Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2021/00942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9069001044, регистрийн 6528627 дугаартай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 21 дүгээр байр, 15 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1411006052, регистрийн 3862178 дугаартай, *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 45.481.104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч хуучнаар Мал хамгаалах сан, одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сүүний чиглэлийн үхэр үржүүлэх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 20.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ эргэн төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 30.320.736 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр, хүү 30.320.736 төгрөг, анз 15.160.368 төгрөг, нийт 45.481.104 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ийн захирал Я.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн захирал миний бие 2013 онд Мал хамгаалах сангаас зээл авч, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оны өвөл хүндэрч малын өвс тэжээл хомсдоод, өр зээлээ төлж чадахгүй болсон. Ингээд 2021 оны 8 дугаар сард Мал хамгаалах сангаас ярьж байна. Та 30.000.000 төгрөгийн зээлээ ирж тооцоо нийлж баталгаажуулаад төлнө үү гэсэн. Би хариуд нь За тэгнээ, эгч нь мэдэж байна. Ковидын 1 дүгээр зэргийн хавьтал болсон байна. 9 дүгээр сард очиж төлнө гэж хэлсэн боловч хувийн ажил гараад амжихгүй явсаар байгаад 10 дугаар сард очиж тооцоо нийлж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15.320.735 төгрөг тушааж, үлдэгдэл өрийг сар бүр 2.000.000 төгрөг төлөхөөр тооцоо нийлж барагдуулахаар тохиролцон, гарын үсгээр баталгаажуулсан. Мал хамгаалах сан хариуцсан ахлах нягтлан, тооцооны нягтлан мөн гарын үсэг зурж баталгаажуулсан. Өнөөдөр улс орон даяар иргэн хүний амьдрал ямар хэцүү байгааг аль аль талдаа ойлгоосой гэж бодож байна. Би аль болох улсыг хохиролгүй болгох гэсэн санаа өвөртөлж өрөө барагдуулах зорилго тавин зүтгэж байна. Санаатай үйлдээд байгаа зүйл биш гэдгийг ойлгоорой. Зээлээ 2022 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгахаар баталгаажуулсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас хариуцагч *******-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 45.481.104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан болон *******-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЭМААХДХ-2012/1/21 дугаартай Зээлийн гэрээ, мөн дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч ******* нь 15.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн барьцаанд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Өндөр дов замын баруун талд байрлах, 2 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, тухайн газарт байрлах, 300 м.кв талбай бүхий үхрийн байрыг тус тус барьцаалсан байна. /Хэргийн 15-21 дүгээр тал/

Мөн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ЭМААХДХ/ҮАА/2013/66 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн мөн дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 30.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэй авсан, зээлийн барьцаанд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Өндөр дов, Замын баруун талд байрлах, 84 м.кв болон 24,5 м.кв талбай бүхий агуулах, гаражийг тус тус барьцаалсан ажээ. /Хэргийн 5-12 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан нь гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд мөн байна.

Хэдийгээр талууд зээлийн гэрээг байгуулахдаа жилийн 2,4 хувийн хүүтэй байхаар гэрээнд заасан боловч нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас дээрх 2 гэрээний үндсэн үүргийн үлдэгдэл буюу 30.320.736 төгрөг гаргуулахаар шаардсан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, мөн энэ талаарх баримт хэргийн 4 дүгээр талд авагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч *******-иас зээлийн төлбөрт 15.320.736 төгрөгийг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2012, 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн эдлэх эрхийг тусгасан атлаа хариуцагч буюу зээлдэгчид зөвхөн үүрэг хүлээх зохицуулалтыг тусгаж, гэрээний талуудын тэгш эрхийг зөрчсөн. Тэгэхээр тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэснийг зөрчиж, зээлдэгчид гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхийг тусгаагүй нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан Хууль зөрчсөн хэлцэл хийсэн байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь хэдийгээр 2012 оны ЭМААХДХ-2012/1/21 дугаартай Зээлийн гэрээ, 2013 оны ЭМААХДХ/ҮАА/2013/66 тоот Зээлийн гэрээ-нүүд нь агуулга, бичилтийн хувьд адилхан байгаа бөгөөд тус гэрээний 5 дугаар зүйлд Зээлдэгчийн эрх, үүрэг гэсэн гарчиг бичсэн атлаа 5.1-д Зээлдэгч дараах үүрэгтэй гээд үүрэг хүлээлгэсэн заалтыг тусгасан байгаа боловч энэ талаар хариуцагч ******* нь гэрээ байгуулах үедээ болон гэрээ байгуулсны дараа шаардлага гаргаж байгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас энэхүү үндэслэлээр Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй.

Улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2017 он болон 2021 онд төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн мэтгэлцсэн боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 15.320.736 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлж, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн уг хугацаа тасалдсан байна.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага болох 45.481.104 төгрөгөөс 15.320.736 төгрөгийг хасахад 30.160.368 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр хариуцагчийн төлсөн 15.320.736 төгрөгийг төлбөрт тооцон, үлдэх 28.160.368 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул хэргийг энэхүү шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 28.160.368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-иас 298.751 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 28.160.368 /хорин найман сая нэг зуун жаран мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-иас 298.751 /хоёр зуун ерэн найман мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА