Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01908

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01908

 

 

 

 

 

 

 

2023 10 30 210/МА2023/01908

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18 өдрийн 576 дугаартай шийдвэрээр З- ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулж Ж,ДҮХС-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 123456 тоот хаягтай 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байх зоорийн давхрын 3 тоот гаражаар хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, улмаар хөрөнгийн үнэлгээний Б- ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 06 сарын 02 өдрийн 4-182/11183 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг миний бие 2023 оны 07 сарын 05-ны өдөр мэдсэн.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийгээгүй, энэ талаар мэдэгдээгүйнь хууль зөрчсөн.

1.3. Тухайн үнэлгээний тайлантай танилцахад хотын А зэрэглэлд байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн орон сууцны зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ миний орон сууцнаас талбай хэмжээ илт багатай орон сууцтай харьцуулж 1 м.кв талбайн дундаж үнэлгээг багасгаж тооцсоноор орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр З- ХХК-аас 807,850,145 төгрөг гаргуулж Ж,ДҮХС-д олгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг биелүүлэх ажиллагааны дагуу төлбөр төлөгч З- ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч З- ХХК-ийн захирал Г.З-ын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан үнэлгээ тогтоолгох хүсэлтийн дагуу шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Б- ХХК-ийг томилсон.

2.2. Шинжээчийн 2023 оны 05 сарын 24-ний өдөр гаргасан үнэлгээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, Баянгол дүүргийн 123456 тоотод 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, мөн хаягт байх зоорийн давхрын 3 тоот гаражийг 34,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч З- ХХК-ийн захирал Г.З-од 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 4-182/11182 дугаартай албан бичгээр, өмчлөгч Г.Б-өд тус өдрийн 4- 182/11183 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдүүлэн гарын үсэг зуруулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

2.3. Төлбөр төлөгч З- ХХК-ийн захирал Г.З- нь 2023 оны 06 сарын 05-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан тул шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон. Тус хугацаанд бие даан худалдан борлуулаагүй тул 2023 оны 08 сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2023 оны 07 сарын 20-ны өдөр мэдэгдсэн.

2.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хөрөнгийн үнэлгээ тогтоох, үнэлгээг танилцуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч өөрөө хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаагүй буюу хуулийн хугацаа хэтэрсэн тул Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, Баянгол дүүргийн 123456 тоот хаягт байршилтай, 115 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягийн зоорийн давхар 3 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028822 дугаартай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрээс Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 40 дүгээр байрны зоорын 3 тоотод байх 18 м.кв талбайтай гаражийн үнэлгээг зөвшөөрч байгаа, харин Баянгол дүүргийн 123456 тоот, 115 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг 406,624,660 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй. Уг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т ...Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө... гэснийг шүүх буруу тайлбарлаж Г.Б-өд үнэлгээний тайланг танилцуулаагүй, дүү гэх Г.З-од өгч явуулаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Өмчлөгч Г.Б-өөс үнийн санал аваагүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилллагаа нь хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 123456 тоот, 115 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан барьцааны зүйл болох түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 123456 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, 115 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 3 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028822 дугаартай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

 

3.1. Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 576 дугаартай шийдвэрээр З- ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ж,ДҮХС-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Г.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 123456 тоотод байх 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байх зоорийн давхрын 3 тоот гаражаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Уул шийдвэрт хариуцагч тал гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 149 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх8-16/

 

3.2. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2022 оны 06 сарын 08-ны өдөр үүсгэж, улмаар дурдсан барьцааны эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд маргаангүй. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авах ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

 

4. НШШГГ- нь төлбөр төлөгч З- ХХК-ийн захирал Г.З-од барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал өгөхийг мэдэгдсэн байна. /хх.66/ Төлбөр төлөгч 2023 оны 05 сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг үнэлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 5/215 дугаартай тогтоолоор С.Мөнхжаргалыг шинжээчээр томилжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаанд талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Шинжээч нь зохигчийн маргаж буй Баянгол дүүргийн 123456 тоотод байх 115 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 406,624,660 төгрөгөөр, зоорийн давхрын 3 тоот гаражийг 34,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 16 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хариуцагч байгууллагад ирүүлжээ. /хх 68, 70-102/

 

6. Хариуцагч нь дээрх шинжээчийн үнэлгээг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн болох нь хэргийн 105 дахь талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 сарын 02-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Тодруулбал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Я- нь 2023 оны 06 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Г.Б-ийн 99085055 дугаартай гар утас руу холбогдож, түүнд хөрөнгийн үнэлгээний тайланг уншиж танилцуулахад Г.Б- нь би өөрөө очиж гардаж авах боломжгүй тэтгэврийн хүн манай төрсөн дүү Г.З-од өгөөд явуулж болно, санал хүсэлт байхгүй гэж тайлбарласныг баталгаажуулан тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчид биечлэн, өмчлөгчид утсаар дамжуулан тус тус мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгчийг 2023 оны 06 сарын 02-ны өдөр үнэлгээний тайлантай танилцсан гэж үзнэ.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2023 оны 07 сарын 07-ны өдөр гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ