Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 223/МА2022/00012

 

                                                          

 

 

“Х а а д с”-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2021/00942 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х а а д сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “У ХХК”-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 45.481.104 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х а а д сгийн ажлын албаны гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч хуучнаар Мал хамгаалах сан, одоогоор Х а а д сгаас эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сүүний чиглэлийн үхэр үржүүлэх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 20.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ эргэн төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 30.320.736 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр, хүү 30.320.736 төгрөг, анз 15.160.368 төгрөг, нийт 45.481.104 төгрөгийг “У” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “У” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У” ХХК-ийн захирал миний бие 2013 онд Мал хамгаалах сангаас зээл авч, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оны өвөл хүндэрч малын өвс тэжээл хомстоод, өр зээлээ төлж чадахгүй болсон. Ингээд 2021 оны 8 дугаар сард Мал хамгаалах сангаас ярьж байна. Та 30.000.000 төгрөгийн зээлээ ирж тооцоо нийлж баталгаажуулаад төлнө үү гэсэн. Би хариуд нь За тэгнээ, эгч нь мэдэж байна. Ковидын 1 дүгээр зэргийн хавьтал болсон байна. 9 дүгээр сард очиж төлнө гэж хэлсэн боловч хувийн ажил гараад амжихгүй явсаар байгаад 10 дугаар сард очиж тооцоо нийлж 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15.320.735 төгрөг тушааж, үлдэгдэл өрийг сар бүр 2.000.000 төгрөг төлөхөөр тооцоо нийлж барагдуулахаар тохиролцон, гарын үсгээр баталгаажуулсан. Мал хамгаалах сан хариуцсан ахлах нягтлан, тооцооны нягтлан мөн гарын үсэг зурж баталгаажуулсан. Өнөөдөр улс орон даяар иргэн хүний амьдрал ямар хэцүү байгааг аль аль талдаа ойлгоосой гэж бодож байна. Би аль болох улсыг хохиролгүй болгох гэсэн санаа өвөртөлж өрөө барагдуулах зорилго тавин зүтгэж байна. Санаатай үйлдээд байгаа зүйл биш гэдгийг ойлгоорой. Зээлээ 2022 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгахаар баталгаажуулсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 28.160.368 /хорин найман сая нэг зуун жаран мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х а а д сд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х а а д сгийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “У” ХХК-иас 298.751 /хоёр зуун ерэн найман мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг, өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар давж заалдах гомдолдоо: Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 151/ШШ2021/00942 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэртээ “Уваа Уул” ХХК-ийн 2012, 2013 оны мал хамгаалах сангаас авсан 2 төрлийн зээлийг хамтатган тус компаниас зээлийн гэрээний үүрэгт 28.160.366 төгрөгийг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Х а а д сд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

"ХАА-г дэмжих сан"-гийн нэхэмжлэлтэй "У" ХХК-д холбогдуулан гаргасан зээл зээлийн хүү алданги нийлээд 45481104 төгрөг гаргуулахаар хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэхдээ шүүхээс доорх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Үүнд:

 

1. Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг шүүх ..."ЭМААХДХ"2012/1/21:2013/66 дугаартай зээлийн гэрээнүүд нь агуулга бичилтийн хувьд адилхан байгаа бөгөөд гэрээний 5 дугаар зүйлд "Зээлдэгчийн эрх үүрэг гэсэн гарчиг бичсэн атлаа 5.1-д зээлдэгч дараах үүрэгтэй гээд үүрэг хүлээлгэсэн заалт тусгасан боловч "У" ХХК нь гэрээ байгуулах үедээ болон гэрээ байгуулсаны дараа шаардлага гаргаж байгаагүй ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас энэхүү үндэслэлээр "Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Гэтэл шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хариуцагчийн эрхийг зөрчин нэхэмжлэлийн хувь гардуулан өгсөн өдрөө /2021-11-10/ шүүх хуралдааныг 2021-10-18-ны өдөр хийхээр зарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа өгч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх эрхтэй заалтыг зөрчсөнөөс хариуцагч өөрт олгогдсон эрх хэмжээний дотор сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг эрхээ эдлэх боломж олгоогүй нь Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргах боломжийг хаан боогдуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдааны өмнөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба шүүх хуралдаан дээр энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг зөрчин үйлдэгдсэн гэрээ байгаа нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчин хийсэн гэрээ тул шүүх эрх мэдлийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тайлбараа гаргасан болно. Хэрэв хариуцагчид хуульд заасны хугацааг баримтлан шүүх хуралдаанаа шүүхэд тайлбар гаргах 14 хоногийн хугацааны 8 дахь хоногт нь хийхээр шүүх хуралдаан зарлаагүй бол хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргах боломж байх байжээ. Нэгэнт зохигч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар гэрээний ерөнхий нөхцөл болох 2 талын ашиг сонирхлыг хамгаалсан байх ёстой боловч нэхэмжлэгч тал нь гэрээ байгуулахдаа зээлдэгч талын эрхийг зөрчиж үүрэг хүлээсэн болохоос эрх олгоогүйгээр гэрээний загвар гаргаж түүнийгээ /Иргэний хуулийн 189.1.3-т заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах заалтыг зөрчин/ тулган байгуулснаар уг гэрээ биелэгдэх боломжийг хязгаарласан байна. Учир нь гэрээнд зээлдэгчийн талыг эрхийг заагаагүйгээс гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үед зээлдүүлэгч талд гэрээ цуцлах талаар хүсэлт гаргах боломж олгоогүйгээр зээлдэгч цаг үеийн нөхцөл байдлаас үүссэн давагдашгүй нөхцөл байдлын шалтгаанаар гэрээгээ цуцлах боломжгүй болсноос 2015 онд зудын нөхцөл байдалтай байхад тухайн зээлийн хөрөнгөөр худалдан авсан мал нь үхэж үрэгдэж алга болсон байхад зээлийн гэрээгээ цуцлан хүү алдангиас чөлөөлөгдөх боломж байх байсан боловч нэгэнт гэрээнд зээлдэгчийн эрхэнд гэрээ цуцлах талаар заагаагүйн улмаас гэрээг тэр чигт нь орхихоос өөр аргагүй болгосон байна.

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, юу нэхэмжилж байгаа, гэрээ байгаа эсэх,гэрээ нь хуульд нийцэх байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйд нийцэх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын дагуу хуульд гэрээ нь хууль зөрчсөн, хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэхгүйгээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэдэг шалтгаанаар хууль зөрчсөн асуудлыг зөвөөр шийдээгүй гэж гомдох үндэслэл бий болжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч нь "Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан" хэмжээн мэтгэлцсэн боловч ...хариуцагч "Уваа Уул " ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 15.320.736 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлж, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн уг хугацааг тасалдсан байна гэж дүгнэлтийг хийжээ.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй яамны Мал хамгаалах сантай 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, “Уваа Уул” ХХК-ийн захирал Чимэддаваа овогтой Мөнхтуяа нь "ЭМААХДХ"-2012/1/12 тоот гэрээний хөтөлбөрийн хүрээнд "Дов сүүний аж ахуй" төслийг хэрэгжүүлэхээр 15.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 2,4%, сард 0.2 % хүүтэй авч 2017 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд бүрэн төлж барагдуулахаар, мөн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр "Уваа- Уул" ХХК-ийн захирал Чимэддаваа овогтой Мөнхтуяа нь "ЭМААХДХ/ҮАА"-2013/66 тоот гэрээний хөтөлбөрийн хүрээнд "Сүүний чиглэлийн үхэр үржүүлэх" төслийг хэрэгжүүлэхээр 20.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 2,4%, сард 0.2 % хүүтэй авч 2018 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тус тус зээлийн гэрээ байгуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Эдгээр "ЭМААХДХ"-2012/1/12 тоот гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, "ЭМААХДХ/ҮАА"-2013/66 тоот гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусгавар болсон байгаад дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар "...Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тооцно..." гэсний дагуу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар "... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил..." гэж заасан хугацаа дуусгавар болж гэж үзэж байна.

 

Шүүх дээрх хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзээгүйгээс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийг 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хариуцагчид 2021 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулснаар зээлийг төлөх үүрэгтэй юм байна гэдэг ойлголтод хариуцагчийг хүргэж улмаар 2021 оны 11 сарын 19-ний өдөр хариуцагч нэхэмжлэгчид 15.320.736 төгрөгийн зээл төлсөн байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. гэж үзэх боломжгүй юм. Шүүх нь нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ:

а/ Хоёр төрлийн зээлийг ялгаж салгаж үзээгүй. /15 сая, 20 сая төгрөгийн зээл/

б/ Хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй.

в/ Зээлийн төлбөр болох 28.160.368 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар заасан заалтдаа хэдэн төгрөг зээлийн төлбөрт, хэдэн төгрөг зээлийн хүү алдангид хэдэн төгрөг болсон талаар тодорхой заагаагүй зэргээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар "...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..." гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2021/00942 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

           Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

           Нэхэмжлэгч  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х а а д сгийн ажлын алба /хуучнаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамны Мал хамгаалах сан/  нь хариуцагч У ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  үндсэн төлбөр, хүү 30.320.736 төгрөг, анз 15.160.368 төгрөг, нийт 45.481.104  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “У” ХХК нь 2014 онд өвөл хүндэрч малын өвс тэжээлийн хомстолд орж зээлээ төлж чадаагүй... 2021 оны 8 дугаар сард ярьж  30,0 сая төгрөгийн зээлээ ирж тооцоо нийлж баталгаажуулаад төлнө үү  гэсэн ...өнөөдөр улс орон даяар иргэн хүний амьдрал ямар хэцүү байгааг аль аль талдаа ойлгоосой гэж бодож байна ..Зээлээ 2022оны 6 сард бүрэн барагдуулж дуусгахаар баталгаажуулсан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлд хариу тайлбар гаргажээ.

           Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х а а д сгийн ажлын алба /хуучнаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамны Мал хамгаалах сан/ нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хариуцагч “У” ХХК-тай тохиролцон 

           а/ “Дов сүүний аж ахуй” төслийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болгон  хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 15 000 000 төгрөгийг 60 сар буюу 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн, сарын 0,2 хувийн хүүтэй зээлдүүлж,  зээлдэгч нь зээл, зээлийн хүүг  хуваарийн дагуу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн төлөх,

           б/ “Сүүний чиглэлийн үхэр үржүүлэх“ төслийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болгон хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 2013 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 20 000 000 төгрөгийг  60 сар буюу 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн, сарын 0,2 хувийн хүүтэй зээлдүүлж,  зээлдэгч нь зээл, зээлийн хүүг  хуваарийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж дууссан байх  үүрэг хүлээжээ. /хх-5-12 тал/

Дээрх гэрээнүүдэд зээлдэгч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЭМААХДХ/ҮАА/2013/66 дугаартай, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЭМААХДХ-2012/1/21 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулагдаж, зээлдэгч талын Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Өндөр дов, Замын баруун талд байрлах, 84 м.кв болон 24,5 м.кв талбай бүхий агуулах, граж, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Өндөр дов замын баруун талд байрлах, 2 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, тухайн газарт байрлах, 300 м.кв талбай бүхий үхрийн байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалжээ.

 Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан, зээлдэгч тал нь “У” ХХК оролцож эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан, мөн Үйлдвэр,хөдөө аж ахуйн яамны  эрх бүхий албан тушаалтан Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж тамга дарж гэрээг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлагад нийцсэн, 

“Мал хамгаалах сан” болон хариуцагч “У” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан байгаа  зэрэг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээнүүд байна.  

Хариуцагч “У” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ эргэн төлөөгүй байгаа өр төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 30.320.736 төгрөг гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг хариуцагч “У” ХХК нь тайлбар болон нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн үүргийн биелэлт болох зээл, хүү, гэрээгээр тохирсон нэмэгдэл үүрэг буюу хариуцлага болох алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тус тус шаардах эрхтэй.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа гэж тодорхойлж, хууль хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэдийгээр шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  төлсөн 2 000 000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцоогүй орхигдуулсан алдаа гаргасан байх болов ч энэ нь хариуцагчийн гэрээний дагуу төлбөл зохих дүнд өөрчлөлт орохгүй.

Тодруулбал шүүх хуралдаанд мэдүүлсэн хэргийн оролцогчийн тайлбар,  мөнгөн шилжүүлгийн баримтуудаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “У” ХХК-иас зээлийн төлбөрт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15.320.736 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг нийт 17.320.736 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 45.481.104 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 17 320 736 төгрөгийг хасаж тооцон, үлдэх  28.160.368 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна. 

Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

           1. Шүүхэд хариуцагч “У” ХХК-иас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, зээлийн гэрээний үүрэгт 17.320.736  төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн  зэргээс үзвэл үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн хөөн хэлэлцэх хугацаа  тасалдсан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасныг зөрчөөгүй хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

2. Түүнчлэн хэргийн оролцогчдын тайлбар, тооцоо нийлсэн баримтуудаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдлууд мөн үүссэн байна.

Тодруулбал үүрэг гүйцэтгүүлэгчээс 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр,  2013 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан  зээлийн гэрээний хугацаа  2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсноос хойш үүргийн гүйцэтгэлийг шаардахгүйгээр хойшлуулсан нь сүү, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “У” ХХК 2014 онд өвөл хүндэрч малын өвс тэжээлийн хомстолд орсон, зээлээ төлөх үүргийг гүйцэтгэхээс татгалзсантай холбоотой байх бөгөөд уг шалтгааныг Мал хамгаалах сангаас хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд“ мөн зүйл, хэсгийн 78.1.2-д “үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзсаныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн хугацаанд” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа түр  зогсох зохицуулалтад хамаарч байгаа болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг, өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2021/00942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                  М.МӨНХДАВАА

         ШҮҮГЧИД                                                                  Н.ЭНХМАА

                                                                                            Т.ЭНХМАА