Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 216/МА2019/00011

 

“И х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00118 дугаар шийдвэртэй, “И х у” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 68 447 586 төгрөг, алданги 34 223 793 төгрөг, нийт 102 671 379 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “И х у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч И х у ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь анх Ш О ХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №ШО17-2/65 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 13 нэр төрлийн 38 704 600 төгрөгийн сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №ШО17-2/67 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 7 нэр төрлийн 34 311 200 төгрөгийн сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ШО17-2/72 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 7 нэр төрлийн 41 668 000 төгрөгийн бараа, сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. Манай компани нь дээрх 3 гэрээнд заасан бараа, сэлбэгийг гэрээнүүдийн хавсралтанд заасан тоо, хэмжээгээр биет байдлын доголдолгүйгээр гэрээний 1.4-т заасны дагуу өөрийн тээврээр гэрээний 2.1-т заагдсан хугацаанд хүргэж өгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Худалдагч тал буюу манай компани нь гэрээний 3.1-т заасан үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан бараа, сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд хариуцагч буюу худалдан авагч талаас гэрээний 3.2-т заасны дагуу бүрэн шалгаж хүлээн авсан бөгөөд гэрээний 3.2-т заасан хугацаа болох ашиглаж эхэлснээс болон доголдол илэрснээс хойш 3 хоногийн дотор доголдлын талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Гэрээний 4.1-т заасны дагуу манай компани нийт 114 683 800 төгрөгийн бараа, сэлбэгийг өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр бүрэн шийдвэрлэж гэрээний үүргээ биелүүлэн нийлүүлэлтийг хийсэн.

Харин хариуцагч нь гэрээний 4.2-т заасан барааны төлбөрийг барааг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор худалдагчид шилжүүлнэ гэх үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй байна. Хариуцагч нь одоогийн байдлаар ХААН банк ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 09-нд 14 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 22 000 000 төгрөг, Хас банк ХХК-иар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг тус төлсөн бөгөөд дээрх нийт 4 удаагийн гүйлгээгээр 56 000 000 төгрөг шилжүүлснээс 10 000 000 төгрөг нь хариуцагчийн манай компаниас 2016 онд авсан сэлбэгийн үлдэгдэл төлбөр ба үлдэх 46 000 000 төгрөг нь маргаан бүхий 3 гэрээний нийт төлбөрөөс төлсөн төлбөр болно.

Хариуцагч нь одоогийн байдлаар 68 447 586 төгрөгийн үлдэгдлээ төлөхгүй даруй 2 жил шахам хугацааг өнгөрүүлж, манай компанийг санхүүгийн эрсдэлд оруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2а/234 тоот манай компанид ирүүлсэн дансны үлдэгдэл тулган баталгаажуулах тухай албан бичигт 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар танай байгууллагад төлөх өр төлбөрийн үлдэгдэл 88 447 586 төгрөг 36 мөнгө байгааг баталгаажуулж өгнө үү гэснийг манай компаниас баталгаажуулж тооцоо нийлсэн.

Үүнээс хойш хариуцагч талаас олон удаа шаардуулж чирэгдэл үүсгэж байж 20 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр төлсөн бөгөөд дахин ямар нэгэн төлбөр хийж гэрээний үүргээ биелүүлэх талаар хангалттай арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч талыг хохироож байна. Гэрээнүүдийн 8.1 дэх хэсэгт зааснаар манай компани анз шаардах эрхтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцоход хуульд заасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 68 447 586 төгрөгийн 50 хувь 34 233 793 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ.

Иймд, хариуцагч Ш О ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 68 447 586 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж алданги 34 223 793 төгрөг, нийт 102 671 379 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бидний зүгээс нэхэмлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш О ХК нь И х у ХХК-д 10 274 184 төгрөгийг төлөхөөр байгаа. Бусад шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэл, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцэх ажиллагаа явуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх 2017 онд Ш О ХК-тай гурван төрлийн гэрээ байгуулсан талаар тодорхой дурьдсан байна. Энэ дээр гэрээний үнийн дүн болон худалдан авалтыг хэмжээг тавьсан байна. Энэ дээр бол Ш-О ХК нь маргахгүй байгаа, харин төлбөр төлөлтийн болон худалдан авалтын ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй явагдсан уу үгүй юу гэдэг дээр маргаан үүсч байна. Ш О ХК-ийн хувьд хавтаст хэрэгт хэд хэдэн төлбөр төлсөн баримтыг өгсөн. Одоогийн байдлаар И х у ХХК-д нийт 104 409 620 төгрөгийг төлчихсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шаардлага бол өөрөө 114 683 800 төгрөг байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шардлагаасаа өөрийн өгсөн мөнгөө хасахаар 10 274 184 төгрөг гарч байгаа юм. Шилжүүлсэн мөнгөний хувьд талууд маргаангүй байгаа. Алдангийн хувьд тайлбар хэлье. Нэхэмжлэгч гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувийн анз авах эрхтэй гэж маргаж байгаа. Харин хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл Ш О ХК нь 2017 онд худалдан авалт огт төлөөгүй ажиллсан байна. Ш О ХК нь өөрөө төрийн өмчит хуулийн этгээд энэ хүмүүстэй гэрээ байгуулсан үе буюу 2017 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын хооронд О захирал ажлаа Э захиралд хүлээлгэн өгөх үе байсан. Тэгээд төлөвлөлгөө огт байхгүйгээр худалдан авалт хийсэн гэрээнүүд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан журмыг ноцтойгоор зөрчсөн байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын асуудал нь өөрөө бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс бодогдох ёстой байдаг. Гэтэл гэрээний нийт дүнгийн гэсэн хууль бус үг хэллэг орж ирсэн байгаа. Тэгэхээр шүүх гэрээний хүчин төгөлдөр заалтыг шалгах нь зүйтэй байх. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын зохицуулалтыг зөрчсөн. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-дэх заалт нь өөрөө хууль зөрчсөн заалт байна. Гэрээний үнэнд хүчин төгөлдөр бус тогтоогдох учраас талууд анзыг бичгээр тохиролцоогүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн зохицуулалт өөрөө Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан байгаа. Иймд нэхэмжлэгч нь анз болон алданги нэхэмжлэх эрх байхгүй байна. Ш О ХК нь 10 274 184 төгрөгийг нэхэмжлэгч И х у ХХК-д төлөхөөр байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш О ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 68 447 586 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И х у ХХК-д олгож, алданги 34 223 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш О ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 500 188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И х у ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00118 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Үндэслэх хэсгийн: “Гэвч нэхэмжлэгч нь №ШО17/65, №ШО17-2/67, №ШО17-2/72 гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа хэзээнээс эхэлж хэтэрч эхэлсэн, хэдэн хоногийн хугацаа хэтэрсэн гэрээ тус бүрийн төлбөрийн үлдэгдэл хэд байсан, түүнээс алданги тооцсон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагч “Ш-О” ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрийн үлдэгдэл 68,447,586 төгрөгнөөс тооцсон алданги 34,223,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэж дүгнэсэн нь шүүх Иргэний хууль болон ИХШХШТХ-ийн дараах зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн 3-р хуудасны эхний мөрт №ШО17/65, №ШО17-2/67, №ШО17-2/72 гэрээнүүдийн 8.1-р зүйлд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар анз төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд энэ эрхийн дагуу анз шаардаж байгааг дурьдаад №ШО17-2/72 гэрээ буюу хамгийн сүүлийн гэрээний шаардах эрх үүсэх хугацаа буюу 2017.07.01-ний өдрөөр алдангийг тооцож байгаа талаар тодорхой дурьдсан байгааг анхан шатны шүүхээс бодитой үнэлж чадсангүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээний шаардах эрх үүсэх хугацааг тодотгон асуусан бөгөөд үүнд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс мөн дээрх хугацааг буюу гэрээнүүдийн хамгийн сүүлийн хугацаанаас эхэлж алданги шаардаж байгаа талаарх мөн хариу тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүх бодитой хянаж өгнө үү.

Гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа хэзээнээс эхэлж хэтэрч эхэлсэн, хэдэн хоногийн хугацаа хэтэрсэн гэрээ тус бүрийн төлбөрийн үлдэгдэл хэд байсан, түүнээс алданги тооцсон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн гэрээнүүдийн 2.1-т заасан хугацаанд 14 хоногт бүрэн нийлүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд гэрээ тус бүрийг байгуулсан огнооноос хойш 14 хоног өнгөрснөөс хойш гэрээнүүдийн 4.2-т заасны дагуу 45 хоног дуусмагц нь шаардах эрх үүсч, гэрээний хугацаа хэтэрсэн болохыг нотолж байгааг, өөрөөр хэлбэл №ШО17/65-р гэрээг 2017 оны 03 сарын 27-ны өдөр байгуулж, нэхэмжлэгч 2017 оны 04 сарын 12-ны өдөрт багтаан барааг нийлүүлж, энэ өдрөөс хойш 45 хоног буюу 2017-05-27-ны өдрөөр эхний гэрээний хугацаа хэтэрч, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 724 хоног хэтэрсэн, №ШО17/67-р гэрээг 2017-04-05-ны өдөр байгуулж нэхэмжлэгч 2019-04-19-ний өдөрт багтаан барааг нийлүүлж энэ өдрөөс хойш 45 хоног буюу 2017-06-03-ны өдрөөр эхний гэрээний хугацаа хэтэрч, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 697 хоног хэтэрсэн, №ШО17/72-р гэрээг 2017-05-01-ний өдөр байгуулж, нэхэмжлэгч 2017-05-15-ны өдөрт багтаан барааг нийлүүлж, энэ өдрөөс хойш 45 хоног буюу 2017-07-01-ний өдрөөр эхний гэрээний хугацаа хэтэрч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 669 хоног хэтэрсэн гэж тооцож болох нотлох баримт хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэх үүргээ хангалттай биелүүлээгүй, улмаар ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсэг “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөнд гомдолтой байна.

Гэрээнүүдийн 8.1-т “Төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тогтоож худалдагчид төлнө, алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна” гэж тодорхойлсон байх ба хэрвээ шүүх дүгнэх боломжгүй гэж үзвэл хариуцагчийн ирүүлсэн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн гэрээний үнийн дүнг тогтоож 25 хувиар тооцож алдангийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Талууд гэрээний төлбөрийг нийт байгуулагдсан гэрээнүүдийн нийлбэрээр тооцож шилжүүлж, хүлээн авч байсан нь нэхэмжлэгчийн гаргасан дипозит дансны хуулга, дансны үлдэгдэл тулгасан баримт зэргээр тогтоож байгаа бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлох эрхийн хүрээнд талуудын хооронд байгуулагдсан хамгийн сүүлийн гэрээний шаардах эрх үүссэн хугацаанаас алдангийг тооцсон нь хууль зөрчөөгүй бөгөөд нийт 3 гэрээний хувьд Иргэний хуулийн 232-р зүйлд заасан алдангийн хувь хэмжээ нэхэмжлэлийн шаардлагын 50 хувиас аль ч нөхцөлд хэтэрч байгааг нөхцлийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэж гомдож байна.

Манай компанийн хувьд бараа бүтээгдэхүүн худалдаад даруй 2 жил гаруй хугацаанд төлбөрөө авч чадахгүйгээс санхүүгийн хямралд орж үйл ажиллагааг бүрэн зогссон, тухай үеийн валютын ханш, банкны зээлийн хүү зэргийн зөрүүгээс маш их алдагдал, эрсдлийг үүрч байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн арга Анзыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6, 232.7 дахь хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-т заасан үүргээ нэхэмжлэгч хангалттай биелүүлсэн бөгөөд талууд анз төлөх үүрэгтэйгээ хуульд заасан хэлбэр болох бичгийн хэлбэрээр баталгаажуулсан №ШО17/65, №ШО17-2/67, №ШО17-2/72 гэрээнүүдийн шүүхэд нотлох баримтаар гаргаж шүүх эдгээрийг судлахад нэхэмжлэгчээс гэрээнүүдийн 8.1 дэх заалтыг тухайлан судлуулсан үйл баримтуудыг, гэрээнүүдийг яагаад нотлох баримт биш гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ, тооцоо нийлсэн акт, дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримт хангалттай байхад анхан шатны шүүхээс баримтыг зохих ёсоор үнэлээгүй, орхигдуулсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэг “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хохироож байх тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-08-12-ны өдрийн 134/ШШ2019/00118-р шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Гэвч нэхэмжлэгч нь №ШО17/65, №ШО17-2/67, №ШО17-2/72 гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа хэзээнээс эхэлж хэтэрч эхэлсэн, хэдэн хоногийн хугацаа хэтэрсэн гэрээ тус бүрийн төлбөрийн үлдэгдэл хэд байсан, түүнээс алданги тооцсон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагч “Ш-О” ХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрийн үлдэгдэл 68.447.586 төгрөгнөөс тооцсон алданги 34.223.793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 34.223.793 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч И х у ХХК нь гэрээний үүргийн үлдэгдэл 68 447 586 төгрөгийг алданги 34 223 793 төгрөгийн хамт нийт 102 671 379 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь гэрээний үлдэгдэл гэх 68 447 586 төгрөгөөс 10 274 184 төгрөгийг төлнө, мөн гэрээнүүдэд тусгагдсан анзын тухай заалтад “ гэрээний үнийн дүн “ гэсэн нь хууль зөрчсөн, анзын талаар бичгээр тохиролцоогүй гэж алданги төлөхөөс татгалзаж маргасан байна.

Хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо хэрэгт авагдсан хариуцагч Ш  О  ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “дансны үлдэгдэл тулган баталгаажуулах тухай” албан бичиг/хх-20/-т дурдсан “2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ... 88447586.36 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан” баримтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сараас хойш буюу 2018 оны 04 дүгээр сард төлөгдсөн нийт 20.000.000 төгрөгийг хасч, үлдэх 68 447 586 төгрөгийг  гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл гэж үзсэн байна. 

            Хариуцагч тал дээрх тооцоог үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдагдаж хэрэгт хавсаргагдсан гэрээ/хх-8-19/-нүүдийн 8.1 дугаар заалтад “ ... худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тогтоон худалдагчид төлнө. Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25%-иас ихгүй байна. “ гэж тус тус тусгагджээ.

Гэрээний энэ заалтад алдангийг “ төлөгдөөгүй үнийн дүн “, “ гэрээний үнийн дүн“ гэсэн хоёр өөр үнийн дүнгээс тооцохоор зохицуулсан нь хоорондоо зөрчилтэй байна.

Үүнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулга, хуулийн хэм хэмжээтэй харьцуулан тайлбарлавал “хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө “ гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “ хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр“ гэсэнтэй агуулгын хувьд нийцсэн байна.

Иймд талуудын хооронд анзын гэрээ байгуулагдсан, гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Түүнчлэн “гэрээний үнийн дүн” гэсэн нь хуульд заасан “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн” гэсэнтэй зөрчилдсөн өөр өөр утга агуулгыг илэрхийлсэн, хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч тал хариуцагчаас түүний гүйцэтгээгүй үүргийн тавин хувиар тооцож хуульд нийцүүлэн алданги нэхэмжилснийг буруу биш байна гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцсон талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрээнүүдийн гэрээ байгуулсан хугацаа, гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн тухай тайлбар, хариуцагч талаас энэ талаар үл маргасан байдал, нэхэмжлэгч алдангийг хэдийнээс эхэлж алданги тооцсоноо нэхэмжлэлд дурьдсан байгаа байдал, гэрээнүүдийн 4.2-т “ худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 45 хоногийн дотор шилжүүлнэ” гэж тусгагдсан зэргээс үндэслэн тооцвол : талуудын хооронд байгуулагдсан сүүлчийн гэрээний огноо 2017 оны 5 дугаар сарын 1, гэрээнд заасан хугацаанд бараагаа нийлүүлсэн гэж үзэхээр 2017 оны 5 дугаар сарын 15 гэхэд бараа нийлүүлэгдсэн гээд үүнээс хойш гэрээнд заасан ажлын 45 хоногийг тоолоход 2017 оны 7 дугаар сарын 16 наас хугацаа хэтэрсэн гэж үзэх ба нэхэмжлэл гаргасан өдөр болох 2019 оны 5 дугаар сарын 21 өдөр хүртэл тооцоход 1 жил 10 сар 05хоног буюу 670 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэсэн тооцоо гарч байна. Үүнийг хоног тутам төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь болох /68447586 төгрөгийн 0.1 хувь нь 68447/ 68447 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 670 хоногоор үржүүлэхэд 45 859 490 төгрөг болж байх ба  энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа нь тодорхой байна.

Иймээс хуульд зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэгч И х у ХХК-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00118 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш О ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 68447586 төгрөг, алданги 34223793 төгрөгийн хамт нийт 102671379 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И х у ХХК-д олгосугай “ гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “ ...500188 “ гэснийг “ ...671307 “ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч И х у ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.БАЙГАЛМАА

                           ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                                                      Г.ТЭГШСУУРЬ