Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00002

 

2023 12 21 207/МА2023/00002

 

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Б-т холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/01390 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

Үндсэн зээлийн үүрэгт 5.850.458,32 төгрөг, зээлийн хүү 5.818.788,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.617.742,75 төгрөг нийт 12.530.989,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Б- нь 2011 оноос эхлэн Тны О салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс ....................... тоот зээлийн гэрээ байгуулан 2012.01.23-ны өдөр 3.400.000 төгрөг, 2012.10.08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013.08.09-ний өдөр 8.345.000 төгрөг, 2015.02.09-ний өдөр 4.100.000 төгрөг, 2016.06.02-ны өдөр 3.900.000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Үндсэн зээлдэгч ажлаас гарсантай холбоотой зээл төлөгдөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчиж 1855 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэхь заалтуудын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй дараах үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б овогтой Б-аас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5.850.458,32 төгрөг, зээлийн хүү 5.818.788,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861.742,75 төгрөг нийт 12.530.989,49 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оноос эхлэн Тны О салбарын Дулаан цахилгаан станц тооцооны төвөөс ....................... тоот зээлийн гэрээ байгуулан 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3.400.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 9-ны өдөр 8.345.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 9-ны өдөр 4.100.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3.900.000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Үндсэн зээлдэгч ажлаас гарсантай холбоотой зээл төлөгдөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтад зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан, уг заалтыг зөрчиж 1855 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэх заалтуудын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож байна. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 5.850.458,32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5.818.788,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 861.742,75 төгрөг, нийт 12.530.989,49 төгрөг байна. Зээлдэгч ажлаас халагдсанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй бөгөөд зээлийн гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар хамтран зээлдэгчид мэдэгдсэн боловч зөрчил арилгах арга хэмжээ аваагүй бол гэх заалтын дагуу гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. Зээлдэгч Б.Б-аас 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5.850.458,32 төгрөг, зээлийн хүү 5.818.788,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861.742,75 төгрөг нийт 12.530.989,49 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 10 дугаар сард ажлаасаа гараад цалингийн зээлээ төлж чадахааргүй болсон. Аавын маань бие муудаад санхүүгийн хямралд орсон. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг төлсөн байсныг үндсэн мөнгөнөөс биш хүүнээс хассан байсан. 2019 оноос 2021 оны хооронд короно вирус гарсантай холбогдуулан эхнэрийн ажил хаагдсан, төрөөс орлогын хүүг зогсоосон байхад тасралтгүй нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Намайг ажилгүй зээлээ төлж чадахгүйг мэдсээр байж шүүхэд өгөхгүй 6 жилийн хүүг тооцсон. Би оршин суугаа хаягтаа олон жил амьдарч байгаа, намайг цагдаад эрэн сурвалжлуулахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан бол үндсэн мөнгөө төлөх байсан. Мөн хүү нэмэгдэж гарахгүй байсан. Тиймээс үндсэн мөнгөний хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/01390 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Б.Б-аас 12.539.989 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 93.791 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Б.Б- би О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 1390 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би 2016 оны 06 сарын 02-ны өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 3.900.000 төгрөгийг жилийн 18% хүүтэй 3 жилийн хугацаатай авсан нь үнэн. Би авсан зээлээ эхний 2017 оны 10 дугаар сар хүртэл зээлээ тогтмол төлж ирсэн бөгөөд би ажилгүй болсоны улмаас төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Би 2017 оны 10 сарын 11-нд 1.054.461 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5.850.458 төгрөгийн зээлтэй үлдсэн юм. Зээлийн эргэн төлөлтийн хувиар ёсоор миний авсан зээл 2019 оны 05 сарын 16-ны өдөр дуусах байсан бөгөөд би 1 жил 2 сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй учир нь би ажлаас халагдаад орлогогүй болсон аавын бие муудаад эмнэлгээр яваад чадаагүй. Мөн 2019-2021 оны хооронд дэлхий дахинд короно вирусын өвчлөл гарч Монгол улс хөл хорионы дэглэмд орж ихэнхи ажил үйлчилгээ хаагдаж улс орноороо санхүүгийн хямралд орсон. Гэтэл Т энэ үед төрөөс банкны хүүг зогсоосон байтал яагаад надад энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг тасралтгүй тооцож нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн 2019 оны 05 сарын 16-ны өдрөөс эхлэн Т бид нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон, Т намайг ажилгүй болсоныг мэдсээр байсан мөртлөө 2017 оны 11 сараас шүүхэд нэхэмжлэл гаргахгүй 6 жилийн дараа хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй юм. 2017 оны 11 сараас эхлээд шүүхэд нэхэмжпэлээ гаргасан бол өнөөдөр ийм их хэмжээний үндсэн мөнгөнөөсөө давсан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй байх байсан гэж би бодож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 5.818.788 төгрөг нэмэгдүүлсэн хүү 861.742 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл болох 5.850.458 төгрөгөө би төлөхөө анхан шатны шүүхэд илдэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг буруу тайлбарласан тодруулбал уг зүйлд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол хүүг буцаан төлөхийг хуульчилсан байхад нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар хүү нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэж үзэн надаас хүү нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар үндэслэлгүй шийдвэрлэсэн. Зүй нь бол 2019 оны 05 сарын 16-ны өдрөөр зээлийн гэрээний харилцаа дуусгавар болохоор гэрээнд заасан энэ өдрөөс хойш хүү нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулинд зааснаар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө хүүг өгөхөөр хуульчилсан гэрээний хугацаа дууссан байхад хүүг тооцож гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж хуульчилсан тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл дээрх хуулийн зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийн хугацаан дах үүссэн хүү нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхгүй гэсэн заалт болохоос биш гэрээний хугацаа дууссаны дараа 5-6 жилийн хооронд ч хэрэгжинэ гэсэн зохицуулалт биш юм. Миний хувьд үндсэн зээлээ төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа 2019 оны 05 оарын 16-ны өдөр хүртэлх хүү 832.627 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166.525 төгрөгийг күлээн зөвшөөрч байна харин гэрээ дуусгавар болсноос хойшхи хүү 4.986.161 төгрөг нэмэгдүүлсэн хүү 695.217 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэрээ дуусгавар Золсноос хойшхи хүү 4.986.161 төгрөг нэмэгдүүлсэн хүү 695.217 төгрөг нийт 5.681.378 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 12.530.989,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлээс хүү төлөхгүй гэж маргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т ХК-ийн ДЦС тооцооны төв хариуцагч Б.Б- нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3.400.000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ анх байгуулагдсан ба үүнээс хойш 4 удаагийн зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл авсан. Сүүлд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3.900.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалин барьцаалан авсан. Ажлаас гарсантай холбоотойгоор зээл төлөгдөөгүй 1855 хоногийн хугацаа хэтэрсэн. Үндсэн зээл 5.850.458,32 төгрөг, зээлийн хүү 5.818.788,78 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа, энэ хугацаанд ОСГ-ын хаяг тодорхойгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч короно вирус гарсантай холбоотойгоор банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг зогсоосон шийдвэр гарч хэрэгжиж байсан тул хүүг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн татгалзсан тайлбар гаргаж маргасан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар тогтоосон, зээлийн гэрээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон байгаа боловч нэхэмжлэгч тал хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, /хариуцагчийг эрэн сурвалжлуулж олох хүртэл/ тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар хариуцагч Б.Б- нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй, зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлүүлэхээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/01390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.852 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У