Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03634

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03634

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 41 байр, 10 тоот хаягт оршин суух, м овогтой Т Г /РД:

 

            Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00931 дугаартай шийдвэрээр “” ХХК_ Т.Г, Х.Тар нараас 460,502,416.81 төгрөг гаргуулж “Мон” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан Т.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, 134,764,552 төгрөгөөр үнэлсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Гийн өмчлөлийн орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/11 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-171/370 дугаартай мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг Т.Гт мэдэгдсэн 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр биш 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр түүнд мэдэгдэхгүйгээр явуулж, түүний өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулсан байна. Энэ нь хөрөнгийн өмчлөгчийг дуудлага худалдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу дуудлага худалдаа явуулах тухай хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаагүй байгаа хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хууль зөрчин хийгдсэн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/05 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Уг хариуг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03/239 дугаартай албан бичгээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохоос татгалзсан хариуг өгсөн.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар хийгдсэн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00931 дугаартай шийдвэрээр “Голден инвестмент” ХХК, Т.Г, Х.Тайшир нараас 460,502,416.81 төгрөг гаргуулж “Монцемент билдинг материалс” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Т.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/21250320 дугаар тогтоолоор битүүмжилсэн. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/21250320 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч Т.Г 250,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр авагч “Монцемент билдинг материалс” ХХК-аас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу “Бэсгэ” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 134,764,552 төгрөгөөр тогтоосон.

Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Гт, “Мон цемент билдинг материалс” ХХК-нд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-171/22505, 4-171/22503 тоот албан бичгээр танилцуулж мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Т.Г дээрх шинжээчийн тогтоосон үнийг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102ШШ2022/00836 дугаар шийдвэрээр Т.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн албадан дуудлага худалдааны мэдэгдлүүдийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-171/00442, 4-171/00472, 4-171/00473, 4-171/00474 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар Т.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь 98,500,000 төгрөгрөөр зарагдсан болно. Энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Гт 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-171/1878 тоот албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2021/06054 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21250320 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102ШШ2019/00931 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1078 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2020/00684 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/21250320 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/21250320 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11-315 дугаартай  шинжээч томилох тухай тогтоол, Бэсгэ төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-171/22502 дугаартай мэдэгдэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102ШШ2022/00836 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/00867 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/00806 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-171/370 дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/239 дугаартай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-171/1878 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төлбөр төлөгчид анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй, дуудлага худалдаа явуулах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаагүй.

 

3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дугаартай шийдвэрээр “Голден инвестмент” ХХК-аас 458,054,195 төгрөг гаргуулж “Монцемент билдинг материалс” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан Т.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

4.2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Т.Гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/21250320 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 03/21250320 дугаартай тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс өгсөн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/315 дугаартай тогтоолоор шинжээч томилон  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/24 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа зарласан байна.

 

5. Анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 01 дүгээр сарын 20ы өдөр товлогдсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-171/00442 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Т.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь түүний гарын үсэг бүхий мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна. /хэргийн 244 тал/

 

6. Анхны албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан Т.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 134,764,552 төгрөгийн 73 хувь буюу 98,500,000 төгрөгөөр худалдан борлуулжээ.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.”, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.” гэж тус тус заасан.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/24 дугаартай тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүрүүлсэн, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Нэхэмжлэгч Т.Гийн гаргасан анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй, харин хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах, нийтэд мэдээлэх журам зөрчсөн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/24 дугаартай тогтоолын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/24 дугаартай тогтоолын дагуу явагдсан Т.Гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Үдугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 1 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ