Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03635

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03635

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 42 дугаар гудамж, 14 тоот хаягт оршин суух, овогтой Го О /РД:Х/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Замчдын гудамж-3, өөрийн байранд байрлах, Засаг

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Замчдын гудамж-3, өөрийн байранд байрлах, Засагнарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,991,798 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Засаг, Баянгол дүүргийн Засан даргад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1,991,798 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9:30 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гандангийн зүүн хаалганы харалдаа Туул-9 дүгээр гудамжинд явган явж байгаад тус гудамжны зүүн төгсгөлд байдаг шатны цэвэрлээгүй тогтсон мөсөн дээр халтирч унан зүүн гарын шуу ясны хэсгийг хугалж эрүүл мэндээрээ хохирсон.

Улмаар яаралтай эмнэлэгт очиж эмчлүүлэхээр хандахад эмч “уг гэмтлийг гипсдэн бариулж эмчлэх боломжгүй, харин хагалгаа хийх замаар эмчлэх шаардлагатай” гэж үзэж хагалгааны заалттайгаар хугарсан ясыг нийлүүлэн холбож төмөр бэхлэх ажилбараар мэс засал хийсэн юм. Уг мэс заслын төлбөр нь ахмад настны даатгал хасагдаад зөвхөн хагалгаанд 1,884,400 төгрөг, эмийн зардалд 62,398 төгрөг, боолтын төлбөр 3 удаагийн 45,000 төгрөг, нийтдээ 1,991,798 төгрөгийн төлбөр тооцогдсон бөгөөд тухайн эмнэлэгт төлбөрийг төлж барагдуулсан.

Дээрх төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эмнэлгээс гарсан даруйдаа өргөдөл гаргахад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 02-11/412 тоот албан бичгээр "...шүүхийн байгууллагад хандан эрүүл мэндэд учирсан гэм хорыг нэхэмжлэн, шийдвэрлүүлнэ үү” гэсэн утга бүхий хариу ирүүлсэн. Мөн гэмтэл учруулсан тухайн орчинд камержуулалттай байсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн 01 дүгээр хэлтэст хамаардаг. Тэр дагуу тус цагдаагийн хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр камерын бичлэг хуулж авах зорилгоор очиход тус хэлтсийн камерын асуудал хариуцсан цагдаагийн ажилтан “тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн камер ажиллаагүй, засвартай байсан” гэх тайлбарыг амаар хэлж, нөхцөл байдлыг үзүүлсэн байсан. Иймд тэтгэврийн орлогоос өөр нэмэлт орлогогүй байгаа дээрх нөхцөл байдлыг харгалзан, холбогдох хууль тогтоомжийн ...хүрээнд надад учирсан гэм хорын хохирол болох нийт 1,991,798 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүрэгтэй” 13 дугаар зүйлийн 13.1.6-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй” Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т “Нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газарт хог хаягдал, цас, мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй” Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын хог, тогтоол ус, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгаж, иргэд халтирч унах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Уг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүйн улмаас иргэд бэртэж гэмтсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу уг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн иргэнд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, гурван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан. Тухайлбал иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, цас орж халтиргаа гулгаа үүссэн тухай бүр иргэн, байгууллагын өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын цас, мөсийг тогтмол цэвэрлэж хэвшүүлэн, иргэд, хүүхэд багачууд халтирч унах, бэртэж гэмтэх болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Засаг дарга нь Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д зааснаар тухайн хохирлыг барагдуулах үүрэггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан хариуцагч биш юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/11/412 дугаартай албан бичиг, Мөнгөн гүүр эмнэлгийн дүгнэлт, төлбөр төлсөн баримт,  эмчийн тэмдэглэл, унасан гэх газрын фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хог ачиж, тээвэрлэх, зам талбайн цэвэрлэгээ хийх ажлын гэрээ, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн зүүн хаалганы харалдаа Туул-9 дүгээр гудамжны зүүн төгсгөл хэсэг нь нийтийн эзэмшил газарт хамаарах эсэх талаарх баримт, Г.О /Х/-ийн өвчний түүх, эмчилгээтэй холбоотой бүх нотлох баримтуудыг, Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цаг агаарын төлөв байдлын талаарх лавлагаа зэрэг баримтыг шүүх бүрдүүлж, цахим газрын зурагт үзлэг хийсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хариуцна. Засаг даргын тамгын газар нь Засаг даргын шууд удирдлагад хамаарна. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн цас цэвэрлэгээ хийгээгүйгээс нэхэмжлэгч Г.О унаж бэртсэн.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Засагболон Засаг даргын тамгын газар нь нийтийн эдэлбэр газрын цас мөсийг цэвэрлэх үүрэггүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр явганаас унан зүүн гарын шуу ясыг хугалж гэмтээсэн болох нь Мөнгөн гүүр эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасгийн өвчний түүх, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.2. Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагт хур тунадасны нийлбэр 8.1 мм байсан болох нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/1021 дугаартай албан бичгээр тогтоогдсон.

4.3. Мөн нэхэмжлэгч Г.Оийн унасан гэх газрын цахим газрын зураг /www.maps.google.com/-т үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд тус газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туул 9 дүгээр гудамжны зүүн төгсгөлд байрлах шатны зураг байна.

4.4. Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэс заслын эмчилгээний төлбөрт 1,884,400 төгрөг, эмийн зардалд 62,398 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл шархны боолтын төлбөрт 45,000 төгрөг, нийт 1,991,798 төгрөгийн зардал гаргасан болох нь төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

6. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т “Сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Баянгол дүүргийн Засан дарга тус дүүргийн 16 дугаар хорооны Туулын 9 дүгээр гудамжны зүүн үзүүр хэсгийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоогоогүй болох нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07/1419 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

7. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн унасан гэх газар нь тухайн гудамжны 178, 178а 178 б, 179, 202 тоот хаягт байршилтай газар эзэмшигч нарын хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх газарт хамаарна гэж тайлбарлаж, кадастрын зургийг нотлох баримтаар гаргасан.

Нэхэмжлэгчийн унасан гэх газарт цас мөсийг хариуцан цэвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага тодорхойлогдоогүй боловч Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй” гэж заасан байх тул аж ахуй нэгж, байгууллагаас гадна иргэн нь мөн хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын газрын цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т заасан цас мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоогоогүй нөхцөлд тухайн газрын цас мөсийг цэвэрлэх этгээд тодорхойгүй гэж үзэхээр байна.

 

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.

 

9. ЗасагХог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т заасан Сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, нэхэмжлэгч Г.Оийн эрүүл мэндэд хохирол учирсан байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

 

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1,991,798 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Дээр дурдсанчлан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байгаа тул Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах чиг үүрэг бүхий хариуцагч Засагт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ. 

 

12. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,200 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 48,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1,991,798 /нэг сая есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун ерэн найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Засагт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,200 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 48,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ч.БАТЧИМЭГ

 

                 ШҮҮГЧИД                                                Ч.БАЯРСҮРЭН

 

                                                                                    З.ДОРЖНАМЖИН