Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2023/01467

 

 

 

 

 

2023 11 22 142/ШШ2023/01467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ХХК /РД4369769, 95530728/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, Даваагийн Энхжаргал /РД: ФМ86050169, 99021735/,

Хариуцагч: *******,*******,*******,*******, Дондогийн Угтахбаяр /РД: ЕО87061375, 99292345/ нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 592,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Халиун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нарын хүсэлтээр 1,670,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Д.Энхжаргал нь өөрийн болон нөхөр 3 баримтаар зээлийн гэрээгээ хаалгасан. Нийт дүн нь 1,712,700 төгрөг төлөх байсан ч 1,120,550 төгрөг тушаан эд зүйлээ авч явсан зөрүү 592,150 төгрөг төлөөгүй. Иймд Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нараас 592,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: 592,150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-4/, барьцаат зээлийн үйлчилгээний 028810, 028307, 027731 дугаартай баримтууд /хх-5-10/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-11/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: Хариу тайлбар /хх-17-18/, барьцаат зээлийн үйлчилгээний 028307, 028810 дугаартай баримтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нарт холбогдуулан 592,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нарын хүсэлтээр 1,670,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлсэн, хариуцагч нар 3 баримтаар зээлийн гэрээгээ хаалгасан, нийт дүн нь 1,712,700 төгрөг төлөх байсан ч 1,120,550 төгрөг тушаан эд зүйлээ авч явсан зөрүү 592,150 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлдог.

 Хариуцагч Д.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн биеэр очиж бүх мөнгөө төлж өөрийн ломбарданд тавьсан зүйлээ хүлээн авсан,бүх мөнгөө төлж дуусгаад өөрт байсан мөнгөө машинаар /мөнгө тоологч/ тоолуулаад явсан гэж тайлбарладаг.

 Хариуцагч Д.Угтахбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн өдөр ХХК-д очоогүй гэртээ байсан, Д.Энхжаргал очсон гэж тайлбарладаг.

 Хариуцагч Д.Энхжаргал нь ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2023 оны 03 сарын 06-ны өдөр 120.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч Д.Угтахбаяр нь 2023 оны 02 сарын 19-ний өдөр 960.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, 2023 оны 02 сарын 03-ний өдөр 590.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус монетон гинж, алтан ээмэг, монетон ээмэг, монетон бөгж зэргийг барьцаанд тавьж зээлж авсан байна.

 Хариуцагч Д.Энхжаргал нь ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2023 оны 03 сарын 06-ны өдөр зээлсэн 120.000 төгрөгөө 2023 оны 03 сарын 18-ны өдөр үндсэн зээл 120.000 төгрөг, 12 хоногийн хүү 1950 төгрөг, баримтын 200 төгрөг ,

 Хариуцагч Д.Угтахбаяр нь 2023 оны 02 сарын 19-ний өдөр зээлж авсан 960.000 төгрөгөө 2023 оны 03 сарын 18-ны өдөр 27 хоногийн хүү 34.600 төгрөг, квитанцийн 200 төгрөг нийт 994.800 төгрөг ,

 2023 оны 02 сарын 03-ны өдөр зээлж авсан 590.000 төгрөгийг 2023 оны 03 сарын 18-ны өдөр 5 хоногийн хүү 5550 төгрөг, квитанцын 200 төгрөг нийт 595.750 төгрөг төлж тус тус барагдуулсан болох нь барьцаат зээлийн үйлчилгээний 2023 оны 03 сарын 06-ны өдрийн № 028810, 2023 оны 02 сарын 23-ны өдрийн №027731, 2023 оны 02 сарын 19-ний өдрийн №028307 дугаартай барьцаат зээлийн баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлээ буцааж төлснийг батлан дээрх баримтууд дээр хаалт хийж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нарт шүүх хцралдааны товийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.6-т зааснаар /баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна/ гэж заасны дагуу хаягаар нь хүргүүлсэн тул хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч Д.Энхжаргал, Д.Угтахбаяр нараас 592,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,414 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА