Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

******* холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг

Прокурор                                                              С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

өмгөөлөгч                                                             Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Ө.Батболд

Шүүгдэгч                                                               Д.Дашдорж нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Лэглүүд хүгдүүд овогт *******. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

Шүүгдэгч Д.Дашдорж нь 2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Нуур” хорооллын ******* тоотод найз охиныг нь оролдсон шалтгаанаар *******ийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Д.Дашдоржийг бусдыг алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Лэглүүд хүгдүүд овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон 286 /хоёр зуун наян зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4-д зааснаар шүүгдэгч ******* амь хохирогч *******ийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрт 4,153,474 төгрөгийг нөхөн гаргуулж С.Ирмүүн, Г.Гансувд, Г.Сувдансондор нарын төрсөн эх Э.Сумъяад олгохоор тогтоож, гэм хор учруулсны төлбөрт цаашид 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 503,400 төгрөгийг гаргуулж С.Ирмүүн, Г.Гансувд, Г.Сувдансондор нарыг 16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл төрсөн эх Э.Сумъяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн амь хохирогч *******ийн цалин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 20,758,235 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас эвдэрсэн зурагтын үнэ 500,000 төгрөг, оршуулгын зардлын зөрүү 4,611,864 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд ******* нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шүдийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Дашдорж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т оршуулгын зардалд 4,122,874 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 377,126 төгрөг, нийт 4,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хохирол төлбөрийн асуудлыг хохирогчийн ар гэрийн нөхцөл байдал, санхүүгийн байдлыг бүрэн авч хэлэлцэлгүй хохирогчийн асрамжинд байсан эхнэр, 3 хүүхдийг санхүүгийн хүнд байдалд үлдээж, улмаар хүний амь насыг зодож хөнөөсөн шүүгдэгчид хөнгөн ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1. Хохирогчийн оршуулгын зардал нийт 8 734 738 төгрөг болсон гэтэл шүүх үүнийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийн оронд хагас нь болох 4 122 874 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Бид цаг бусаар өөд болсон талийгаач хүүгээ хөдөөлүүлэх ажлыг зохион байгуулахад 8 734 738 төгрөгийг зарцуулсан болохоос биш гэр бүлд минь тохиолдсон уй гашуугаар дамжуулж яллагдагч ******* илүү төлбөр гаргуулан авах гэсэн санаа огт байхгүй. Уг 8 734 738 төгрөгийг бид хөдөөлүүлэх үйл ажиллагаанд аль хэдийн зарцуулчихсан. Зарцуулсан мөнгөө л яллагдагчаас гаргуулан авах гэж байгаа хэрэг. Яллагдагч Д.Дашдорж миний амин үрийг биднээс үүрд хагацаагаад зогсохгүй төлбөр мөнгөний асуудалд үлдээж байгаа нь шударга бус байна.

2. Амь хохирогч ******* нь амьд ахуй цагтаа өөрийн эхнэр, 3 хүүхдийг асран халамжилдаг байсан. Түүнийг өөд болсноос хойш энэ гэрийн ноён нурууг эхнэр нь үүрэх болж 3 хүүхдээ өсгөх хүндхэн нөхцөл байдалд хүрээд байна. Гэтэл *******ийн амьд ахуй цагтаа Голомт банкнаас авч байсан цалингийн зээл 9 598 115.38 төгрөг, Гялс ББСБ-аас авсан зээл 1 160 120.50 төгрөг, хамаатны эгчээс үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан зээл 10 000 000 төгрөг нийт 20 758 235.88 төгрөгийг өр зээлтэй байсан. Хэрэв амь хохирогч өөрөө амьд сэрүүн байсан бол уг зээлийг үргэлжлүүлэн төлөөд л явах байсан. Гэтэл шүүх хэний буруутай үйлдлээс болж уг зээлийн гэрээний үүрэг тасарч ийм байдалд хүрснийг анхаарч үзэлгүй зээлийн төлбөрийн гүйцэтгэлийг түүний эхнэр 3 хүүхдэд нь үлдээн шийдвэрлэсэн нь туйлын буруу бөгөөд уг асуудлаас болж зээлийн барьцаанд буй эд хөрөнгө хураагдах асуудалд ороод байна. Одоогоор яллагдагчаас авсан 4 500 000 төгрөгийг тэр чигт нь түүний цалингийн зээлд өгсөн бөгөөд цааш төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алданги гэж 2 сая гаруй төгрөг банк нэмж тооцон явж байна. Хэрвээ ******* хүү минь амьд сэрүүн ажлаа хийгээд явж байсан бол энэхүү өр төлбөр, зээлийн асуудал зөрчилгүй төлөгдөж байх байсан. Гэтэл түүний амийг хөнөөснөөр энэ төлбөр төлөгдөхгүй байгаа нь шүүгдэгч Д.******* буруутай үйлдлээс болоод байхад түүнийг шүүхээс ******* хамаагүй гэж үзсэн нь буруу юм. Нялх биетэй эх хүн яаж энэ зээлийг төлөх байсан юм бэ. Хэрвээ нялх биегүй ажил хийж байсан бол өөр хэрэг гэтэл энэ талын нотлох баримт гарган өгч нотолж байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Гэм хорын хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэхгүй бол эцэст нь иргэний шүүхээр ч нэхэмжлэх эрхгүй хохирогчийн хувьд хамгийн их хохирол амсаж хуулиар хамгаалагдах эрхгүй болж байгаад гомдолтой байна.

3. Мөн гэмт хэргийн үеэр эвдэрсэн зурагтын үнийг гаргуулах талаар хэлэлцэхгүй орхигдуулсан нь буруу байна. Уг зурагтыг гэмт хэрэг болсон цагт уг гэмт хэргийн улмаас эвдэрсэн болох нь яллагдагч болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл энэхүү үйл явдлаас болж уг зурагт эвдэрсэн нь туйлын үнэн билээ. Гэтэл энэхүү хэргийг шийдвэрлэж байгаа шүүх зурагтаар дамжуулан хохирогчийн ар гэрт учирсан хохирлыг хэлэлцэлгүй орхигдуулж болохгүй. Ядаж тухайн үеийн зах зээл дээрх ижил төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг дүйцүүлж тооцон хохирол барагдуулахаар хохирогчид даалгах нь зүйтэй.

4. Мөн яллагдагч Д.******* хийсэн үйлдэлд нь оноосон ялыг бидний зүгээс хөнгөдүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тэр тусмаа хүний амь санаатайгаар хохироосон хүнийг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Нэг нутаг усны, нэг ангид цэргийн алба хаасан найз гэж байгаа хүнээ гэмтэл учруулан улмаар амь насыг нь санаатай хөнөөсөн хүний хийсэн гэмт үйлдэлд нь тохирохгүй ял шийтгэл оногдуулсан. Тэгээд ч үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг миний хүүг найз эмэгтэйг нь оролдсон гэж шүүх хурал дээр улайм цайм худлаа хэлж байхад шүүх миний хүүгийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг болсон гэж дүгнэсэнд гомдож байна. Угтаа тэр Өнөрцэцэг гэх эмэгтэй нь биеэ үнэлж байсан хүүхэн болохоос ******* найз охин биш гэж би хэргийн материалаас ойлгосон. Хэрвээ найз охин нь мөн байсан бол шөнө согтуу эрчүүлийн дунд орхиод ямар ч тусламж үзүүлэхгүй явдаг найз залуу гэж байх уу. Өөр эр хүний өвөрт унтаж байхад өглөө ирээд Дашдорж ямар байдалд орсон бэ тэр талаар тоож байгаа зүйл байхгүй байсан нь хэрэгт шалгагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой байгаа. Гэтэл шүүх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг найз охиныг нь оролдсон гэж дүгнээд хохирогчийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Ер нь тэр охин нэг бол унтаж байсан, нэг бол дэргэд нь сууж байсан гэж 2 янз л байдаг. Хэрвээ хажууд нь сууж байсан бол түүний гуян дээр гараа тавьсан согтуу хүний үйлдэл нь оролдсон гэж хэлэх болж байна уу. Би бодохдоо хавтаст хэрэгт цугларсан мэдүүлгээс шүүх хуралдаан дээр өгсөн ******* мэдүүлэг хохирогчийг буруутгах гэсэн өнгө аястай хийсэн хэргээ бүрэн дүүрэн зөвшөөрсөн шинжгүй мэдүүлж байхад шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзээд түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөдсөн учраас нэмж оногдуулна уу гэж хүсч байна.

Уг үйл явдлаас болж манай бэр хамгийн их хохироод явж байгаа бөгөөд нөхрөө нас барснаас хойш 2 3 хоногийн дараа төрж ажил хийж чадалгүй нялх хүүхэдтэй үлдсэн ч өнөөдрийн байдлаар хохирогчийн үлдээсэн зээлийг төлж чадахгүй өөрсдийн орон байраа хураалгах дээр тулаад явж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг ахин нэг харж яллагдагчид оноосон ялын байдал болон хохирол төлбөрийн асуудлыг шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний эхнэр 3 хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хохирогчийн хөндөгдсөн эрхийг хамгаалж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Үндсэндээ анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлж ялыг хийсэн гэмт хэрэгт нь тохируулан оногдуулах нь хамгийн үнэн шударга хэрэг болох билээ. Мөн гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шалтгаант холбоог нь харгалзан үзэж хохирогчийн эрхийг хамгаалж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Дашдоржид оногдуулсан хорих ялыг хөнгөдсөн гэж үзэж гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Давж заалдах шатны шүүхээс ялыг хүндрүүлэх боломжгүй гэдгийг ойлгож байна. Тиймээс гомдлыг хүлээн авах юм бол хэргийг буцаан анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Шүүхээс оршуулгын зардлын тодорхой хэсгийг шийдвэрлэж үлдэх хэсгийг иргэний журмаар шийдвэрлэх эрхтэйгээр үлдээсэн байгаа. Шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зээлийн асуудал байдаг. Хохирогчийн эхнэр нь нялх хүүхэдтэй хүн байгаа. Гэтэл энэ хүн 20 гаруй сая төгрөгийн зээлийг яаж төлөх вэ гэдэг асуудал үүссэн. Шүүгдэгчийн зүгээс учруулсан хохирлыг бүхэлд нь төлж барагдуулах үүрэгтэй. Ядаж тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгох биш иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ боломжоор хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Дашдорж гаргасан тайлбартаа: Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: Дашдорж болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс бүрэн бодитой үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дашдорж нь амь хохирогчтой цэргийн алба хамт хашиж байсан найзууд байдаг. Мөн параллел ангийн хүүхэд нь байсан. Ингээд ******* хувьд найз охиныг нь оролдсон учраас амь хохирогчийг гэмтээж түүний амь насанд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэж тайлбарладаг. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэ зүйл ангийн хувьд 8-15 жилийн хорих ялтай байдаг ба үүнээс анхан шатны шүүх 9 жилийн хорих ял оногдуулсан. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал гэж ойлгож байна. Мөн амь хохирогчийн хүүхдүүдэд тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Зээлийн асуудал энд хамаарахгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр асуудалд гомдол гаргасан гэж ойлголоо. Эхний асуудал болох хохирлын хэмжээний хувьд анхан шатны шүүх баримттай бүхий л хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Мөн цалингийн хэмжээнд холбогдуулж, хуульд заасан тооцоолох аргачлалын дагуу хэмжээг тогтоосон гэж үзэж байна. Тиймээс надад энэ хэсэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Мөн ялын хэмжээ хөнгөдсөн гэсэн асуудлын хувьд шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн сонгох санкцын дагуу ял оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.Дашдорж нь 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Нуур” хорооллын ******* тоотод найз охиныг нь оролдсон шалтгаанаар *******ийг зодсоны улмаас их тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл авч нас барсан болох нь шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Энхмөрөн, С.Уран-Очир, Ц.Зэнээмэдэр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 142 тоот, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн 830 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6129 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6130 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, прокурор, шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  гэж заасан бөгөөд шүүх нь Эрүүгийн хуульд заасан ялын хүрээ хэмжээний дотор, шүүгчид олгогдсон эрхийн хүрээнд, шүүгдэгчид есөн жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гаргасан “...Шүүгдэгчид хөнгөн ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй...” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргасан гомдлын тухайд дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.Үүнд:

1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед эвдэрсэн гэх зурагтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө 500,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснээс өөрөөр эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн үнэлгээний баримт хэрэгт авагдаагүй учир зах зээл дээрх ижил төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг дүйцүүлж хохирлыг барагдуулах боломжгүй юм. Иймд зурагтны үнийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байна.

2. Оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 8,734,738 төгрөг зарцуулсан гэж зардлын жагсаалтыг хэрэгт хавсаргаж өгсөн /2-р хавтасны 176/ хэдий ч 4,122,874 төгрөгийн баримт хэрэгт авагдсан, бусад нь нотлох баримтгүй тул 4,611,864 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалттай нийцжээ.

3. Амь хохирогч *******ийн “Бид Гялс ББСБ” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан цалингийн зээлийн үлдэгдэл 1,160,120.50 төгрөг /2-р хавтасны 154/, Голомт банкны Дорнод аймаг дахь Хэрлэн тооцооны төвтэй 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн үлдэгдэл 9,598,115.38 төгрөг /2-р хавтасны 155/, хувь хүнээс үл хөдлөх хөрөнгө барьцаалан авсан зээл гэх 10,000,000 төгрөг /2-р хавтасны 153/, нийт 20,758,235.88 төгрөгийг нэхэмжлэхдээ “Бид Гялс ББСБ” ХХК, Голомт банкны Дорнод аймаг дахь Хэрлэн тооцооны төвтэй тус тус байгуулсан зээлийн гэрээ, иргэн Б.Бат-Очирын ХААН банктай байгуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нотлох баримтаар тус тус хавсаргажээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасан ба амь хохирогчийн зээлийн гэрээний үүрэг нь гэм хор учруулсны хохиролд хамаарахгүй тул шүүх 20,758,235.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин шүүх гэм хор учруулсны төлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.а-д зааснаар нас барагчийн цалин хөлсний дунджийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон боловч түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 7, 8, 9 дүгээр сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийт дүнгээс /нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцоогүй/ тооцсон нь буруу байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж үзнэ. Тухайлбал: нас барагчийн /сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөлс/ суутгал хийгдээгүй нийт цалингаас даатгуулагчийн төлсөн шимтгэлийг хасч, үлдэх хэсгээс тооцов. /нийгмийн даатгалын дэвтэр 2-р хавтасны 147-р талд/ Үүнд:

1. 7 дугаар сарын цалин 1705000-196075=1,508,925 төгрөг

2. 8 дугаар сарын цалин 1102000-126730=975,270 төгрөг

3. 9 дүгээр сарын цалин 1150000-132250=1,017,750 төгрөг, нийт сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 1167135 төгрөг /1508925+975270+1017750=3,501,945:3=1,167,315 / болно.

Нас барагчийн сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1,167,315 төгрөгөөс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нас барагч болон хөдөлмөрийн чадвартай эхнэр Э.Сумьяа нарт оногдох хэсгийг хасч, үлдэх хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тооцох нь зүйтэй. Нас барагч нь эхнэр 3 хүүхдийн хамт, ам бүл 5-уул амьдардаг байсан ба  түүний сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1,167,315 төгрөгийг 5 ам бүлд хуваахад нэг хүнд 233463 төгрөг оногдоно. /1167 315:5=233 463 төгрөг, 2 хүний 466 926 төгрөг/,1167 315 төгрөгөөс 466 926 төгрөгийг хасч, үлдэх хэсэг нь 700,389 төгрөг болно.

700,389 төгрөгөөс  нийгмийн халамжийн сангаас олгож буй 288 000 төгрөгийг /Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдөх хүртэл/ хасч тооцоход 412,389 төгрөг болох бөгөөд энэ мөнгийг шүүгдэгч  ******* сар бүр гаргуулж, 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Гансувд, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Г.Сувдансондор, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү С.Ирмүүн нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Гэм хорын нөхөн төлбөрийг 2020 ны 11 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл тооцоход 3,711,501 төгрөг /412,389 х 9=3,711,501/ болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгчээс амь хохирогчийн хүүхдүүдэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт гаргуулсан 4,153,474 төгрөгийг 3,711,501 /гурван сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун нэг/ төгрөг, цаашид сар бүр гаргуулах 503,400 төгрөгийг 412,389 /дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун наян ес/ төгрөг болгон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04ий өдрийн 2021/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...4,153,474 төгрөгийг” гэснийг “...3,711,501 /гурван сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун нэг/ төгрөгийг гэж, “...сар бүр 503400 төгрөгийг” гэснийг “...412,389 /дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун наян ес/ төгрөгийг” гэж өөрчлөлт оруулсугай. 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Д.Дашдорж нь 2021 оны 08 дугаар сарын 04ий өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДОЛГОРМАА

                                    ШҮҮГЧИД                                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                         О.БААТАРСҮХ