Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00279

 

Их хөтөл ус ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00118 дугаар шийдвэртэй,

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216/МА2019/00011 дүгээр магадлалтай,

 Их хөтөл ус ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Шивээ овоо ХК-д холбогдох

  Гэрээний үүргийн гүйцэтгэлд 68.447.586 төгрөг, алданги 34.223.793 төгрөг, нийт 102.671.379 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Их хөтөл ус ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь анх Шивээ Овоо ХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №ШО17-2/65 дугаартай худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийт 13 нэр төрлийн 38.704.600 төгрөгийн сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №ШО17-2/67 дугаартай худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийт 7 нэр төрлийн 34.311.200 төгрөгийн сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ШО17-2/72 дугаартай худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нийт 7 нэр төрлийн 41.668.000 төгрөгийн бараа, сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. Манай компани нь дээрх 3 гэрээнд заасан бараа, сэлбэгийг гэрээнүүдийн хавсралтанд заасан тоо, хэмжээгээр биет байдлын доголдолгүйгээр гэрээний 1.4-т заасны дагуу өөрийн тээврээр гэрээний 2.1-т заагдсан хугацаанд хүргэж өгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Худалдагч тал буюу манай компани нь гэрээний 3.1-т заасан үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан бараа, сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд хариуцагч буюу худалдан авагч талаас гэрээний 3.2-т заасны дагуу бүрэн шалгаж хүлээн авсан бөгөөд гэрээний 3.2-т заасан хугацаа болох ашиглаж эхэлснээс болон доголдол илэрснээс хойш 3 хоногийн дотор доголдлын талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Гэрээний 4.1-т заасны дагуу манай компани нийт 114.683.800 төгрөгийн бараа, сэлбэгийг өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр бүрэн шийдвэрлэж гэрээний үүргээ биелүүлэн нийлүүлэлтийг хийсэн. Харин хариуцагч нь гэрээний 4.2-т заасан барааны төлбөрийг барааг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор худалдагчид шилжүүлнэ гэх үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй байна. Хариуцагч нь одоогийн байдлаар ХААН банк ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 09-нд 14.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 22.000.000 төгрөг, Хас банк ХХК-иар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг тус төлсөн бөгөөд дээрх нийт 4 удаагийн гүйлгээгээр 56.000.000 төгрөг шилжүүлснээс 10.000.000 төгрөг нь хариуцагчийн манай компаниас 2016 онд авсан сэлбэгийн үлдэгдэл төлбөр ба үлдэх 46.000.000 төгрөг нь маргаан бүхий 3 гэрээний нийт төлбөрөөс төлсөн төлбөр болно. Хариуцагч нь одоогийн байдлаар 68.447.586 төгрөгийн үлдэгдлээ төлөхгүй даруй 2 жил шахам хугацааг өнгөрүүлж, манай компанийг санхүүгийн эрсдэлд оруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2а/234 тоот манай компанид ирүүлсэн дансны үлдэгдэл тулган баталгаажуулах тухай албан бичигт 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар танай байгууллагад төлөх өр төлбөрийн үлдэгдэл 88.447.586 төгрөг 36 мөнгө байгааг баталгаажуулж өгнө үү гэснийг манай компаниас баталгаажуулж тооцоо нийлсэн. Үүнээс хойш хариуцагч талаас олон удаа шаардуулж чирэгдэл үүсгэж байж 20.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр төлсөн бөгөөд дахин ямар нэгэн төлбөр хийж гэрээний үүргээ биелүүлэх талаар хангалттай арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч талыг хохироож байна. Гэрээнүүдийн 8.1 дэх хэсэгт зааснаар манай компани анз шаардах эрхтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцоход хуульд заасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 68.447.586 төгрөгийн 50 хувь 34.233.793 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ. Иймд хариуцагч Шивээ Овоо ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 68.447.586 төгрөг, алданги 34.223.793 төгрөг, нийт 102.671.379 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Шивээ Овоо ХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шивээ Овоо ХК нь Их хөтөл ус ХХК-д 10.274.184 төгрөгийг төлөхөөр байгаа. Бусад шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэл, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцэх ажиллагаа явуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх 2017 онд Шивээ Овоо ХК-тай гурван төрлийн гэрээ байгуулсан талаар тодорхой дурьдсан байна. Энэ дээр гэрээний үнийн дүн болон худалдан авалтыг хэмжээг тавьсан байна. Энэ дээр бол Шивээ Овоо ХК нь маргахгүй байгаа, харин төлбөр төлөлтийн болон худалдан авалтын ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй явагдсан уу үгүй юу гэдэг дээр маргаан үүсч байна. Шивээ Овоо ХК-ийн хувьд хавтаст хэрэгт хэд хэдэн төлбөр төлсөн баримтыг өгсөн. Одоогийн байдлаар Их хөтөл ус ХХК-д нийт 104.409.620 төгрөгийг төлчихсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шаардлага бол өөрөө 114.683.800 төгрөг байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаасаа өөрийн өгсөн мөнгөө хасахаар 10.274.184 төгрөг гарч байгаа юм. Шилжүүлсэн мөнгөний хувьд талууд маргаангүй. Шивээ Овоо ХК нь 2017 онд худалдан авалт огт төлөөгүй ажилласан. Шивээ Овоо ХК нь өөрөө төрийн өмчит хуулийн этгээд энэ хүмүүстэй гэрээ байгуулсан үе буюу 2017 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын хооронд Отгонбаатар захирал ажлаа Энхтүвшин захиралд хүлээлгэн өгөх үе байсан. Тэгээд төлөвлөгөө огт байхгүйгээр худалдан авалт хийсэн гэрээнүүд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан журмыг ноцтойгоор зөрчсөн байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын асуудал нь өөрөө бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс бодогдох ёстой байдаг. Гэтэл гэрээний нийт дүнгийн гэсэн хууль бус үг хэллэг орж ирсэн байгаа. Тэгэхээр шүүх гэрээний хүчин төгөлдөр заалтыг шалгах нь зүйтэй байх. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын зохицуулалтыг зөрчсөн. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-дэх заалт нь өөрөө хууль зөрчсөн заалт байна. Гэрээний үнэнд хүчин төгөлдөр бус тогтоогдох учраас талууд анзыг бичгээр тохиролцоогүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн зохицуулалт өөрөө Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан байгаа. Иймд нэхэмжлэгч нь анз болон алданги нэхэмжлэх эрх байхгүй байна. Шивээ Овоо ХК нь 10.274.184 төгрөгийг нэхэмжлэгч Их хөтөл ус ХХК-д төлөхөөр байна гэжээ.

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00118 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Шивээ Овоо ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 68.447.586 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Их хөтөл ус ХХК-д олгож, алданги 34.223.793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн671 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шивээ Овоо ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 500.188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Их хөтөл ус ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216/МА2019/00011 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 134/ШШ2019/00118 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Шивээ Овоо ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 68.447.586 төгрөг, алданги 34.223.793 төгрөгийн хамт нийт 102.671.379 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их хөтөл ус ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...500188 гэснийг ...671307 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Их хөтөл ус ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329.300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.                                                                                                                           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шивээ Овоо ХК нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд 4.1.2-д 50 буюу түүнээс дээш хувийн төрийн ...өмчийн оролцоотой хуулийн этгээд гэж заасны дагуу худалдан авах ажиллагаандаа тус хуулийг мөрдөн ажилладаг онцлогтой болно. Шивээ Овоо ХК, Иххөтөл ус ХХК-ийн хооронд байгуулагдсан Ш017-2/65, Ш017-2/67, Ш017-2/72 дугаар Худалдах-худалдан авах гэрээ-үүд хүчин төгөлдөр бус гэрээ юм. Ш017-2/65, Ш017-2/67, Ш017-2/72 дугаар гэрээнүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-д заасан Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж заасан. Шивээ Овоо ХК, Иххөтөл ус ХХК-ийн хооронд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.1, 33.2-д заасны дагуу харьцуулалтын аргаар тендер зарлаж шалгаруулалт явуулсны үндсэн дээр гэрээ байгуулах ёстой болно. Тодруулбал мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно, 33 дугаар зүйлийн 33.2-т Харьцуулалтын аргыг дараах байдлаар хэрэглэнэ гээд 33.2.1-д техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх, 33.2.2-д Техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ хэмээн тус тус заасан. Шивээ Овоо ХК, Иххөтөл ус ХХК-ийг харьцуулалтын тендерээр шалгаруулсан, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн, техникийн болон бусад нөхцөл байдлыг тодруулсан ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд уг ажиллагааг хийсэн эсэх талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан, давж заалдах шатны шүүх хуралд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ талуудын хооронд байгуулагдсан талаар удаа дараа тайлбар гаргаж байсан боловч шийдвэр, магадлалд энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна: гээд 56.1.1-д хууль зөрчсөн.... хэлцэл гэж заажээ. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ юуны өмнө талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд хавтаст хэрэгт дээр дурдсан хуулийн шаардлагыг хангасан эсэх талаарх нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх уг гэрээг шууд хүчин төгөлдөр гэж үзэж алдангийг тооцож шийдвэрлэж байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж таамагласан шинжтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дээр дурдсанчлан хууль зөрчсөн байх тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ талаар зохигчид заавал нэхэмжлэл шаардлагагүй байдаг ба хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу үүсэх учиртай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. хэмээн заасан тул хариуцагч хүлээн авсан барааны үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алдангийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан байтал давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн алдааг гаргасан. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Их хөтөл ус ХХК нь Шивээ овоо ХК-д холбогдуулан 102.671.379 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, сэлбэг, эд материал худалдсан 3 удаагийн гэрээний үлдэх төлбөр 68.447.586 төгрөг, алданги 34.223.793 төгрөг шаардсан гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, төлбөрөөс 10.274.184 төгрөг дутуу гэж маргасан байна.

 Анхан шатны шүүх 68.447.586 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 1. Хариуцагчаас төлбөрт 68.447.586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 Их хөтөл ус ХХК болон Шивээ овоо ХК-ийн хооронд 2017 оны 03, 04, 05 дугаар сард бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэрээгээр Их хөтөл ус ХХК нь сэлбэг, эд материал бэлтгэн нийлүүлэх, Шивээ овоо ХК нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь тогтоогдсон тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

 Зохигч худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг болон биелэлтийг талууд харилцан шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч нь 3 удаагийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нийт 114.683.800 төгрөгийн сэлбэг, бараа материалыг хариуцагчид нийлүүлснийг хариуцагч маргаагүй, харин төлбөрийн үлдэгдэл үнийн дүнгийн хэмжээг зөвшөөрөөгүй байна.

 Нэхэмжлэгч, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн үлдэгдэл тулган баталгаажуулсан хоёр компанийн хооронд үйлдсэн актыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон ба уг актад Шивээ овоо ХК нь 88.447.686 төгрөгийг төлөөгүй байгаа нь тусгагдсан байна. Уг хугацаанаас хойш хариуцагч 20.000.000 төгрөгийг төлсөн нь тогтоогджээ.

 Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрээний төлбөрт 68.447.586,36 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

 2. Гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги гаргуулахаар зохигч гэрээгээр тохирсон гэж үзэх эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон байна.

 Анхан шатны шүүх алдангид 34.223.793 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл, 3 удаагийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэзээнээс хэтэрсэн, гэрээ тус бүрийн төлбөрийн үлдэгдэл хэд байсан, хэтэрсэн хугацааг хэрхэн тооцсон нь тогтоогдоогүй гэсэн агуулгатай дүгнэлтийг хийжээ.

 Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг буруу гэж үзэн, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь гэрээний зохицуулалтад нийцсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба анзын гэрээг бичгээр хийнэ. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

3 удаагийн худалдах-худалдан авах гэрээ нь нэг загварын адил зохицуулалттай ба эдгээр гэрээний 8.1-д ...худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 %-ийн алданги тогтоон төлнө. гэж заасан нь алдангийн талаархи хуулийн агуулгад нийцсэн байна.

 Үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 4.2-т худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 45 хоногийн дотор шилжүүлнэ гэжээ.

 Давж заалдах шатны шүүх сүүлийн буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний нийлүүлэлт хийсэн хугацаанаас төлбөр хийгдэх 45 хоногийг тоолж алдангийг тодорхойлж, улмаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн гэж 68.447.586 төгрөгийн тал буюу 34.223.793 төгрөгийг гаргуулсан нь тооцооллын хувьд зөв байна.

 Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216/МА2019/00011 дүгээр дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Хариуцагч Шивээ овоо ХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 329.069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Х.СОНИНБАЯР  

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                                                                   ШҮҮГЧИД                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                            Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                            Д.ЦОЛМОН