Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2023/01315

 

 

 

 

 

 

 

 

 

2023           10             16                                     142/ШШ2023/01315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                    

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р баг Уртбулаг баг 5 хороолол 18-23 тоотод оршин суух Еншэбү овогт Батсүх Батбаяр /регистрийн дугаар: ФМ86030112,*******-т холбогдох,

Үндсэн зээл 5850458.32 төгрөг, зээлийн хүү 5818788.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 617 742.75 нийт 12 530 989.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь 2011 оноос эхлэн өөс тоот зээлийн гэрээ байгуулан 2012.01.23-ны өдөр 3,400,000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, 2012.10.08-ны өдөр 1,000,000 /Нэг сая/ төгрөг, 2013.08.09-ний өдөр 8,345,000 /Найман сая гурван зуун дөчин таван мянга/ 2015.02.09-ний өдөр 4,100,000 /Дөрвөн сая нэг зуун мянга/ тогрөг, 2016.06.02-ны өдөр 3,900,000 /Гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Үндсэн зээлдэгч ажлаас гарсантай холбоотой зээл төлөгдөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт /Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-с цээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ/ гэх заалтыг зөрчиж 1855 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэхь заалтуудын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй дараах үлдэгдэлтэй байна. Зээлдэгч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,850,458,32 төгрөг, зээлийн хүү 5,818,788.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,742.75 төгрөг нийт 12,530,989.49 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос эхлэн Төрийн банкны Орхон салбарын Дулаан цахилгаан станц тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3,400,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 9-ны өдөр 8,345,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 4,100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3,900,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Үндсэн зээлдэгч ажлаас гарсантай холбоотой зээл төлөгдөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтад зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан, уг заалтыг зөрчиж 1855 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэх заалтуудын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож байна. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 5,850,458.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,818,788.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 861,742.75 төгрөг, нийт 12,530,989.49 төгрөг байна. Зээлдэгч ажлаас халагдсанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй бөгөөд зээлийн гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар хамтран зээлдэгчид мэдэгдсэн боловч зөрчил арилгах арга хэмжээ аваагүй бол гэх заалтын дагуу гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. Зээлдэгч *******аас 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,850,458.32 төгрөг, зээлийн хүү 5,818,788.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,742.75 төгрөг нийт 12,530,989.49 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сард ажлаасаа гараад цалингийн зээлээ төлж чадахааргүй болсон, аавын маань бие муудаад санхүүгийн хямралд орсон. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн байсныг үндсэн мөнгөнөөс биш хүүгээс хассан байсан. 2019 оноос 2021 оны хооронд корона вирус гарсантай холбогдуулан эхнэрийн ажил хаагдсан, төрөөс орлогын хүүг зогсоосон байхад тасралтгүй нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Намайг ажилгүй, зээлээ төлж чадахгүй байгааг мэдсээр байж шүүхэд өгөхгүй 6 жилийн хүүг тооцсон. Би оршин суугаа хаягтаа олон жил амьдарч байгаа, намайг цагдаад эрэн сурвалжлуулахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан бол үндсэн болох мөнгөө төлөх байсан, мөн хүү нэмэгдэж гарахгүй байх байсан. Тиймээс үндсэн мөнгөний хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс: Татвар төлсөн баримт /хх-3/, Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5-6/, барьцаат зээлийн гэрээ /хх-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-9-23/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-24-28/, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт /хх-29/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/, цалингийн зээлийн өргөдлийн маягт /хх-31/, зээлдэгчийн анкет /хх-32/ зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:   

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 12,530,989.49  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь хариуцагч *******ыг 2011 оноос эхлэн Төрийн банкны Орхон салбарын Дулаан цахилгаан станц тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авсан ба 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,850,458.32 төгрөг, зээлийн хүү 5,818,788.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,742.75 төгрөг нийт 12,530,989.49 төгрөг гаргуулж өгнө үү нэхэмжлэлийн шаардлага тодорхойлдог.

 3. Хариуцагч ******* 2011 оноос эхлэн Төрийн банкны Орхон салбарын Дулаан цахилгаан станц тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авсан. Би 2017 оны 10 дугаар сард ажлаасаа гараад цалингийн зээлээ төлж чадахааргүй болсон, аавын маань бие муудаад санхүүгийн хямралд орсон. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн байсныг үндсэн мөнгөнөөс биш хүүгээс хассан байсан. 2019 оноос 2021 оны хооронд корона вирус гарсантай холбогдуулан эхнэрийн ажил хаагдсан, төрөөс орлогын хүүг зогсоосон байхад тасралтгүй нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна... 2019 он буюу зээл дуусгавар болох хүртлэх хүүг үндсэн мөнгөтэй төлөхийг зөвшөөрч байна гэдэг.

4. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. Зохигчид 2011 оноос эхлэн өөс тоот зээлийн гэрээ байгуулан 2012.01.23-ны өдөр 3,400,000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, 2012.10.08-ны өдөр 1,000,000 /Нэг сая/ төгрөг, 2013.08.09-ний өдөр 8,345,000 /Найман сая гурван зуун дөчин таван мянга/ 2015.02.09-ний өдөр 4,100,000 /Дөрвөн сая нэг зуун мянга/ тогрөг, 2016.06.02-ны өдөр 3,900,000 /Гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар цалингийн зээлийг зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7,8, /

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

8. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан ба хариуцагч нь сар бүр төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримт тогтоогдсон.

9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас 2019 он буюу зээл дуусгавар болох хүртлэх хүүг үндсэн мөнгөтэй төлөх талаар санал гаргадаг боловч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхи хугацааны хүүг төлөхгүй байх талаараа үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

11. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт... зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан. Гэрээ 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгосон, үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна ...гэдэг.

Үүнд хариуцагч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-18-23 тоотод оршин суух хаягтай гэх боловч уг хаягтаа оршин суудаг эсэх нь тодорхойгүн улмаас тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00268 дугаарт шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж хаяг тогтоох шийдвэр гарсанаараа хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна. Харин Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т зааснаар “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно  гэж хуульчилсаны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

12. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь ...Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ”, 224 дугаар зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасан ... иймд хүү анз нэхэмжлэх эрхээ алдагсан... гэдэг.

Үүнд зохигчид хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан тул хариуцагчийг зээлийн гэрээний хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

13. Иймд хариуцагч *******аас нэхэмжлэгчийн шаардсан нь дугаарт зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 5 850 458.32 төгрөг, зээлийн хүү 5 818 788.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,742.75 төгрөг нийт 12,530,989.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

14. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 445.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 215 445.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь хуулинд нийцэж байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч *******аас үндсэн зээл 5 850 458.32 төгрөг, зээлийн хүү 5 818 788.78 төгрөг нийт 12,530,989.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,742.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-д олгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 445.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 215 445.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ДАГИЙМАА