахад сорвины дээд талд хүйсний нүхний зүүн талд улаан хүрэн хүрээ үүсээд гол хэсэгт нь улаан цэг үүссэн толбо байсан. ...Би сайн сонссон өөрөө бүр тэгж хэлээд ёолоод байсан...” гэжээ. /хх-ийн 62-64/

Гэрч Д.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгэхэд А ах Болортуяа эмчтэй ярилцаж байсан бөгөөд тэр үед А ах “Би Т-т өшиглүүлчихлээ, би үхэж хүүхэд баллачихлаа” гэж хэлж байсан. Тэгэхэд манай асрагч Энх-Оюун А ахаас “Та тэгээд хүнтэй зодолдсон юм уу” гэхэд А ах нэг юм хэлээд л байх шиг байсан, би яг юу гэж хэлж байсан талаар сонсоогүй...” гэжээ. /хх-ийн 65-66/

Гэрч Д.Энх-Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Намайг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай сумын иргэн А ах хэвтрийн байдалтай яаралтай аймгийн эмнэлэг явуулах шаардлагатай гэж байсан. Тэр үед А ах “ Би Т-т өшиглүүлчихлээ, би хүүхэд баллачихлаа” гэж хэлж байсан бөгөөд тэр үед би А ахаас “Та тэгээд хүнтэй зодолдсон юм уу” гэхэд А ах надад “Би амнаасаа боллоо” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 67-68/

Гэрч Б.Өнөболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...А-н биед шууд бус аргаар зүрхний массаж хийсэн. Хагалгааны үед эхэлж зүрх нь зогсох үед шууд бус аргаар массаж хийж сэрээгээд сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Тухайн хүнийг хүлээн аваад зовиурыг асуухад хэвлийн баруун доод болон дээд хэсгээр их өвдөлттэй гэж байсан. Тухайн үед цээжний талаар зовиур хэлж байгаагүй санагдаж байна. Хагалгааны үед зүрхэнд шууд бусаар массаж хийх үед хавирга нь хугарах боломжтой. Яагаад гэвэл зүрхэнд ачаалал өгөхийн тулд хүчтэй дарж массажласны улмаас хавирга хугарах тохиолдол элбэг байдаг...” гэжээ. /хх-ийн 73-74/

Шинжээч эмч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Талийгаач А-н цогцост хийсэн задлан шинжилгээнд хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал, зүүн талын 2-оос 9-р хавирганы хугарал, хэвлийн зүүн хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь өөрөө зогсож байгаад буюу явганаас тэгш гадаргуутай газар унах үед үүсэх боломжгүй. Харин хэвлий хэсэг рүү өшиглөх, өвдөглөх үед үүссэн байх боломжтой. ...Талийгаач А-н биед нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал гэмтэл авч уг гэмтлээс хамаарч хэвлийн хөндийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан. Талийгаачийн амь насыг аврахаар эмнэлгийн тусламж үзүүлж хагалгаа хийсэн байсан. Гэвч уг хэвлийн хөндийн идээт үрэвсэл хүндрэл өгч даамжирсан тул амь насыг аврах боломжгүй болсон байна. ...харин зөвхөн хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал, хэвлийн зүүн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно...” гэжээ. /хх-ийн 108-111/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 134 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач  А цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал, зүүн талын 2-оос 9-р хавирганы хугарал, хэвлийн зүүн хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх хэвлийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын 2-9-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал гэмтлийн улмаас хэвлийн гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ.

6.  Талийгаачийн цус нь 3-р бүлгийн харъяалалтай.

7. Талийгаачийн цусанд спиртийн агууламж тогтоогдоогүй” гэжээ. /хх-ийн 97-100/

Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гараад хэсэг байж байхад А ах тайвширсан бөгөөд гэнэт А ах “Би машинаас хутга авъя” гэж хэлээд машин руу гүйхээр нь араас нь тэвэрч авах гэтэл миний баруун гар тэвэрч авалгүй мултарсан бөгөөд тэр үед би өвдөглөж үлдээд А ах урагшаа хураалттай мод руу урд хэсгээрээ /гэдсээрээ/  унасан. Тэгэхээр нь А ахаас “Гайгүй юу” гэж асуухад “Ёо ёо гэдэс, чи намайг хутгалчихаагүй биз дээ” гэж хэлэхээр нь “Юу гэж би  таныг хутгалдаг юм бэ” гэхэд А ах “Чи ч намайг хутгална гэж юу байхав дээ” гэж хэлэх үед Болорсайхан байшингаас гарч араас нь нөгөө хэд маань гарч ирсэн бөгөөд Болорсайхан над руу ирээд юу болсон талаар асуухаар нь “Хутга авна гэж машин руу гүйхээр нь тэвэрч авах гэж байгаад барьж чадалгүй урагшаа унагаачихлаа” гэж хэлсэн бөгөөд Болорсайхан бид хоёр А ахад “Эмнэлэг явах уу” гэж хэлэхэд “Би гайгүй, зүгээр” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 121-122/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 /

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/

Гэрч Б.Ганзаяагийн мэдүүлэг /хх-ийн 33-35/

Гэрч С.Энхмаагийн мэдүүлэг /хх-ийн 69-72/

А иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 136/

А нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 137/

А өвчний түүхийн хуулбар /хх-ийн 139-160/

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 162-168/

Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 170, 172-191/

Таас хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 184, 202/

Гэрч Д.Төмөрбарсын мэдүүлэг /хх-ийн 77-78/

Гэрч Г.Даваагийн мэдүүлэг /хх-ийн 79-82/

Гэрч Д.Мөнгөнтулгын мэдүүлэг /хх-ийн 83-85/

Гэрч Н.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 86-87/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот дүгнэлт /хх-ийн 113/

Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 123/

Т-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 125/

Т-ын бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 131-132/

Т-т аймгийн начин цол олгосон үнэмлэхийн хуулбар /хх-ийн 133/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У-ээс гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ...... овогт Т нь 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багийн нутаг..........” хороололд байрлах Б.Марс-Эрдэнийн гэрийн гадна хохирогч А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хэвлий орчимд нь өшиглөснөөс түүний биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч А нь эмнэлгийн тусламж авч, мэс засалд орсон боловч гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У, гэрч Б.Ганзаяа, Г.Болорсайхан, Б.Марс-Эрдэнэ, П.Ганбаатар, Ц.Болортуяа, Д.Ганцэцэг, Д.Энх-Оюун, Б.Өнөболд нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 134 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан мэдүүлсэн шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А нас барсны гэрчилгээ, өвчний түүхийн хуулбар болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т нь мөрдөн шалгах ажиллагаанд “А ах “Би машинаас хутга авъя” гэж хэлээд машин руу гүйхээр нь араас нь тэвэрч авах гэтэл миний баруун гар тэвэрч авалгүй мултарсан бөгөөд тэр үед би өвдөглөж үлдээд А ах урагшаа хураалттай мод руу урд хэсгээрээ /гэдсээрээ/  унасан” гэж мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг гэрч Ц.Болортуяагийн “...ажил дээрээ байж байхад талийгаач ганцаараа гэдсээ барьсан байдалтай “Ах нь гэдэс рүүгээ Т-т өшиглүүлчихлээ, миний гэдэс урагдсан байхаа” гэж хэлээд орж ирсэн. ...хэвлийн зүүн доод хэсэгт байх хуучин сорви руу заагаад “Энэ рүү өшиглөсөн” гэж заагаад байхаар нь сайтар харахад сорвины дээд талд хүйсний нүхний зүүн талд улаан хүрэн хүрээ үүсээд гол хэсэгт нь улаан цэг үүссэн толбо байсан. ...Би сайн сонссон өөрөө бүр тэгж хэлээд ёолоод байсан...” гэх, түүний мэдүүлгийг нотолсон гэрч Д.Ганцэцэг, Д.Энх-Оюун нарын “...тэр үед А ах “Би Т-т өшиглүүлчихлээ, би үхэж хүүхэд баллачихлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 134 тоот “...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал гэмтлийн улмаас хэвлийн гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан мэдүүлсэн шинжээч эмч Н.Уянгын “...Талийгаач А цогцост хийсэн задлан шинжилгээнд хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал, зүүн талын 2-оос 9-р хавирганы хугарал, хэвлийн зүүн хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь өөрөө зогсож байгаад буюу явганаас тэгш гадаргуутай газар унах үед үүсэх боломжгүй. Харин хэвлий хэсэг рүү өшиглөх, өвдөглөх үед үүссэн байх боломжтой. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зурган дээр байх модон дээр унахад талийгаач А цогцост тогтоогдсон гэмтлүүд үүсэх боломжгүй.  ...Талийгаач А биед нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал гэмтэл авч уг гэмтлээс хамаарч хэвлийн хөндийн идээт үрэвслээр хүндэрч нас барсан. Талийгаачийн амь насыг аврахаар эмнэлгийн тусламж үзүүлж хагалгаа хийсэн байсан. Гэвч уг хэвлийн хөндийн идээт үрэвсэл хүндрэл өгч даамжирсан тул амь насыг аврах боломжгүй болсон байна...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр үгүйсгэгдэж, харин түүний шүүх хуралдаанд гаргасан “Би талийгаачийг өшиглөсөн байх, яг санахгүй байна, талийгаач өөрөө өшиглөсөн гэж хэлсэн юм чинь өшиглөсөн” гэх мэдүүлэгтэй нийцэж байхаас гадна хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Т нь хохирогч А биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, чацархайн няцрал буюу хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч А нь эмнэлгийн тусламж авч, мэс засалд орсон боловч гялтан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгчийн учруулсан гэмтлийн улмаас хохирогч эмнэлгийн тусламж авч мэс засалд орсон боловч гэмтлээс үүссэн хүндрэлийн улмаас нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгчийг гэм буруутай байна” гэх дүгнэлт үндэслэлтэй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд эрх зөрчсөн улмаас хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой ба энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй тул шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийгээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Тт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 23,580,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т-т 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул өмгөөлөгч Ө.Батболдын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах” саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас А амь нас хохирсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У нь оршуулгын зардалд 22,080,122 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т төлж барагдуулсан байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд нэмж 2,355,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хурлаас өмнө 855,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүгдэгч Таас 1,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У нь шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т-аас хохирол төлбөрт нийт 23,580,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Т урьд ял шийтгүүлж байгаагүй, 2020 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай тус тус нийцэж байх тул шүүгдэгч Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т-т 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-т эдлүүлэхээр тогтоосон 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У-т 23,580,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ПАГМА

                                   ШҮҮГЧИД                                         Л.БАТЖАРГАЛ

                                                                                                   Г.НАМУУНТУЯА