Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 147/шш2023/00397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

              Нэхэмжлэгч: ............ хот ......... дүүргийн ..... хороо, .......... тоот хаягт оршин суух, утасны дугаар ........., ..... овогт .................,

 

              Хариуцагч: Сүхбаатар аймгийн .......... сум, ............р багт оршин суух,  утасны дугаар ............, ....... овогт ............. холбогдох

 

              Нэхэмжлэлийн шаардлага: бусдын хууль бус эзэмшлээс ............... маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 26-ны өдөр хүлээн авч,  2023 оны 08 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........,

            Хариуцагч: .............../,    

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

            

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Г нь, хариуцагч Д-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс. маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

            2.1. Үүнд: Иргэн Б нартай харилцан тохиролцож, 2021 оны 06 сарын 17-ны өдөр санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг байгуулж, Япон улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prius 20 маркийн суудлын авто машиныг 13,500,000 төгрөгт бодож урьдчилгаа үнийн дүнгийн 30% хувь буюу 4,050,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөр болох 9,450,000 төгрөгийг сарын 3,5% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төлөхөөр тохиролцож, автомашиныг хүлээлгэн өгсөн.

           Иргэн Б. нар нь тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс хойш 5 сарын төлбөрийг төлөөд түүнээс хойш өнөөг хүртэл огт төлөлт хийгээгүй ба гэрээний хавсралт 2-т заасан төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж, гэрээгээ цуцалж машинаа авах шаардлага тавихад З гэдэг хүнд би төлбөртэй байсан. Гэтэл З Toyota Prius 20 маркийн автомашиныг надаас 2022 оны 01 сард булааж аваад өгөхгүй байна. Би машинаа зараад лизингийн мөнгөө төлөх гэсэн чинь З-ээс машинаа авч чадахгүй байна гэсэн хариуг хэлсэн. Хариуцагч З-тэй утсаар холбогдож Б нар гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээгээ цуцалж, машинаа буцаан авах болсон та манай машиныг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаад байна гэж хэлэхэд надад өртэй тул өгөхгүй гэсэн хариуг өгсөн. 

            Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд эзэмших эрхийн үнэмлэх олгодог байсан бол 2022 оны 1 сарын 1-ээс хойш шинээр хөгжүүлж байгаа программд өмчлөх хэлбэрээр гэрчилгээ гарч байгаа. Машинд байгаа гэрчилгээнд Г эзэмшигч гэсэн статусаар байгаа буюу энэ нь хэргийн материалд Авто тээврийн газрын лавлагаа хэлбэрээр бий. Г-тэй хариуцагч гэрээний харилцаанд орж байгаагүй гэж мэдүүлж байна. Манай байгууллага мөн З-тэй гэрээний харилцаа үүсгээгүй тул аливаа эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй болно.

          ........ байгуулсан гэрээгээ цуцалсан. Машин бидний өмчлөлийн хөрөнгө тул машинаа борлуулж, Бын өрийг барагдуулах гэж байгаа.

           Иймд бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч хууль бус эзэмшлээс ............ автомашиныг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

            3. Хариуцагч З шүүхэд гаргасан тайлбартаа:  Б-ээс би машиныг авсан. Б 20,000,000 төгрөг надаас зээлсэн. Урьдчилгаанд миний мөнгө оролцсон байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй байгаа. Машиныг зээлээр авсан байсныг мэдээгүй. Нэхэмжлэгч тал надаас биш гэрээ хийсэн Б гэрээний дагуу тооцоогоо хийх нь зүйтэй. Б уг машиныг авснаас хойш машин манай гэрийн гадаа граашид байгаа. 2-3 хүн ирж үзэхэд би машиныг хүргэж өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Машины тээврийн зардал 1,000,000 төгрөг болно. Магадгүй тээврийн зардлыг надаас гаргавал би өөрөө хохирч үлдэнэ гэж ойлгож байгаа. Машиныг буцаан өгөх боломжгүй. Б өр төлбөртөө авч болох ганц зүйл нь энэ машин гэж бодож машиныг авсан. Хүчээр булааж авсан зүйлгүй. Б аймаг яваад ирэхэд нь нэрийг нь шилжүүлхээр эхнэртэй нь тохиролцож авсан. Машиныг өгч чадахгүй гэв.

                                   

             4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, авто машины санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, Б “Амар линзинг” ХХК-д гаргасан хүсэлт, З “Амар лизинг” ХХК-д гаргасан хүсэлт, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг  ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

 Миний бие иргэн Б нартай ....... автомашиныг санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж, уг автомашиныг эзэмшүүлсэн. Гэтэл миний өмчлөлийн уг авто машиныг З нь Б нараас булаан авч эзэмшиж, ашиглаад байгаа тул З хууль бус эзэмшлээс уг маргаан бүхий авто машиныг гаргуулж өгнө үү гэж,

 

 3. Хариуцагч З нь Б нар нь уг машиныг зээлээр авсан гэдгийг мэдээгүй, би түүнээс 20,000,000 төгрөгийн өрөндөө ярилцаж, тохироод авсан. Булааж авсан зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 4.1. Нэхэмжлэгч Г нь Б нартай харилцан тохиролцож, 2021 оны 06 сарын 17-ны өдөр санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, ... маркийн авто машиныг тэдний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4.2. Дээрх талуудын харилцан тохирсон нөхцлөөс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

4.3. Гэрээний нэг тал болох Б нар нь гэрээний үүргээ зөрчиж, уг түрээсийн машиныг хариуцагч З-д өрөндөө шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

 5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байна.

 

 6. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн зүйл мөн болох түүнийг хариуцагч этгээдийн эзэмшилд байгаа болохыг нотлох үүрэгтэй ба маргаан бүхий ..... маркийн авто машин нь нэхэмжлэгч Г эзэмшлийнх гэдэг нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь уг автомашины өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна.

 7. Харин нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр уг автомашиныг эзэмших эрхийг  бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул уг гэрээний дагуу шилжүүлсэн этгээдээс буюу гэрээний нөгөө талаас уг машиныг шаардах эрхтэй байна.

 

 8. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн .... маркийн авто машиныг хариуцагч З хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч З хууль бус эзэмшлээс .... маркийн авто машиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БОЛОРМАА