Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

******* холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1971 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Харгана овогт *******. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

 Шүүгдэгч Ж.Баярсайхан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 27 ширхэг 0,7834 м3 хэмжээтэй хуурай хэрэглээний нарс мод бэлтгэж, Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 120,380 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Харгана овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэж,

- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Ж.Баярсайханаас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 361.141,2 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 120.380,4 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Баярсайханаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 700,000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 120.380,4 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 27 ширхэг нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

- Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 120.380,4 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 27 ширхэг хэрэглээний хуурай нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдаж,

- Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Чулуунхүүгийн өмчлөлийн “Hundai Porter” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Ц.Чулуунхүүд буцаан олгох, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг хэрэглээний хуурай нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Баярсайхан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ Миний бие Ж.Баярсайхан нь надад холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэлгүйгээр эрүүгийн хариуцлага ногдуулсан гэж гомдол гаргаж байна.

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамрагдсан гэмт хэрэг. Гэтэл шүүх надад оноосон ял шийтгэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэлгүй орхиж, миний ялыг өршөөх, өөр төрлийн ялаар солих ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь миний хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Миний үйлдсэн гэмт хэрэг нь хорих ял байхгүй хэрэг бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамрагдсан байна.

Гэвч 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх зохицуулалт байгаа ба энэ нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн энэ хуулийн өршөөн хэлтрүүлэхэд хамаарахгүй хэсэг нь орох үндэслэлтэй байж болох шинжтэй гэж би ойлгож байна. Хэдийгээр би гэмт хэрэг үйлдсэн нь буруу боловч хууль хүн нэг бүрт адил тэгш үйлчлэх Үндсэн хуулийн үндсэн зарчим алдагдаж иргэн миний бие хуулийн гадуур үлдэх боллоо.

Тэгээд ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн  энэхүү ойлгомжгүй тайлбарыг дээд шатны шүүх нэг мөр болгож хэрэглэх талаар шийдвэр гарган эцсийн болгохгүй бол болохгүй байх. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Надаас хууль бусаар бэлтгэсэн модыг минь хураан авсан. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын дугаар нь 2020 он гэж бичсэн нь дугаарлалтын хувьд буруу бичигдсэн байх талтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад оноосон ялыг ахин нэг эргэн харж Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ж.Баярсайхан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 27 ширхэг 0,7834 м3 хэмжээтэй хуурай хэрэглээний нарс мод бэлтгэж, Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 120,380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч Р.Пүрэвдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25, 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/07 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, шүүх хэргийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-аас “480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Баярсайхан нь “...2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх зохицуулалт байгаа ба энэ нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн энэ хуулийн өршөөн хэлтрүүлэхэд хамаарахгүй хэсэг нь орох үндэслэлтэй байж болох шинжтэй гэж би ойлгож байна. Хэдийгээр би гэмт хэрэг үйлдсэн нь буруу боловч хууль хүн нэг бүрт адил тэгш үйлчлэх Үндсэн хуулийн үндсэн зарчим алдагдаж иргэн миний бие хуулийн гадуур үлдэх боллоо. ...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан ба гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, мөн зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хорих ялгүй бөгөөд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн хуулийн 1.15 дугаар 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан бөгөөд дээрх зохицуулалтыг  үндэслэн Монгол Улсын Их Хурлаас баталсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамааруулах үндэслэлтэй байна давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Баярсайхан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 0,7834 м3 хуурай хэрэглээний модны нөхөн төлбөр болох 361,142.2 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 120.380,4 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч гомдолдоо шүүхийн шийтгэх тогтоолын дугаарыг 2020 он гэж  буруу бичсэн гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд ТЭ/168/2021/ШЦТ/226 гэж, шийтгэх тогтоолд 2021/ШЦТ/226 гэж бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДОЛГОРМАА

                                    ШҮҮГЧИД                                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                            О.БААТАРСҮХ