Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2023/00687

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2023/00687

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ны нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ******* ХХК, ******* ******* нарт холбогдох 

 

2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Нэхэмжлэгчиийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд: ******* ХХК-ны захирал ******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* /цахимаар/

Хариуцагч ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахимаар/

Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, Б.*******т нарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдааны үед хамтран хариуцагч Б.*******ээс татгалзаж, хариуцагчийг ******* ХХК гэж эцсийн байдлаар тодорхойлов.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Дархан гурил ХХК-наас худалдах, худалдан авах гэрээ хийж авсан ургамал хамгааллын бодисны үнийн үлдэгдэл 47,450,000.00 /Дөчин долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, анз болох 23,725,000.00 /Хорин гурван сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг нийт 71,175,000.00 /Далан нэгэн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулах.

Нэхэмжлэлийн үндэслэл: Дархан гурил ХХК-наас ХХК-ныг төлөөлж ня-бо Баасанжав овогтой ******* 2022 оны 05 дугаар сарын 21-нд 01 тоот гэрээгээр 24,500,000 төгрөгний бараа авч урьдчилгаанд 12,250,000 төгрөг төлж үлдэгдэл 12,250,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-нд бүрэн төлөхөөр, 2022 оны 06 дугаар сарын 06-нд 011 тоот гэрээ хийж 62,850,000 төлбөрөөс 18,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 44,850,000 төгрөгнөөс 13,425,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 15-нд, 2022 оны 11 дүгээр сарын 01-нд 31,425,000 төгрөгийг төлөхөөр тус тус гэрээ хийж зээлээр авсан юм.

Гэвч ХХК нь гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин өдийг хүрсэн тул барааны үнэ 47,450,000.00 / Дөчин долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, анз болох 23,725,000.00 /Хорин гурван сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг нийт 71,175,000.00 /Далан нэгэн сая нэг зуун далан таван мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамж 513,825.00 төгрөгийг гаргуулан биднийг хохиролгүй богож өгнө үү гэжээ.

- Нэхэмжлэгчиийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох ******* ХХК-ны захирал ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай ХХК нь урд жилүүдэд гэрээ хийж ургамал хамгааллын бүс манайхаас авч байсан. өнгөрсөн жил буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* гэх төлөөлөгчийг явуулж эхний ээлжид 24,500,000 төгрөгийн бодис авч 50% өгч, 50% 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр, дараа нь 62,850,000 бодис авч 50% өгч 50%-ийг 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр авч явсан. Авч явахдаа тарактор зарсан мөнгөнөөс 7 сарын 15-нд төлнө гэж нэмэлт 18,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг төлөхгүй явсан. Энэ мөнгийг төлөөгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 01-нд төлөөгүй учир аргагүйн эрхэнд 2023 оны 03 дугаар сарын 20-нд мөнгөө өг гэж удаа дараа залгаж, мессэж бичиж хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй. Аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Манай авах төлбөр нийт 73,350,000 төгрөг болж байна. Энийг ХХК-с гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах нь учиртай. Шүүхэд хандлаа гээд хамаагүй хүнийг хариуцагчаар татаж болохгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Б.******* гэдэг хүн компани төлөөлж итгэмжлэлтэй явж байсан гэж хэлж байна. Итгэмжлэлтэй явж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрсдийнхөө тайлбараар, өөрсдийнхөө зохиосон зүйлийг яриад яваад байна. Иргэний хуульд зааснаар төлөөлөх эрх үүсдэг. *******ийн хувьд компани төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай харагдаж байна. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан уу? гэдгийг компани тухай хуулийн зохицуулалтыг харвал компанийг төлөөлөх эрх байхгүй. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэдэг нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна. Бичгийн гэрээ бодитойгоор хийсэн зүйл байхгүй. Амаар хэлсэн зүйл байгаа. Манай компанийн хувьд авсан бараа материал нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдээгүй байж байна. Үнэхээр буцааж авмаар байвал авч болно. Мөнгө шаардаж байвал бид нар алданги төлөхгүй, хуулинд зааснаар гэрээ хийсэн байж алданги шаарддаг. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр хариуцагч гаргачихсан, дээр нь хэнээс хэдэн төгрөг шаардаад байгаа нь тодорхой бус, хуралд орж ирэхээрээ нэгнээс нь юм шаардахгүй байна гэдэг нь хэр хууль зүйн хувьд үндэслэл бүхий вэ? гэдгийг шүүх эрх хэмжээний хувьд дэнслэнэ биз гэж ойлгож байна. Нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүй гэв.

 

3. Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэг хариуцагчаасаа татгалзаж байна гэж харж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохигчид гэж байдаг. Энэ дээр агуулгыг тайлбарлачихсан байгаа. Анхнаас нь мөнхцэцэг гэдэг хүн ямар үндэслэлээр байгаа вэ? үүнийг тодруулаад өгөөч ээ гэх шаардлагыг удаа дараа тавьсан. Гэтэл шүүх хуралдаанд орж ирэхдээ *******ээс шаардлаагүй гэж хэлж байна. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй сууж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

******* ХХК нь өмнө манайхаас бараа худалдан авдаг байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 21, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг ******* ХХК-ны захирал ярьсаны дагуу нягтлан Д.*******тэй байгуулж бараа материалыг хүлээлгэн өгсөн. Мөн тухайн үед аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Хүдэрбаатар бараа материалыг тухайн компанид өгчих гэж хэлсэн. Одоо ******* ХХК нь барааны үлдэгдэл төлбөрөө өгөхгүй олон жил сар болж байх тул дээрх компаниас төлбөрийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж,

 

Хариуцагч ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:

Дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэрээнүүд. Гэрээ байгуулах эрхийг компанийн удирдлагаас итгэмжлэлээр Б.*******т олгоогүй, иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн алданги тогтоосон гэрээнүүдийн 4.5 дах заалт Иргэний хуульд заасан алданги тооцох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу алданги төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин барааг буцаан өгөх, эсвэл үнийг төлж болох юм гэж тайлбарлав.

 

2. 2022 оны 5 дугаар сарын 21-ний болон 6 дугаар сарын 06-ний өдөр нэг талаас ******* ХХК-ныг төлөөлж гэж *******, нөгөө талаас ******* ХХК-ныг төлөөлж гэж Б.******* нар Худалдах, худалдан авах гэрээ гэх баримт үйлдэн Гилфосать 540 г/л-ыг 700 литр, Пумасупер 9.5-ыг 550 литр, Форвардыг 260 литр, Лорнетийг 260 литр-ийг ******* ХХК-наас ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс гэрээ хууль ёсны тул барааны үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагчаас гаргуулна, хариуцагчаас гэрээ хүчин төгөлдөр бус тул алданги төлөх үндэслэлгүй, барааг буцаан өгөх, эсвэл үнийг төлж болох юм гэж маргаж байна.

 

Талуудын маргаагүй үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байж магадгүй байна.

 

3. Маргааны талууд компаниуд байх бөгөөд компанийн гэрээ хийх хүсэл зоригийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасны дагуу компаний гүйцэтгэх удирдлага буюу захирал, эсхүл түүний олгосон итгэмжлэлийн үндсэн дээр бусад этгээд илэрхийлэх эрхтэй байна.

 

Гэхдээ Компанийн тухай хуульд зааснаар компанийн үндсэн зорилго нь ашиг олох буй тодорхой бизнесийн үйл ажиллагаа байдаг бөгөөд энэхүү бизнесийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, хугацаа хэмнэж ашгийг нэмэгдүүлэхээр тодорхой итгэлцэл, тогтож хэвшсэн горимоор компани хоорондын бараа нийлүүлэх ажиллагаа явагдах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл бараа нийлүүлэх хэлцлийг заавал тухайн компанийн гүйцэтгэх удирдлага, эсвэл гүйцэтгэх удирдлагаас итгэмжлэл олгосон этгээд хийх шаардлагагүй байдаг. Үүнийг бизнесийн хүрээнд харилцан тогтсон итгэл хамгаалагдах зарчимд үндэслэж хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчээс ******* ХХК нь манайхаас өмнө бараа авч байсан, нягтлан бодогч Б.******* ирж авч байсан гэж тайлбарлаж, тухайн үед захирал ярьсны дагуу Б.*******тэй гэрээ хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү тайлбар нь ******* ХХК-нд өмнө бараа нийлүүлж байсан баримт, гэрээ, энэ талаар мэдэх тодорхой гэрч нарын мэдүүлгээр нотлогдох ёстой. Гэвч энэхүү нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Иргэний хууулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-т заасан ******* ХХК-ны захирал Б.*******т өөрийг нь төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгөх нөхцөл бүрдүүлснээс Б.******* нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон хэлцэл хийсэн, эсхүл Б.******* нь захирал төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн гэсэн нөхцөл байдлууд мөн тогтоогдож нотлогдсонгүй.

 

Иймд *******, ******* компаниудын хооронд өмнө бараа материал нийлүүлж байсан, заавал итгэмжлэл шаардахгүйгээр хэлцэл хийх итгэлцэл, тогтсон ажлын горим байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд итгэл хамгаалагдах зарчмын хүрээнд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Үүнээс дүгнэвэл, 2022 оны 5 дугаар сарын 21-ний болон 6 дугаар сарын 06-ний өдөр хийгдсэн гэрээнд ******* ХХК-ны гэрээ хийх хүсэл зориг хуулийн дагуу буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу илэрхийлэгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хийгдсэн гэрээ хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул талуудад ямар ч эрх, үүрэг үүсгэхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, гэрээнд заасан үүрэг буюу барааны үнэ, алдангийг шаардах эрх ******* ХХК-нд үүсээгүй, мөн ******* ХХК-нд барааны үнэ, алдангийг төлөх үүрэг үүсээгүй байна.

 

Иймд талуудын хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Гилфосать 540 г/л - 700 литр,

- 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Пумасупер 9.5%- 330 литр /550 литрээс буцаан өгсөн 220 литрийг хасаад /, Форвард - 260 литр, Лорнет - 260 литр барааг хариуцагч ******* ХХК-наас буцаан гаргуулж, ******* ХХК-нд,

******* ХХК-наас ******* ХХК-ны дээрх барааны үнэд төлсөн 30,250,000 төгрөгийг буцаан гаргуулж ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хариуцагчаас барааны үнийг төлөх боломжтой гэж тайлбарласан боловч шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул энэхүү шийдвэрээр хариуцагчөөс мөнгө гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Харин шийдвэр гүйцэтгэлийн шатанд барааг мөнгөөр төлөх боломжтой болно.

 

3. Хариуцагч ******* ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн тайлбарыг гаргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага /зохих төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, хамтран өмчлөгч этгээдээс зөвшөөрөл авах гэх мэт/ зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлсөн нь энэхүү ойлголтод хамаарахгүй юм.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс алданги тогтоосон гэрээнүүдийн 4.5 дах заалт Иргэний хуульд заасан алданги тооцох хуулийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

Анхны хэлцэл хийгдсэн 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэлийг шүүхэд гаргасан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 202 хоног байх бөгөөд гүйцэтгэгдээгүй үлдэгдэл төлбөрөөс 0.5 хувийн алдангаар тооцвол нэхэмжлэлд дурдсан алданги 24,450,000 төгрөг нь Иргэний хуулд нийцэж байна.

Гэрээний бичвэрт Хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-ийн алданги нэмж төлнө гэж бичсэн нь Иргэний хуулийн алданги тооцох хуулийн зохицуулалтыг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

 

4. Бараа материалын онцлогтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг заав.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заажээ.

Гэрч Ж.Хүдэрбаатарын мэдүүлэг, ******* ХХК-ны харилцах дансны хуулгаас үзвэл 2022 оны 5 дугаар сарын 21-ний болон 6 дугаар сарын 06-ний өдрийн хэлцэл хийх санаачилгыг Б.******* гаргасан, нэхэмжлэгч ******* ХХК-ны данс руу өөрийн 5400930218 данснаас ХХК Урьдчилгаа, гэх утгаар мөнгө шилжүүлж, ******* ХХК-ныг төлөөлөх эрхтэй мэтээр нэхэмжлэгч компанид ойлгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо Б.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 563,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ны хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан гаргасан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Гилфосать 540 г/л - 700 литр,

- 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Пумасупер - 9.5% 330 литр, Форвард - 260 литр, Лорнет - 260 литр барааг хариуцагч ******* ХХК-наас буцаан гаргуулж, ******* ХХК-нд,

******* ХХК-наас ******* ХХК-ны барааны үнэд төлсөн 30,250,000 төгрөгийг буцаан гаргуулж ******* ХХК-нд тус тус олгосугай.

 

3. Шийдвэрийн 2 дах заалтад заасан бараааг биетээр буцаан өгөх боломжгүй бол гэрээнд заасан үнээр тооцож тухайн барааны мөнгийг ******* ХХК-наас гаргуулж, ******* ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан шийдвэрийн 3 дах заалтад заасан боломжгүй гэдгийг тухайн бараа огт үйлдвэрлэгдэхгүй болсон, Монгол Улсад импортоор орж ирэхгүй болсон, эсхүл 3 сараас дээш хугацааны дараа Монгол Улсад импортоор орж ирэх тохиолдол гэж ойлгохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох Б.*******ээс нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 563,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  7.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

7.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

7.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

7.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН