Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01904

 

 

 

 

 

 

 

 

2023 10 30 210/МА2023/01904

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02999 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШГ-т холбогдох,

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 210/MA2020/01418 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00421 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ГХ2022/00803 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст заасны дагуу Ж ХХК-д 135,657,172 төгрөгийн өр төлбөр төлөхөөр болсон. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Ариунболор нь 135,657,172 төгрөгийн авлагатай, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураагдсан Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Арцатын аманд байрлах нэгж талбарын 1333000766, 1333000779, 1333000740, 1333000724 тус тус дугаартай, тус бүр нь 700 м.кв талбайтай газрыг битүүмжилж, хурааж, албадан худалдан борлуулахаар болсон байна. Дээрх газрыг тус бүрийг 9,500,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан, зарчим, стандарт хангаагүй талаар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/149 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэж В ХХК, түүний захирал, шинжээч О.Б- шинжээчээр томилсон байна. Уг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн 4 дүгээр хуудсанд Мэдээллийн эх үүсвэр ба найдвартай байдал гэсэн хэсэгт ...харьцуулсан өгөгдлийг үл хөдлөх зуучлалын компаниуд, вэб сайтууд, компанийн өөрийн үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн өгөгдлийн сан болон гуравдагч талын брокеруудаас цуглуулсан..., хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн 5 дугаар хуудсанд Зах зээлийн хандлага нь тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнэ үзүүлэлтийг тодорхойлдог гэж дүгнэсэн. Гэтэл уг дүгнэлтийн үндэслэл болсон зах зээлийн хандлагаар үнэлгээнд ашигласан хөрөнгүүд нь зөвхөн /Үнэгүй.мн/ сайт дээрээс авсан үнэлгээ байна. Бусад мэдээллийн эх үүсвэрээс огт шалгаагүй бөгөөд энэ нь бодит үнэлгээ болно гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь уг албадан дуудлага худалдаанд орох гэж буй газартай харалдаа, яг адилхан 700 м.кв талбайтай гурван газрыг төлбөр авагч Ж ХХК нь тус бүрийг нь 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгт тооцож авч байсан баримт хэрэгт авагдсан. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний В ХХК, түүний захирал, шинжээч О.Б-тэй гэрээ байгуулалгүй 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/149 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-г үндэслэж шинжээчээр ажиллуулж байгаа нь тогтмол В ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр ажиллуулдаг, ажил олгогч болох нь харагдаж байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд үнэлгээний хараат бус байдлыг хангах зорилгоор уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т үйлчлүүлэгчтэй компанийн тухай хуулийн 99.1 дэх хэсэгт заасан нэгдмэл сонирхолтой этгээд байхыг үнэлгээчинд хориглосон заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.9-т уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан бол үүнийг нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно. Иймд иргэн Б.Б-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Арцатын аманд байрлах нэгж талбарын 1333000766, 1333000779, 1333000740, 1333000724 тус тус дугаартай, тус бүр нь 700 м.кв талбайтай газрыг үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ш-5/2, Ш-5/3, Ш-5/4 дугаартай дүгнэлт зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэрээр Б.Б-ээс 135,657,172 төгрөгийг гаргуулж, Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Б-д сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн болон шуудангаар өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэгж талбарын хуучнаар 18665312188881, 18665312150831, 18665312175865, 18665312112852 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Арцатын ам гудамжинд байрлах тус бүр 700 метр квадрат талбайтай 4 ширхэг газрыг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч нар болон өмчлөгч нараас үнийн санал авахад 1 газрыг 22,000,000 төгрөгөөр нийт 4 ширхэг газрыг 88,000,000 төгрөгөөр төлбөр төлөгч үнэлсэн, төлбөр авагчаас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилон үнэлгээ гардуулахад газар тус бүрийг 9,500,000 төгрөгөөр нийт 4 ширхэг газар 38,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШГ-т холбогдох, нэгж талбарын 1333000724, 1333000740, 1333000766, 1333000779 дугааруудтай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Арцатын аманд байрлах тус бүр 700 м.кв талбайтай, эзэмшлийн газруудыг үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ш-5/4, Ш-5/3, Ш-5/1, Ш-5/2 дугаартай хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 210,600 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Мэргэжлийн байгууллага нь тухайн газрын бодит зургийг авч, газрын хэвгий, жалга, дэд бүтэц, тохижолт зэрэг бүх мэдээллийг үнэн бодитоор мэдээллэж, улмаар газар тус бүрийн үнэлгээг гаргах ёстой атал орц гарц байхгүй, жалгатай, хэвгий газрыг эрүүл, тэгш, орц гарцтай газартай ижил үнээр үнэлсэн нь тухайн үнэлгээ бодит болоогүй байна гэж маргаж байгаад тайлбар хийж чадаагүй байна гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь НШГ- нь В ХХК-тай ямар эрх зүйн харилцаанд оролцож, байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн тухай хуулийн 99 дүгээр заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд хариуцагч тайлбар өгч чадаагүй, шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй. Энэ нь хариуцагч өөрийн дураар газрыг үнэлж үнэлгээг хууль бус явуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд байгааг мэдсээр байж шийдвэрийн үндэслэлд дурдаагүй нь ойлгомжгүй байна. Уг ажиллагааг давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэх боломжгүй, баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч НШГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-ээс 153,587,059 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,027,341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 153,587,059 гэснийг 135,657,172 гэж, 26,027,341 гэснийг 43,957,228 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Ж ХХК-д 64,884,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 4,409,112 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 66,364,060 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Б-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулсугай гэж өөрчилж шийдвэрлэсэн байна. Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00421 дугаар тогтоолоор тус магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 60-69/

 

3. Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, маргаан бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна. /хх 72, 82-86/

 

4. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Б.Б- 4 үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрийн үнэ 22,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн. Харин төлбөр авагч Ж ХХК нь үнийн дүнг зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр В ХХК-ийн ажилтан О.Б- шинжээчээр томилсон ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ./хх 87-89/

 

4.а. В ХХК-ийн үнэлгээчин О.Б- нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тайлбарлан, танилцуулжээ. /хх 89-90, 97-98/

 

5. Нэгж талбарын 1333000724, 1333000740, 1333000766, 1333000779 дугааруудтай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Арцатын аманд байрлах тус бүр 700 м.кв талбайтай, эзэмшлийн газруудын нэг бүрийн үнийг 9,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. /хх 91-117/

 

6. Нэхэмжлэгч нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч өмнө нь ижил хэмжээний газрыг 13,000,000 төгрөгөөр үнэлж эвлэрлийн журмаар өгч байсан учраас маргаан бүхий 4 газар тус бүрийг уг үнээр үнэлэгдэх ёстой гэж маргаж байх боловч дээрх асуудал нь талуудын эвлэрлийн журмаар шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэхээр байх тул зохигчийн маргаж буй маргаантай холбоогүй ба уг газарт хуульд заасан арга хэрэгсэл, журмаар үнэлгээг хийсэн тухай баримтгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

7. Маргаан бүхий 4 газар тус бүрийн үнийг 9,500,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Б.Б-д 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардуулсан байна. /хх 119/

 

Гэтэл нэхэмжлэгч нь үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн дардас тэмдгээр тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ