Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б

 

Хариуцагч: НШШГГ

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18 өдрийн ... дугаартай шийдвэрээр З ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн .... 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн ....дугаарт бүртгэгдсэн зоорины давхрын 3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний Б ХХК-иар үнэлгээ хийлгэхэд миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ...хаягт байрлалтай 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн зоорины давхрын №3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 сарын 02 өдрийн ... дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг 2023 оны 07 сарын 05 өдөр олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хурааснаас хойш 1 сарын дотор төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын үнийн саналыг авч хооронд нь тохиролцуулах ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн .... 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-2205028822 дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын №3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох надад үнийн санал авах талаар мэдэгдээгүй, мөн үнийн санал аваагүй байх бөгөөд холбогдох хуулиудыг зөрчин миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байна. Мөн тухайн үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд хотын А зэрэглэлийн байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн орон сууцны зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ миний орон сууцнаас талбай хэмжээ илт багатай орон сууцтай харьцуулж 1 м.кв талбайн дундаж үнэлгээг багасгаж тооцсоноор орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, мөн хаягт байрлах улсын эрхийн бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн зоорины давхрын №3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаар шийдвэрээр З ХХК-аас 807,850,145 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч З ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Г.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..дугаартай, ... талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорины давхар 3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Зээст ХХК-ийн захирал Г.З-н 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгох хүсэлтээр шинжээч томилсон. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Б компаниар тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, ... 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, мөн хаягт байрлах зоорины давхар 3 тоот гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч З-т ХХК-ийн захирал Г.З-од 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай албан бичгээр, өмчлөгч Г.Б-д тус өдрийн ... дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдүүлэн гарын үсэг зуруулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч З ХХК-ийн захирал Г.З нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргаж болно. Бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан тул 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар мэдэгдлээр шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон. Дээрх хугацаанд бие даан худалдан борлуулаагүй тул 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ тогтоох, үнэлгээг танилцуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч өөрөө хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаагүй буюу хуулийн хугацаа хэтэрсэн тул Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Г.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 6-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаар шийдвэр /хх 8-10/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ...дугаар магадлал /хх 11-13/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ...дүгээр тогтоол /хх 14-16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 865 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 19/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 8916 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 17-18/, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 20/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .. дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, жагсаалт /хх 21/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 22/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-27/, хариуцагчаас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 4-182/13509 дугаар мэдэгдэл албан бичиг /хх 34/, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/02 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 35/,2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/03 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 36/, 22370606 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн хувийн хэрэг /хх 39-112/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ...дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягийн зоорийн давхар 3 дугаарт байршилтай, гаражын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ..дугаартай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогоор үнэлэгдсэн, үнийн талаар тохиролцуулах ажиллагааг хийгээгүй тул үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдсэнээс хойш 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гомдлыг шүүх хянан хэлэлцэх үндэслэл бүрдээгүй гэж үзлээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд Г.Б-н ... дугаар утсаар холбогдож, хөрөнгийн үнэлгээг уншиж танилцуулав. Г.Б нь би өөрөө очиж гардаж авах боломжгүй тэтгэврийн хүн. Манай төрсөн дүү Г.З-од өгөөд явуулж болно. Санал хүсэлт байхгүй гэжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг хуурамч, хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч мэдэгдлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олж мэдсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

7. Иймээс гомдол гаргах хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул эрхийн улсын бүртгэлийн ..дугаартай, .... хаягт байршилтай, 115 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягийн зоорийн давхар 3 дугаарт байршилтай, гаражын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... хаягт байршилтай, 115 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягийн зоорийн давхар 3 дугаарт байршилтай, гаражын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ