Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/MA2017/0553

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 03 өдөр                   Дугаар 221/МА2017/0553                          Улаанбаатар хот

        

С.*******н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.*******н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, С.*******г урьд эрхэлж байсан тус сумын Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 6860770 /зургаан сая найман зуун жаран мянга долоон зуун далан/ төгрөгийг Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Ө.Жанболатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.3улхаш би Баян-Өлгий аймаг дахь
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн
№110\ШШ2017\0038 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол
гаргав.

Анхан шатны шүүх С.******* нэхэмжлэлтэй Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч С.******* нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох” гэж заасныг ноцтой зөрчсөн болох нь хариуцагч А.Байболатаас авсан тайлбар, гэрчүүд С.Ануарбек, Ш.Күлияш, Ж.Мамырхан, Б.Габит, С.Досбол, Х.Бекболат нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдсон юм. Тухайлбал, Баянннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.******* нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн өмнөхөн албан тушаалын байдлыг ашиглан сонгуулийн сурталчилгааг аливаа хэлбэрээр хийсэн хууль бус асуудал гаргасан нотлогдсон гэж үзэж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 20.1.5-д “...сонгуульд оролцож байгаа аль нэг намд, эсвэл нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах”, мөн 29.2.5-д “...сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эсвэл нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах” мөн зарим нэр бүхий иргэдийг албан тушаалд тохоон томилохоор амлан, малжуулах төсөлд хамруулна гэж ухуулан сурталчилах, сум хөгжүүлэх сангаас төсөл хөтөлбөрт хамааруулах зэрэг амлалт өгч иргэдийн саналыг төсвийн болон төсвийн хөрөнгөөр худалдаж авах оролдлого хийсэн нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.3-д заасан “...сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох” үйлдэл гаргасныг давхар нотолж байна.

Нэхэмжлэгч С.*******н орон нутгийн сонгуулийн өмнөхөн гаргасан үйлдэлд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг бий болгосон гэж үзэж байна. Гэтэл анхан шатны захиргааны хэрэгт зохих журмын дагуу авагдсан нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд үнэлээгүй явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг няцааж чадаагүй байхад анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчиж байна. Хариуцагчаас С.*******н гаргасан зөрчлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрийг нь байлцуулан хэлэлцүүлэн түүнийг хариуцагч үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 26 дугаар зүйлийн 26.4, 26.7 дахь заалттай нийцэж байна гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110\ШШ2017\0038 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулан С.*******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэгч С.*******г Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-д заасан “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах” зөрчил гаргасан гэж үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулж, С.*******г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зохицуулснаас гадна Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд, үндэслэл тус бүрийг шалгаж, нотлох баримтаар тогтоон, энэ тухай зөрчил гаргасан албан хаагчид танилцуулсан байх шаардлагатай.

Гэтэл хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулиудын сурталчилгаанд оролцсон” гэх зөрчлийг нотлох баримтаар шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчид энэ талаар танилцуулаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралд нэхэмжлэгч С.*******г оролцуулан, санал хурааж ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч нь маргаан бүхий акт гарснаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон нөхцөл байдлуудыг тогтоолгохоор гэрч асуулгах хүсэлт гаргасан байх төдийгүй эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдэд дурдсан асуудал нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2017/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

            ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН