Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/02999

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Хариуцагч: НШШГГ

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09- ний өдрийн .... дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст заасны дагуу Ж ХХК-д 135,657,172 төгрөгийн өр төлбөр төлөхөөр болсон билээ. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.А нь 135,657,172 төгрөгийн авлагатай, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураагдсан .....тус дугаартай, тус бүр нь 700 м.кв талбайтай газрыг битүүмжилж, хурааж, албадан худалдан борлуулахаар болсон байна. Ингэж дуудлага худалдаанд оруулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Т.Ар нь дээрх газрыг тус бүрийг 9,500,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан, зарчим, стандарт хангаагүй талаар 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/149 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэж В ХХК, түүний захирал, шинжээч О.Б-г шинжээчээр томилсон байна. Улмаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гарч уг тайлангаар ....газрыг тус бүр нь 9,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн 4 дүгээр хуудсанд Мэдээллийн эх үүсвэр ба найдвартай байдал гэсэн хэсэгт ...харьцуулсан өгөгдлийг үл хөдлөх зуучлалын компаниуд, вэб сайтууд, компанийн өөрийн үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн өгөгдлийн сан болон гуравдагч талын брокеруудаас цуглуулсан..., хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн 5 дугаар хуудсанд Зах зээлийн хандлага нь тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнэ үзүүлэлтийг тодорхойлдог гэж дүгнэлтдээ тодорхойлжээ. Гэтэл уг дүгнэлтийн үндэслэл болсон зах зээлийн хандлагаар үнэлгээнд ашигласан хөрөнгүүд нь зөвхөн Үнэгүй.мн сайт дээрээс авсан үнэлгээ байна. Бусад мэдээллийн эх үүсвэрээс огт шалгаагүй бөгөөд энэ нь бодит үнэлгээ болно гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь уг албадан дуудлага худалдаанд орох гэж буй газартай харалдаа, яг адилхан ...тус бүр нь 700 мкв талбайтай 3-н газрыг төлбөр авагч Ж ХХК нь тус бүрийг нь 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгт тооцож авч байсан баримт уг хэрэгт бэлэн байна. Гэтэл үүнийг мэдээллийн эх үүсвэр гэж авч үзээгүй нь ойлгомжгүй байна. Өөр хүнээс авахаар 13,000,000 төгрөгөөр авч болдог, төлбөр өгөгчөөс авах яг харалдаа газрыг нь 9,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь тухайн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т шударга, 4.1,4-т бодитой, 4.1.5-т хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчим, 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх зэрэг нөхцөлийг хангахгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ...дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1.1-т заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээг энэ хуулийн 5.1.1-д заасан үндэслэлээр хийх бол үйлчилгээний хөлсийг талууд хооронд байгуулах гэрээгээр тогтооно, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1-т Хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр хийнэ., 5.1.1-т үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр тохиролцсон. гэж тус тус заажээ. Үүнээс харахад 1... дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-тай уг хэрэгт шийдвэр гүйцэтгэгч, ахмад Т.А нь хөрөнгийн үнэлгээний В ХХК, түүний захирал, шинжээч О.Б-тэй гэрээ байгуулалгүй, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-г үндэслэж шинжээчээр ажилуулж байгаа нь тогтмол В ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчээр ажлуулдаг, ажил олгогч болох нь харагдаж байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд үнэлгээний хараат бус байдлыг хангах зорилгоор уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т үйлчлүүлэгчтэй компанийн тухай хуулийн 99.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээд байхыг үнэлгээчинд хориглосон заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.9-т уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан бол үүнийг нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно гэж маш тодорхой заажээ. Иймд иргэн Б.Булган-Эрдэнийн эзэмшлийн ...тус тус дугаартай, тус бүр нь 700 м.кв талбайтай газрыг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор нэгж талбарын ... дугаартай газрыг үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай дүгнэлт, нэгж талбарын ... дугаартай газрыг үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, нэгж талбарын ... дугаартай газрыг үнэлсэн В... ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, нэгж талбарын ... дугаартай газрыг үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай дүгнэлт зэргийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэрээр Б.Б-с 135,657,172 төгрөгийг гаргуулж, Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Б-д сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн болон шуудангаар өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэгж талбарын хуучнаар ....дугаарт бүртгэлтэй, ..... 4 ширхэг газрыг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч нар болон өмчлөгч нараас үнийн санал авахад 1 газрыг 22,000,000 төгрөгөөр нийт 4 ширхэг газрыг 88,000,000 төгрөгөөр төлбөр төлөгч үнэлсэн, төлбөр авагчаас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гардуулахад газар тус бүрийг 9,500,000 төгрөгөөр нийт 4 ширхэг газар 38,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаар албан бичиг /хх 8/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар албан бичиг /хх 9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 803 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1172 дугаартай шийдвэр /хх 11-13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж /хх 16-17/, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16-42/, Ж ХХК-д гаргасан хүсэлт /хх 43/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх 45-50/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл /хх 134/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол /хх 135/, фото зураг /хх 161-162/, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэгчийн хувийн хэрэг /хх 59-119/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол /хх 123/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ...дугаар төлбөр албадан дуудлага худалдаа мэдэгдсэн тухай албан бичиг /хх 124/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь нэгж талбарын...., ...аманд байрлах тус бүр 700 м.кв талбайтай, эзэмшлийн газрууд бодитой бус үнэлэгдсэн тул В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дүгээр тогтоолоор Б.Б нь 66,364,060 төгрөгийг нэхэмжлэгч Ж ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэгж талбарын 1333000724 дугаартай, ... байрлах 700 м.кв талбай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 1333000740 дугаартай, .... эзэмших эрхтэй газар, нэгж талбарын .... дугаартай,  ... талбай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын  дугаартай, талбай эзэмших эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

 

7. Дээрх шийдвэрийг Б.Б сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна.

 

Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолыг төлбөр төлөгчид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэр бүлийн гишүүнд мэдэгдэж, уг ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна.

 

8. Шийдвэр гүйцэтгэгч нь нэгж талбарын .... дугааруудтай, ....байрлах тус бүр 700 м.кв талбайтай, эзэмшлийн газруудыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, дахин 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаа тогтоосон боловч төлбөр төлөгдөөгүй байхаас гадна төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар санал зөржээ.

 

9. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/149 дугаар тогтоолоор шинжээч О.Бат-Эрдэнийг томилж, үнэлгээ тогтоолгожээ.

 

10. Шинжээч О.Б нь нэгж талбарын .... дугааруудтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд байрлах тус бүр 700 м.кв талбайтай, эзэмшлийн газруудыг тус бүрд нь 9,500,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг В ХХК-ийн нэрээр ирүүлсэн байна. Энэ нь тусгай мэдлэггүй этгээд дүгнэлт гаргасан эсхүл шинжээчээр томилогдоогүй этгээд үнэлгээ гаргасан гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргуулах ажиллагаа явагджээ.

 

11. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

Шинжээч хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх Үнэлгээний Олон Улсын Стандарт болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын гурваас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, эзэмших эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийжээ. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээ дээр маргаж байгаа газруудтай адилхан газрыг 13,000,000 төгрөгөөр тооцож Ж ХХК-д өгсөн гэсэн тайлбар нь гэрээний чөлөөт байдалд үндэслэсэн талуудын тохиролцоо болохоос бус үнэлгээнд тооцогдохгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч үнийн саналдаа газар бүрийг 22,000,000 төгрөгөөр адилхан үнэлсэн атлаа шүүхэд газар бүр өөр үнэлэгдэх ёстой гэсэн нь үндэслэлгүй байх ба Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахтай холбоотой ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

12. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2023 оны 5 дугаар сарын 03-ний өдөр гарч төлбөр төлөгчид 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байх тул үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

13. Дээрхээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдсэнээс хойш 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.

 

14. Иймд нэгж талбарын .... дугааруудтай, ...байрлах тус бүр 700 м.кв талбайтай, эзэмшлийн газруудыг үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай хөрөнгийн үнэлгээ, В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн . дугаартай хөрөнгийн үнэлгээ, В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн . дугаартай хөрөнгийн үнэлгээ, В ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн . дугаартай хөрөнгийн үнэлгээ нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 210,600 төгрөг гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, нэгж талбарын .... дугааруудтай, ... газруудыг үнэлсэн Виннер вэй ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ....дугаартай хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 210,600 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ