Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

холбогдох захиргааны хэргийн тухай  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                   Х.Батсүрэн,

                                  Д.Мөнхтуяа,

                                  П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV-000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0057 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV-000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0057 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV-000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн нотлох баримтыг дутуу үнэлэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй юм.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2010 онд “Бэрх Уул” ХХК-ийн Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь МУ000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г 5 жилийн хугацаатайгаар баталж олгосон байдаг бөгөөд энэ төлөвлөгөөний дагуу “А” ХХК нь тус талбайд 2015 онд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг хийж, техник тоног төхөөрөмжийг байршуулах явцад дээрх төлөвлөгөөний хугацаа дуусч нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон юм.

5. Магадлалын 4 дэх хуудсанд “ Бэрх Уул” ХХК тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 222 дугаар албан бичгээр тогтоогдож байна...” гэжээ.

6. Хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээж өгөхийг хүссэн хүсэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж үзээгүй нь хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэх, дүгнэхэд хүргэж байна.

7. Нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн талбайн одоогийн байдлыг харуулсан фото зургийг болон бусад нотлох баримтыг хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд мэдүүлснээр үнэлж байгаа нь шүүх нотлох баримтыг тал бүрээс бүрэн нягталж үзнэ гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл юм.

8. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг баримталж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

9. Энэхүү хуулинд Байгалийн нөөц газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй тул Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан заалтыг төсөөтэй хэрэглэх эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тусгайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасныг шийдвэр гаргахдаа харгалзаж үзэх байсан.

10. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрхтэй бөгөөд энэ эрхийг Монгол Улсын төр хангах үүрэгтэйг заасан байдаг. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлаас болж Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж хохирох ёсгүй юм.” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцсэн байна.

12. Нэхэмжлэгч “А” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь MV-000167 дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24/16 тоот албан бичгээр, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт болон менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байх бөгөөд хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06а/2927 тоот албан бичгээр “...MV-000167 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн солбицол нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай бүтэн давхцалтай байх тул байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу өгчээ. 

14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ”, 21 дүгээр зүйлийн 2-т “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ...зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

15. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 28 дугаар тогтоолын 1-ийн 2 дахь заалтаар Хэнтий аймгийн Баян Овоо сумын хилийн зааг дахь Тосон, Хулстай нуур орчмын газар нутгийг Тосон-Хулстайн байгалийн нөөц газар болгож шийдвэрлэжээ.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д нөөцөд авсан талбай гэдгийг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбай гэж ойлгохоор тодорхойлсон байна.

17. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн MV-000167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар буюу байгалийн нөөц газрын хилийн заагтай бүрэн давхцалтай болох нь тогтоогдсон, нэгэнт байгалийн нөөц газарт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон тул хариуцагчаас “тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцалтай” гэсэн үндэслэлээр байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй гэж татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

18. Ийм байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч нь Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолыг анхнаасаа хэрэгжүүлж ажиллаагүй, байгалийн нөөц газарт ашигт малтмал хайх, ашиглах, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, холбогдох зөвшөөрлүүдийг олгож байсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь тус газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах үүргээ биелүүлэх боломжтой гэх зэргийн хууль бус дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

19. Хэдийгээр эрх бүхий захиргааны байгууллагаас тухайн үед Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолыг дагаж мөрдөөгүй, “Бэрх Уул” ХХК-ийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг зогсоож, хориглоогүй нь буруу боловч энэ нь өнөөдөр зөвшөөрөх, мөн нэхэмжлэгчийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон менежментийн төлөвлөгөөг батлах үндэслэл болохгүй, иймд хэргийн нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл хуульд нийцсэн байна. 

20. Мөн “Бэрх Уул” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал эрж хайх, ашиглаж олборлох үйл ажиллагааг явуулан, улмаар тухайн талбайд нөхөн сэргээлт хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба давж заалдах шатны шүүхийн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь менежментийн төлөвлөгөөнд заасан хэмжээнд хүртэл ашигт малтмалыг ашиглаж дууссан тохиолдолд тухайн газрыг нөхөн сэргээх үүрэгтэй байхад нэхэмжлэгчийг үүсмэл ордыг ашиглаж, түүнээс ашиг олон нөхөн сэргээлт хийх эрхтэй гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт зөв байна.  

21. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28, 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.11-д үүсмэл орд, түүнийг ашиглах, үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг олгох үндэслэлүүдийг тодорхойлсон байх ба 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийн эдгээр заалтыг шинээр нэмж батлан, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул хуулийн эдгээр зохицуулалтыг буцаан хэрэглэж нэхэмжлэгчийг үүсмэл ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй юм. 

22. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасныг баримталж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Энэхүү хуульд байгалийн нөөц газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй тул Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан заалтыг төсөөтэй хэрэглэх, эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг шийдвэр гаргахдаа харгалзаж үзэх байсан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй. 

23. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА