Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/234

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч А.Батзаяа                                                                                                              Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Д-ид холбогдох эрүүгийн 2021000000391 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ........... сумын ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ............. овогт Д /РД: ................/.

Шүүгдэгч Д нь 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Нуур” хорооллын 5-6 тоотод найз охиныг нь оролдсон шалтгаанаар Г-г зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаач бид хоёр найзууд бөгөөд Сүхбаатар аймагт хамт цэргийн алба хаасан. 2020 оны 06 дугаар сарын 21-ний орой “Сод” нэртэй зочид буудалд Зэнээмэдэр, Бурмаа, миний найз Ө бид нар байж байхад Зэнээмэдэрийн гар утас нь дуугараад утсаар ярьсан. Би “хэн ярьсан бэ” гэж асуухад “Г ярьж байна. Уулзъя гээд хэлчихлээ” гэсэн. Удалгүй Г 2 найзын хамт ирсэн. Бид нар ууж байхад Г “Та нар манай гэрт очоод найз охинтойгоо хоночих” гэхээр нь би зөвшөөрөөд жаахан ууж байгаад дараа нь Г-ийн гэр рүү хамт явцгаасан. Ө их согтсон байсан учир орон дээр унтуулсан. Ингээд бид 4 үлдсэн архиа хувааж уусан. Тэр үед Г миний найз охины гуя хэсэгт хүрээд өмд рүү нь гараа хийх гээд байхад би түүнд хандан “наад хүн чинь миний эхнэр болох хүн шүү дээ. Чи гараараа илэхээ боль л доо” гэж хэлээд бид хоёр маргалдаад эргээд эвлэрсэн. Удалгүй тэр 3 ханан пийшингийн цаана очоод шивнэлдээд ямар нэгэн зүйлийн талаар ярилцаад байсан ба Г ирээд шууд цохихоор нь би түүнтэй зодолдоход зурагт газарт унаж хагарсан. Уран-Очир Г-той хамт намайг цохиж газарт унагаагаад өшиглөөд цохисон. Энхмөрөн, Уран-Очир хоёр намайг татаад пийшингийн ард талд байлгаад байхаар нь “Та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд “наанаа байж байгаарай” гэж хэлээд байсан. Би пийшингийн араас гараад очиход Г Ө-ийн өмдийг нь тайлчихсан дээр нь гараад хурдан хурдан хөдөлж байхаар нь би “Та нар ингэх гэж найз охинтой маань энд авч ирсэн юм уу” гэж хэлээд Г-ийг Ө-ийн дээрээс нь татаж босгоод 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэр үед Энхмөрөн, Уран-Очир, Г гурав намайг зодоод байхаар нь би гэрээс нь гараад “Та нар байж байгаарай. Удахгүй ирнэ” гэж хэлээд Зэнээмэдэрийн байгаа газар буюу “Сод” нэртэй зочид буудалд очиход Зэнээмэдэр согтуу унтаж байсан. Би 00-ын өрөө рүү ороод толинд өөрийгөө харахад нүд хавдаж хөхөрсөн, хоёр чих хавдсан, 1 шүд хугарсан байсан. Би нүүрээ угаагаад орон дээр унтсан. Өглөө Зэнээмэдэр намайг сэрээгээд “Чи найз охинтойгоо явсан биз дээ. Яасан юм бэ” гэхээр нь би болсон зүйлийн талаар хэлээд Зэнээмэдэр бид хоёр Гийн гэр рүү нь очсон. Намайг гэрт ороход Г пийшингийн хажууд зүүн хойш толгойгоо харуулсан байдалтай газарт хэвтэж байсан. Уран-Очир буйдангийн хажууд, Энхмөрөн Ө-тэй хамт нүцгэн хэвтэж байсан. Би дээрх байдлыг хараад намайг явснаас хойш дахин архи уусан байна гэж бодсон. Би Г-ийг босооч ээ гэж хэлээд 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Г сэрээгүй. Уран-Очирыг өшиглөхөд сэрээд шээгээд ирье гэж хэлээд тэр чигээрээ яваад ирээгүй. Харин Зэнээмэдэр Энхмөрөнг татаж босгоод 2 удаа алгадаад хөнжлийг нь татахад Ө, Энхмөрөн хоёр хоёулаа нүцгэн байсан. Зэнээмэдэр “Та нар нэгнийхээ найз охиныг яаж байгаа юм бэ” гэж хэлээд Ө-ийн хувцсыг олж өгөөд бид нар зочид буудал руугаа явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ийм харамсалтай хэрэг болсонд харамсаж байна. Би болсон зүйлийн талаар тодорхой ярьсан. Тухайн өдөр миний эхнэр болох хүнтэй муухай харьцсанд нь уур хүрээд ийм үйлдэл гаргасан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би маш их хохиролтой байна. Шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн хэрэг болсноос хойш ганц удаа ч ирээгүй. Миний хүүгийн хөлийг нь хугалаад ч хамаагүй үлдээхгүй яасан юм бэ гэж харамсаж байна. Шүүгдэгчийн ар гэрийнхэн надтай уулзсан зүйл байхгүй. Талийгаачийн маань бага хүүхэд нас барснаас нь хойш 3 хоногийн дараа төрсөн. Миний хүүхэд ажлаа хийгээд явж байхдаа зээлээ төлөөд болдог байсан. Би гомдолтой байна. Олон юм хэлье гэж бодсон боловч тулгамдаад хэлж чадахгүй байна. ...Оршуулгын зардалд 8,734,738 төгрөг, эвдэж гэмтээсэн зурагтын үнэ 500,000 төгрөг, цалингийн зээл 9,598,115.38 төгрөг, “Гялс” ББСБ-аас авсан цалингийн зээл 1,160,120.50 төгрөг, хамаатны эгчээс үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан зээл 10,000,000 төгрөг болон талийгаачийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрт 5,688,000 төгрөг нөхөн гаргуулах цаашид сар бүр тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч А.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д нь найз охиноосоо болж найзтайгаа муудалцаж хүн амины хэрэг гарсан байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэадүүлэхдээ: “...би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан ажлаар Дорнод аймгийн төвд ирсэн байсан юм. Ингээд 22-ны өдрийн 9 цагийн орчимд эмнэлэг дээр үзлэг шинжилгээ хийлгэж байхад манай охин Оюунтуяа гар утсаар “Ах өнгөрсөн гэнэ ээ” гэж хэлэхэд сэтгэл санаа хямарч орилж хашгирч эмнэлгээс гараад шууд талийгаач хүү Г-ийн гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан. ...миний хувьд маш их гомдолтой. ...Оршуулгын зардалд 8,734,738 төгрөг, эвдэж гэмтээсэн зурагтын үнэ 500,000 төгрөг, цалингийн зээл 9,598,000 төгрөг, “Гялс” ББСБ-аас авсан зээл 1,800,000 төгрөг, хамаатны эгчээс үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан зээл 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэжээ. /1хх-ийн 169-171/

Т.Энхмөрөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Бид гурав талийгаач Г-ийн гэрээс гараад Хэрлэн номингийн урд талаас такси бариад “Сод” зочид буудалд очиход Зэнээмэдэр, танихгүй хоёр эмэгтэй, зүс мэддэг /цэрэгт цуг алба хаасан/ залуугийн хамтаар нэг шил 0.75 граммын бараг дүүрэн шахуу Хараа архи ууж байсан. Буудалд ороод хэсэг сууж архинаас нь ууж байгаад 00 цагийн орчимд архи арай дуусаагүй байхад Зэнээмэдэр танихгүй эмэгтэйгийн хамт буудалд үлдэж бид нар талийгаач Г-ийн гэр лүү явахаар болж 24 дүгээр байрны урд талын таксины зогсоол дээрээс саарал өнгөтэй Приус-20 маркийн машинаас нэг шил 0.75 граммын Хараа, нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архийг талийгаач Г өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлж худалдан авч, гэр лүү нь такситай явсан. Талийгаач Г-ийн гэрт ирээд нэг шил архи ууж дууссаны дараа дахин архи задлаад ууж байхад талийгаач Г буйдан дээр түүний хажуу талд сууж байсан эмэгтэйгийн гуяан дээр гараа тавиад байхад түүнтэй хамт байсан залуу талийгаач Г-т хандан “Аятайхан суухгүй яагаад байгаа юм бэ? Чигээрээ суу л даа” гэж хэлсэн чинь “Би яасан юм бэ” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Ингээд талийгаач Г-ийг тэр эмэгтэйтэй хардаж хоорондоо зодолдож эхэлсэн. Талийгаач Г тэр залуутай зодолдохдоо гэрийнхээ зурагтыг хагалсан бөгөөд талийгаач Г болон нөгөө залуугийн хамраас цус гарч, том өрөөний хажуу талын жижиг өрөөнд орж зодолдоод байсан учраас Уран-Очир бид хоёр салгасан юм. Ханан пийшингийн хойд талын хана өмнө нь цөмөрчихсөн байсан. Тэр хоёрын хамарнаас гарсан цус гэрийн шалан дээр энд тэндгүй дусчихсан байсан бөгөөд тэр хоёрыг салгасны дараа зүс мэдэх залуу талийгаач Г-ийн гэрээс 02 цагийн орчимд ганцаараа гараад явсан. Талийгаач Г-ийн толгой руу гараараа 2-3 удаа шанаа, хамар хэсэгт, доошоо тонгойгоод газарт унах үед мөн адил гэдэс, цээж, нуруу руу нь өшиглөж байсан бөгөөд талийгаач Г ч гэсэн тэр залууг ижилхэн цохиж зодож байсан” гэжээ. /1хх-ийн 183-190/

Т.Энхмөрөн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Д, талийгаач хоёр эхлээд зодолдохдоо хоёр биенээсээ заамдалцаад бие биенийхээ толгой руу цохилцоод байсан. Дахин жижиг өрөөнд орж зодолдохын өмнө хөшиг унагааж, зурагт хагалсан бөгөөд мөн адил хоёр биенээ өшиглөж зодолдоод байсан бөгөөд хоёр биенийхээ толгой руу цохилцоод байсан...” гэжээ. /2хх-ийн 111-114/

Гэрч Ц.Зэнээмэдэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Д, Бурмаа нарын хамтаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд очиход талийгаач Г гэрийнхээ үүдэнд доошоо харчихсан, толгойгоо үүд рүү харуулсан байдалтай хэвтэж байсан. Миний араас Д дагаад орж ирсэн бөгөөд би талийгаач Г-ийг “Хөөе, босооч дээ. Ямар заяагүй уудаг хүмүүс вэ” гэж хэлээд том өрөө рүү ороход ард Д “Чи муу гөлөг намайг зоддог хэн бэ? Чамайг ална аа, хядна аа” гэж хэлээд зодоод байсан учраас хальт харахад Г-ийн цээжин хэсэг рүү өшиглөөд байсан. Энхмөрөн, Ө, Уран-Очир гурав унтаж байсан болохоор хөнжлийг нь сөхөж харахад Ө чармай нүцгэн байсан болохоор найзынхаа найз охиныг ийм болголоо гэж хэлээд Энхмөрөнг хацар луу нь цохиж сэрээгээд босгосон юм. Уран-Очирыг хэвтэж байхад нь тэлээнээс нь өргөөд шидчихсэн. Энэ үед Д талийгаач Г-ийг үүдэнд өшиглөөд зодож байсан бөгөөд Уран-Очирыг өргөөд шидэхэд Д цаанаас ирээд Уран-Очирыг өшиглөж “Чи муу хүртэл намайг зоддог юм уу” гэж хэлээд өшиглөж байсан. Уран-Очирын нүүр лүү өшиглөх гэж байхад нь “Одоо болио” гэж хэлээд болиулахад цаашаа очоод талийгаач Гийн цээж рүү өшиглөөд байсан. Намайг хальт харахад цээж рүү нь өшиглөж байсан бөгөөд намайг хараагүй байхад толгой руу нь өшиглөсөн байж магадгүй. Ингээд би Ө-ийн хувцсыг авч өгчихөөд хувцсыг нь өмсүүлээд гарахад “Найзыгаа босгооч” гэж Бурмааг хэлэхэд Энхмөрөн “Сэрээч” гэж хэлээд босгож байсан. Ингээд бид нар яваад өгсөн юм. Уран-Очир Д-ид зодуулаад зугтаагаад яваад өгсөн бөгөөд Энхмөрөн гэрт талийгаач Г-той үлдсэн юм. Гэрийнх нь шалаар дүүрэн цус болчихсон байсан бөгөөд талийгаач Г-ийн ам, хамраас цус гарчихсан байсан” гэжээ. /1хх-ийн 178-182/

Гэрч С.Уран-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д, талийгаач Г хоёр Д-ийн найз охиноос болж хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд сүүлдээ зодолдож эхэлсэн. Энхмөрөн бид хоёр салгаж болиулахад дахиад зодолдоод байсан бөгөөд ойролцоогоор 20-30 минутын хооронд зодолдсон. Тэр хоёр зодолдохдоо хоёр биенийхээ толгой руу гараараа цохих, нэг нэгнийгээ хавирч газарт унагааж дээрээ доороо гараад зодолдоод байсан. Гэрт байсан цуснууд талийгаач Г болон Д-ийн цус. Д шууд Г-ийн нүүр рүү нь гараараа цохиод хоёулаа зууралдаад бие биенээ дарж унаад байсан бөгөөд ингэх явцдаа гэрт байсан зурагтыг унагааж Г өвдгөөрөө өвдгөлсөн, мөн өрөөний хөшиг унасан. Би найз Энхмөрөнгийн хамт тэр хоёрын голоор нь орж салгахад Г-ийн хамар амнаас нь цус гарсан, мөн Д-ийн баруун нүд нь улайсан амнаас нь цус гарсан бөгөөд тэр үед Д гэрээс гарч зугтаасан. Д-ийг явсны дараа 02 цагийн орчимд унтаж амарсан бөгөөд Г, Энхмөрөн, бид гурав хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Ингээд өглөө унтаж байхад Зэнээмэдэр, Д нар орж ирчихсэн Д миний цээжин дээр дэвсэж намайг сэрээсэн. Босоод ирэхэд аймхай руу өшиглөсөн учраас ямар нэгэн үг хэлж чадахгүй доороо дэвхцэж байгаад зугтаагаад гэрээс гарчихсан юм. Миний аймхай руу өшиглөсний дараа Д талийгаач Г руу очоод “Чи миний нүдийг ийм болгосон” гэж хэлээд цээж рүү нь нилээн хэдэн удаа өшиглөж байхыг хальт харсан. Талийгаач Г-ийг өшиглөж байгаад Энхмөрөн рүү очих үед зугтааж гарсан юм” гэжээ. /1хх-ийн 191-196/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 142 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Г-ийн цогцост их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархай, дух, зулайн хуйхны, зүүн чамархайн булчингийн цус хуралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн завж, цээж, баруун зүүн бугалганы цус хуралт, хэвлийн зурагдсан, зүүн өвдөг, баруун зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих болон цохигдох үйлчлэлээр буюу гэмтэл үүссэн хэсэгт тус бүр хүч үйлчилснээр үүсгэгдэнэ.

3. Их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун чамархай, дух, зулайн хуйхны, зүүн чамархайн булчингийн цус хуралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн завж, цээж, баруун зүүн бугалганы цус хуралт, хэвлийн зурагдсан, зүүн өвдөг, баруун зүүн сарвууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь их тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтлийг бусдад зодуулсан гэх цаг хугацаанд авсан байхыг үгүйсгэхгүй.

5. Үхэлд хүргэсэн гэмтлийг авсны дараа тодорхой цаг хугацаанд буюу гавал тархины гэмтлийн дараах саруул үед амьд байх, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой ба энэ хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэжээ. /1хх-ийн 217-220/

Шинжээч эмч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...их тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүдээр нас барсан буюу гэмтэл авсан цаг хугацааг тогтоохын тулд хатуу хальсан доорх цусан бүлэнгээс дээж авч тусгай будаг MSB-ээр будаж хугацааг тогтоох шинжилгээ хийж үзэхэд үрэвслийн эс болон фибрин харагдахгүй байсан. Иймээс дээрх гавал тархины гэмтлийг нас барахаас өмнө 6 цагийн дотор авсан байх боломжтой байна...” гэжээ. /1хх-ийн 226-227/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн 830 тоот дүгнэлтэд:

1. Д-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын доорхи цус харвалт, хамрын нурууны цус хуралт, баруун, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун бугалганы урд дээд хэсгийн зулгаралт, баруун бугалганы ар доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Биеийн гэмтэл үүссэн хэсэгт хүч үйлчилсэн байх боломжтой.

3. Дээрх баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын доорхи цус харвалт, хамрын нурууны  цус хуралт, баруун,  зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун бугалганы ар доод хэсгийн цус хуралт нь өөрийгөө хамгаалах үед үүсэх боломжтой” гэжээ. /1хх-ийн 235-236/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6129 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн №1 буйдангийн бүтээлэг, шар хөшиг, ягаан хөнжил, эсгийний хэсэг, шүд, үүдний шал, №554 жижиг өрөөний шалнаас бэжхүүлсэн гэх дээжнээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч З.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн №2, №3 буйдангийн бүтээлэг, дэвтэр, том өрөөний тааз, №59 том өрөөний шал, №534 том өрөөний цонхны хажууд тал, А дугаартай том өрөөний шалан дээрээс бэхжүүлсэн гэх дээжнээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн №57 том өрөөний шалан дээрээс бэхжүүлсэн гэх цусны дээжнээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо хоёр хүний цус байна. Уг дээжнээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Д, З.Г нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 247-250/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч Ш.Пүрэвдуламын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6130 тоот  “...Шинжилгээнд ирүүлсэн Г-ийн өмсөж явсан гэх хар өнгийн өмд, богино өмд, хар өнгийн турсик, хар хөх өнгийн оймс дээр цус илэрсэн. Хар өнгийн өмд, богино өмдөн дээр илэрсэн цус нь Г-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хар өнгийн турсик, хар хөх өнгийн оймсон дээр илэрсэн цус нь Дийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Дээрх хувцаснууд дээрх илэрсэн цус нь Ц.Зэнээмэдэрийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /2хх-ийн 15-18/

Д мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Г-ийн гэрт ирээд эхний нэг шил архийг ууж эхлэх үед Ө орон дээр хэвтээд унтсан юм. Архи ууж байхад талийгаач Г миний урд зогсоод баруун нүд рүү гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд хамар луу нь цохиход талийгаач Г-ийн хамраас цус гарсан. Ингээд бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Бид хоёр зодолдож байхад хажуунаас Уран-Очир миний гар, нуруу руу өшиглөж, харин талийгаач Г миний нүд болон ам руу цохисон. ...Талийгаач Г-ийн гэрээс гараад Сод буудалд очиход 03 цаг болж байсан бөгөөд Зэнээмэдэр, Бурмаа хоёр унтаж байсан. Зэнээмэдэр намайг “Яасан юм бэ” гэж асуухаар нь “Г, Уран-Очир хоёрт цохиулчихлаа” гэж хэлээд унтаад өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7-8 цагийн хооронд Сод буудлаас гараад бид гурав талийгаач Г-ийн гэр лүү такси барьж очоод Зэнээмэдэр бид хоёр түрүүлж ороход Бурмаа таксины мөнгө өгөөд үлдсэн. Хаалгаар ороход талийгаач Г гэрийнхээ үүдэнд толгойгоо зүүн хойд зүгт харуулчихсан, доошоо харчихсан унтаж байсан. Зэнээмэдэр бид хоёр шууд том өрөө рүү ороход Энхмөрөн, Ө буйдан дээр, Уран-Очир газарт буйдангийн хажуу талд унтаж байхад Зэнээмэдэр очоод Энхмөрөнг орноос нь босгож ирээд “Та нар миний найзыг пойлдож цохиод байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд хацар луу нь ганц, хоёр удаа цохисон. Дараа нь Уран-Очирыг сэрээгээд Зэнээмэдэр гэдэс рүү гараараа 2-3 удаа цохисон бөгөөд би дараа нь “Чи муу орой яагаад намайг цохисон юм бэ” гэж хэлээд нүүр лүү нь 2 удаа цохиход гэрээс гараад зугтаачихсан юм. Би талийгаач Гийг унтаж байгаа юм болов уу гэж бодоод түүний зүүн гарын булчин руу 2 удаа өшиглөхөд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтээд байсан. Бурмаа “Наад хүн чинь яагаад унтаад байгаа юм бэ. Амьсгалж байгаа юм уу” гэж хэлсэн чинь Энхмөрөн тэврээд босгож ирэхэд Зэнээмэдэр хамарт нь гараа хүргэж үзээд “Амьсгалж байна” гэж хэлээд бид дөрөв талийгаач Гийн гэрээс гараад явсан. Талийгаач Гийн гэрээс гараад явахад араас Энхмөрөн “Ороод ир л дээ” гэж хэлээд хашгирч байгаад буцаад ороод явчихсан юм. Бид дөрөв Сод буудалд буцаж очоод нэг шил 0,75 граммын архи авч дуустал уусны дараа Энхмөрөн Зэнээмэдэрийн гар утас руу залгаад “Г өнгөрчихсөн байна аа” гэж хэлээд удаагүй байхад цагдаа нар ирсэн. ...Би талийгаач Гийн гар руу өшиглөсөн, шөнө зодолдохдоо нүүр рүү нь гараараа цохисон бөгөөд хамар руу нь баруун гараараа цохиход их цус гарч байсан. Харин миний баруун нүд хөхөрч хавдсан, үүдэн нэг шүд хөдөлж, уруул амны орчимд шалбарч талийгаач Гтой заамдалцаж байхад цээжинд хумсаараа урсан байсан. Эдгээр гэмтлүүдийг Г надад учруулсан. Намайг Гийн гэрт байхад талийгаач надаас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй бөгөөд бид хоёр л хоорондоо маргалдаж, муудалцаж, зодолдсон юм...” гэжээ. /2хх-ийн 100-104/

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Г-той 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө зодолдоход буюу намайг түрүүлж цохиход нь түүний хамар, хацар руу цохисон. Өмнө нь үерхэж байсан Өтэй хамт очсон бөгөөд Ө согтоод унтаад өгчихсөн байсан. Зэнээмэдэр өглөө надтай орж ирэхдээ Гийг цохиж зодсон зүйл байхгүй. Мөн намайг байхад Энхмөрөн, Уран-Очир хоёр талийгаач Гийг цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ. /2хх-ийн 105-108/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-26/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 27-30/

Хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 31-33/

Дийн биеэс биологийн дээж буюу цус авсан тэмдэглэл /1хх-ийн 151/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 167/

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 56 тоот дүгнэлт /2хх-ийн 44/

Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 120/

“Шинь шинь” ХХК-ийн тодорхойлолт, захирлын тушаал /2хх-ийн 144, 145/

Г-ийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2хх-ийн 146, 147/

Г, Э.Сумъяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 148/

Г.Гансувд, Г.Сувдансондор, С.Ирмүүн нарын төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 149-151/

Гийн нас барсны гэрчилгээний хуулбар /2хх-ийн 152/

Зээл, эргэн төлөлтийн хуваарь /2хх-ийн 153-155/

Гийн оршуулгын зардлын жагсаалт, баримтууд /2хх-ийн 176-177/  

Ө-ийн хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 175-177, 197-198/

Гэрч З.Цэвэлмаагийн мэдүүлэг /1хх-ийн 214-215/

Гэрч Д.Долгормаагийн мэдүүлэг /1хх-ийн 212-213/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 178 тоот дүгнэлт /1хх-ийн 230-231/

Хилийн цэргийн төв архивын лавлагаа /2хх-ийн 131/

Дашбалбар сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 132/

Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны тодорхойлолт /2хх-ийн 134/

Дорнод Политехник коллежийн захирлын тодорхойлолт /2хх-ийн 136/

Сэжигтнийг баривчилсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 48-51/

Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 118/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 119/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-ээс гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1 хуудас/ зэрэг нотлох баримт болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Г-ийн нэг ширхэг шүдийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д-ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ......... овогт Д нь 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 5-6 тоотод найз охиныг нь оролдсон шалтгаанаар Г-ийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д-ийн “...архи ууж байхад талийгаач Г миний урд зогсоод баруун нүд рүү гараараа нэг удаа цохиход нь би зөрүүлээд хамар луу нь цохиход талийгаач Г-ийн хамраас цус гарсан. Ингээд бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Бид хоёр зодолдож байхад хажуунаас Уран-Очир миний гар, нуруу руу өшиглөж, харин талийгаач Г миний нүд болон ам руу цохисон. ...Талийгаач Гийн гэрээс гараад 22-ны өглөө гэрт ороход талийгаач Г гэрийнхээ үүдэнд толгойгоо зүүн хойд зүгт харуулчихсан, доошоо харчихсан унтаж байсан. ...Би талийгаач Гийг унтаж байгаа юм болов уу гэж бодоод түүний зүүн гарын булчин руу 2 удаа өшиглөхөд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Т.Энхмөрөнгийн “...архи задлаад ууж байхад талийгаач Г буйдан дээр түүний хажуу талд сууж байсан эмэгтэйн гуяан дээр гараа тавиад байхад түүнтэй хамт байсан залуу талийгаач Гт хандан “Аятайхан суухгүй яагаад байгаа юм бэ? Чигээрээ суу л даа” гэж хэлсэн чинь “Би яасан юм бэ” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Ингээд талийгаач Г-ийг тэр эмэгтэйтэй хардаж хоорондоо зодолдож эхэлсэн. ...Талийгаач Г болон нөгөө залуугийн хамраас цус гарч, том өрөөний хажуу талын жижиг өрөөнд орж зодолдоод байсан учраас Уран-Очир бид хоёр салгасан юм. ...Тэр хоёрын хамарнаас гарсан цус гэрийн шалан дээр энд тэндгүй дусчихсан байсан бөгөөд тэр хоёрыг салгасны дараа зүс мэдэх залуу талийгаач Г-ийн гэрээс 02 цагийн орчимд ганцаараа гараад явсан...” гэх, гэрч С.Уран-Очирын “...Энхмөрөн бид хоёр салгаж болиулахад дахиад зодолдоод байсан бөгөөд ойролцоогоор 20-30 минутын хооронд зодолдсон. Тэр хоёр  зодолдохдоо хоёр биенийхээ толгой руу гараараа цохих, нэг нэгнийгээ хавирч газарт унагааж дээр доороо ороод зодолдоод байсан. ...Би найз Энхмөрөнгийн хамт тэр хоёрын голоор нь орж салгахад Г-ийн хамар амнаас нь цус гарсан, мөн Д-ийн баруун нүд нь улайсан амнаас нь цус гарсан бөгөөд тэр үед Д гэрээс гарч зугтаасан. Д явсны дараа 02 цагийн орчимд унтаж амарсан бөгөөд Г, Энхмөрөн, бид гурав хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх, гэрч Ц.Зэнээмэдэрийн “...22-ны өглөө 08 цагийн орчимд очиход талийгаач Г гэрийнхээ үүдэнд доошоо харчихсан, толгойгоо үүд рүү харуулсан байдалтай хэвтэж байсан. Миний араас Д дагаад орж ирсэн бөгөөд би талийгаач Г-ийг “Хөөе, босооч дээ. Ямар заяагүй уудаг хүмүүс вэ” гэж хэлээд том өрөө рүү ороход ард Д “Чи муу гөлөг минь намайг зоддог хэн бэ? Чамайг ална аа, хядна аа” гэж хэлээд зодоод байсан учраас хальт харахад Гийн цээжин хэсэг рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 142 тоот, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн 830 тоот дүгнэлтүүд, шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6129 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6130 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч Д, амь хохирогч Г нар нь 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 5-6 тоотод хоорондоо зодолдсоны улмаас Г нь биедээ их тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл авч улмаар нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 142 тоот дүгнэлт болон дүгнэлттэй холбогдуулж мэдүүлсэн шинжээч эмч Н.Уянгын “...их тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан малгайлсан, бага тархины суурийн хэсэгт аалзан хальсны доорх цус харвалт, тархины орой болон суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүдээр нас барсан буюу гэмтэл авсан цаг хугацааг тогтоохын тулд хатуу хальсан доорх цусан бүлэнгээс дээж авч тусгай будаг MSB-ээр будаж хугацааг тогтоох шинжилгээ хийж үзэхэд үрэвслийн эс болон фибрин харагдахгүй байсан. Иймээс дээрх гавал тархины гэмтлийг нас барахаас өмнө 6 цагийн дотор авсан байх боломжтой байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм. Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Д нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

Шүүгдэгч Д-ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

          Шүүгдэгч Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 4,500,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ид 9 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 286 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Шүүгдэгч Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Г-ийн амь нас хохирсон бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь шүүгдэгч Д-оос оршуулгын зардалд 8,734,738 төгрөг, эвдэж гэмтээсэн зурагтын үнэ 500,000 төгрөг, Голомт банкнаас авсан цалингийн зээл 9,598,115.38 төгрөг, “Гялс” ББСБ-аас авсан цалингийн зээл 1,160,120.50 төгрөг, хамаатны эгчээс үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан зээл 10,000,000 төгрөг тус тус нэхэмжилж, талийгаачийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрт 5,688,000 төгрөг нөхөн гаргуулж, цаашид сар бүр тэжээн тэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүгдэгч Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 4,500,000 төгрөгийг шүүх хуралдааны явцад хохирогчийн төлөөлөгчид төлсөн байна.  

Шүүх бүрэлдэхүүн хохирол төлбөртэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.

          Оршуулгын зардал 8,734,738 төгрөгийн тухайд: Амь хохирогч Г-ийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8,734,738 төгрөгийг нэхэмжилсэн боловч 4,122,874 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүх баримтаар нотлогдсон /2хх-ийн 177-р хуудас дахь 8 баримт/ 4,122,874 төгрөгийг гаргуулж шүүгдэгчийн төлсөн 4,500,000 төгрөгт тооцож, нотлох баримтгүй 4,611,864 төгрөгийг хэлэлцэх орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж байна. Гэмт хэргийн улмаас эвдэрч гэмтсэн зурагтын үнэ 500,000 төгрөгийн хувьд үнэлгээ болон холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул хэлэлцэхгүй орхив.

          Амь хохирогч Г-ийн цалин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан банк болон банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс авсан зээл буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул Голомт банкнаас авсан цалингийн зээл 9,598,115.38 төгрөг, “Гялс” ББСБ-аас авсан цалингийн зээл 1,160,120.50 төгрөг, хувь хүнээс үл хөдлөх хөрөнгө барьцаалан авсан гэх зээл 10,000,000 төгрөг нийт 20,758,235.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Талийгаачийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрт 5,688,000 төгрөг нөхөн гаргуулж, цаашид сар бүр тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн тухайд: Амь хохирогч Г-ийг нас барахад түүний асрамжид байсан эхнэр, 3 хүүхэд нь үлдсэн бөгөөд амь хохирогчийн хувьд нас барах хүртлээ “Шинь шинь” ХХК-д конвейерын машинчаар ажиллаж, 2020 оны 7 дугаар сард 1,705,000 төгрөгийн, 8 дугаар сард 1,102,000 төгрөгийн, 9 дүгээр сард 1,150,000 төгрөгийн цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул энэхүү шүүх хуралдаанаар гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах боломжтой байна. Иймд амь хохирогч Г-ийн цалингийн дундажийг түүний сүүлийн 3 сарын цалин хөлсийн дундажаар тооцоход 1,319,000 /1,705,000+1,102,000+1,150,000=3,957,000 3,957,000:3=1,319,000/ төгрөг болох бөгөөд үүнээс амь хохирогч болон эхнэр С-д оногдох хэсгийг хасахад гурван хүүхдэд сар бүр оногдох хэсэг нь 791,400 төгрөг болно. Үүнээс сар бүр улсаас өгч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 288,000 төгрөгийг хасахад гэм хор учруулсны төлбөр 503,400 төгрөг гарч байгаа бөгөөд энэхүү 503,400 төгрөгийг амь хохирогчийн гурван хүүхдийг 16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл хүүхдүүдийн асран хамгаалагч буюу төрсөн эх С-д 2021 оны 08 дугаар сарын 01-нээс цаашид сар бүр олгохоор шийдвэрлэв. Энэхүү гэм хор учруулсны төлбөрийг Г-ийг нас барсан үеэс нөхөн гаргуулбал 2020 оны 11, 12, 2021 оны 1-7 сарыг дуустал нийт 9 сарын төлбөр 4,530,600 төгрөг болох бөгөөд энэ мөнгөнөөс шүүгдэгч Д-ийн оршуулгын зардалд төлөөд илүү гарсан 377,126 төгрөгийг хасаж тооцвол нөхөн гаргуулах төлбөр 4,153,474 төгрөг болно.  

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4-д зааснаар шүүгдэгч Д-оос амь хохирогч Г-ийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрт 4,153,474 төгрөгийг нөхөн гаргуулж И, Г, С нарын төрсөн эх С-д олгохоор тогтоож, гэм хор учруулсны төлбөрт цаашид 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 503,400 төгрөгийг И, Г, С нарыг 16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл гаргуулж төрсөн эх С-д олгохоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-ийн амь хохирогч Г-ийн цалин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 20,758,235 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас эвдэрсэн зурагтын үнэ 500,000 төгрөг, оршуулгын зардлын зөрүү 4,611,864 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Доос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шүдийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-т оршуулгын зардалд 4,122,874 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 377,126 төгрөг, нийт 4,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ид 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ид оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн цагдан хоригдсон 286 /хоёр зуун наян зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4-д зааснаар шүүгдэгч Д-оос амь хохирогч Г-ийн хүүхдүүдэд гэм хор учруулсны төлбөрт 4,153,474 төгрөгийг нөхөн гаргуулж И, Г, С нарын төрсөн эх С-д олгохоор тогтоож, гэм хор учруулсны төлбөрт цаашид 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 503,400 төгрөгийг гаргуулж И, Г, Г нарыг 16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл төрсөн эх С-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-ийн амь хохирогч Г-ийн цалин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 20,758,235 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас эвдэрсэн зурагтын үнэ 500,000 төгрөг, оршуулгын зардлын зөрүү 4,611,864 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шүдийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-т оршуулгын зардалд 4,122,874 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 377,126 төгрөг, нийт 4,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА

                 ШҮҮГЧИД                                                  Л.БАТЖАРГАЛ

                                                                                          Г.НАМУУНТУЯА