Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/ма2023/00068

 

2023 08 24 207/МА2023/00068

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э, Д.У нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э, Д.У нарт холбогдох,

Зээлийн дутуу төлсөн 592.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Д.Э /цахим/, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Э, Д.У нарын хүсэлтээр 1.670.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Д.Э нь өөрийн болон нөхөр Д.Уын 3 баримтаар зээлийн гэрээгээ хаалгасан. Нийт дүн нь 1.712.700 төгрөг төлөх байсан ч 1.120.550 төгрөг тушаан эд зүйлээ авч явсан зөрүү 592.150 төгрөг төлөөгүй. Иймд Д.Э, Д.У нараас 592.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э, Д.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Зээл 592.150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зайгуул харуул ХХК дээр очиж бүх мөнгөө төлж өөрийн ломбарданд тавьсан зүйлээ хүлээж авсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Д.Э, Д.У нараас 592.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.414 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтаар нотолж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нотлох баримт болох камерын бичлэгийг үзэлгүй шийдвэр гарсан. Камерын бичлэгт Д.Эаас 1.120.550 төгрөг тоологч машин болон гараар тоолж авч байгаа нь харагдана. Тиймээс Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь зүйлд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д.Э, Д.У нарт холбогдуулан зээлийн 592.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Э, Д.У нар шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч З ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын хүсэлтээр 1.670.000 төгрөгийг нэг сарын хугацаагаар зээлдүүлсэн, хариуцагч нар 3 баримтаар зээлийн гэрээгээ хаалгасан. Нийт 1.712.700 төгрөг төлөх байснаас 1.120.550 төгрөг тушааж эд зүйлээ авч явсан. 592.150 төгрөг дутуу тушаагаад явсан гэсэн тайлбарт үндэслэжээ.

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг З ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн биеэр очиж бүх мөнгөө төлж эд зүйлээ ломбарднаас авсан гэсэн тайлбар гаргаж зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Э, Д.У нар З ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 120.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 960.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 590.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 4 хувийн хүүтэй монетон гинж, алтан ээмэг, монетан бөгж зэрэг эд зүйлийг барьцаанд тавьж зээлдэн авчээ. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрөө төлж эд зүйлээ буцаан авсан байна.

Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоог хийж авахдаа 592.150 төлбөрийг дутуу бодож авсан байсныг тэднийг гарч явсны дараа мэдэж утасдаж хэлсэн. Камерын бичлэгт энэ үйл явц бүрт бичигдсэн. Камерын бичлэг CD-ийг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч CD-ийг судлахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. Тухайн маргааны талаар нотлох хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох камерын бичлэг, CD-ийг нотлох баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд өгсөн байхад уг нотлох баримтыг судлахгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37,38,40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.414 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД Л.А

С.У