| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2020/0043/Э |
| Дугаар | 2021/ДШМ/36 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/36
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Прокурор Д.Ганчимэг
Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
М.Энхтуяа нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын бичсэн гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1821007210227 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1968 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, ******* ******* овогт *******гийн *******.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн ******* *******ыг Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж хуурч 65 000 юань буюу 19 607 900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг яллагдагч *******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Шүүгдэгч *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн ******* /*******/-д олгож,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын 6-р талд “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн ******* /*******/-ийг хуурч 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн байгаад олон хууль хэрэглээний алдаа байна. Үүнд:
- Залилуулсан талаар гэх хүн гомдол гаргасан байдаг. Гэтэл хохирогчоор БНХАУ-ын иргэн ******* гэгчийг тогтоож тайлбар мэдүүлэг авсан нь ЭХХШТХ-ийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэх хуулийг зөрчсөн. Энэ хэргийн хувьд гомдол гаргасан гэгч хүнийг хаана гээгдүүлсэн нь тодорхойгүй. нь одоогийн хохирогч ******* гэгч мөн гэдгийг нотолсон ямар нэгэн бичиг баримт, бусад нотолгооны эх сурвалж хэрэгт огт авагдаагүй байхад шүүх 2 өөр нэртэй, 2 өөр үндэстэн байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулахгүйгээр *******ы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1.7.1, 1.7.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн төдийгүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна.
Хэдийгээр хохирогчийн өмгөөөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа БНХАУ-ын иргэд хоёр нэртэй байх боломжтой гэж тайлбарлаж байгаа хэдий ч үүнийг нотолсон БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тайлбар лавлагаа хэрэгт авагдаагүй. Хохирогчоор тогтоогдсон ******* гэгч *******д холбогдуулан гомдол гаргаагүй нөхцөлд *******г бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэх шинж бүрэн хангагдахгүй байхад шүүх эргэлзээ бүхий энэ нөхцөл байдлыг бодитой үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон ЭХХШТХ-ийн зарчим зорилгыг ноцтой зөрчиж байна.
Нэг хэрэгт гомдол гаргагч хоёр өөр этгээд байж болох мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль буюу ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан. Тэгэхээр хэн хохирогч вэ гэдэг нь тодорхойгүй хэргийг анхан шатны шүүх дур зоргын шинжтэйгээр хууль зөрчиж шийдвэрлэсэн.
- Мөрдөн шалгах ажиллагаад гомдол гаргаагүй ч хохирогчоор тогтоогдсон ******* гэгчийг удаа дараа орчуулагчгүйгээр мэдүүлэг авсан, орчуулагч Одноо гэгчийг оролцуулсан мэдүүлэг авах ажиллагаанд Одноо гэгч нь хоёр өөр байдлаар гарын үсэг зурсан, орчуулагчийн биеийн байцаалт болон хятад хэлээр хэлмэрчлэх чадвартайг гэрчилсэн бичиг баримтыг хэрэгт бэхжүүлж үлдээгээгүй зэрэг ЭХХШТХ-ийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “.Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно.” гэснийг ноцтой зөрчсөн байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд гомдол гаргаагүй хохирогч монгол хэл мэддэггүй учраас орчуулагчаас хэн болох нь тодорхойгүй Одноо гэгчийг оролцуулснаар тодорхой байна. Одноо нь орчуулах чадвартай нь тодорхойгүй байгаа тул ******* гэгч нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй, үнэн зөв орчуулсан нь эргэлзээтэй байна. Мөн анх удаа мэдүүлэг авах ажиллагаанд огт орчуулагчгүй мэдүүлэг өгсөн байх бө мөрдөгч монгол хэл мэдэхгүй гадаадын иргэнээс эх хэлээр нь мэдүүлэг аваагүй нь ЭХХШТХ-д заасан оролцогчийн эрхийг зөрчсөн байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
Анхны тайдбарыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй болох нь түүнийг хэлмэрчгүй авсан байцаалтаар нотлогдож байхад шүүх дээрх мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож үнэлсэн нь ЭХХШТХ-ийн зөрчсөн тиймээс шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Мөн орчуулагч Одноо гэгчийн огт өөр хоёр гарын үсэгтэй өгсөн хохирогчийн мэдүүлэг, тайлбарыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байсаар байхад анхан шатны шүүх түүнийг ЭХХШТХ-д зааснаар нотлох баримтаар үнэлэхгүй байх үүргээ хэрэгжүүлээгүйгээр *******ы эрх зүйн байдал ихээр дордож байгааг анхаарна уу.
Одноо гэх орчуулагчийн хувийн мэдээлэл байхгүй байхад хоёр өөр гарын үсэгтэй мэдүүлэг тайлбар байсаар байхад энэ эргэлзээтэй байдлыг арилгаагүй буюу хянавал зохих ажлаа хийгээгүй прокурорын хууль бус ажиллагааг хууль нийцүүлж зөвтгөх арга хэмжээ аваагүй нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болхыг харуулж байна.
ЭХХШТХ-ийн 1.4 дүгээр зүйлийн 1.15 дахь хэсэгт ““орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг;” хэлнэ гэсэн хуулийн шаардлагыг гарын үсгээ өөрөөр зурж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон Одноо гэгч нь хангаагүй гэж үзэж байгаа тул түүний оролцсон хохирогчийн гэх мэдүүлэг нь хуульд нийцүүлэн авсан нотлох баримт биш гэж үзэж байна. Улмаар энэ орчуулагч гэх Одноог эрүүгийн хариуцлага тооцуулахаар шалгуулах үндэслэл болох ч талтай юм.
- 65.000 юаныг *******д бодит байдал дээр гэгч өгөөгүй, Мөнгөн гэх хүн 45.000 юань өгсөн талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, гомдол гаргаагүй хохирогч ******* гэгчийг манай дүү мөнгө өгөхөд хамт байсан гэх мэдүүлгүүдээс харахад мөнгө өгч авахад нэг эрэгтэй хүн байсан нь тодорхой байдаг. Мөнгийг өгсөн гэдгийг ганцхан ******* гэгчийн хуул зөрчиж авагдсан мэдүүлгээр нотолж байгаа ба үүнийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй нь хэрэгт зөвхөн нэг талын өгсөн бусад нотолгооны эх сурвалжаар батлагдаагүй мэдээллийг прокурор, шүүх үнэлж хэт яллах байр сууринаас хандсанд гомдолтой байна.
Хэрвээ Мөнгөн гэгч нь 45.000 юанийг *******д өгсөн бол үлдсэн 20.000 юанийг ямар хэлбэрээр өгсөн болохыг мөн тогтоох талаар мөрдөгч, прокурор ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй үлдсэн. Энэ мөнгө нь Мөнгөн, , ******* нарын хэнийх нь мөнгө болох эсхүл Гэрлийн хэлсэнчлэн хөрөнгө оруулагч нарын хөрөнгө үү гээд мөнгөний өмчлөлийн байдлыг ч тогтоож чадаагүй хэрэг байдаг. 20.000 юаний хувьд маргаж байгаа *******гаас авсан өвсний үнэ гэдгийг шүүгдэгч тайлбарладаг бөгөөд банкаар дамжуулж *******с авсан талаар мэдүүлсэн байдаг.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Амгаланбаатар хотын Мөн Шан Юан зочид буудалд 65.000 юаныг өгсөн гэх үйлдлийг хэрхэн тогтоосон нь мөн л тодорхойгүй. Зөвхөн ******* гэгчийн орчуулагчгүйгээр өгсөн мэдүүлгээс иш татаж үйл баримтыг хийсвэрлэн тогтоосонд гомдолтой байна. Ийм нэртэй буудал байдаг эсэх нь ч тодорхой биш хэвээр үлдсэн.
- , ******* нарын хооронд үүссэн өглөг, авлагын тооцооноос үүдэлтэй маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа эсэхийг сайтар нягталж өгнө үү.
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******аас гаргасан гэгчид 10.000 боодол өвс залилуулсан талаар шалгууах хүсэлт, гомдлыг ЭХХШТХ-д зааснаар бүрэн шийдвэрлэж өгөөгүй прокурор ЭХХШТХ-ийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Энэ хууль зөрчсөн ажиллагааны талаар шүүх хуралдаанд дурдсан ч хүлээж аваагүй.
- *******г хадлангийн газар авч өгнө гэж итгүүлж мөнгө авсан гэж буруутгахдаа шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хадлангийн газар авах боломжоо ашиглан гэр бүл, хамаатан садангийн хүмүүсийн нэрээр Халхгол сумын Засаг даргын тамгын газарт өргөдөл гаргасан баримтыг гэм бурууг нотолсон баримт гэж дурдсан нь шийтгэх тогтоол агуулгын хувьд илэрхий алдаатай болохыг харуулна.
Дээрх хүмүүсийн өргөдлүүдийг *******гийн хувьд гэгчийг залилах санаа зорилго байгаагүйг, ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх гэсэн бодит үйлдэл гэж үнэлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүх хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтуудыг ч бүхэлд нь яллах байр сууринаас үнэлж байгаад гомдолтой. Мөн шүүгдэгч 15.000 га газрын хураамжийг Халхгол сумын төрийн санд 1 га газрыг 382 төгрөгөөр тооцож, 5.730.000 төгрөгийг тушаасан байна. Эргүүлж энэ төлбөрийг шүүгдэгч буцаан авсан талаар нотлох баримт байхгүй бөгөөд энэ нт улсын орлогод хэвээр үлдсэн байхад хохирлоос дээрх төрд төлсөн мөнгийг хасаж тооцох талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй дүгнэж чадаагүй гэж үзэж байна.
- Дээрх төлбөр төлөгдсөн газарт яагаад хадлан хадаагүй талаар тогтоож тодруулаагүй, нь 2016 оны намар Матад суманд хадлан хадсан шалтгаан зэргийг тогтоохгүйгээр *******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй. Учир нь шүүгдэгч хадлангийн газар авч өгөх үүрэг хүлээхдээ зөвхөн өөрийн нэрээр авах нь *******гийн үйл ажиллагаанд хамаарах асуудал байхад шүүх олон хүний нэрээр өргөдөл гаргасан нь залилах гэмт хэргийн шинж гэж дүгнэж төөрөгдөж байна. Гол нь 15.000 га газар хүмүүсийн нэрээр авч д санал болгоход өөрөө татгалкаж өөр байршил өөрт этгээдтэй хамтарсан нь Иргэний хуулийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ хүлээн авахаас өөрөө татгалзсан үйлдэл бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөх иргэний эрх зүйн харилцааг залилах гэмт хэрэг гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь буруу гэж үзэж байна. , ******* нарын хоорондох маргаанд ******* гэгчийг татан оролцуулж хэргийг будлиулж байгаа тул хэргийг , ******* нар иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой.
- *******д холбогдуулж ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татахад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 8 хоногоор хэтэрсэн байсан. Энэ талаар мөрдөгч, прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлт хангахаас татгалзсаар хэргийг шүүхэр хэлэлцүүлсэн нь ЭХЕА-ийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт ЭХХШТХ-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;” зэрэг хуулиудыг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж яллах дүгнэлт бичсэн нь прокурор ЭХХШТХ-ийн холбогдох зххлтуудыг зөрчсөн, анхан шатны шүүх дээрх хуулиудыг зөрчин *******г гэм буруутайд тооцох хуралдааныг үргэлжлүүлсэн нь ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
... Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул *******д холбогдуулан гэм буруутай эсэхийг шийдэх эрх ЭХХШТХ-иар шүүхэд хориглогдсон тул гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, , ******* нарын хоорондох иргэний хэлцэлтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолд мөн өөрчлөлт оруулах боломжтой байгааг харгалзан үзэхийг хүсье.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд *******г гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүйд тооцож өгөхийг хүсье.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нэмэлт тайлбартаа: “Эрдэнэбат өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Гомдолд дурдсан үндэслэлийг зөв гэж үзэж байгаа.
Хэргийн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтжуулж бэхжүүлэн авснаар нотолгооны ач холбогдолтой болно. Гэтэл хуульд заасан журам ба нотолгооны зүйлийн баталгааг хангахгүй хэн нь хохирогч болох нь тодорхойгүй, хэн гэгч нь тодорхой нотолгоогүй, орчуулагч хэлмэрчийн эрх нь нотлогдоогүй, түүнд хууль сануулсан ч хариуцлага тооцох болвол баримтгүй, хариуцвал зохих этгээдийн хариу тайлбар мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг шалгаж шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл ямар зорилгоор мөнгө авч уг мөнгийг юунд зарцуулсныг шалгаж хөдөлбөргүй тогтоогоогүй, хариу төлбөр хийсэн бодитой үйл баримтыг шалгавал зохих газар болон гэрч баримтаар магадлан шалгаагүй, жолоочийн нэр хаяг тодорхойгүй гэх байдлаар шалгахгүй орхиж болохгүй шүү дээ.
Зөвхөн хохирогч гэх этгээдийн үнэн худлаа яриад байгаа нь мэдэгдэхгүй мэдүүлгийг л үндэслэн хүнийг буруутган ялласан. Хохирол төлбөрийн тооцоог хийгээгүй байхад машинаар өвс ачиж өгсөн нь тодорхой байхад шүүх төлбөрийг 100 хувь төлүүлэхээр шийдсэн. Ядаж төлбөр тооцооны асуудлыг шийдэж шалгаагүй байхад төлбөрийг жич шийдвэрлэхээр шийдэж ч болох байсан.
Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ч мөрдөгч л хийж нотлогдвол зохих зүйлийг хөдөлбөргүй нотлон тогтоох үүрэгтэй. Үүнийг хийж чадаагүй байхад нэг хүний үг, түүний үгээр яваа өмгөөлөгчийн зүтгүүлснээр хэл ам гомдол гаргасан талд баримт бүрдүүлж болохгүй.
Иймд нотолж чадаагүй хэргийг хэрэгсэхгүй болгох, хохирол тооцоогоо иргэний журмаар шийдвэрлэх боломж олгох ёстой гэж үзэж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Үндэслэл бүхий гомдол гэж үзэж байна. Хэн хохирогч гэдэг нь тодорхой бус, хэн орчуулагч гэдэг нь тодорхой бус байна. ...65 000 юанд газар болон өвсний асуудал яригддаг. Гэтэл энэ мөнгөнөөс хэдэн төгрөг нь буцаан төлөгдсөн гэдэг нь тодорхой бус байна. Одоо яг хэдэн төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа нь ч мэдэгдэхгүй байна. Бид энэ талаар олон удаа гомдол гаргаж байсан ч авч хэлэлцээгүй. Өвс хилээр гаргаж өгч байсан гэдгээ хэлдэг. Энэ явуулсан өвсний үнэ нь 65 000 юуанаас хасагдаж тооцох ёстой. Гэтэл нотолвол зохих зүйлсээ бүрэн нотлоогүй байна. ...Энэ асуудал нь залилан мэхлэх гэмт хэрэг мөн үү? Эсвэл иргэний эрх зүйн харилцаа юу гэдгийг олохгүй байна. ...Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар байцаан шийтгэх ажиллагаа явагдах боломжгүй байдалд хүрдэг. Гэтэл яллагдагчаар татах хугацаа өнгөрчихөөд байхад яллагдагчаар татаж байцааж байгаа нь процессийн ноцтой зөрчил гэж үзэж байна. ...Бүхий л баримтыг харгалзаж үзэхийг хүсч байна. Төлбөр тооцооны асуудлыг жич иргэний журмаар шийдвэрлэх боломжтой. Тиймээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбартаа: Шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульд заасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Хохирогч нь Өвөр Монгол Улсын иргэн байгаа. Хятад нэр нь *******, Өвөр Монгол нэр нь юм. Албан ёсны бичиг баримтаа үзүүлж тайлбар өгсөн байдаг. гээс 65 000 юаныг газрын татварын төлбөр гэж хэлж авсан байгаа. , ******* нар нь нэг хүн гэдэг нь нотлогдсон. Бүхий л нотлох баримтыг шалгаж үзэхэд гэрийн хаяг, утасны дугаар нь нэг болох нь харагддаг. Мөн орчуулагчийн тухайд гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулинд орчуулагч, хэлмэрчийг томилох талаар нарийн зааж өгсөн байгаа. Үүний дагуу орчуулагч, хэлмэрчийг томилж явсан гэж үзэж байна. ...******* нь гэх хүнээс 65 000 юань авсан талаар бичиг хийж өгч нотолсон байгаа. ******* нь г залилсан асуудал нь бүрэн нотлогдож байна гэж үзэж байгаа. 15 000 га газрын төлбөрийг улсад тушаасан гэж тайлбарлаж байна. Энэ бол д өгөгдсөн мөнгө биш тул хохирлоос хасагдах ёсгүй. 65 000 юань хэзээ ч болохооргүй бага хэмжээний мөнгө зарцуулагдах байхад хэт их хэмжээний мөнгө нэхэж авч байгаа нь залилах гэмт хэргийн шинж болж байгаа юм. Улсын яллагчийн яллах дүгнэлтээс хэтрүүлсэн хэмжээний гомдол гаргасан гэж үзэж байна. Гомдлын хэмжээ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу байх ёстой гэж үзэж байна. Хэргийн талаар нотолвол зохих зүйлс бүрэн нотлогдсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: Урансувд өмгөөлөгчийн гаргаж байгаа санал дүгнэлтийг дэмжиж байна. Тиймээс товч байдлаар тайлбар хийе. Нотолвол зохих зүйлс бүрэн нотлогдоогүй, хохирогчийг тогтоогоогүй, хохирлын хэмжээ тодорхой бус гэж ярьж байх шиг байна. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах шийдвэр гарсан байгаа. Үүнд прокурорын эсэргүүцэл бичигдсэн. Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бол хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна. Дараагийн дугаарт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьж байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Яллагдагчийн гэм буруугийн шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн байсан. Шүүхээс нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн тул гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой болсон. Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн ******* *******ыг Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж хуурч 65 000 юань буюу 19 607 900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ******* /*******/-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ******* нь “Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө” гэж БНХАУ-ын иргэн ******* *******ы // 65 000 юань буюу 19 607 900 төгрөгийг залилан авч хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.
Иймд өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан “Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүйд тооцож өгөхийг хүсье” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
О.БААТАРСҮХ