Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

 

  2021       07         23                                             202/ШЦТ/226

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............овогт Бд холбогдох 2121000000220 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ................ дүгээр багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ................... овогт Б /РД: .............../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 27 ширхэг 0,7834 м3 хэмжээтэй хуурай хэрэглээний нарс мод бэлтгэж, Портер маркийн 16-26 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 120,380 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай сум хэрэглээний модны зөвшөөрөл өгөхгүй байсан юм. Би малдаа хашаа хийх зорилгоор хэрэглээний мод бэлтгэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Гэрч Р.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... цагдаагийн ахлагч М.Э-ын хамт ... Баян-Уул сум руу буцаж явах замд шөнийн 01 цагийн үед Баян-Уул сумын 2 дугаар баг Бумбатын даваа уруудаж явахад хажуугаар мод ачсан хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсөн. ...зогсоож шалгахад Баян-Уул сумын иргэн гэх хүн  дээрээ 4 метр орчим урттай 30 орчим нарийн бөөрөнхий мод аччихсан явж байхлаар нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг тодруулж асуухад ямар ч бичиг баримт байхгүй мод ачиж явсан тул уг тээврийн хэрэгслийг журамлаж сумын төв дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №2021/07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 27 ширхэг хуурай хэрэглээний нарс мод байна.

2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь түймэрт өртөж шатсан, хатсан хуурай, ургах чадваргүй нарс мод байна.

3. 2021 онд Б нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно.

4. 2021 онд Баян-Уул сумын 6 дугаар баг Их цагаан цоорхой гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

6. Их цагаан цоорхой гэх газар нь ашиглалтын бүс, 2-р мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

7.Уг моднууд нь хэрэглээний 27 ширхэг малын хашаа, айл өрхийн хашаа барихад хэрэглэхээр хэрэглээний /шургааг/ хуурай нарс мод байна.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний туушийн мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.4, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадваргүй бүх төрлийн хуурай мод хэсэгт орох 27 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 109,760 төгрөгөөр бодно. Хэрэглээний модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь: 27 ширхэг хуурай нарс мод 0.7834м3 х 1.4 х 109,760 = 120,380.4 төгрөг болно гэжээ. /хх-ийн 51-53/

 

Шүүгдэгч Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Портер маркийн 16-26 ДОР улсын дугаартай машинаа жолоодоод ганцаараа ...Баян-Уул сумын 6 дугаар баг Их цагаан цоорхой гэх нэртэй газар очиж газраар унасан хуурай мод цуглуулж бэлтгэсэн ба тэндээ өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр 4 метр хэмжээтэй тайрч бэлтгээд нийт 27 ширхэг бөөрөнхий мод буюу шургаагыг машиндаа ачаад гэртээ авчирсан. ...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өмнө бэлтгэсэн модоо аваачиж малын хашаа барихаар сумын төвийн гэрээсээ өөрийн эзэмшлийн машинд ачиж яваад ...цагдаагийн ажилтнуудад журамлагдсан. ...би зөвшөөрөлгүй мод бэлтгээд өөрөө ачиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/

 

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-18/

-Эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-31, 33-37/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 56, 57/

-Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4/636 тоот албан бичиг /хх-ийн 63/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/

-Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-76/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Их цагаан цоорхой” гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 27 ширхэг 0,7834 м3 хэмжээтэй хуурай хэрэглээний нарс мод бэлтгэж, Портер маркийн 16-26 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Г, гэрч Р.П нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25, 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/07 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч Быг урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Бы зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 27 ширхэг буюу 0.7834м3 хуурай хэрэглээний нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 120,380.4 төгрөг болох нь шинжээчийн /хх-ийн 51-53/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Бы ойн санд учруулсан хохирлыг 361,141.2 төгрөг гэж тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Шүүгдэгч Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hundai Porter” маркийн 16-26 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Чулуунхүүгийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 32/ нотлогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс  /хх-ийн 57/  700,000 төгрөгөөр үнэлжээ. Шүүгдэгч Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл...” гэж мэдүүлсэн мэдүүлгээс өөрөөр түүний өмч гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг машины үнэ  700,000 төгрөг болон 27  ширхэг хэрэглээний хуурай нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 361,141.2 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Ц.Ч-ийн өмчлөлийн “Hundai Porter” маркийн 16-26 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Ц.Ч-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг хэрэглээний хуурай нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг буюу 0.7834м3 хуурай хэрэглээний нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө, шүүгдэгч Бы иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Бд мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Баас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 361.141,2 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 120.380,4 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн 16-26 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 700,000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 120.380,4 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 27 ширхэг нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Бы гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 120.380,4 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 27 ширхэг хэрэглээний хуурай нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Ч-ийн өмчлөлийн “Hundai Porter” маркийн 16-26 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч Ц.Ч-д буцаан олгох, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг хэрэглээний хуурай нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-96 маркийн хар тагтай, цагаан бариултай, цагаан өнгийн бензин моторт цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.НАМУУНТУЯА