Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/248

 

           

           

 

 

 

 

 

 

2021        08          25                                               2021/ШЦТ/248

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, М.Энхтуяа

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Ад холбогдох 1821007210227 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, охин, зээ нарын хамт Дорнод аймгийн ............. оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................ овогт А. /РД: ............../

 

Шүүгдэгч А нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн Ж... Л.... /J.... L..../-ийг Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж хуурч 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2015 онд Г гэх хүнийг таньдаггүй байсан. Надтай хамтран ажиллаж байсан хятад энэ хүний преслэгч нь эвдэрчихсэн, Хятадаас засварчин ирүүлэх гэсээр байтал хугацаа өнгөрөх гээд байна ирсэн. Би преслэгчийг нь засаж өгч, танилцсан. Миний преслэгчний мяндас дуусчихаад 10 шуудай мяндас 1 шуудайг нь 3600 юаниар авсан. Тухайн үед өвсний борлуулалт муу байсан учраас БНХАУлс руу гаргахаар болоод Гд өгөхөөр болсон. Өвсөө гаргах гэсээр байтал 11 сар өнгөрсөн учраас Г рүү залгаж “20.000 юань өгчих, машинаа янзлуулмаар байна” гэхэд “Амгаланбаатар руу хүрээд ир” гэсэн. Намайг яваад очиход 10.000 юань л бүтээж чадсан, араас чинь мөнгө явуулна гээд нэлээд хэд хоногийн дараа явуулсан. Тэрнээс хойш цагаан сарын үед өвсөө ачуулж хүргүүлсэн. Үүнийг  гэрчлэх хүмүүс байгаа.  Дараа нь өвснийхөө мөнгийг авах гээд залгахаар өвсөө задалж зарж байна, мөнгө гараагүй байна гэх мэт шалтаг, шалтгаан хэлээд намайг очихоор өөр газарт байна гэх мэтээр явсан. Тэгээд 06 дугаар сард Мөнгөн гэх дүүтэй нь уулзсан. Дүү нь “энэ жил их хэмжээний техник оруулж ирнэ, хамтарч ажиллая, та хүн хүч олж өг” гэсэн учраас “би та нартай дундаа ороод ажиллаж чадахгүй, хүн хүч болон газар олж өгье” гэсэн. Г БНХАУ-аас залгаж “хөрөнгө оруулагч нар газар бэлэн бол хөрөнгө оруулна, бэлэн биш бол хөрөнгө оруулахгүй гээд байна, газар бэлэн, 65.000 юань авсан гэсэн бичиг хийгээд өг” гэсэн. Энэ бичгийг хийж өгсөн нь одоо миний алдаа болоод байж байна. Би 65.000 юанийг өөрийн зарсан өвсний төлбөр л гэж авсан. Өөрийнхөө хийсэн зүйлээс болоод ийм байдалд орчихлоо. Тэрнээс надад энэ хүнийг залилсан зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний үйлчлүүлэгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газар “Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Ад 65.000 юань залилуулсан” гэх гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Г-г Монголд энэ нэрээр нь хүмүүс мэддэг ч  БНХАУ-д бүртгэлтэй албан ёсны нэр нь J... L....юм. Ггийн гаргаж өгсөн өргөдөл, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний биеийн байцаалт, J... L....гэх нэрээр өгсөн мэдүүлэг, түүний биеийн байцаалт ижил, давхардсан нэг хүн болохыг тодорхойлсон. Тиймээс хохирогчоор J... L....тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. Шүүгдэгч Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүгд нотлогдсон гэж үзэж байна. 2016 оны 07 дугаар сард Jun Liang-г Монгол Улсад байхад А нь манай дүү  Халхгол сумын Засаг дарга учраас хадлангийн газар авч өгч чадна, татварын төлбөр  65.000 юань болно гэсэн бөгөөд хохирогч БНХАУ-ын Амгаланбаатар хотод хүнээс мөнгө авч бэлэн өгсөн. Миний үйлчлүүлэгч 2015 оноос хойш хадлан хадахдаа Атай танилцан сэлбэг хэрэгсэл болон тоног төхөөрөмж өгөх, авах, засварлах зэргээр хамтарч байсан. Халхгол сумын Засаг даргын ах, газар олж өгч чадна гэсэн болохоор нь итгэж 65.000 юань өгсөн. Г 30.000 га газар авахаар тохиролцсон талаар мэдүүлсэн байдаг. Хэрэгт Өвөр Монголын иргэн Г-ээс хадлангийн талбайн татварын төлбөрт 65.000 юань авсан гэх нотломжийг шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн байдаг.  Халхгол сумын 1 га газрын татвар 267 төгрөг бөгөд 30.000 га талбайн татварын төлбөр нийт 8.010.000 төгрөгийн татвар ногдох ёстой байсан. Гэтэл Г-ээс 19.607.900 төгрөг орчим буюу 65.000 юань авсан. Миний үйлчлүүлэгч ковид-19 цар тахалаас болоод ирж чадахгүй БНХАУ-д байгаа. Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хуурч, мэхэлж шилжүүлэн авснаар төгсдөг. Ад газар олгох эрх байхгүй байхад өөрийн дүүгийн нэрийг барьж газар авч өгөхөө илэрхийлсэн байдаг. Нэг хүнд оногдох үйлдвэрлэлийн зориулалттай газар 1500 га байхад энэ хүн 30.000 га газар авч өгнө гэсэн нь өөрт нь байх боломжгүй байдлыг хохирогчид итгүүлж, мөнгө авснаараа гэмт хэргийг бүрэлдэхүүнийг хангасан гэж үзэж байна. Хэрвээ өвсний тооцоо байсан бол Жүн Лианаас 65.000 юань авахдаа хадлангийн газрын татварын төлбөр гэж бичихгүй л байсан. Хэдийгээр М, Г нар нь кирилл бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн монгол хэлийг маш сайн мэддэг. Энэ хүнийг J... L....биш гэж маргаад байх шаардлага байхгүй. Ааас мэдүүлэг авахад Г оролцсон байдаг.  Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа ч шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож байж хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн 1821007210227 дугаартай хэргээс:

БНХАУ-ын иргэн J... L....мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би Монгол улсын иргэн Атай 2015 онд Дорнод аймгийн Халхгол суманд хадлан хадаж байхдаа танилцсан. ...Энэ үед Агийн дүү Халхгол сумын Засаг дарга гэдгийг хадлан хадаж байсан хүмүүс ярьж байсан бөгөөд энэ талаар А ч гэсэн надад хэлж байсан. ...Намайг Ад хадлангийн газар хэрэгтэй байна гэж хэлээгүй байхад 2016 оны 07 дугаар сарын эхээр хадлангийн талбай дээрээ байхад А надтай ирж уулзаад “би хадлангийн газар авч өгч чадна. Миний дүү Засаг дарга учраас ганцхан би авч өгч чаддаг юм” гэж хэлсэн. Дүү нь Засаг дарга юм чинь газар авч өгч чадна гэж бодоод би Ад итгэсэн. А тухайн үед надад 30.000 га хадлангийн газар авч өгнө, татварын мөнгө нь 65.000 юань болно гэж хэлж байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас БНХАУ руу очоод мөнгө өгнө гэж хэлэхэд би чамайг дагаад Амгаланбаатар хот руу явъя гэсэн. Ингээд би түрүүлээд явсан бөгөөд А 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Амгаланбаатар хотод “Мөн Шан Юан” зочид буудлын өрөөнд байхад  надтай уулзаж мөнгө авсан. Би 8 сард хадлангийн ажлаа эхлэх учраас яаралтай газраа олж өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгсэн А би 3 хоногийн дотор бүтээгээд өгнө гээд 65.000 юань бэлнээр авсан. Мөнгө авах үед Ин Шан гэх Өвөр Монгол залуу хамт байсан. Ингээд нилээн хэд хоногийн дараа Халхгол сум руу очиж Атай уулзахад хүлээж бай, газар хувиарлагдаагүй байна гэх мэтээр шалтаг хэлээд хадлангийн талбай гаргаж өгөөгүй. Үүнээс хойш олон дахин уулзсан боловч худлаа хэлээд өгөхгүй байсаар өдийг хүрсэн бөгөөд одоогоос 10-аад хоногийн өмнө Атай Дорнод аймгийн том зах дээр явж байхад нь таараад мөнгийг маань хэзээ өгөх гэж байна гэж асуусан чинь мөнгөтэй болвол өгнө, будаа зарах гэж байна гэж ярьсан боловч өгөөгүй. Үүнээс хойш утсаар ярьсан чинь заргалддаг газраа очоод заргалд, би мөнгийг чинь өгөхгүй гэж хэлээд утсаа салгасан...гэх /хх-ийн 23-24/

            “...2015 оны 9, 10 дугаар сарын орчим А надтай уулзаад ажилчдын цалин хөлс өгмөөр байна, би чамд өвсөө заръя, чи худалдаж авах уу надад урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн. Тэр үед надад 10.000 боодол өвс  зарахаар тохирч урьдчилгаанд 20.000 юань бэлнээр Монголд байхдаа Ад өгсөн. Ингээд Монгол талаас өвсөө  хилээр гаргах асуудлыг А, Хятад талын боомтоор хүлээн авах асуудлыг би өөрөө зохицуулахаар тохирсон. А надад 10.000 боодол өвс зарна гэсэн боловч хилээр гаргахад 3562 боодол өвс байсан. Надад хил дээр өвсийг пүүлсэн баримт нь байгаа. ...10.000 боодол өвс нь дутуу буюу 3562 боодол өвс хилээр гарсан учраас энэ дүнгээр нь тооцож 10.000 юань 2 удаа Хятадад байхдаа банкаар шилжүүлсэн. Би Хайлаарт байхдаа эхний 10.000 юанийг Аг Амгаланбаатар хотод байхад нь банкаар шилжүүлсэн. А надад Хятад хүний нэр дээрх данс өгсөн. Дараагийн 10.000 юанийг Аг Манжуурт байхад нь бас л Хятад хүний нэр дээрх дансанд шилжүүлсэн. Энэ 2 шилжүүлгийг 2016 оны 06 дугаар сард ойрхон хугацаанд шилжүүлсэн. Хилээр гарсан өвсний хэмжээнд тооцож шилжүүлсэн болохоос  10.000 боодол өвсөнд тооцож шилжүүлээгүй юм. Бидний дунд өвсний тооцоо байхгүй. ...Монголд байхдаа А надад 30.000 га хадлангийн газар олж өгөх, би түүнд 65.000 юань өгөхөөр тохирсон. Амгаланбаатар хотод 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ад бэлнээр 65.000 юань өгсөн. Энэ мөнгийг “Мөн Шан Юан” гэх  нэртэй буудалд өгсөн бөгөөд манай дүү М гэх Өвөр Монгол хүн хажууд байсан. ...Би Ад 30.000 га газар хэрэгтэй гэхэд болно, бүтнэ гэсэн. А надаас 65.000 юань авахдаа газрын татварт суманд мөнгө төлдөг гээд авсан... гэжээ. /хх-ийн 11-112/

 

            Гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 онд хадам аав А хадлан хадна, хадлан хадах газар авах өргөдөл бичээд өгөөч гэсэн. Тэгээд өргөдөл дээрээ 1500 га  газар авдан гэдэг байдлаар бичнэ шүү гэж хэлсэн. Би өргөдөлдөө 1500 га газар гэж бичиж өгсөн. Дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна. ...Хуулиндаа нэг хүн 1500 га газар хадлан авах эрхтэй түүнийхээ дагуу 1500 га газар авч Засаг даргатай гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114/

 

            Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх өмнө нь 2015 онд хадлан хадаад өвсөө Г гээд Өвөр Монгол хүүхэнд худалдаж байсан. Тэгээд дараа нь Г гээд хүүхэнтэй манай нөхөр А  танилцаад хамтарч ажиллахаар болсон юм. 2016 онд хадлан хадах газар авахаар болоход сумаас нэг хүнд 1500 га газраас илүү хадлан хадах газар өгөхгүй байсан. Манай нөхөр А Г гээд хүүхэнтэй хамтарч ажиллахаар болсон 10.000-20.000 га хадлангийн газар авах хэрэгтэй байна, тиймээс хадлан хадах өргөдөл бичиж өг гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр, хүү, охин, бэр  гээд 5-лаа өргөдөл бичсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 117/

           

            Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сард манай сумын А ах намайг хадланд гараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ажилчнаар нь гарч нийт 10.000 боодол өвс хадсан. Уг өвсийг Г-ийн өвс гэж ярьж байсан. Бид хэд 11 сард хадлангаас буусан. А ах ямар хүнтэй наймаа хийснийг би хараагүй, тэр талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124/

 

            Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 16-18/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

            Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41/

            Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42/

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/

            Монгол банкнаас зарласан валютын ханш /хх-ийн 95-97/

            Гэрч Б.Ш-ийн мэдүүлэг /хх-ийн 114/

            Гэрч Б.О-ий мэдүүлэг /хх-ийн 115/

            Гэрч А.Н-ын мэдүүлэг /хх-ийн 116/

            Гэрч А.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 118/

            Гэрч Х.Н-ын мэдүүлэг /хх-ийн 119/

            Гэрч Ж.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 120/

            Гэрч Ц.У-ийн мэдүүлэг /хх-ийн 121-122/

            Орчуулгын баримтууд /хх-ийн 125-143/

            Халхгол сумын Засаг даргын тамгын газрын албан тоот /хх-ийн 145/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанд оролцсон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч шүүгдэгч нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн J... L..../Г/-ийг хуурч 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч J... L..../Г/-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 07 дугаар сарын эхээр хадлангийн талбай дээрээ байхад А надтай ирж уулзаад “би хадлангийн газар авч өгч чадна. Миний дүү Засаг дарга учраас ганцхан би авч өгч чаддаг юм” гэж хэлсэн. Дүү нь Засаг дарга юм чинь газар авч өгч чадна гэж бодоод би Ад итгэсэн. А тухайн үед надад 30.000 га хадлангийн газар авч өгнө, татварын мөнгө нь 65.000 юань болно гэж хэлж байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас БНХАУ руу очоод мөнгө өгнө гэж хэлэхэд би чамайг дагаад Амгаланбаатар хот руу явъя гэсэн. Ингээд би түрүүлээд явсан бөгөөд А 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Амгаланбаатар хотод “Мөн Шан Юан” зочид буудлын өрөөнд байхад надтай уулзаж мөнгө авсан. Би 8 сард хадлангийн ажлаа эхлэх учраас яаралтай газраа олж өгөөрэй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч  Б.Ц-ийн “...Манайх өмнө нь 2015 онд хадлан хадаад өвсөө Г гээд Өвөр Монгол хүүхэнд худалдаж байсан. Тэгээд дараа нь Г гээд хүүхэнтэй манай нөхөр А  танилцаад хамтарч ажиллахаар болсон юм. 2016 онд хадлан хадах газар авахаар болоход сумаас нэг хүнд 1500 га газраас илүү хадлан хадах газар өгөхгүй байсан. Манай нөхөр А Г гээд хүүхэнтэй хамтарч ажиллахаар болсон 10.000-20.000 га хадлангийн газар авах хэрэгтэй байна, тиймээс хадлан хадах өргөдөл бичиж өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө хүлээн авсан баримт /хх-17/, хадлан хадаж бэлтгэх гэрээ  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Аы холбогдсон хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Аыг БНХАУ-ын иргэн  J... L..../Г/-ийг Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогч Jun Liang, Цагдаагийн газар өргөдөл гаргасан Г нарыг нэг хүн болохыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогоогүй байна гэж мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судалвал: Хилээр өвс оруулсан дэлгэрэнгүй мэдээлэл, өвс пүүлсэн баримт зэргийг орчуулж хавтаст хэрэгт хавсаргасан байх бөгөөд орчуулгыг орчуулга хийх албан ёсны эрхтэй “Норвуужай” ХХК /хх-ийн 132-134/ хийсэн байна.  Хилээр өвс оруулсан дэлгэрэнгүй мэдээлэлийн хэрэглэгчийн нэр хэсэгт J... L..../хх-ийн 135-136/ гэж, өвс пүүлсэн баримтын хэрэглэгч  хэсэгт Г /хх-ийн 128-134, 137-143/ гэж орчуулж бичигдсэн  байна.  Иймд J... L....болон Г нь нэг хүний нэр болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Аыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч Аы 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн  залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 6 сараас дээш, дээд хэмжээг гурван жил, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн, яллагдагчаар татаж болохгүй гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба аймгийн прокурорын газраас түүнд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” шүүгдэгч Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан үийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Агаас 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн J... L..../Г/-д олгох, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. овогт Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Агаас 65.000 юань буюу 19.607.900 төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн J... L..../Г/-д олгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА