Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 226/МА2023/00019

 

                                                                                                           

 

 

 

   2023        11           28                                           226/МА2023/00019

 

 

С.Ш-д холбогдуулан гаргасан “согтуурах,

мансуурах донтой хүнийг захиргааны журмаар

албадан эмчилгээнд хамруулах тухай

 хүсэлттэй иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэйгээр,  

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Сүхбат,

Гуравдагч этгээд С.Ш-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2023/00548 дугаар шийдвэртэй Хэнтий аймгийн Цагдаагийн газраас гуравдагч этгээд С.Ш-д холбогдуулан гаргасан “согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай”  иргэний хэргийг гуравдагч этгээд С.Ш-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Ж-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай албан бичгээр тус багийн саригийн 13-10 тоотод оршин суух С.Ш- нь ахуйн хүрээнд болон гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн тогтмол архидан согтуурдаг учир архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг цагдаагийн газарт ирүүлсэн. Иймд Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Ш-г албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна” гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай албан бичгээр тус багийн Саригийн 13-10 тоотод оршин суух С.Ш- нь ахуйн хүрээнд болон гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн тогтмол архидан согтуурдаг тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлсэн. Иймд Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Ш-г албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна” гэв.

Гуравдагч этгээд С.Ш- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Хот тохижуулах газарт жолоочоор ажилладаг. Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлээ би ганцаараа төлдөг, би өөрийнхөө алдааг ойлгож байна” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9.1-д заасныг баримтлан С.Ш-г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлж,

- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар С.Ш-г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлж,

- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17.1, 17.2-д заасныг баримтлан албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд С.Ш- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт амьдардаг бөгөөд Хэнтий аймгийн хот тохижуулалтын газар ажиллаж эхнэр 4 хүүхдээ тэжээн тэтгэдэг, сард 4 төрлийн нэг сая гаран төгрөгийн зээл төлдөг. 6-1 насны 4 хүүхэдтэй, эхнэр бага насны 4 хүүхдээ асран хамгаалж эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Албадан эмчилгээнд хамрагдсан хүний ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эгүүлэн авахыг аж ахуй нэгж байгууллагад үүрэг болгож хуульчилсан боловч намайг албадан эмчилгээнд хамрагдаж буй хугацаанд ахуйн хэрэгцээндээ авсан 4 төрлийн зээлийг төлбөр 1.000.000 төгрөгийг хэн төлөх, хүүхдүүдийг минь хэн тэжээн тэтгэх гэх мэт хүндрэлтэй нөхцөл байдлууд миний амьдралд тохиолдож байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн сайн дурын үндсэн дээр эмчилгээ хийлгэх үү эсвэл албадан эмчлүүлэх үү гэдэг асуудлыг цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт гаргахаас өмнө хийгдэх ажиллагаа гэж тайлбарласан байна. Миний бие бичиг үсэг мэдэхгүй огт сургуульд суугаагүй, өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах өмгөөлөгч аваагүй ямар бичиг баримтад гарын үсэг зурж байгаагаа болон цаашид ямар үр дагавартайг ойлгоогүй.

Миний бие шүүхийн шийдвэрт дурдсан шиг согтууруулах ундаа байнга хэрэглэж гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг үйлдэл гаргаж байгаагүй, миний ажлын ачаалал их байдаг тул надад архидан согтуураад явах цаг зав гардаггүй, энэ талаар манай ажлын хамт олон бүгд мэднэ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багийн засаг дарга манай гэр орноор болоод намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нэг ч удаа тааралдаж
байгаагүй атлаа ямар баримтад үндэслэн албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг Цагдаагийн газар гаргасныг ойлгохгүй байна.

Албадан эмчилгээнд хамрагдахад бэрхшээл, хүндрэлтэй ар, гэрийн нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж энэрэнгүй ёсны зарчимд тулгуурлан надад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Нэмж хэлэхэд цагдаагийн байгууллагын ажилтан шүүхэд албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг гаргах эрх нь хуулиар олгогдсон. Гэхдээ тухайн хүсэлтийг цагдаагийн албан хаагч Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тус хорооны нийгмийн ажилтан гаргасан хүсэлтэд үндэслэн зохих байгууллагаар согтуурах мансуурах донтой эсэх тухай дүгнэлт гаргуулахаар хуульчилсан байна. Гэтэл энэ хуулийн зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь багийнхаа иргэдийн ахуй амьдралыг мэдэхгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй багийн засаг дарга албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлтийг цагдаагийн албан хаагчид гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Би өөрийн буруугаа ойлгож байна. Сайн дураараа эмчилгээнд явмаар байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд С.Ш-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Цагдаагийн газар гуравдагч этгээд С.Ш-д холбогдуулан “С.Ш- нь ахуйн хүрээнд болон гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн тогтмол архидан согтуурдаг учир Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу албадан эмчилгээнд явуулж өгнө үү” гэсэн хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Гуравдагч этгээд С.Ш- нь “нэг ч удаа уулзаж байгаагүй багийн засаг дарга албадан эмчилгээнд хамруулахаар цагдаагийн газарт хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манайх ам бүл 6-уулаа. Би Хэнтий аймгийн Хот тохижуулах газарт жолоочоор ажиллаж ар гэрээ тэжээж, зээлээ төлдөг тул албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. 

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон
боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж албадан эмчлэх үндэслэлийг заасан байна.

 

 

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр С.Ш- архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж оноштой, согтуурах  мансуурах донтой нь  тгогтоогдсон  байх боловч  С.Ш- согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна сайн дураараа эмчлүүлэхээс татгалзаагүй байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдолд иргэний хэрэг үүсгэх ба Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргаас тус багийн иргэн  С.Ш-г  архины албадан эмчилгээнд явуулах  хүсэлт гаргаснаар  цагдаагийн байгууллага шүүхэд хандсаныг “нэхэмжлэл гаргасан” гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан алдааг цаашид анхаарах шаардлагатайг магадлалд дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2023/00548 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, С.Ш-д холбогдуулан гаргасан согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

     

         3. Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ГАНЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      Б.ДЭНСМАА

                                                                                                           

                                                                                   Г.БОЛОРМАА