Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 156/ШШ2023/00548

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 156/ШШ2023/00548

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;    

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Ц-ын нэхэмжлэлтэй согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С.,

Гуравдагч этгээд С.Ш.

Нарийн бичгийн дарга С.О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

1. Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Ц. нь согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай албан бичгээр тус багийн ............... тоотод оршин суух С.Ш. нь ахуйн хүрээнд болон гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн тогтмол архидан согтуурдаг тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлсэн. Тус багт нийгмийн ажилтан байдаггүй тул Засаг дарга нь манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Иймд Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Ш.г албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.

3. Гуравдагч этгээд С.Ш. хариу тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Хот тохижуулах газарт жолоочоор ажилладаг. Сард 1,850,000 төгрөгийн зээл төлдөг. Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлээ би ганцаараа төлдөг, хүүхдийн мөнгө хүрэхгүй байна. Надаас өөр зээл төлөх хүн байхгүй гэв.

4. Хүсэлт гаргагч талаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай хүсэлт /хх-ийн 2/, Хэнтий аймгийн Ц.ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 49/3869 дугаартай итгэмжлэл /хх-ийн 3/, мэдэгдэх хуудсын хуулбар /хх-ийн 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 6/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 9/, илтгэх хуудас /хх-ийн 10, 11/, С.Ш.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 12/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал /хх-ийн 13-15/-ыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сум хорооны нийгмийн ажилтан нь албадан эмчлүүлэх тухай санал гаргаж болох бөгөөд тухайн саналыг мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага хүлээн авч зохих байгууллагаар согтуурах мансуурах донтой эсэх тухай дүгнэлт гаргуулснаар эмчилгээ хийлгэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Тус хүсэлтийг багийн Засаг дарга гаргасан нь дээрх хуулийн заалтын агуулгыг зөрчөөгүй бөгөөд мөн хуулийн 4.2-д тухайн хүнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болохоор заасан ба энэ талаар гуравдагч этгээд маргаагүй. Иймд эрх бүхий этгээдийн саналаар албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

3. Гуравдагч этгээд С.Ш. нь согтууруулах ундаа байнга хэрэглэж гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн архиддаг болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын ........... багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай хүсэлт /хх-ийн 2/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 6/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/, согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 9/, илтгэх хуудас /хх-ийн 10, 11/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал /хх-ийн 13-15/ болон гуравдагч этгээд С.Ширмэнтогоогийн өөрийнх нь шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр С.Ш.г архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж оноштой, согтуурах мансуурах донтой гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоожээ.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно гэж заасан байдаг.

Албадан эмчлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь тухайн хүнийг эмчилгээ хийлгэхээс чөлөөлж байгаа асуудал биш харин тухайн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг зохицуулсан ойлголт юм. Түүнчлэн сайн дурын үндсэн дээр эмчилгээ хийлгэх үү эсхүл албадан эмчлүүлэх үү гэдэг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт гаргахаас өмнө хийгдэх ажиллагаа гэж ойлгоно.

Гэтэл гуравдагч этгээд С.Ш. нь сайн дураар болон албадан эмчилгээний аль алийг нь хүлээн зөвшөөрөөгүй тайлбар өгч байсан боловч тэрээр шүүх хуралдаанд ...албадан эмчилгээнд хамрагдъя, гэхдээ эмчилгээнд явчихвал би ажилгүй болчих болов уу... гэдэг.

Тэрээр албадан эмчилгээнд хамрагдах талаар хүсэлтээ гаргаагүй, өмнө нь ямар нэгэн эмчилгээнд хамрагдах санаачлага гаргаагүй, түүний ...өнгөрсөн жил архинаас гарах спираль тавиулж байсан бөгөөд үүнээс хойш 8 сарын дараа дахиад уучихсан... гэх тайлбараас үзэхэд сайн дураар архи, согтууруулах ундаанаас татгалзаж эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эгүүлэн авахыг аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгож хуульчилсан байдаг.

5. Мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээд нь ...би цалингийн зээлтэй, зээлийг надаас өөр төлөх хүн байхгүй. Би 3 сараар эмчлүүлэх боломжгүй... гэх боловч энэ нь түүнийг албадан эмчилгээнд хамруулахгүй байх шалтгаан биш юм.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17.1, 17.2-д зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болдог.

Өөрөөр хэлбэл шүүх албадан эмчилгээний хугацааг тогтоохгүй. Хэр зэрэг хугацаагаар албадан эмчилгээнд хамруулах нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнгээс шалтгаалан мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргадаг боловч Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу эмчлүүлэгч нь эмчилгээ шинжилгээний талаар санал гаргах эрхтэй тул С.Ш. нь хуульд заасан энэхүү эрхийнхээ дагуу энэ талаарх хүсэлтээ эмчлэгч байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

6. Гуравдагч этгээд С.Ш.ийн согтууруулах ундаа байнга хэрэглэж гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн архиддаг үйлдэл нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан албадан эмчлүүлэх үндэслэл болж байх бөгөөд энэ нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр түүнийг архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж оноштой, согтуурах мансуурах донтой гэж дүгнэн, албадан эмчилгээнд явуулж болохыг тогтоосон байна.

7. Иймд С.Ш.г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад тулгуурлан зохих дүгнэлт хийж, С.Ш.г албадан эмчилгээнд явуулж эмчлэх шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9.1-д заасныг баримтлан ........... регистрийн дугаартай, Ё.н овогт С.Ши.г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлсүгэй.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар С.Ш.г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлсүгэй.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17.1, 17.2-д заасныг баримтлан албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА