Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2024/00003

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2023/00687 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

Хариуцагч ******* ******* ХХК, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Хариуцагч ******* ХХК, *******т нарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

******* ******* ХХК-наас ******* ******* ХХК-ныг төлөөлж ня-бо ******* овогтой ******* 2022 оны 05 дугаар сарын 21-нд 01 тоот гэрээгээр 24,500,000 төгрөгний бараа авч урьдчилгаанд 12,250,000 төгрөг төлж үлдэгдэл 12,250,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-нд бүрэн төлөхөөр, 2022 оны 06 дугаар сарын 06-нд 011 тоот гэрээ хийж 62,850,000 төлбөрөөс 18,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 44,850,000 төгрөгнөөс 13,425,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 15-нд, 2022 оны 11 дүгээр сарын 01-нд 31,425,000 төгрөгийг төлөхөөр тус тус гэрээ хийж зээлээр авсан юм.

Гэвч ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин өдийг хүрсэн тул барааны үнэ алдангийн хамт гаргуулахаар шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. ...Эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах нь учиртай. Шүүхэд хандлаа гээд хамаагүй хүнийг хариуцагчаар татаж болохгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. ******* гэдэг хүн компани төлөөлж итгэмжлэлтэй явж байсан гэж хэлж байна. Итгэмжлэлтэй явж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрсдийнхөө тайлбараар, өөрсдийнхөө зохиосон зүйлийг яриад яваад байна. Иргэний хуульд зааснаар төлөөлөх эрх үүсдэг. *******ийн хувьд компани төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай харагдаж байна. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан уу? гэдгийг компани тухай хуулийн зохицуулалтыг харвал компанийг төлөөлөх эрх байхгүй. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэдэг нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна. Бичгийн гэрээ бодитойгоор хийсэн зүйл байхгүй. Амаар хэлсэн зүйл байгаа.

Манай компанийн хувьд авсан бараа материал нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдээгүй байж байна. Үнэхээр буцааж авмаар байвал авч болно. Мөнгө шаардаж байвал бид нар алданги төлөхгүй, хуулинд зааснаар гэрээ хийсэн байж алданги шаарддаг. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр хариуцагч гаргачихсан, дээр нь хэнээс хэдэн төгрөг шаардаад байгаа нь тодорхой бус, хуралд орж ирэхээрээ нэгнээс нь юм шаардахгүй байна гэдэг нь хэр хууль зүйн хувьд үндэслэл бүхий вэ? гэдгийг шүүх эрх хэмжээний хувьд дэнслэнэ биз гэж ойлгож байна. Нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсээгүй гэжээ.

 

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэг хариуцагчаасаа татгалзаж байна гэж харж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохигчид гэж байдаг. Энэ дээр агуулгыг тайлбарлачихсан байгаа. Анхнаас нь ******* гэдэг хүн ямар үндэслэлээр байгаа вэ? үүнийг тодруулаад өгөөч ээ гэх шаардлагыг удаа дараа тавьсан. Гэтэл шүүх хуралдаанд орж ирэхдээ *******ээс шаардаагүй гэж хэлж байна. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй сууж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр 22-ны өдрийн 148/ШШ2023/00687 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,650,000, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Гилфосать 540 г/л - 700 литр,

- 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Пумасупер - 9.5% 330 литр, Форвард - 260 литр, Лорнет - 260 литр барааг хариуцагч ******* ХХК-наас буцаан гаргуулж, ************** ХХК-нд,

******* ******* ХХК-наас ******* *******ХХК-ны барааны үнэд төлсөн 30,250,000 төгрөгийг буцаан гаргуулж ******* ******* ХХК-нд тус тус олгож,

Шийдвэрийн 2 дахь заалтад заасан бараааг биетээр буцаан өгөх боломжгүй бол гэрээнд заасан үнээр тооцож тухайн барааны мөнгийг ******* ******* ХХК-наас гаргуулж, ******* ******* ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан шийдвэрийн 3 дах заалтад заасан боломжгүй гэдгийг тухайн бараа огт үйлдвэрлэгдэхгүй болсон, Монгол Улсад импортоор орж ирэхгүй болсон, эсхүл 3 сараас дээш хугацааны дараа Монгол Улсад импортоор орж ирэх тохиолдол гэж ойлгохыг дурдан,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох *******ээс нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах, 2022 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 11 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 563,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 148/ШШ2023/00687 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр үндэслэлгүй, хууль бус болсон гэж үзэж байна. Үүнд:

 1.Үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар:

Манай компани болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 5 сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ болон 2022 оны 6 сарын 06-ны өдрийн 11 дугаартай Худалдах, худалдах авах гэрээ-ний үүрэгт 36,650,000 төгрөг болон алданги 24,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагчаас алдангийг төлөхгүй гэж бичгээр ирүүлсэн хариу тайлбар гаргаж, уг тайлбараа мөн шүүх хуралдаанд гаргасан. /ХХ-ийн 35, 85 тал /

******* ******* ХХК-иас ирүүлсэн хариу тайлбартаа Худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан *******т гэрээ байгуулах эрх олгоогүй, дур мэдэн компанийн тамгыг ашигласан гэж тайлбар өгөөгүй бөгөөд зөвхөн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, итгэмжлэл олгогдоогүй гэх тайлбарыг өгсөн.

Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн хариу тайлбар, худалдах, худалдах авах гэрээний дагуу бараа нийлүүлсэн, хүлээн авсан, буцаалт хийсэн үйл баримтаас үзвэл ******* ******* ХХК нь худалдах, худалдах авах гэрээний дагуу бараа худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь гэрээ байгуулагдсныг бүрэн нотолж байна. Энэхүү үйл баримт буюу бараа хүлээн авсан, ашигласан нөхцөл байдал нь Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсныг анхан шатны шүүхийн шийдвэрийн Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байж магадгүй байна гэх дүгнэлтээр мөн нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж байгаа нь хууль бус юм. Учир нь Талууд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсантай холбоотойгоор маргаагүй бөгөөд зөвхөн алданги төлөхгүй гэж татгалзсан.

2022 оны 5 сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ болон 2022 оны 6 сарын 06-ны өдрийн 11 дугаартай Худалдах, худалдах авах гэрээ-нүүдийг хууль зөрчсөн хэлцэл буюу хуулиар хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөнийг шүүхийн шийдвэрт заагаагүй.

******* ******* ХХК-ийн захирал ******* нь 2023.05.05-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ...******* дур мэдэн гэрээ байгуулсан, бид ийм бараа аваагүй, энэ талаар мэдэхгүй... гэж бичээгүй ба хуульчийн зөвлөгөөний дагуу шаардах эрхгүй гэж бичсэн байдаг. Уг тайлбарын агуулгаас үзвэл манай компанийг хууран мэхлэх, хариуцлагаас зугтах гэж оролдож байгаа нь харагдаж байна.

Худалдах, худалдан авах гэрээ болон зарлагын падаанд баримтуудад ******* ******* ХХК-ийн тамга дарагдсанаа гадна урьдчилгаа төлбөрийн гүйлгээний утга дээр ******* ******* ХХК гэж бичигдсэн байгааг захирал ******* үгүйсгээгүй.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасны дагуу ******* ******* ХХК-иас өнөөдрийг хүртэл *******ийг төлөөлөх эрхгүй талаар мэдэгдээгүй, барааны үнийг ******* төлөх талаар нэг тайлбар гаргаагүй болохыг шүүх анхаарахгүй үндэслэлгүйгээр хариуцагчаас мөнгө гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэх шийдвэр гаргасан.

Хэрэгт манай компанийн нийлүүлсэн бараа байгаа гэх нотлох баримт байхгүй байхад шүүхээс ямар ч үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй, манай компаниас бараагаа буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сорөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, эаримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэж заасныг зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасныг дордуулж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.Нэхэмжлэлийн шаардлага гараагүй асуудлаар хууль бус шийдвэр гаргасан талаар:

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т Анхан шатны шүүх хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 115.2.1-т нэхэмжлэлийн шаардлагыг хангах; 115.2.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох; 115.2.3-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж тус тус заасан ба Талуудын зарчим-ын хүрээнд өвхөн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, зарим хэсгийг хангах эсвэл хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах үүрэгтэй.

Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ гэх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн Гилфосить 540 г/л-700 литр, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай худалдах, худалдан авах гэрээ гэх хэлцлийн дагуу шилжүүлсэн Пумасупер-9,5%-330 литр/550 литрээс буцаан өгсөн 220 литрийг хасаад/ Форвард-260 литр, Лорнет-260 литр барааг хариуцагч ******* ******* ХХК-иаас буцаан гаргуулж, ******* ******* ХХК-д олгохоор, Манай компаниас 30,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэж байна.

Учир нь дээрх нийлүүлсэн барааг ******* ******* ХХК бүрэн хэрэглэсэн ба зөвхөн Пумасупер-9,5%-330 литр/550 литрээс 220 литрийг буцаан өгсөн. Бусад бүх барааг хэрэглээд үнийг нь тохироод урьдчилгаа төлбөрийг төлсөн. Уг урьдчилгаа төлбөрийг ******* ******* ХХК-иас *******ийн дансаар дамжуулан манай компанид өгсөн. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг бүрэн нотолж байгаа ба хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56.5-д заасныг өөрийн санаачилгаар хэн ч нэхэмжлэл гаргаагүй байхад хэрэглэсэн ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хууль бус, биелэгдэхгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Манай компани нь худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан барааны үнэ 30,250,000 төгрөгийг буцаан олгох үүрэг байхгүй, үүнийг гаргуулахаар хариуцагчаас огт шаардаагүй, ийм сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх санаачилгаар ийм шийдвэр гаргаж байгаад гайхаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 148/ШШ2023/00687 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, манай компанийн гаргасан ******* ******* ХХК-иас 73,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна.

Гомдлоо хоёр үндэслэлээр гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч талаас худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй гэж маргаагүй харин алданги зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тайлбараа шүүхэд ирүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч талаас бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад үйл ажиллагаандаа ашигласан үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцон нийлүүлсэн бүтээгдэхүүнийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ургамал хамгааллалын бодисыг хэн нэгэн дуртай этгээд худалдаад байдаггүй. Тусгай зөвшөөрлөөр импортоор оруулж ирж тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд худалдан борлуулдаг. Энэ утггаараа нэгэнт хэрэглэсэн бүтээгдэхүүнийг хариуцагч хэрхэн яаж нэхэмжлэгчид буцаан олгох вэ? Гэх мэт ойлгомжгүй биелэгдэх боломжгүй шийдвэр гарсан. Мөн нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ үнийг авч чадаагүй байхад дахин нэмж 30 гаруй сая төгрөг хариуцагчид төлөхөөр нэхэмжлэгчийг нэмж хохироосон шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК ны захирал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хэрггийг үндэслэлгүй шшийдвэрлэсэн гэж үзэж байна. Манай компани нь ургамал хамгаалалыг бодисыг тусгай зөвшөөрлийн дагуу импортоор оруулж ирдэг үйл ажиллагаа явуулдаг. Хавар тариалалтын өмнө болон тарины ургалтын үед ургамал хамгаалалтын бодисыг хэрэглэдэг. ******* ******* ХХК нь 2020, 2021 онд манай компаниас бага хэмжээгээр ургамал хамгаалалын бодис худалдан авч байсан. Харин 2022 оны хавар ******* ******* ХХК ны захирал ******* нь утсаар холбогдоод бодисыг зээлээр худалдан авахаар тохирч нягтлан бодогч *******ийг гэрээ байгуулахаар ирүүлсэн. ******* нь компаний гэрчилгээ, тамгатай ирээд гэрээ байгуулж бүтээгдэхүүнийг авч барааны үнийн урьдчилгааг шилжүүлсэн. Мөн барааны үнэ төлөх талаар түүний фээсбүкээр харилцаж байсан. Урьд жилүүдэд бүтээгдэхүүн авахдаа нягтлан ******* мөн л төлөөлж гэрээ байгуулаад авдаг байсан.

. ******* ******* ХХК нь ургацын баяр хийсэн талаараа фээсбүк дээрээ зургаа тавьсан тэр дотор нь ******* байж л байдаг гэтэл одоо энэ хүнийг төлөөлөх эрхгүй гэж байгааг нь ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь тус хэрэгт *******ийг хамтран хариуцагчаар татсан атлаа нхэмжлэгчийн ямар эрхийг ******* хэрхэн хохироосон нь талаар нэхэмжлэгчээс тодорхойлоогүй байна. Хамтран хариуцагч ******* нь худалдан авсан бүтээгдэхүүнийг өөрөө авч ашиглаагүй тул энэ хэргийг хариуцагч болохгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч *******т холбогдуулан ггаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул миний зүгээс өөр тайлбар байхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг тус тус зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-нд холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 06-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,900,000 төгрөг, дээрх гэрээнүүдийн алданги 24,450,000 төгрөг, нийт 73,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууль зөрчиж байгуулагдсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэн түүний үр дагавар буюу гэрээний дагуу шилжүүлсэн бүтээгдэхүүн түүний үнэ зэргийг харилцан буцаан олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 3.Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй зүйлийг шийдвэрлэсэн гэжээ.

 4.Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хариуцагч ******* ******* ХХК нь 24.500,000 төгрөгийн үнэ бүхий Гилфосать 540 г/л ургамал хамгаалалын бодисыг 700 литр худалдан авахаар гэрээ байгуулж гэрээний үнийн 50 хувь буюу 12.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар 2022 оны 05 дугаар сарын 21-нд 01 тоот гэрээ, мөн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нийт 62.850.000 төгрөгийн үнэ бүхий Пумасупер 9.5% нэртэй бодис 550 литр, Форвард нэртэй бодис 260 литр, Лорнет нэртэй бодис 260 литр тус тус худалдан авахаар тохирч нийт барааны 50 хувь 31.425.000 төгрөгийг төлж үлдэгдэл 31.425.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ны дотор төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулжээ.

Тус гэрээний худалдагч талыг төлөөлж *******-Гурил ХХК-ийн захирал худалдан авагч тал ******* Болор ХХК-ийг төлөөлөж ******* нар гарын үсэг зурж гэрээнд хоёр компаний өөрсдийн тамгыг дарж баталгаажуулжээ.

Гэрээнд заасны дагуу худалдагч ******* ******* ХХК -нд худалдан авагч тал болох ******* ******* ХХК нь ургамал хамгаалалын бодисын урьдчилгаа төлбөрт 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12,250,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 31.425.000 төгрөгийг тус тус төлж,

худалдагч ******* ******* ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ургамал хамгаалалын Гилфосать 540 г/ бодисыг 700 литрыг,

-2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ургамал хамгаалалын Пумасупер 9.5% нэртэй 550 литр бодис, Форвард нэртэй 260 литр бодис, Лорнет нэртэй 260 литр бодисыг тус тус худалдан авагч ******* ******* ХХК-нд шилжүүлэн өгсөн байна.

******* ******* ХХК нь нийт хүлээн авсан ургамал хамгаалалын бодисоос 2022 оны 07 сард 9.020.000 төгрөгийн үнэ бүхий Пумасупер 9.5% нэртэй 220 литр бодисыг худалдагч тал болох ******* ******* ХХК-нд буцаан өгсөн байна.

******* ******* ХХК нь худалдан авсан ургамал хамгаалалын бодисны үнийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид ургамалын бодис худалдсан болон худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй.

Харин хариуцагч ******* ******* ХХК нь өөрийг нь төлөөлж гэрээ байгуулсан ******* овогтой ******* нь тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, комапний удирдлагаас түүнд хуулийн этгээдийг төлөөлөх эрх олгоогүй тул нэхэмжлэгчтэй байгуулсан бичгийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 5.Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:

Зохигчдын хооронд 2022 оны 05 дугаар сарын 21, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус худалдах худалдан авах гэрээ байгуулж тус гэрээний дагуу худалдагчаас худалдан авагчид бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдан авагчаас ******* ******* ХХК-аас барааны үнэ шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, бүтээгдэхүүний зарлагын баримт болон ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /хх-66-70,94-97/ зэрэг баримтудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ******* ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн ургамал хамгаалалын бодисын үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан алдангийн хамт гаргуулах гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа компанийн удирдлагаас итгэмжлэлээр *******т олгоогүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэжээ.

 6.Хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн ... ******* ******* ХХК нь ургамал хамгаалалын /химийн бодис/ бодисыг тусгай зөвшөөрлийн дагуу импортоор оруулж ирж газар тариалангийн компаниудад худалддаг. Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Хүдэрбаатараар дамжуулан ******* ******* ХХК-ийн захирал ******* нь утсаар холбогдон ургамал хамгаалалын бодис худалдах авах талаар хүсэлт гаргаж өөрийн компаний нягтлан бодогч *******ийг гэрээ байгуулах төлөөлөгч ирүүлсэн, ******* өөрийгөө тус компаний нягтлан бодогч гэж танилцуулж худалдан авсан бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг нь шилжүүлсэн, тус ХХК нь 2020, 2021 онд худалдан авалт хийж байсан тул бүтээгдэхүүнийг тодорхой хугацаатай зээлээр олгосон... гэсэн мэдүүлэг,

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ... 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Глифосать 540г/л 540литр, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Пумасупер 9.5% 500литр, форвард 260 литр, лорнет 260 литр тус тус нийлүүлсэн байсан үүнээс 200 литрийг нэхэмжлэгчид буцаан өгсөн... /хх-85/ гэсэн тайлбар зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч тухайн гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэсэн үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх төлөөлөгийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэхээр зохицуулсан. Хуульд төлөөлөгчийн эрх нь итгэмжлэлийн үндсэн дээр үүсэхээр зохицуулсан боловч Иргэний хуулийн 65 дугаар зүйлд дараах тохиолдолд төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг тусгажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай ургамал хамгаалалын бодис худалдан авах талаар хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал холбогдож өөрийн нягтлан бодогч ажилтай *******ийг гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж танилцуулсан, ******* нь тус компанийг төлөөлж гэрээ байгуулан гэрээний урьдчилгааг төлсөн, түүнчлэн компаний тамга тэмдэгийг эзэмшиж байгуулсан гэрээг баталгаажуулсан зэрэг үйлдлээс *******ийг ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон гэрээ байгуулсан байна.

Хэдийгээр ******* нь ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгүй боловч түүнийг тус компанид нягтлан бодогчоор ажилладаг гэсэн ойлголтыг бусдад өгсөн болох нь гэрч Ж.Хүдэрбаатарын ... ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч ******* надад хандаж ургамал хамгаалалын бодис зээлээр гэрээ хийгээд олгож байгаа газар байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь ******* ******* ХХК-ийн Жаргалсайхан ах зээлээр олгодог гэж хэлж өгсөн. ******* нь ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч гэж явдаг байсан албан ёсны тушаал шийдвэртэй эсэх талаар мэдэхгүй... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Дээрхи үйл баримтаар *******т хариуцагч ******* ******* ХХК-ийн удирдлагаас өөрт нь хуульд заасан итгэмжлэл олгоогүй боловч ******* нь өөрийгөө тус компанийг төлөөлөх эрх олгогдсон гэж ойлгон хуулийн этгээдийн үйл ажиллагааны төлөө бусадтай хэлцэл хийсэн, хэлцэлийн дагуу түүний худалдан авсан ургамал хамгаалалын бодисыг компани үйл ажиллагаандаа хэрэглэсэн үйлдэл нь ******* ******* ХХК нь түүний тухайн компанийг төлөөлөн хэлцэл хийсэн үйлдлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь *******ийн төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул *******ийн төлөөлөх бүрэн эрхгүй байсныг ашиглан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 7.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлмйн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч ******* ******* ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлсэн тул худалдан авагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үнийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээнийхээ үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Мөн талууд гэрээгээр худалдсан бүтээгдэхүүний үнийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр анзын гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлага хангасан байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 48.900.000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүлийн 232.4-т зааснаар алданги 24.450.000 төгрөг нийт 73.350.000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулан олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8.Давж заалдах гомдлын талаар:

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай худалдах худалдан авах гэрээнүүдийг зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэг нь хэлцэлийн агуулга хуулиар хориглосон буюу зөвшөөрөгдөөгүй эсхүл нийтээр зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчин хийгдсэн байхыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд худалдах худалдах авах гэрээний зүйл болох ургамал хамгаалалын бодис нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нийтэд худалдахыг хориглосон байх эсхүл ургамал хамгаалалын бодисыг зориулалтын бусаар ашиглахаар худалдан авч байгаа зэргийг дээрхи нөхцөл байдалд харгалзан үзнэ.

Харин хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд түүний зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн асуудал нь хэлцэлийн зорилго, төлөөлүүлэгчийн эрх ашигт нийцсэн эсэх төлөөлүүлэгчийн зөвшөөрөл, төлөөлөгчийн хийсэн үйлдэл зэргээс шалтгаалан хэлцэл хүчин төгөлдөр эсэх болон үр дагаварын асуудал хөндөгддөг гэдгийг шүүх анхаараагүй зөвхөн хуулийн этгээдийн удирдлагаас итгэмжлэл олгосноор л төлөөлүүлэгчид эрх үүсдэг гэж хуулийг явцуу утгаар тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр хэргийг шийдвэрлэж байгаа нь талуудын эрх тэгш байх, шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэх учрыг тайлбарлах нь зүйтэй.

9.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлээ хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн захирамжаар *******ийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хамтран хариуцагч *******ээс татгалзсан тухай тайлбар гаргасан байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хамтран хариуцагч *******т холбогдох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг хангаж талуудын хооронд үүсэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2023/00687 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийнн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас гэрээний үүрэг 48.900.000 төгрөг, алданги 24.450.000 төгрөг нийт 73.350.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай. гэж,

 2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хамтран хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдсугай. гэж,

 6 дахь заалтыг:

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.240 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас тэмдэгтийн хураамж 524,700 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд олгосугай. гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3, 4, 5 заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 309,200+563,625=872,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

   

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form